| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 305/2025/0043/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/52 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/52
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь
Улсын яллагч Б.Ундармаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19** оны *** дугаар сарын ***-ний өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Говь-Алтай аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 2 жилийн хорих ял эдэлж байсан, *** регистрийн дугаартай О овгийн Н-ийн Б.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн *** сум Н хороо ** тоотод байх Г.Б гэх айлд согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтаж байсан Б.Б-ийн эзэмшлийн Redmi 9A загварын гар утас болон утасны ард талын кэйсэнд байсан Хаан банкны виза карт зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч Б.Б-ид 1,010,700 төгрөгийн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
1.1. Шүүгдэгч Н.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан. Би өөрийн шалгагдаж байгаа хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/
1.2. Хохирогч Б.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 09-ний өглөө Хан-Алтай ХХК-аас ажлаасаа бууж ирээд найз Г.Б-ийн гэрт нь очиж Г.Б бид 2 хэдэн ширхэг пиво ууж байгаад гэрт нь унтаад орой 18 цагийн орчимд сэрэхэд миний гар утас, мөн утасны ард байсан виза карт алга болсон байсан. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр банкнаас дансны хуулгаа авч үзэхэд миний дансанд байсан 390,000 төгрөгийг зарлага хийж дуусгасан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний эзэмшлийн гар утас нь Redmi 9A маркийн гар утас байсан. Би өөрийн гар утас болон виза картыг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ашиглаж байсан. Өдөр 15 цагийн орчимд нэг хүнтэй утсаар ярьсан. Тэгээд Г.Б-ийн гэрт нь унтахдаа гар утсаа хажуудаа тавиад унтсан. Виза картыг гар утасны ард талын гэрэнд хийсэн байсан. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ажаа ээжийн хоолны газраас хэдэн ширхэг хуушуур худалдаж аваад виза картаар тооцоо хийж гар утасны ард хавтсанд виза картаа хийсэн. Би өөрийн гар утсыг 2022 онд Улаанбаатар хотоос 700,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний гар утас нь ногоон өнгийн Redmi 9А маркийн гар утас dайсан. Хар өнгийн кейстэй, кейсэнд ногоон өнгийн карт хадгалдаг халаастай байсан. Ямар нэг эвдрэл гэмтэлгүй, бүрэн бүтэн утас байсан. Би өөрийн гар утсыг 700,000 төгрөгөөр үнэлж байна. 2024 оны 08 дугаар сарын 09-нд Г.Б-ийн гэрт Г.Б бид 2 хамт хэдэн ширхэг пиво уугаад унтсан. Өөр хүн ирээгүй Г.Б бид 2 нэлээн согтоод гэрийн баруун зүүн талд унтсан. Би Хаан банкны *** дугаарын данстай холбоотой виза карт хулгайд алдсан. Хаан Банкны ***дугаарын данс миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн дансанд хамтран эзэмшигч байхгүй. Хаан банкны *** дугаарын дансны виза карт нь 1 хувь байдаг. Тухайн нэг хувийг гар утастайгаа хамт хулгайд алдсан. Вика карт нь нууц кодтой боловч дээрээ чиптэй учир зарим газарт нууц ашиглахгүй гүйлгээ хийж болдог юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
1.3. Гэрч Л.Н-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би Говь-Алтай аймгийн ***сумын *** багийн *** хороонд байрлах *** нэртэй дэлгүүрт ажилладаг. Тухайн дэлгүүр манай өөрийн дэлгүүр. 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр дэлгүүр дээрээ би өөрөө худалдагчаар зогсож байсан. Манай дэлгүүрт хааяа орж ирдэг нэг залуу байдаг юм. Нэрийг А гэж дуудаг санагдаж байна. Тэгэхдээ тухайн хүнийг сайн танихгүй манайхаар үйлчлүүлдэг юм. Хаан банкны карт байсан байх. Тэрийг сайн анзаарч хараагүй. Энэ картаас уншуулчих гээд карт өгч байсан. Манай дэлгүүрийн пос машин янз бүр байдаг. Заримдаа код нэхээд заримдаа код нэхэхгүй шууд уншдаг юм. Тухайн виза картаас хамаарч код нэхдэг юм. Дээрх картыг уншуулсан хүн ганцаараа уншуулж байсан байх. Заримдаа хоёулаа орж ирж байсан. А гэх хүний хамт орж ирсэн хүнийг нь танихгүй. Нэг удаа 40,000 төгрөгийг бэлнээр авсан бусад гүйлгээгээр бараа бүтээгдэхүүн авсан байх чихэр, архи, ундаа, тамхи/ гэх бараанууд авсан санагдаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас/,
1.4. Гэрч Ц.А-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр намайг Г-ийнд байж байхад Б ирсэн. Дэлгүүр хаахаас өмнө хоёулаа дэлгүүр явчхаад ирье гэсэн. Тэгээд би Баярсайхантай хамт *** хороонд байдаг *** гэх дэлгүүр орохоор явсан. Яг дэлгүүр рүү орох гэж байхад Баярсайханы утас нь дуугарсан. Б надад виза картаа өгөөд дэлгүүр хаахаас өмнө ахиухан шиг юм авчхаарай гэсэн. Виза картын кодыг нь асуухад кодгүй уншина гэж хэлсэн. Дэлгүүрт ороод 3 шил архи 2 ширхэг тамхи, 1 хиам, талх аваад картаар нь тооцоо хийсэн. Тухайн өдөр дэлгүүрээр үйлчлүүлэхдээ Б-ы виза картаар тооцоо хийсэн. Хэний эзэмшлийн карт байсныг нь хараагүй. Шөнө байсан. Б-ы өөрийн эзэмшлийн карт гэж бодсон. Дэлгүүр рүү орох гэж байхдаа виза картын кодыг нь асуухад кодгүй шууд уншина гэж хэлсэн. Тухайн картанд пин код байгаагүй. *** дэлгүүрийн пос машинд чипээр нь шууд уншуулсан. Надад нэмж ярих зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,
1.5. “Ашид билгүүн” ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъяны 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 921/33 дугаартай "... Redmi 9A маркийн гар утас 650,000 төгрөг" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас/,
1.6. Хаан банкны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 5315/24/0442 дугаартай "... Харилцагчийн *** тоот данснаас 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 40,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн ПОС төхөөрөмжийн эзэмшигч нь Л.Н, ажлын хаяг нь *** хүнсний дэлгүүр, *** хороо *** тоот" гэх албан бичиг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн эд хөрөнгөд 1,010,700 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч Н.Б нь хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 1,010,700 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ыг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Б-д хүлээлгэсүгэй.
4. Тэнссэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь хохирогчид 1,010,700 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсвэл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд бусад тохиолдолд гомдол эсэргүүцэл гаргахгүй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ