| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашийн Мөнхбүрэн |
| Хэргийн индекс | 317/2025/0076/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/89 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Халиун |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/89
2025 02 25 2025/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Халиун,
Шүүгдэгч Б.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Б.Ч-д холбогдох *************** дугаартай /* хавтас/ эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн Б овогт Б.Ч, ***** оршин суух, урьд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн **** оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 10 хоног баривчлах шийтгэл хүлээсэн, хэрэг хариуцах чадвартай, ******** регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Ч нь “2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ дахин 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /1.81 хувь/ улаан өнгийн улсын дугааргүй даюу маркын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б.Ч нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /1.81 хувь/ улаан өнгийн улсын дугааргүй даюу маркын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Б.Ч-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас нэмж мэдүүлэг өгөхгүй” гэсэн мэдүүлэг
-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,
-согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-3/,
-2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 10 минутад улаан өнгийн улсын дугааргүй даюу маркын мотоциклийг жолоодож явсан Б.Ч-ын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг багажаар хэмжихэд 1.81 хувь спиртийн агууламжтай гарсныг баталгаажуулсан баримт /хх-3/,
-Б.Ч-н сэжигтнээр өгсөн “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутаг Бүрэн өрнөх шатахуун түгээх станцын урд талын зам дээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ даюу маркын мотоцикл жолоодсон. Арын суудал дээр Ж сууж явсан. П гэх хүнтэй уулзаж байх үед сумын цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-16-17/,
-гэрч Ж.Г-ын өгсөн: “...албан үүрэг гүйцэтгэх явцдаа Б.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ улсын дугааргүй улаан өнгийн даюу маркын мотоцикл жолоодож явсныг илрүүлсэн. ...цагдаагийн байранд авчирч драгер багажаар үлээлгэж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.81 хувийг зааж байсан” гэх мэдүүлэг /хх-7-8/,
-гэрч Х.П-ын өгсөн: “...Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутаг шатахуун түгээх станцын урд талын шороон зам дээр мотоциклтой явж байхад Б.Ч улаан өнгийн даюун маркийн мотоцикл жолоодсон Б.Ж арын суудал дээр сууж явсан” гэх мэдүүлэг /хх-10-11/
-гэрч Б.Ж-ы өгсөн: “...Б.Ч бид хоёр Төв аймгийн Дэлгэрхаан сумын Тарган 01 дүгээр багийн нутаг Живгэр гэх газар манай гэрт өдрийн 11 цагийн орчимд 2.5 литрийн пиво хувааж уусан. Өдрийн 12 цагийн орчимд манай гэрээс Төв аймгийн Бүрэн сумын Төхөм багийн нутаг хүртэл улаан өнгийн даюун маркийн мотоциклтой ирсэн. Би гэрээс ирэхдээ 30 км газар мотоцикл жолоодож ирсэн. Төв аймгийн Бүрэн сумын төв дээр Б.Ч жолоодож яваад цагдаагийн алба хаагчтай таарсан. Сумын төвд Х.П-тай уулзаж байхад сумын цагдаа ирсэн” гэх мэдүүлэг /хх-13-14/,
-Шүүгдэгч Б.Ч-ын иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн **** оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэвэр /хх-35-38/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Б.Ч нь Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 82 дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хасах шийтгэлийн хугацаа дуусаагүй байх үедээ дээрх зөрчлийг гаргасан болох нь хэрэгт авагдсан шийтгэврийн хуулбараар нотлогдож байна. /хх-35-38/
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг Төв аймгийн прокурорын газарт сайн дураараа гаргаж, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэргээр хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн аутентик тайлбар буюу хууль тогтоогчийн “энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж тайлбарласан.
Шүүгдэгч Б.Ч-ын “согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг “Alcotest АL-6820 гэх багаж ашиглан шалгахад 0.56 хувийн согтолттой” гэх тэмдэглэл, түүний амьсгал дахь спиртийн агууламжийг драгер багажаар үлээлгэж гэрэл зургаар бэхжүүлсэн байна. /хх-4-5/
Хэмжил зүйн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5-д “Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно” гэж заасны дагуу “Alcotest-6820” гэх согтуурал шалгах багажийг баталгаажуулсан байх тул согтуурсан эсэхийг шалган тогтоох ажиллагааны үр дүнд шүүгдэгч Б.Ч-ыг “согтуурсан” гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Ч нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын санал болгосон ялын саналыг зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Ч нь Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаанд хасуулж, эрх хассан шийтгэлийн хугацаа дуусаагүй буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Бүрэн сумын Төхөм 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /1.81 хувь/ улаан өнгийн улсын дугааргүй даюу маркын мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Г.Х: “...шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Э: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргав.
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл... хориглохыг эрх хасах ял гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж тус тус заасан.
Хэрэгт түүний хувийн байдлыг нотлох иргэний үнэмлэхийн болон гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хаягийн бүртгэлийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-28-32/ зэрэг авагджээ.
Шүүгдэгч Б.Ч-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн зүйлийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил /нийт 24 сар/-ын хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг,
Шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Ч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гарах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй.
********** дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Б.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил /нийт 24 сар/-ийн хугацаагаар хасаж, 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь шүүхээс оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ч-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
7.Эрүүгийн *********** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол хуульд заасны дагуу хүргүүлэхийг дурдсугай.
10.Шүүхийн шийдвэрийг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт оролцогч гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН