Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2017 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 132/ШШ2017/00447

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******гийн ******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ын ******* -д холбогдох

Гэм хорын хохирол 2462550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00416/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******гийн *******, түүний өмгөөлөгч П.Ган-Очир, хариуцагч Ш.*******, иргэдийн төлөөлөгч М.Э*******, нарийн бичгийн дарга Ц.Мичидмаа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гэрээсээ мөнгөн аяга 1, эмээлийн хяр, мөнгөн хазаар зэргийг алдсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн хүү ******* авсан нь тогтоогдсон юм. Тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн заалтаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ хугацаанд хохирлыг барагдуулаагүй бөгөөд эд зүйл, сэтгэл санааны том хохирол учруулсан. Мөн энэ хугацаанд 3 удаа Сэлэнгэ сумаас Булган аймаг орж ирсэн замын зардал болох 60000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 52550 төгрөг хохирол болох 2350000 төгрөг, нийт 2462550 төгрөгийг буруутай этгээд Ц.*******гийн ээж Ш.*******гаас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Ц.******* нь манай гэрээс мөнгөн аяга, эмээлийн хяр, мөнгөн хазаарыг хулгайлж 2350 000 төгрөгийн хохирол учруулсан. Ц.******* нь сумын цагдаа нартай хамт манай гэрт орж ирээд дээрх эд зүйлийг авсан болохоо хүлээн зөвшөөрсөн. Цагдаад өргөдөл гаргаад хэргийг шалгаж байтал хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэ 2350 000 төгрөг, замын зардал 60 000 төгрөг бүгд 2410 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт Ц.*******гийн ээж Ш.*******гаас нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Ш.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 11 цагт хэсгийн төлөөлөгч ******* манай хүү *******гаас *******ийн эмээлийн хяр, мөнгөн аяга, мөнгөн хазаарыг авсан уу гэж байцаасан байсан. Хүү *******г хэргээ хүлээ гэж галлагаагүй байшинд орой 18 цаг хүртэл хорьсон байсан. Сумын цагдаа нар *******г *******ийн гэрт аваачиж авдрыг нь онгойлгуулаад авсан биз дээ, яаж авснаа үзүүл гээд зодсон байсан. Манай хүүхэд ангийнхаа хүүхдийг зодсон хэрэгт давхар холбогдсон байсан бөгөөд хулгайн хэргээ хүлээгээд хохирол төлбөрийг төлвөл хэрэг нь хөнгөрнө гэж хэлсэн учраас хулгай хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн. ******* 2 үхэр аваад болно гэсэн боловч үхэр авахгүй гэж хэлсэн. Миний хүү хулгай хийгээгүй учир нэг ч төгрөг өгөхгүй гэж шийдсэн. *******ийнх хэзээ эд зүйлээ алдсан болохоо өөрсдөө ч мэдэхгүй байгаа. Манай хүү ******* ахындаа очиж ус түлээг нь авч, дүү нараа харж тусладаг байсан. Миний хүү *******ийн мөнгөн аяга, эмээлийн хяр, мөнгөн хазаарыг хулгайлаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ш.*******гаас хулгайд алдагдсан эмээлийн хяр, мөнгөн аяга, мөнгөн хазаарын үнэ 2350 000 төгрөг, замын зардал 60 000 төгрөг, бүгд 2410 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч миний хүү Ц.******* хулгай хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт оршин суух иргэн Д.*******ийн гэрээс 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хооронд мөнгөн аяга, эмээлийн хяр, мөнгөн хазаар хулгайд алдагдсан байх бөгөөд энэ хэрэгт Ц.*******г холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр Булган аймгийн Прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 6-7/

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь Ц.*******г 2017 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр гэрт ирж хүүхэд харахдаа дээрх эд зүйлийг хулгайлсан, энэ гэмт хэргийг Ц.******* үйлдсэн нь тогтоогдсон боловч хөнгөн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тул гэм буруутай этгээдээс хохирлоо нэхэмжилж байгаа гэх тайлбарыг гаргаж байгаа хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг хариуцагчийн гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл тус Прокурорын тогтоолд Ц.*******гийн гэм буруу нь хохирогч Д.*******, гэрч М.Эрдэнэбаатар, насанд хүрээгүй сэжигтэн Ц.******* нарын мэдүүлгээр тогтоогдсон гэжээ.

Гэвч хохирогч Д.*******ийн ...2017 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хөдөө гэрээсээ сумын төвийн гэртээ ирээд гал тогооны сервант руугаа харахад бага гарын мөнгөн аяга байхгүй байсан. Хүүхдүүдээсээ асуухад мэдэхгүй гэж байсан. 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Баян-Агт сумаас шинэ хийж сумын төвийн гэртээ ирээд 2 давхарт байдаг авдар луугаа дээлээ хийх гэтэл том авдарнаас эмээлийн хос мөнгөн хяр байхгүй байсан. Жижиг авдарнаас мөнгөн хазаар байхгүй болсон байсан гэх, гэрч М.Эрдэнэбаатарын ... 2017 оны 1 дүгээр сарын дундуур өглөө 10 цагийн үед над руу манай найз ******* яриад Зоригоо ахынд хүрээд ир гэсэн. Би тэднийд 11 цагийн үед очоод байшингийн 2 давхарт гарч суурин компьютер дээр 1 цаг орчим тоглосон. ******* авдар онгойлгож шилэн аяган дотроос бууны сум 1 ширхэгийг гаргаж ирээд буцааж хийсэн. ... зурагт асаагаад бид хүүхэлдэйн кино үзэж байтал ******* ганцаараа дээд давхар луу гарахдаа шатаа угаалгын машинаар хааж тавьсан байсан. Намайг араас нь гартал тэр пийшингийн араар нуугдаад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа шат руу хартал ******* доошоо тонгойгоод намайг хараад инээж байсан. ... түүний эгч ирж бид 2 гэрээс гараад явж байтал ******* надаас чи хаачих вэ гэж асуухаар нь танайд очъё гээд тэднийх рүү явцгаасан гэх, насанд хүрээгүй сэжигтэн Ц.*******гийн ... 2017 оны 1 дүгээр сарын дундуур эгч Оюунцэцэг хүүхэд харж өгөөч гэж ярьсан. Ингээд Зоригоо ахынд очсон. ...эгч явсаны дараа байшингийн 2 давхарт дүү нарын хамт гарч компьютер дээр 1 цаг орчим тоглосон. Тоглож байхад дүү Анужин шатаар буугаад байхаар нь шатыг угаалгын машинаар таглаж тавьсан. Эрдэнэбаатарыг компьютер тоглож байхад би дүү Бумбаарайтай ноцолдож байтал дунд авдарын таг унасан. ... авдарны тавиур дээр хуванцар цагаан цэнхэр өнгийн тавган дотор дүүрэн сум байсан. Сумнаас нэгийг авч авдарыг хаасан. Доош бууж хэсэг тоглож байгаад эгчийг ирж байна уу гэдгийг харахаар 2 давхар луу гарч цонхоор харсан гэх мэдүүлгүүд нь тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлснээс биш Ц.*******г Д.*******ийн гэрээс мөнгөн аяга, эмээлийн хяр, мөнгөн хазаарыг хулгайлсан гэдгийг гэрчилж нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ш.*******г хүү *******гаа хулгай хийснийг хүлээн зөвшөөрч хохирлыг нь барагдуулна гэж хэлж байсан гэж маргаж байгаа боловч хариуцагч Ш.*******гийн ...манай хүүхэд ангийнхаа хүүхдийг зодсон хэрэгт давхар холбогдсон байсан бөгөөд хулгайн хэргээ хүлээгээд хохирол төлбөрийг төлвөл хэрэг нь хөнгөрнө гэж хэлсэн учраас хулгай хийсэн гэж хүлээн зөвшөөрсөн. ******* хоёр үхэр аваад болно гэсэн боловч үхэр авахгүй гэж хэлсэн. Миний хүү хулгай хийгээгүй учир нэг ч төгрөг өгөхгүй гэх үгүйсгэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар сэжигтэн, яллагдагч нь мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, түүнчлэн өөрийн гэм буруугүйг болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй.

Иймд Ц.******* нь Д.*******ийн гэрээс мөнгөн аяга, эмээлийн хяр, мөнгөн хазаар хулгайлсан гэдэг нь нотлогдохгүй байх тул хариуцагч Ш.*******гаас 2410 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54550 төгрөгөөс илүү төлсөн 1040 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 53510 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай иргэний эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шүүхэд төлөөлөх эрхтэй бөгөөд Ц.*******гийн хууль ёсны төлөөлөгч болох эх Ш.*******г хариуцагчаар татсан нь дээрх хуулийн заалтыг зөрчөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш.*******гаас 2410 000 /хоёр сая дөрвөн зуун арван мянган/ төгрөг гаргуулах тухай Д.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54550 /тавин дөрвөн мянга таван зуун тавь/ төгрөгөөс илүү төлсөн 1040 /нэг мянга дөчин/ төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгон, үлдэх 53510/ тавин гурван мянга таван зуун арав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН

О.ОДОНЧИМЭГ