| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01398/И |
| Дугаар | 155/ШШ2020/01486 |
| Огноо | 2020-07-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 155/ШШ2020/01486
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын .... дүгээр багт оршин суух Дархинт овогтой Амарсайханы Буянзаяа /......................./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ...... дүгээр гудамжны ......тоотод оршин суух Бэсүүд овогтой Ганбатын Балжинням /...................../-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Буянзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие А.Буянзаяа нь Г.Балжиннямтай 2015 онд танилцан үерхэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүү Б.Энх-Оршихыг төрүүлсэн. Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй 2016 оноос 2018 он хүртэл хамтран амьдарсан. Таарч тохирохгүйн улмаас 2018 оны 12 дугаар сард салсан. Иймд Г.Балжиннямыг миний хүү Б.Энх-Оршихын төрсөн эцгээс тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Балжинням шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Миний бие Ганбат овогтой Балжинням нь А.Буянзаяатай 2015 онд танилцаж үерхэж байгаад 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүү Б.Энх-Орших төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.2016 оноос 2018 он хүртэл хамтран амьдраагүй бие биеийнхээ гэрээр ирэн, очин байдаг байсан. Энэ хугацаанд зан байдлын хувь таарч тохироогүйн улмаас 2018 оны 12 дугаар сард харилцаагаа дуусгавар болгосон. Би нэхэмжлэгч А.Буянзаяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү Б.Энх-Орших миний хүү мөн бөгөөд хүүдээ сар бүр хүүхдийн тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Буянзаяа шүүх хуралдаанд гаргасан хүсэлтэндээ:
А.Буянзаяа би Г.Балжиннямд холбогдуулж хүүхдийн эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргасан.Шүүх хуралдаанд очих боломжгүй байх тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Балжинням шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Г.Балжинням нь Дорноговь аймгийн Зүүн баянгаас таван толгой чиглэлд тавигдаж байгаа төмөр замын ажилд KHMR компанид геодезийн инженерээр ажилладаг.2020 оны 7 дугаар сарын 13-наас 2020 оны 7 дугаар сарын 18-ны хооронд чөлөөгөөр явж байгаа тул А.Буянзаяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож амжихгүй болсон тул шүүх хуралдаанд намайг байлцуулахгүйгээр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Буянзаяа нь хариуцагч Г.Балжиннямд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
А.Буянзаяа, Г.Балжинням нар нь 2015 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хүү Б.Энх-Орших төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнаас 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр олгосон олгосон 2016 оны 12 дугаар сарын 6-ны төрсөн Дархинт овогтой Буянзаяагийн Энх-Орших /РР-16320311/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын Эрүүл мэндийн төвийн 2020 оны 6 дгуаар сарын 26-ны өдрийн 160 дугаартай: ...Буянзаяа овогтой Энх-Орших 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 3.500 килограмм жинтэй хүү Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсөн. Одоо Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын 4 дүгээр багт эсэн мэнд бойжиж байгаа.. гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Түүнчлэн зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Б.Энх-Орших нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү Б.Энх-Оршихыг төрсөн эцэг нь Бэсүүд овогтой Ганбатын Балжинням мөн болохыг тогтоож, эцэг Г.Балжиннямаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул тэдгээрийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Дархинт овогтой Буянзаяагийн Энх-Орших /.............../-ийн төрсөн эцэг Бэсүүд овогтой Ганбатын Балжинням /................./ мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн хүү Б.Энх-Оршихыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Балжиннямаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Балжиннямын улсын тэмдэгтийн хураамж 104.414 /нэг зуун дөрвөн мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Буянзаяад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ