Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/167

 

 

 

 

 

 

      2021          2              9                                        2021/ДШМ/167

 

 

Д.Мид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч Д.М,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Буянхишигийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1 дугаартай эсэргүүцлээр шүүгдэгч Д.Мид холбогдох эрүүгийн 1909005820234 дугаартай хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Боржигон овогт Д.М, 1997 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ахын хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбэ 10-235 тоотод оршин суух  бүртгэлтэй, /РД:УЮ97082432/;

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 428 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, одоо хорих 425 дугаар нээлттэй ангид ял эдэлж байгаа,

 

            Шүүгдэгч Д.М нь 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Революшн” ресторанд иргэн Х.Шинэтуяагийн “Айфоне Икс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

            2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Турнинг пойнт” лоунжид Э.Маралхатаны Айфоне Икс   маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.672.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 22 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эм Эм Жи Би” ХХК-ний эмийн санд эм зүйчээр ажиллаж байсан хохирогч Ш.Ариунзаяаг “гар утсаа өгөөч, хүнтэй яриад өгье” итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 150.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг 7 маркийн гар утсыг залилан мэхэлж авсан,

            2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл” караокед үйлчлүүлж байхдаа тус караокены ажилтан Б.Болортуяад “гар утсаа цэнэглүүлсэн ах утас аваад ир гэнээ” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар иргэн Э.Гомбосүрэнгийн эзэмшлийн Самсунг Жи 5 маркийн гар утсыг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Д.Мийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Д.Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 / нэг / жилийн хорих, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 / хоёр / жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Д.Мийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2ш сидиг хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Моос 3.882.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Шинэтуяад 2.090.000 төгрөг, Э.Маралхатанд 1.672.000 төгрөг, Э.Гомбосүрэнд 120.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мийн цагдан хоригдсон 154 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Д.Мийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор  шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Буянхишиг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолын 3 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мид энэ тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жилийн /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн. Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгосон 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Д.Мид Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 428 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх албадлагын арга хэмжээг авагдсан боловч Д.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй учраас Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Дээрх ялыг эдэлж байхад буюу 5 сар 26 хоногийн ялыг эдэлж байхад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож Эрүүгийн 1909005820234 дугаартай хэрэгт 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 1 жил 6 сар 4 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу Д.Мид нийт 3 жил 6 сар 4 хоногийн хорих ял оногдуулахаар байхад 2 жил 6 сар 11 хоногийн хорих ял оногдуулсан нь шүүгдэгчид ял завшуулах үндэслэл болж байна. Иймд Д.Мид холбогдох эрүүгийн 1909005820234 дугаартай хэргийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Д.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний биечлэн эдэлсэн ялыг зөв бичиж өгнө үү. Миний биечлэн эдэлсэн ялыг эдлээгүй ялтай андуурч 2 жил нэмж тооцсон байсан. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” хуулийн заалтыг зөрчиж гарсан тул  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Мид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв. Үүнд:

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Мид оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 2 жилийн /хоёр/ жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

 

Харин шийтгэх тогтоолын 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Мид энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ХМШЗ/01 дугаартай захирамжаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 11 хоногийн хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сар 11 хоногийн хугацаагаар тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Учир нь, хорих  425 дугаар ангийн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолтод Д.Мийн биечлэн эдэлсэн ялыг 6 сар 11 хоног, эдлээгүй үлдсэн ял нь 1 жил 5 сар 19 хоног   байхад /2хх 35/ шийтгэх тогтоолд эдлээгүй үлдсэн ялыг 6 сар 11 хоног гэж буруу тооцжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө  өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. ...” гэсэн заалтыг буруу хэрэглэж, Д.Мид оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэлгүй, биечлэн эдэлсэн ялыг нэмж нэгтгэж Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 978 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Мид холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүхээр хэлэлцүүлэх хүртэл  Д.Мид урьд авсан цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ШҮҮГЧ                                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

   ШҮҮГЧ                                                    Б.АРИУНХИШИГ

 

                             ШҮҮГЧ                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ