| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/36 |
| Огноо | 2025-02-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгч Д.Ч , түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч О.Н , түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О.Н , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Ч нарт холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19** оны 05 дугаар сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *** сум, *** баг, *** хорооны *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай *** ургийн овгийн О-ын Н.
Монгол Улсын иргэн, 19** оны 06 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа Говь-Алтай аймгийн *** сум, *** баг *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, *** регистрийн дугаартай Ж ургийн овгийн Д-ийн Ч.
Шүүгдэгч О.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Н нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “***” захын дээд талын зогсоол дээр хохирогч Д.Ч тай “зогсоолоос ухарч гарах” гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний баруун гарын ядам хуруунаас хазах, зүүн гарын сарвуу хэсгээс барьж гарыг мушгин, нүүр хэсэгт гараараа 1 удаа цохиж биед нь зүүн гарын 4-р хурууны 3-р үеийн шивнүүр ясны далд хугарал, баруун гарын 4-р хураанд шарх, зүүн доод зовхинд зугаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулах, мөн шүүгдэгч Д.Ч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “***” захын дээд талын зогсоол дээр хохирогч О.Н тай “зогсоолоос ухарч гарах” гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний нүүр, шүд хэсэгт гараараа 1 удаа цохиж түүний биед 2.1-р шүдний цөгцний 1/4 хугарал, зүүн шанаанд зугаралт, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.1. Шүүгдэгч О.Н н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр *** дээд талын автомашины зогсоол дээр таксинд явах гээд зогсож байхад Ч гэх хүн миний урд талд өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байсан. Тэгээд Ч явах гэж байгаа бололтой тээврийн хэрэгслээрээ ухрах хөдөлгөөн хийгээд цонхоороо толгойгоо гаргаад намайг өөрийн тээврийн хэрэгслээ ухраа гэх үед миний ар талд 2-3 такси цуваад зогссон, би өөрийн тээврийн хэрэгслийг ухраах боломжгүй байсан. Энэ үед Ч машинаасаа бууж ирээд миний машины хаалгыг угз татаж нээгээд намайг буугаад ир гэхээр нь би машинаасаа буух үед Ч намайг цохиод авахаар нь би Ч-ыг түлхээд бид хоёр барьцалдаж авсан. Ч бид хоёр маргалдаж байхад Ч халтирч газарт унаад босож ирээд дахин маргалдаж байхад О гэх таксинд явдаг залуу гүйж ирээд салгасан. Тэгээд Ч бид хоёр машин машин руугаа явсан. Би машиндаа суугаад толиндоо харахад хамар амнаас цус гарсан байсан болохоор гэртээ харьж цусаа угаах гээд явсан. Намайг гэртээ хариад байж байхад манай гэрт цагдаа ирээд дагуулаад явсан. Би Д.Ч ын хаашаа яаж цохисноо санахгүй байна. Ямар ч байсан нэгнийгээ бол гараараа цохисон. Д.Ч нь намайг машинаас бууж байхад миний нүүр хэсэг рүү буюу шүд хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Машинаас буугаад барьцалдаж байхдаа хэдэн удаа хаашаа цохисныг анзаараагүй. Д.Ч бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би урьд өмнө Д.Ч тай хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. *** захаас таксинд явдаг О гэх залуу байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/
1.2. Шүүгдэгч Д.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би *** захын дээд талын зогсоолоос хувиараа такси үйлчилгээнд явдаг юм. 2024 оны 12 дугаар сарын 25- ны өдөр 18 цаг өнгөрч байхад *** захын дээд талын таксины зогсоол дээр зогсож байхад миний тээврийн хэрэгслийн урд талд нэг такси зогсож байхаар нь би цаг орой болсон байна. Гэртээ харъя гэж бодоод өөрийн тээврийн хэрэгслээр ухрах хөдөлгөөн хийхэд миний ард талд надтай цуг *** захын дээд талын зогсоолоос таксинд явдаг О.Н гийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгэхээр нь би тээврийн хэрэгслээсээ буугаад Н-г тээврийн хэрэгслээ холдуулж бай би гарах гэсэн юм гэсэн. Н нь миний ард тээврийн хэрэгсэл байна гээд холдохгүй байсан. Тэгээд Н бид 2 хоорондоо мууцалдаад авахад таксинд явдаг О та хоёр яаж байна боль гээд салгасан. Н миний баруун гарын ядам хуруунаас хазах үед би Н г заамдсан гараа тавьсан. Энэ үед Н миний зүүн гарын сарвуу хэсгээс бариад гарыг мушгисан ба дахиад Отгоо гэх хүн бид хоёрын дундуур орж салгасан. Би болсон үйл явдлын талаар эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/
1.3. Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би таксинд яваад хүнээ буулгачихаад ирэхэд Н , Ч нар машиныхаа ар талд хоорондоо барилцаад муудалцсан байдалтай зогсож байсан. Тэгээд дундуур нь орж салгасан. Чын хуруунаас цус гарчихсан байсан. Тухайн гэмтлийг Н учруулсан байх. Намайг очиход Ч, Н хоёр маргалдаад заамдалцсан байдалтай байсан. Салгах үед гараараа нэг нэгнийхээ нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон…” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/
1.4. Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...Д.Ч нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж, ойрын дуудлага, амбулаторын үзлэг зэргээр 304,687 төгрөгийн, ... О.Н нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн нэгдсэн эмнэлгийн амбулаторын үзлэг 73,128 төгрөгийн тусламж үйлчилгээ тус тус авсан байна" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44, 47- 48 дугаар хуудас/
1.5. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 01 сарын 02-ны өдрийн ...1. О.Н н биед 2.1-р шүдний цөгцний 4 хугарал зуун шанаанд зулгаралт, зүүн гарын эрхий хуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. О.Н гийн биед 2.1-р шүдний цөгцний 4 хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо" гэх 46 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/
1.6. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2025 оны 01 сарын 02-ны өдрийн "1. Д.Ч ын биед зүүн гарын 4-р хурууны 3-р үеийн шивнүүр ясны далд хугарал, баруун гарын 4-р хуруунд шарх, зүүн доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо." 47 дугаартай гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон О.Н н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, Д.Ч-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.Н , Д.Ч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ч-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч О.Н нь хохирогч Д.Ч т 1,200,000 төгрөг, хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 304,687 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд тус тус нөхөн төлсөн байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч О.Н н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д.Ч нь хохирогчийн эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 73,128 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн. Хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч О.Н н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар О.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Д.Ч ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч О.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр, шүүгдэгч Д.Ч-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгуулийн ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Н нь хохирогч Д.Ч-т 1,200,000 төгрөг, Д.Ч-ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 304,687 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Ч нь хохирогч О.Н-н эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болон 73,128 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн О-ын Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч Ж овгийн Д-ийн Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ч-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Ч-т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Н , Д.Ч нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Н , Д.Ч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч О.Н нь хохирогч Д.Ч-т 1,200,000 төгрөг, Д.Ч-ын эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болох 304,687 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, шүүгдэгч Д.Ч нь хохирогч О.Н н эмчилгээ хийлгэсэнтэй холбогдож гарсан зардал болон 73,128 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн, шүүгдэгч нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Н , Д.Ч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ