Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/78

 

     2025      02         17                                        2025/ШЦТ/78

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.А,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э.Б-д холбогдох 00000000000 дугаартай /0 хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Бовогт Э.Б, .... оны 5 дугаар сарын 25-ны өдөр ..... төрсөн, ** настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ****** регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт хохирогч Г.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан газарт унагаан толгойн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт хохирогч Г.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан газарт унагаан толгойн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-1/,

-Шүүгдэгч Э.Б-ийн гэрчээр өгсөн: “...Г гээд ах чи хаанахынх юм? гэж надаас асуусан. Яармагийнх гэтэл түүнийг мэдэх үү, түүнийг мэдэх үү гээд сүүлдээ бид хоёр ойлголцохоо болиод маргалдаад хоёулаа гадагшаа гарсан. Гараад ам мурийсан хэвээр байж байгаад зодолдохоор болсон. Би эхлээд тэр ахыг алгадаад барьж аваад унагаасан. Газар байлгаж байгаад тэр ах болъё гэхээр нь босгосон. Тэр ах над руу дахиад дайрсан. Би дахиад унагаасан. Болиод байж байтал тэр ах газраас чулуу аваад над руу дайрсан. Намайг цохих үед нь би бултаад жаахан цохиулсан. Би буцаад гараараа нүүр хэсэг рүү нь цохиод унагаасан. Гэрээс Ж ах гарч ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн дахиад чулуугаа бариад босоод ирсэн. Тэгээд ер нь салцгаасан” гэх мэдүүлэг /хх-18-19/,

-Э.Б-ийн яллагдагчаар өгсөн: “...би өмнө нь өгсөн гэрчээр мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Би эмчилгээний зардалд нийт 880,000 төгрөгийг төлж барагдуулсан” гэх мэдүүлэг /хх-40-41/,

-хохирогч П.Г-ын өгсөн: “...тоглож байхад Б гэх залуу юунаас болж уурласан нь мэдэгдэхгүй жоохон дурамжхан байгаад байсан. Тэр залуу намайг ах гарчхаад ирье гэхээр нь би дагаад гарсан. Ж-гийн хашаанаас гараад жаахан явж байтал миний хамар хэсэг рүү юугаар цохисон мэдэгдэхгүй нэг удаа эхлээд цохисон. Ахын дүү хүн зодчихлоо гэсэн дахиад хамар руу цохисон. Намайг газар унагаад миний дээр гарчхаад байж байтал Ж ирээд салгасан. Цагдаа руу залгасан чинь тэр залуу зугатаад алга болсон” гэх мэдүүлэг /хх-7-8/,

-гэрч Д.Б-ын өгсөн: “...Тэр орой тэр хоёр муушиг тоглож байгаад хоорондоо жоохон маргалдсан. Тэгээд гарах уу дээрээ тулаад хоёулаа гарсан. Би гэртээ хүүхдээ хараад үлдсэн. Хэсэг байж байгаад гэрээсээ гартал Г-ыг газар унагаад Б дээр нь гарсан байсан. Би очиж салгасан. Г-ын хамраас цус гарсан байдалтай Б шанаа, хүзүү жоохон улайсан байдалтай байсан. Би Б-г салгаж аваад гэрийнхээ гадаа авиачаад охин уйлахаар нь буцаад гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх-13-14/,

-Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн **** оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай “Г.Г-ын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-22-23/,

-эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/ зэрэг нотлох баримтууд болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Г-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Э.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 Энэ хэргийн тухайд шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас шүүгдэгч Э.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Г.Г-ын эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцов.

              Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

              Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Э.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.

              Иймд шүүгдэгч Э.Б нь 2024 оны 12 дугаар сарын 31-ээс 2025 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт хохирогч Г.Г-ыг үл ялих зүйлээр шалтаглан газарт унагаан толгойн тус газарт нь гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, нуруу, зүүн мөрөнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Тус хэрэгт хохирогчор Б овогт Г.Г-ыг тогтоосон байх ба хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...Миний хамар хэсэг рүү 2 удаа цохисон. Юугаар цохисонг мэдэхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Санал хүсэлт байхгүй. Би эмнэлгийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан тухайн төлбөрүүдийг Б төлсөн. Би цаашид хамрын хагалгаанд орно. Тухайн төлбөрийг нэхэмжилнэ. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй” гэж,

Хохирогч Г.Г нь Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт гаргасан хүсэлтдээ: “Э.Б-ээс эмчилгээний зардалд 2,630,000 төгрөг хүлээн авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирол гаргуулахгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Э.Б нь эмчилгээний зардал, хохирлыг төлж барагдуулсан  гэх ба хохирогч Г.Г нь эмчилгээний зардлыг хүлээн авсан, хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч О.А: “...Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй...” гэх дүгнэлт,   

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б: “...: Улсын яллагчийн үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шийдэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүгдэгч Э.Б-д холбогдох хэрэгт гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.  

Талууд шүүхэд торгох ялыг биелүүлбэл зохих хугацааны талаар тусгайлсан саналыг гаргаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулын ялыг биелүүлэх хугацааг нэг сарын хугацаагаар тогтоов.

Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

0000000000000 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс нэг сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Э.Б-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн 00000000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

9.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН