| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01190/И |
| Дугаар | 155/ШШ2020/01543 |
| Огноо | 2020-08-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2020/01543
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг .............. тоотод оршин суух, Бэсүд овогт Бат-Очирын ******* /.................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар баг ............. тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаатарын Зоригт /............................./-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2020/01190/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э.Зоригт нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр болох Э.Зоригттой анх 2005 онд танилцаж 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас гурван хүү төрсөн ба 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр том хүү З.Хашчулуун, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дунд хүү З.Гантигчулуун, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр бага хүү З.Зоригт нар тус тус төрсөн. Хамтын амьдралын явцад бидний санаа сэтгэл таарч тохирохгүй болж нөхөр маань бүхий л зүйлээ надаас нууж, юугаа ч хэлдэггүйн зэрэгцээ Зоригт нь архи дарс ихээр ууж байнга хардаж, сэрдэж, гүтгэж хүчирхийлэл дарамтанд байлгах болсон. Намайг гэрээсээ хөөж гаргаж өвлийн хүйтэнд гадаа хонуулсан тохиолдол ч байдаг. Миний бие түүний зан байдлыг олон жил тэвчиж, түүнд итгэл хүлээлгэн засарч хүмүүжих, ухаарах байх гэж амьдралаа болон гурван хүүгээ бодож явсаар бодож явсаар өдий хүрлээ. Гэвч Зоригтын хүчирхийлэл гүтгэлэг дарамтаас болж миний эрүүл мэнд цаашлаад амь нас, гурван хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж хүмүүжлийн доройтолд орох магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл нөхөр маань хэрүүл маргаан үүсгэж зодож нүдэж муухай үг хэллэгээр хэлж байгааг харж, сонсож, өсөж байгаа хүүхдүүд үргэлж айдас түгшүүртэй дарамт хүчирхийллийн дор буруу үлгэр дууриалал авч өсөж торниж байна. 2005 оноос өдийг хүртэл 15 жил хамт амьдрахдаа ханьтайгаа үргэлж муу муухай байгаагүй, сайн сайхан зүйлүүд байсан. Гэхдээ анх хүү*******ыгаа тээж байхад надад гар хүрч эхэлсэн. Би хөдөө багийн эмч хийдэг учраас цаг нар гэж байдаггүй. Хэдэн ч өдрөөр хамаагүй ажлаар явдаг. Амьдралынхаа төлөө зүтгэсэн. Нөхөр Зоригт ажил хийдэггүй байсан. Зун барилгын ажил хийж хэдэн төгрөг олдог ч хавар намар өвөл гурав ажилгүй байдаг. Хүү*******аас хойш хоёр ч удаа жирэмсэн болсон боловч эхнийх нь хадам ээж хүүгээ салгаж авна ядуу хүнтэй суулгахгүй гээд үр хөндөлт хийлгэсэн. Хоёр дахь хүүхдээ Зоригтод зодуулснаас болоод зулбасан. 5 удаагийн жирэмслэлтээр 3 хүүхэдтэй үлдсэн. Манай нөхрийн ааш зан хүнд даруу төлөв харагддаг ч эргэж хараад хүний хажууд өчүүхэн ч хүндлэл үзүүлэхгүйгээр доромжилдог. Дуртай нэг эмэгтэйнхээ дэргэд доош нь хийдэг. Түүнээсээ улбаалан зоддог. Би хэд хоногоор ч хамаагүй ажлаар явахдаа хүүхдүүдээ аваад явдаг. Шөнө утасдаад би согтуу явж байна гэрээ олохгүй байна гэх зэргээр ээж рүү минь ярина. Мөн дээрээс нь Зоригт гэр бүлийн хүчирхийлэл адилхан явагддаг гэж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Жил ирэх тусам ааш зан нь өөрчлөгдсөн. Зоригт гэр бүлээс гадуур харилцаа үүсгэнэ, өөр бусад хүмүүстэй нийлж доромжилно, гар хүрнэ үүний эсрэг би тодорхой хэмжээний маргаан хийдэг. Би Монгол улсын хуулийн өмнө худлаа ярихгүй. Би аргагүй байдалд ороод гэрлэлтээ цуцлуулахаар ирсэн байна. Нүдэндээ хиймэл ястай, 2 удаа наркозонд орсон. Зөвхөн эмнэлэгт хэвтсэн ээждээ цай өгснийхөө төлөө зодуулсан. Энэ байдлыг харсан хүү минь хүртэл хэцүү байдалд орж байна. Манай нөхөрт үр хүүхдээ өсгөх, хоол унд олж ирэх зовлон байгаагүй. Би энэ амьдралд нөхрөө юугаар ч дутаагаагүй. Гэтэл хаа явсан газартаа эмэгтэй хүнтэй нэр холбогдоно. Тэр хүмүүсээрээ намайг доромжлуулна. Хадам ээж дүү нарын хэл амыг олон жил тэвчсэн. Хадам аавынхаа түшгээр л өдийг хүртэл амьдарч байсан.
Багийн эмч учраас олон хүнтэй харьцана, өдөр шөнөгүй дуудлаганд явна. Унтах нойргүй үе ч байдаг. Хүү******* эм ууж сэхээнд орсон, хоёр нялх хүүхдээ хатгалгаагаар эмнэлэгт хэвтүүлснээс өөрөөр бүх эмчилгээг би өөрөө хариуцдаг. Ийм хариуцлага манай нөхөр хүлээдэггүй. Надад цалингийн зээлнээс өөр үнэлэх зүйл байхгүй. Би хоёр машин худалдаж авсан. Гэр орноо ч худалдаж авсан. ...Аль болох сайн эхнэр байх гэж хэтэрхий их хичээсэн байна. Өдийг хүртэл маш их зодууллаа. Уранхай өмднөөс нь татахад өмд урлаа гээд, дуудлаганд эрэгтэй хүнтэй явах гэж байна гээд зодуулж байсан. Архи уухаар нь би араас нь хөөцөлддөг, би үргэлж сайн сайхан байх гэж, араас нь хөөцөлдөөд байгаа нь хардсандаа биш элэг бүтэн амьдралыг олон жил үзэх гэсэндээ юм. ...Би гэр бүлийн үнэ цэнээ хадгалах гэж 10 жил зүтгэлээ. Одоо зүтгэх гэсэн ч бие минь ядарч, сэтгэл минь гундаж байна. Манай нөхөр Шинэ Мөрөн худалдааны төвд сантехникчээр ажилд орсон. Би ажил дээр нь хоол бариад очдог. Нөхөр даргыгаа дагаад архи уугаад явсан байдаг. Гурав дахь хүү болох*******ыг төрүүлэхдээ сэтгэл зүйн дарамттай байсан. Хүн үхэл сэхлийн зааг дээр нялх үрээ төрүүлж байхад нөхөр нарийн бичиг дуудсан гээд явчихсан. Би энэ 10 жилийн хугацаанд би хэн болж амьдарсан юм бэ? Хэний ч өмнө хүн шиг харагдаагүй. Үүнээс болоод 70 хүрч байгаа ээжийгээ доромжлуулж байна. Ээж маань ухаан алдаж унаад Улаанбаатар хотод хагалгаанд орох гэж байгаа. Зоригт намайг зодсоноос болж ээж минь ийм байдалд хүрсэн. Одоо хүртэл миний ээжтэй бие нь сайн уу гэж асуугаагүй. Би Зоригтын ээжийг ирэхээр эмчлээд өгдөг. Тэгэхэд намайг хадам ээж маш их доромжилдог. Хүүдээ архи өгөөд явуулдаг. Бичиг баримт нууна. Төрсөн дүү нь ирээд хүүг минь зоддог, нялх 3 сартай хүүхэд рүү халуун ус цацна гэх мэтээр сандарч, санаа зовох зүйл маш их байдаг. Гурван хүүхдээ эцэггүй өсгөхийг хэн ч хүсэхгүй. Би одоо хүсээгүй зүйлээ хийж байна. Ажлын хамт олонтойгоо гараад явна, ирэхээрээ дандаа худлаа ярина. Ажлынханд нь гэр бүлийн хүчирхийлэл үүсээд байна гэхээр намайг мэдрэл муутай сэтгэцийн өвчтэй гэнэ. Шинэ Мөрөн худалдааны төвийн менежэрт мөн тэгж доромжлуулж байсан. Би Мөрөн сумын Хөх толгой хороолол, Түнэл сумын 3 дугаар баг гээд нийт 1500 гаруй иргэдэд үйлчилдэг, манай гэр бүл шөнийн 2 цагаас нааш унтдаггүй. Шөнө нь ирээд гэр орноо цэвэрлээд хувцсаа угаагаад бүх л зүйлээ амжуулдаг. Ингэлээ гээд би сайхан амьдрах гэж л хичээдэг. Нөхөртөө муу зүйл хийгээгүй. Машин саатвал энэ чинь асахгүй байна гээд зодуулаад хөдөө машиндаа хаягддаг. Бие өвдөхөөр цай шөл хийж өгнө. Тэгж хэдхэн хоноод алга болчихно. Өөрийх нь бие сайн байвал архи уугаад алга болчихдог. ...Би таарсан хүн болгонтойгоо хардуулна. Би чамаас өөр хэнийг харах юм бэ гэж хэлсээр байтал намайг зодсон. Манай гэр бүлд ийм ёс суртахуун байдаггүй. Хүүхдүүд маань эцгээсээ үлгэр дуурайлал авдаг гэж хэлээд байгаа. Тэгэхэд чи Чингисийн үеийн сургуультай харин би орчин үеийн хүн гэж хэлсэн. Миний голдоо ортол гомдож байгаа зүйл бол шинэ хүнээ хүлээж авах аз жаргалаа мэдрэх гэж байхад энэ хүн хажууд байгаагүй. ...Манай гэр бүлд хүн хүнээ хүндлэх гэсэн ойлголт байдаггүй. Цайны дээж хийж өгөхөөр шавхруун дээр хийлээ асга гэнэ. Согтуу ирэхээр нь хоолоо гудар гэж хэлээд бас л дарамтлуулж байсан. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд байхаар нь эхнэр хүний зүгээс боль гэж хэлэхэд бас л мэдрэл муутай гэж доромжилно. Үргэлж ална шүү гэдэг. Хагалгаанд орохын урд өдөр чамайг алчихдаг байж гэсэн. Энэ үгнээс үхтлээ айдаг. Би энэ байдлаасаа болоод амиа хорлоход хүрч байсан. Миний ах дүү нараас дэмжлэг үзүүлдэг. Манай нөхөр тоодоггүй. Хэний ч зөвшөөрөлгүй амьдралаа эхлүүлж байсан юм чинь хэн хэндээ муу зүйл хийгээгүй, муу муухай зүйл үзээгүй байгаа дээрээ амьдралаа би өөрөө шийднэ гэж бодож байна. Надад сурч боловсрох маш их боломж байсан. Би ажлын хамт олон дундаа нэр хүнд хүрээлэл сайтай. Спорт урлагийн авъяастай. Нөхөртөө зодуулаад хөх нүдтэй байдаг болохоор ажлын хамт олонтойгоо тэмцээн уралдаанд хамт байж чаддаггүй. Шинэ жилээр аймгийн тэргүүний эмч болсон. Тэр үед зодуулснаас болоод одоо нүд минь хиймэл ястай байна. ...Цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй байх тул 2007 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 179 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү З.Хашчулуун, З.Гантигчулуун, З.Ганчулуун нарыгаа өөрийнхөө асрамжинд авч хүүхдүүддээ эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж авахыг хүсэж байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй гэв.
Хариуцагч Э.Зоригт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 онд танилцаад 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Арван таван жил хамтдаа амьдарсан. Энэ хугацаанд байнгын хурим хийсэнгүй гэсэн дарамттай байсан. Манай эцэг эхийн санхүүгийн боломж бололцоо олддоггүй байсан. Аргагүйн эрхэнд хүү маань ч 5 нас хүрсэн, 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хуримаа хийсэн. Түүнээс хойш гэр бүлийн маргаан хардалт зэрэг асуудлууд гардаг байсан. Манай хүний ч буруу байсан. Хоёулаа л буруутай. Манай хүн их харддаг. Гэрт ороод ирэхээр л хэрүүл маргаан хийнэ. Тэгээд зодоон болно. Би учир утгагүй шууд гар хүрээд байдаг хүн биш. Бас өдөр шөнөгүй эмэгтэй хүнтэй холбогдоод архи уугаад байдаггүй. Амьдралынхаа төлөө үүрийн 4 цагт гараад шөнө 24 цагт гэртээ ирдэг. Манай хүн бол ааштай, их ууртай хүн. Намайг хардана. Би тийм зүйл байхгүй гэдгийг тайлбарлахад үгүйсгэдэг. Хардалтаасаа болоод надад гар хүрдэг. Би чинь хүн л юм чинь өвдөнө тэгээд буцаагаад түлхдэг. Үүнээс болоод гэмтчихдэг. Өнгөрсөн 12 дугаар сард ялгаагүй өөрийг нь буудалд хүнтэй унтаж байхад нь барьж байсан. Ганцхан миний буруу биш. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл гурван хүүхдийнхээ амьдралаар тогломооргүй байна. Өнгөрсөн өвөл чи хэлэхдээ би том хүүхдээ авна чи хоёр бага хүүхдээ аваад сал гэж хэлээд гараад явсан. Орой нь нийллэг цайллагандаа ороод буудалд хүмүүстэй орсон байсан. Намайг хоёр нялх хүүхэдтэй болохоор гарч чадахгүй гэж бодсон байх. Шөнө 3 цагт Чингис буудлаас очиж авч байсан. Ялгаагүй гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Үнэхээр шийдчихсэн гэрлэлтээ цуцлуулна гээд олон баримт бүрдүүлээд байгаа хүнийг яахав дээ. Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдийнхээ асрамж дээр маргахгүй ээжийнх нь асрамжинд үлдээнэ. Хүүхдийн тэтгэлгийг төлнө. Энэ бол миний үүрэг. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.Зоригтод холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2007 онд гэр бүл болж, 2007 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь 0005366-179 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүү З.Хашчулуун төрсөн болох нь 0045702-231 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү З.Гантигчулуун төрсөн болох нь 6701000984 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүү З.Ганчулуун төрсөн болох нь 6701000276 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү З.Хашчулуун, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Гантигчулуун, болон 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Ганчулуун нарыг хүүхдийн бага настай байдал, хүүхдэд тавих эхийн хайр халамж, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нөхцлийг харгалзан эх Б.*******гийн асрамжинд үлдээж, хүү З.Хашчулуун,*******, З.Ганчулуун нарт эцэг Э.Зоригтоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү З.Хашчулуун, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Гантигчулуун, болон 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Ганчулуун нарыг эх Б.*******гийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193.190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 193.190 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Бэсүд овогт Бат-Очирын ******* /............../, Боржигон овогт Энхбаатарын Зоригт /........................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү З.Хашчулуун, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Гантигчулуун болон 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Ганчулуун нарыг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.
3. 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү З.Гантигчулуун, болон 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү З.Ганчулуун нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү З.Хашчулууныг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 наст/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Зоригтоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.130 /нэг зуун ерэн гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Зоригтоос 193.130 /нэг зуун ерэн гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Э.Зоригт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.******* нарт тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН