Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар   2025/ШЦТ/82

 

 

 

 

 

  

     2025      02         18                                        2025/ШЦТ/82

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,

улсын яллагчаар хяналтын прокурор О.Алтансүх,

шүүгдэгч Ц.У,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б овогт Ц.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ************** дугаартай /* хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Бовогт Ц.У, **** төрсөн, ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Ц.У нь Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд иргэн ***** эзэмшлийн “ХААН банк” ХК-ийн ********** тоот дансыг ашиглан “Pokerrr2 нэртэй цахим аккаунтад холбож, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Ц.У нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд иргэн ****** эзэмшлийн “ХААН банк” ХК-ийн ********* тоот дансыг ашиглан “Pokerrr2 нэртэй цахим аккаунтад холбож, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-18/,

-гэрч Д.Г-ын өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт гэртээ байхдаа өөрийн САМСУНГ галакси эс 9 маркын гар утсыг ашиглаж Pokerrrr2 гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын аппликэйшн ашиглаж Ub club гэх нэртэй өрөө үүсгэж, хүмүүсийг урьж тоглуулж эхэлсэн. Би 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Тосон 01 дүгээр багийн нутагт манай ээж Х-ын төрсөн ах болох Б гэх хүнийд очсон. Тухайн айлд манай мал байдаг болохоор харах гэж очсон. Би хөдөө явахдаа Улаанбаатар хотод оршин суух хаягтай Б гэх найздаа миний Pokerrrr2 гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын  аппликэйшныг харж байгаарай. Би өрөөгөө хаагаагүй үлдээлээ гэж хэлээд явсан. Орой нь өвөлжөөн дээрээ очиж сүлжээнд орохдоо тухайн цахим мөрийтэй тоглоомын өрөөгөө шалгачихаад буцдаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 30-ны орой сүлжээ ордог газар руугаа очоод дансаа шалгах гэсэн алдаа гарлаа оператортой холбогдоно уу гээд байхаар нь тэр чигээр нь орхичихсон. 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Хаан банкны аппликэйшн руугаа ороход зүгээр болчихсон байхаар нь ...хүмүүсдээ буцааж мөнгийг нь шилжүүлээд Pokerrrr2 гэх цахим мөрийтэй тоглоомын аппликэйшн ашиглаж Ub club гэх нэртэй өрөөгөө устгасан” гэх мэдүүлэг /хх-32-34, 36-37/

-гэрч Д.Г-ын дахин өгсөн “...цагдаагаас залгах үед өөрийн найз Ц.У-тай холбогдож юу болоод байгаа талаар асуухад миний нэр дээр хаан банкны *********** тоот шинэ данс нээж цахимаар покер тоглуулсан байсан талаар мэдсэн. ...надад ямар нэгэн Б гэх найз байхгүй бөгөөд ямар нэгэн покерын өрөө гэх зүйл байгаагүй, өөрийн найз Ц.У-ыг хамгаалахын тулд худал мэдүүлэг өгсөн” гэх мэдүүлэг /хх-40-41/,

-Ц.У-ын сэжигтнээр өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын эхээр өөрийн найз Г-оос хаан банкны дансаа ашиглуулаач гэж гуйсан чинь найз Г олон юм асуугаагүй надад хаан банкны ******** тоот дансныхаа интернет банкны нууц үг, нэвтрэх нэрийг өгсөн. Тэгээд би тухайн дансны интернет банк дээр шинэ харилцах данс нээсэн. Тухайн данс нь ******** тоот данс. Би гар утас дээрээ Pokerrr2 болон олон улсын VPN аппликэйшн өөрийн ашигладаг байсан САМСУНГ А30 маркын гар утас дээрээ татаж аваад тухайн аппликэйшн руу нэвтэрч ороод клуб нээх дээр дарж ороод Pokerrr2 аппликэйшнаараа фэйсбүүк дээр покерын пэйж хуудсаар өөрийн клубт орж тоглох талаар зар байршуулснаар хүмүүс над руу тоглох хүсэлт ирүүлдэг ба түүний дараа ширээнийхээ эрхийг олон улсын банкны картаар зоос гэж эрхээ худалдаж авна. Тэгээд хүмүүс хүсэлтээ өгөөд би хүлээж тоглуулж эхэлсэн. Би 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд тоглуулсан. ...би 1.8 хувийн ашиг авдаг байсан. Тухайн ашгийг тоглуулахын тулд ашиглаж байгаа аппликэйшнээс тогтоож өгдөг ба намайг тоглуулж эхлэх үеэс л 1.8 хувийн ашиг авахыг тогтоож өгсөн” гэх мэдүүлэг /хх-28-30/,

-харилцагч ******** эзэмшлийн “ХААН банк” ХК дахь ******** дугаартай дансны 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-46-47/,

-харилцагч ******* эзэмшлийн “ХААН банк” ХК дахь ********* дугаартай дансны 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-48-168/,

-“...ХААН банкны *********** тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 98,382,138 төгрөгийн орлого орж, 95,621,300 төгрөгийн зарлага гарсан гүйлгээ хийгдсэн байх бөгөөд энэ нь 2,760,838 төгрөгийн зөрүүтэй байна” гэх 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-169-171/,

-харилцагч Ц.У-ын эзэмшлийн “Голомт банк” ХК дахь ******** дугаартай дансны 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-173-184/,

 -харилцагч Ц.У-ын эзэмшлийн “Голомт банк” ХК дахь ******** дугаартай дансны 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-185-186/,

-Д.Г-ын гар утсанд үзлэг хийсэн “...тухайн утсыг нээж үзэхэд 1212 гэсэн кодтой гэж заасан ба дэлгэц хэсэгт ямар нэгэн зураггүй байна. ...утасны дэлгэц хэсэг дээр play store гэсэн нэртэй аппликэйшн байв. Тухайн аппликэйшн рүү ороход pokerrr2, VPN гэсэн хайлт хийсэн байна” гэх тэмдэглэл /хх-187-188/,

-“... данс эзэмшигч нь шилжүүлсэн мөнгөний 1,8 хувийг өөрт ашиг болгож авдаг байсан гэснээр ... мөрийтэй тоглоом тоглуулж олсон орлого нийт орлого 98,382,138 төгрөгийн орлого орсон. Түүний 1,8 хувь болох 1,770,878 төгрөгийн цэвэр ашиг олсон” гэх 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн дансны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-189-190/,

-“********** тоот дансны 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хандалтын мэдээллийг файлаар хүргүүлж байна. Хавсралт 1 ш CD” гэх ХААН банк ХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ****** дугаартай албан бичиг /хх-192/

 -“Ц.У-ын өмчлөлийн САМСУНГ А30 маркын гар утасны зах зээлийн үнэ цэнэ нь 2023 оны 10 дугаар сарын байдлаар 160,000 төгрөг гэж дүгнэлээ” гэх “Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн **** оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ***** дугаартай “Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан” /хх-199-214/

-эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-228/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Ц.У нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй. /хх-237/

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

              Шүүгдэгч Ц.У-ын мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

              Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдээс төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн хэмжээ, түүнийг зохион байгуулсан этгээд хувьдаа ашигласан эсэх нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь нийгмийн гишүүдийн зохистой зан байдал, ёс суртахуунд сөргөөр нөлөөлөх, цаашлаад шударга бус арга хэрэгслээр ашиг олох хэрэгсэл болгох, улмаар татвараас зайлсхийх хууль бус үйл ажиллагаагаар илрэн гардаг.

              Ийнхүү мөрийтэй тоглоом зохион байгуулснаар түүнд өртөж буй эрх ашгийг хууль тогтоогч Эрүүгийн хуулиар хамгаалсан ба тухайн эрх ашигт халдсан аливаа үйлдлийг хийснээр гэмт хэрэг төгссөнд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан.

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

            Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.У-ыг “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ц.У нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Ц.У нь Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хооронд иргэн Б.Г-ын эзэмшлийн “ХААН банк” ХК-ийн ********* тоот дансыг ашиглан “Pokerrr2 нэртэй цахим аккаунтад холбож, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор мөрийтэй тоглоомыг цахим орчинд зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч Ц.У-д хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Хууль тогтоогч "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тайлбарлажээ.

Шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан САМСУНГ А30 маркын гар утсыг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн “Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан”-аар 160,000 төгрөгөөр үнэлсэн, тус үнэлгээнд талууд маргаагүй.

Тус гэмт хэргийг үйлдэх замаар олсон ашгийг тодорхойлж, яллах дүгнэлтийн хавсралтад заасан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Д-гийн “Дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-д “...нийт орлого 98,382,138 төгрөгийн орлого орсон. Түүний 1,8 хувь болох 1,770,878 төгрөгийн цэвэр ашиг олсон” гэх тэмдэглэл үйлдсэн нь шүүгдэгч Ц.У-ын  мэдүүлгээс өөр нотлох баримтаар давхар нотлогдон тогтоогдоогүй, данс эзэмшигч нь иргэн Д.Г байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжгүй байна. /хх-189-190/

Харин хавтаст хэргийн 45-168 дугаар хуудсанд авагдсан ХААН банк дахь **********, **********, дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, 169-171 дүгээр хуудсанд авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч П.Д-гийн “Дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл”-д “...Д.Г-ын эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансанд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд нийт 98,382,138 төгрөгийн орлого орж, 95,621,300 төгрөгийн зарлага гарсан гүйлгээ хийгдсэн байх бөгөөд энэ нь 2,760,838 төгрөгийн зөрүүтэй байна”  гэх тэмдэглэлд  заасан орлого, зарлагын зөрүү нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдэж олсон орлого”-д хамаарна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заахаар хуульчилсан тул шүүгдэгч Ц.У-ын гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан САМСУНГ А30 маркын гар утасны үнэлгээ болох 160,000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2,760,838 төгрөг, нийт 2,920,838 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн *********** дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг CD хураагдан ирснийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.3 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Ц.У-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан 2,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 сар /90 хоног/-ын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч Ц.У-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан САМСУНГ А30 маркын гар утасны үнэлгээ болох 160,000 төгрөг, мөн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 2,760,838 төгрөг, нийт 2,920,838 төгрөгийг шүүгдэгч Ц.У-аас гаргуулж, улсын орлогод оруулсугай.

7.Эрүүгийн *********** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.У нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

8.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Си-Ди /CD/шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн Тамгын газарт даалгасугай.

9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.

11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, Ц.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХБҮРЭН