Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

 

 

 

 

 

2025       02          13                                            2025/ШЦТ/89

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,

 

Нарийн бичгийн дарга Д.У

    Улсын яллагч Л.Т

    Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.М-д  холбогдох эрүүгийн 2425000000763 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б  овгийн Э-н  М, Монгол улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 2, эцгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн **** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай гэх, ял шийтгэлгүй, /РД: ******/.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн урд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1.69%/ Тоёота приүс-20 загварын ** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон, зам тээврийн осол гаргаж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.М-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэж /1.69%/ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг тайлбар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн үөвшөөрч байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Э.Ш , Б.О нар шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд. /хх-н 8-12-р тал/

2. Гэрч Б.М-ны “2024 оны 11 дүгээр сарын 08-ны шөнө 01 цагийн үед хуваарийн дагуу 24 цаг үүрэг гүйцэтгэж байх үед 102 тусгай дугаарт Орхон аймаг, Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн урд талын зогсоолын модон хашлагийн тээврийн хэрэгсэл мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл ирсэн, дуудлага мэдээллийн дагуу хэргийн газар яваад очиход Тоёота приус 20 маркийн ** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн урд талын зогсоолын модон хашлагийг мөргөж зогссон байдалтай байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир жолоочийг архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учир жолоочийн бичиг баримтыг шалгахад ***  регистрийн дугаартай Э-н  М гэх хүн байх ба тээврийн хэрэгсэл дотор 2 эмэгтэй хүн сууж байв. Тухайн хүмүүсийн бичиг баримтыг шалгах зорилгоор цагдаагийн байгууллага дээр авчирч Э.Мын согтолтын зэрэг хэмжих 6810 драгер багажаар шалгаж үзэхэд 1.69 хувийн согтолттой байсан ба Э.М нь 2023 оны 12 дугаар сард тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож эрхээ хасуулсан байсан учир тээврийн хэрэгслийг түр саатуулж мөрлөн байцаах тасагт уг жолоочийг хүлээлгэж өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26-р тал/

3. Гэрч Ү.О-н “Би Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг хүн байгаа юм. Албан үүргээ гүйцэтгэж байгаад бэртэл аваад чөлөө авчихсан байгаа юм Орхон аймагт аав ээжтэйгээ уулзах гээд ирчихсэн байсан ** ОРБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Орхон аймагт ирээд Жаргалант суманд барилгын ажил хийхээр болж Жаргалант Баян-Өндөр сумын хооронд явсан, миний эхнэрийг Х  гэдэг, Х  нь Баян-Өндөр сумын хорооллын нэг нийтийн байранд төрсөн ахын хамт амьдарч байгаа. Би харин түр зуур эхнэртэйгээ тусдаа амьдарч байгаа юм. 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 09 цагийн үед ажилдаа Жаргалант сум руу яваад 20 цагийн үед буцаж ирсэн, эхнэр лүүгээ залгахад хумсаа янзлуулж байна гэсэн, Х  миний эзэмшлийн ** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад явсан. Би усанд ороод унтаад өгсөн Маргааш өглөө буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өглөө ажилдаа явах гэсэн чинь Жаргалант сумын ажил түр ажиллахаа болиод би Жаргалант руу явахаа больчихсон. Тэгээд би эхнэрийн байгаа газар яваад очтол миний ** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаагүй, би эхнэр Х тай уулзтал Х  нь машинаа өчигдөр шөнө мөргүүлчихсэн гэж хэлсэн. Би яасан юу болсон юм гэж асуутал миний эхнэр Х  нь хумсаа будуулсан найзтайгаа уулзаад гадуур явж байгаад Ө-н найз гэх Мтой уулзаад М нь манай машиныг барьж явж байгаад юм мөргөчихсөн, одоо машин түр саатуулах байранд байгаа гэж хэлсэн. Би нарийн ширийн учрыг мэдэхгүй байна, М гэх залуу надаа хохирол мөнгийг барагдуулчихсан надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг. /хх-н 28-29-р тал/

4. Гэрч З.Ө-н “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн *** тоотод найз Д-тай  2 литрийн Сэнгүр нэртэй пиво хувааж уугаад хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, Төгөл худалдааны төвийн Рэнж биллиарданд Э , М, Б  нарын хамт уулзаад биллиард тоглож байгаад Про лайн гэх цахим тоглоомын газарт нэг цаг тоглоод тухайн газраас гараад Б  гэр лүүгээ явчихсан, Э , М, Д  бид дөрөв Вегас баар луу орсон Велвит нэртэй 0.75 литрийн архи аваад бид нар хувааж уусан мен Касс нэртэй лаазтай пиво уусан. Б  бааранд хүрээд ирсэн, удаагүй эхнэр нь ирээд Б ыг аваад явсан. Бааранд бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад бүжиглээд 01 цагийн үед баарнаас гарсан. Би тухайн үйл явдлаас хойш сайн санахгүй байгаа, нэг мэдсэн Мын машины арын суудалд сэрсэн, сэрээд ойр орчмоо хартал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн гадаах авто зогсоолын модон шонг нэг машин мөргөөд зогсчихсон байсан. Би Моос юу болсон талаар асуухад би харин энэ машиныг жолоодож яваад машин гүйцэж түрүүлэх гээд энийг мөргөчихлөө гэж надад хэлсэн. М нь архи сопгууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тухайн үед хэр согтолттой байсан талаар мэдэхгүй байна, Мын унаж юм мөргөсөн гэх машин нь Х  гэх охины машин байсан. М тухайн машиныг унаж хаашаа явсан талаар би мэдэхгүй байгаа” гэх мэдүүлэг. /хх-н 31-32-р тал/

5. Гэрч Э.Э ын “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед гэж санаж байна өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баруун дэнжийн ** тоотод байж байгаад Төгөл худалдааны төвийн Рэнж биллиардад өөрийн найзууд болох Д , Ө , М, Б  нарын хамт тоглоод тухайн газраас гараад цахим тоглоомын газар очсон. Тус газар тоглочхоод гарч ирсэн чинь Б  гэр лүүгээ явчихсан. 22 цагийн үед Вегас баар луу Ө , Д , М бид 4 ороод Велвит 0.75 литрийн 1 шил архи бас Касс нэртэй пиво уусан. Манай найзууд бүгд ууссан. Баарнаас 01 цагийн үед гараад Ө  нэлээн согтчихсон байсан таксидах уу яах уу гэж байж байтал М гар утсаараа найзыгаа дуудсан, удаагүй нэг үл таних охин ирээд Мын машиныг унаад Дэнж рүү явсан, тухайн үл таних охиныг Х  гэдэг гэсэн Дэнж рүү машинаар өгссөн гэдгээ санаж байгаа тэгээд би тасраад сэртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэж 437 хорих ангийн гадаа Мын машин дотор сэрсэн, сэрээд харсан чинь нэг машин хорихын авто зогсоолын модон шонг мөргөөд зогсчихсон байсан. Би М-оос юу болсон талаар асуухад би харин нэг машин гүйцэж түрүүлэх гэж байгаад энэ шонг мөргөчихлөө гэж хэлсэн. Би М-ыг чи яагаад архи уучхаад машин бариад байгаа гэж загнасан. Тэгээд цагдаа нар удаагүй ирсэн” гэх мэдүүлэг. /хх-н 34-35-р тал/

6. Гэрч Т.Д ын “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би Ө-н гэрт 2 литрийн пиво хувааж уугаад хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна, нар жаргачихсан байсан. Гэрээс нь гараад Рэнж нэртэй биллиардын газар очиж М, Э , Б  нартай уулзаад биллиард тоглож дуусаад дараа нь цахим тоглоомын газар луу орсон. Цахим тоглоомын газар 1 цаг тоглочхоод тухайн газраас гартал Б  эхнэр нь дуудаад гэр лүүгээ явсан, Э , Ө , М бид нар Мын машинтай Вегас баар луу явсан, М өөрөө машинаа бариад явсан. Вегас бааранд ороод нэрийг нь санахгүй байна нэг шил архи хувааж уусан, бүгд ууцгаасан. Бааранд байхад Б  бааранд ирээд бид нар нийлэх гэж байх үед ахиж эхнэр нь Б ыг аваад явсан, баарнаас хэдэн цагийн үед гарсан талаар санахгүй байна, гарч ирээд зогсож байтал М эрүүл жолооч дуудчихлаа гэж хэлсэн. Удаагүй үл таних нэг охин ирээд Мын тээврийн хэрэгслийг бариад Дэнж рүү явсан, ер нь бид нарын гэр бүгд Дэнж багт байдаг, мөн тэр охины машин Дэнжид байгаа гээд явсан. Тухайн жолооч охины машин дээр очтол М машинаас буугаад тэр охины машиныг жолоодоод түрүүлээд хөдөлсөн, хаашаа явах талаар яагаад М тухайн машиныг жолоодоод байгаа талаар мэдэхгүй байна. Дэнж багийн Элит хотхоноос М тухайн охины машиныг жолоодоод дээш буюу Эрдэнэ баг руу чиглээд явсан, М урд машинтай үл таних 2 охин суулгачихсан явсан. Ар талд нь Мын машинд үл таних охин жолоо бариад Э , Ө  бид дөрөв явж байсан. Урд явж байсан М нэг машиныг гүйцэж түрүүлэх гээд Дэнжийн хорих ангийн урд талын зам дээр явж байтал Дэнжийн хорих ангийн зүүн талын шороон замаас уруудаад нэг машин орж ирээд тухайн машиныг М машинаараа мөргөхгүй гээд хажуу тийш дараад модон шон мөргөчихсөн. Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг. /хх-н 37-38-р тал/

7. Гэрч С.Х ын “Бид гурав ойр зуурын зүйл ярьж байгаад манай хоёр пиво уухаар болоод Урт цагаанаас 2 литрийн пиво 1 ширхгийг аваад манай хоёр найз хувааж уусан, манай найз нэг газар зогсоодох гээд Дэнж баг руу өгсөөд нэг газар зогссон би Дэнжийг сайн мэдэхгүй, явж байгаад нэг газар олдохоор нь зогсчихсон, энэ үед манай найз Ө  гар утсаар залгаад чи эрүүл байгаа бол Вегас бааран дээр очоод манай ахын машиныг унаад гэрт хүргээд өгчих гэж гуйсан. Би өөрийн ** ОРБ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ Дэнжид үлдээгээд манай хоёр найз миний машинд пиво уугаад үлдсэн. Би такси бариад Вегасын гадаа очоод Мтой уулзсан, М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн 3 найзын хамт явж байсан. Би Мын Тоёота 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод тэд нарыг суулгаад Дэнж рүү явсан миний машин дээр очтол М өөрийнхөө машинаас буугаад миний машинд суугаад Х аа дагаад явчих, би архи уусан ч тийм их согтолтгүй байна гэж хэлсэн, би Мын тээврийн хэрэгслийг унаад миний машиныг М унаад явсан. Дэнж рүү өгсөөд Хорих ангийн урд талын зам дээр явж байтал М урд машин гүйцэж түрүүлэх гэж байгаад хорих ангийн модон шонг мөргөчихсөн. Тэгээд цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг. /хх-н 37-38-р тал/

8. Гэрч С.Б-н “2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 20 цагийн үед гэж бодож байна, сайн мэдэхгүй байна, би өөрийн гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-14 тоотод байж байх үед манай дүүгийн найз Х  над руу залгаад аниа уулзах уу? гэсэн би гарах сонирхол алга чи манай гэрийн гадаа хүрээд ир гэж хэлсэн. Х  Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод зүс таних Г  гэх охинтой хүрээд ирсэн. Би гэрээс гараад тэр хоёртой уулзаад Х ын ахын гэр гэх хороололд нийтийн байрны гадаа машинтай зогсоод бид гурав ойр зуур юм яриад 00 цаг болчихсон. Х ыг гэрт хүргээд өгөөч гээд буцаад төв рүү явж байгаад бид гурав пиво уухаар болоод Урт цагааны урт талаас 2 литрийн Сэнгүр нэртэй пиво 1 ширхгийг аваад Дэнж рүү өгсөөд Сод монгол шатахуун түгээх станцын хажууд байрлах Элит хотхоны зогсоол дээр суугаад худалдаж авсан пиво уух гэсэн чинь Х  утас дуугараад машин барих ажилтай болчихсон. Би Г тай тухайн пивыг хувааж уусан. Пиво хуваагаад ууж байтал Х  Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодчихсон, машинд нь эрэгтэй хүмүүс суучихсан байсан. Х ын унаж ирсэн машинаас үл таних нэг залуу буюу одоо машинаар юм мөргөчихсөн М бууж ирсэн Мыг тухайн үед таньдаггүй байсан. М нь Х ын машины жолооны ард суугаад та хэдийг хүргээд өгье гэж хэлээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод Дэнж рүү буюу баруун тийш явсан. Явж байгаад Хорих ангийн урд талын шороон зам дээр явж байгаад урд байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гарах гэсэн чинь өөдөөс нь машин гараад ирсэн. Тэр үед М баруун дараа хорих ангийн авто зогсоолын модон шонг мөргөөд зогссон Тэгээд удаагүй цагдаа нар ирсэн. Г  Х  бид гурав эмнэлгийн машинд суугаад эмнэлэг явсан. Цагдаагийн машинд тухайн эрэгтэйчүүд нь явсан. Эмнэлэг дээр очоод ямар нэгэн бэртэл гэмтэл байхгүй байна гэж эмч хэлсэн” гэх мэдүүлэг. /хх-н 46-47-р тал/

9. Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, албан тушаалтай цагдаагийн ахмад Т.С-н 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0536524 дугаартай шийтгэврийн хуудсын хуулбар /хх-н 64-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:

 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.Т  дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн урд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1.69%/ Тоёота приүс-20 загварын ** .ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3 000 нэгж буюу 3 сая төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэв.

Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч Б.М-ны “Тоёота приус 20 маркийн ** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн урд талын зогсоолын модон хашлагийг мөргөж зогссон байдалтай байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан” гэсэн мэдүүлэг, гэрч Ү.Отгон-Эрдэнийн: “миний эхнэр Х  нь хумсаа будуулсан найзтайгаа уулзаад гадуур явж байгаад Ө-н найз гэх Мтой уулзаад М нь манай машиныг барьж явж байгаад юм мөргөчихсөн, одоо машин түр саатуулах байранд байгаа гэж хэлсэн. Би нарийн ширийн учрыг мэдэхгүй байна, М гэх залуу надаа хохирол мөнгийг барагдуулчихсан надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, гэрч З.Ө ын: “нэг мэдсэн Мын машины арын суудалд сэрсэн, сэрээд ойр орчмоо хартал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 437 дугаар хорих ангийн гадаах авто зогсоолын модон шонг нэг машин мөргөөд зогсчихсон байсан. Би Моос юу болсон талаар асуухад би харин энэ машиныг жолоодож яваад машин гүйцэж түрүүлэх гээд энийг мөргөчихлөө гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Э.Э ын “би тасраад сэртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэж 437 хорих ангийн гадаа Мын машин дотор сэрсэн, сэрээд харсан чинь нэг машин хорихын авто зогсоолын модон шонг мөргөөд зогсчихсон байсан. Би Моос юу болсон талаар асуухад би харин нэг машин гүйцэж түрүүлэх гэж байгаад энэ шонг мөргөчихлөө гэж хэлсэн” гэх мэдүүлэг, гэрч Т.Д ын “Урд явж байсан М нэг машиныг гүйцэж түрүүлэх гээд Дэнжийн хорих ангийн урд талын зам дээр явж байтал Дэнжийн хорих ангийн зүүн талын шороон замаас уруудаад нэг машин орж ирээд тухайн машиныг М машинаараа мөргөхгүй гээд хажуу тийш дараад модон шон мөргөчихсөн” гэх мэдүүлэг, гэрч С.Х ын “М өөрийнхөө машинаас буугаад миний машинд суугаад Х аа дагаад явчих, би архи уусан ч тийм их согтолтгүй байна гэж хэлсэн, би Мын тээврийн хэрэгслийг унаад миний машиныг М унаад явсан. Дэнж рүү өгсөөд Хорих ангийн урд талын зам дээр явж байтал М урд машин гүйцэж түрүүлэх гэж байгаад хорих ангийн модон шонг мөргөчихсөн” гэх мэдүүлэг, гэрч С.Б-н “М нь Х ын машины жолооны ард суугаад та хэдийг хүргээд өгье гэж хэлээд тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод Дэнж рүү буюу баруун тийш явсан. Явж байгаад Хорих ангийн урд талын шороон зам дээр явж байгаад урд байсан машинаа гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь гарах гэсэн чинь өөдөөс нь машин гараад ирсэн. Тэр үед М баруун дараа хорих ангийн авто зогсоолын модон шонг мөргөөд зогссон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэсгийн ахлах зохицуулагч, албан тушаалтай цагдаагийн ахмад Т.С-н 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0536524 дугаартай шийтгэврийн хуудсын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 08-09-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн /1.69%/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт Тоёота приүс-20 загварын ** ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Э.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 1.69 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Мыг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:

 

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тодорхой хугацагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д  оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б  овгийн Э-н  Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.А