Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2017/00280

 

 

 

 

 

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2017/00280

Дархан-Уул аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2017/00092

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг, Наран хөдөө тоотод оршин суух, Шыбарайгар овгийн Төлөгөнийн Керейбай, /РД:ТЯ81061117, утас:9993 2149/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, Уурхайчдын 6-12 тоотод оршин суух, Бутагара овгийн Жамкегийн Эсен, /РД:ТЯ84050411, утас:9939 3536/-д холбогдох

3,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам, хариуцагч Ж.Эсен, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

...Хариуцагч Ж.Эсен нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр надаас мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд 2,500,000 төгрөгийг нотариатаар гэрээ байгуулан зээлсэн. Гэтэл Ж.Эсен нь гэрээнд заасан хугацаандаа мөнгөө өгөхгүй элдэв шалтаг ярьж байх тул 3,750,000 төгрөгийг Ж.Эсенээс гаргуулж өгнө үү. гэжээ

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Ж.Эсен нь *******2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийг зээлж, хугацаандаа төлбөрөө төлөхгүй бол 0,1 хувийн алданги тооцно гэж заасан байсан. Ж.Эсен нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тул үндсэн мөнгө 2,500,000 төгрөг, алданги 1,250,000, 1 сарын хүү 250, 000 төгрөг нийт 3,750,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч би Т.Керейбайгийн аав Төлөгөнд мөнгө өгсөн учир хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар өгсөн байдаг. Гэтэл *******аав Х.Төлөгөн нь шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг энэ мөнгө бол миний хүүгийн мөнгө намайг өг гэсний дагуу би өгсөн гэж тайлбарладаг. Гэтэл гэрээг ******* хийсэн байгаа, *******д мөнгө өгсөн бол тэр талаарх нотлох баримтуудаа өгөөд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. гэжээ

 

Хариуцагч Ж.Эсен шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би тухайн үед мөнгөний хэрэг гараад Х.Төлөгөнөөс мөнгө асуухад Х.Төлөгөн нь надад 2,500,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээ хийх болтол би үнэмлэхгүй байгаа, манай хүү Т.Керейбайтай гэрээ хийчих гэсний дагуу Т.Керейбайтай гэрээ хийсэн. Би ******** 2015 оны 08 дугаар сард ээжээрээ цалингийн зээл авахуулж байж нийт 1,470,000 төгрөг дансаар хийж 500,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Одоо хүүтэйгээ нийлээд 1 сая төгрөгийг 5 дугаар сард өгье гэж тохиролцоод салсан. Манай ах ******** байраа түрээсэлж байсан тэр хоёрын дунд таарамжгүй харилцаа үүссэнээс болж Т.Керейбай нь намайг ийм байдалд оруулж байна. Хавтаст хэрэгт ******** гэж хүн гэрчийн мэдүүлэг өгсөн байдаг. Би тэр хүнийг харж байгаагүй, танихгүй. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэнэндулам шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Ж.Эсен нь Т.Керейбайтай зээлийн гэрээг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар бичгээр хийсэн. 2,500,000 төгрөгийг ааваас нь авсан аавд нь эргүүлж төлсөн гэх боловч аавых нь данс руу хийсэн мөнгийг зээлсэн мөнгөнөөс хасч тооцох боломжгүй. Т.Керейбай, Х.Төлөгөн нар нь аав хүү 2 боловч тус тусын амьдралтай. Нэхэмжлэгч нь ******** мөнгө өгснийг хүлээн зөвшөөрдөггүй. гэжээ.

 

Хариуцагч Ж.Эсен шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

...Би мөнгийг Х.Төлөгөнөөс авсан учир Х.Төлөгөний данс руу л хийнэ ш дээ, Т.Керейбайн данс руу хийсэн бол өнөөдөр юу болох байсныг хэн ч мэдэхгүй. гэжээ

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Керейбай нь хариуцагч Ж.Эсенд холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээл 2 500 000 төгрөг, алданги 1 250 000 төгрөг, хүү 250,000 төгрөг нийт 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг дараах байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 500 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх гэрээг бичгээр байгуулан нотариатчаар гэрчлүүлсэн байна.

Хариуцагч Ж.Эсен ...гэрээний зүйл болсон 2 500 000 төгрөгийг Т.Керейбайн эцэг Х.Төлөгөнөөс зээлсэн, тухайн үед иргэний үнэмлэх байхгүй тул хүүтэйгээ гэрээ байгуулчих гэсэн тул байгуулсан, төлбөл зохих мөнгөнөөс зарим хэсгийг төлсөн, мөнгө авсан хүндээ төлж барагдуулна ...гэж маргаж байгаа ...нэхэмжлэгч зээлийн гэрээ байгуулагдсан би өөрөө мөнгийг өгсөн, аав, Ж.Эсен 2-ын мөнгөний тооцоо тусдаа ...гэж маргаж байгаа болно.

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан ч уг зээлийн гэрээний 2.1-д заасан гэрээний зүйл болсон 2 500 000 төгрөгийг зээлдүүлэгч Т.Керейбай зээлдэгч Ж.Эсений өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн талаарх нотлох баримтийг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцох тул хариуцагч Ж.Эсений гэрээний зүйл болсон 2 500 000 төгрөгийг хүлээн аваагүй гэсэн татгалзал үндэслэлтэй байна.

Хариуцагч Ж.Эсен нэхэмжлэгч Т.Керейбайн эцэг Х.Төлөгөнөөс 2 500 000 төгрөгийг авсан, эргүүлэн бэлнээр болон бэлэн бусаар төлсөн одоо 530,000 төгрөгийг төлж барагдуулсныг нэхэмжлэгч Т.Керейбай хүлээн зөвшөөрөөгүй, энэ тохиолдолд Х.Төлөгөн Ж.Эсенд зээлдүүлсэн мөнгийг хүү Т.Керейбай шаардах эрхтэйг болон үүргийн гүйцэтгэлийг хэнд хүлээлгэн өгөх талаар хийсэн тохиролцооны талаарх нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байна.

Иймд зээлийн гэрээний зүйл болох 2 500 000 төгрөгийг зээлдэгч болох Ж.Эсений өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэрээний 2.4, 2.7-д зааснаар шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч Т.Керейбайн хариуцагч Ж.Эсенд холбогдуудан гаргасан 3 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Болормаагийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 74 650 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ХААН банк төрийн сан 100 190 000 941 тоот дансанд тушаасан 300 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУНДАРЬ