| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0018/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/20 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/20
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Манзушир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч *** овгийн ***-ийн ***-д холбогдох 2516000000011 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
*** овогт ***-ийн ***.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.М согтуурсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сумын *** багт үйл ажиллагаагаа явуулах *** караокений гадна хохирогч ***-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, хавсарч унагаан цээж хэсэгт нь өшиглөж түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнийн 02 цагийн үед *** аймгийн *** сумын *** багт үйл ажиллагаагаа явуулах *** караокений гадна хохирогч ***-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, хавсарч унагаан цээж хэсэгт нь өшиглөж түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 10-ны орой 21 цагийн үед манай үеэл *** над руу гар утсаар залгаад зааланд тоглох уу гэхээр нь би тэгье гэж ярьсан. Тэгээд намайг гэртээ өвлийн идшээ янзлаад байж байхад 21 цаг 40 минутын үед манай үеэл ***, найз ***-ын хамт манайд ирсэн. Бид хэд Мэргэжил сургалт үйлдвэрийн сургууль дээр очиж заал авсан. Заалнаас ***, ***, ***, ***, *** бид хэд 00 цагийн үед гараад *** караокед орсон. Караокед ороод ***, *** хоёр нийлээд Сэрүүн нэртэй 2.5 литрийн 2 том савтай пиво авч өгөөд бид хэд нийтийн зааланд нь уугаад суусан. Дараа нь ***-ыг таньдаг нэг залуу бид хэдэд сөжү авч өгөөд пивон дээрээ нэмж хийгээд уугаад сууж байхад *** намайг гараад уулзъя гэхээр нь би ***-тай караокены гадаа гарч ирэхэд *** миний толгой дээгүүр гараа давуулахаар нь би ***-ыг яагаад байгаа юм гэсэн чинь *** би танд багтаад байн уу хоёулаа булан тойрох уу гэхээр нь за тэгье гэж хэлээд ***-ыг дагаад явсан. Тухайн үед би хүмүүсээс холдоод учраа олох юм бодоод *** супер маркетын дээд тасархайгаар тойроод ороход *** хувцсаа тайлаад дээгүүрээ нүцгэлээд намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдах гэсэн чинь *** нүцгэн барих барьцгүй би барьж чадаагүй. Нэг мэдэхэд намайг газар унагаасан миний цээж хэсэг рүү *** өшиглөөд хажууд байсан нэг хүн ирээд ***-ыг салгаад аваад явсан. Газраас босоход хамар, амнаас цус гоожсон байдалтай биед хөндүүртэй байсан. Тэгээд тэндээсээ би такси бариад гэртээ ирэхэд нүүр, нүд хавдсан байсан....Тухайн шөнө *** миний нүүр хэсэг рүү гараараа маш олон удаагийн давтамжтай цохиод намайг газар унахад хөлөөрөө миний тохой, цээж хэсэг рүү өшиглөсөн. Кайф караокены гадаа байж байхад *** миний толгой дээгүүр гараа давуулахаар нь миний уур хүрээд ***-тай маргаан үүсгэсэн. *** бид хоёр урд өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 8-10, 13-14-р тал/
Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 10-нд орой *** над руу гар утсаар зааланд тоглох уу гэж ярьсан. Тэгээд орой 22 цагийн үед *** манайд ***, *** бас нэг танихгүй залуугийн хамт ирээд бид хэд цуг яваад Мэргэжил сургалт үйлдвэрийн сургуулийн зааланд цаг аваад 00 цагийн үед заалнаас гараад бид хэд бүгд Кайф караоке орсон. Кайф караокед *** 2.5 литртэй Сэрүүн нэртэй 2 том сав пиво авч бид хэд хувааж уусан. Тэгээд сууж байхад ***, *** хоёр караокеноос гарч яваад орж ирэхгүй удаад байхаар нь *** бид хоёр араас нь гарсан. Гадаа үүдэнд байхгүй болохоор нь хайгаад *** супер маркетын дээгүүр *** бид хоёр тойрч үзэхэд *** нь ***-ыг газар унагаасан дээрээс нь гараараа толгой нүүр хэсэг рүү нь цохиж байсан. Тэгээд би ***-ыг салгах гээд татсан надаа хүчрэгдэхгүй байсан. Тэгэхээр нь ***-ийг наад хоёр оо салга гэсэн чинь салгахгүй над руу уурлаад намайг яв гээд хөөгөөд байхаар нь тухайн газраас явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р тал/
Гэрч ***-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 10-нд намайг гэртээ байж байхад *** ах над руу залгаад зааланд тоглох уу гээд зааланд тоглохоор болоод орой нь Мэргэжил сургалт үйлдвэрийн сургууль дээр ***, ***, ***, ***, *** бид хэд заал авч тоглосон. Заалнаас 00 цаг өнгөрч байхад гараад бид хэд бүгд Кайф караоке ороод нийтийн зааланд нь суугаад Г 2.5 литртэй 2 том сав пиво аваад бид хэд уусан. Тэгээд караокед нэлээн сууж байгаад С, *** бид гурав караокены гадаа гараад тамхи татаад байж байхад араас *** гарч ирээд ***-ын хүзүүн дээгүүр нь гараа давуулсан чинь *** уурлаад ***, *** хоёр хоорондоо маргалдаад караокены дээд талын *** супер маркетын дээгүүр тэр хоёр тойроод орсон. Тэгээд араас нээх удалгүй ***, *** бид гурав тойроод очиход Мөнхбат дээгүүрх хувцсаа тайлаад ***-тай маргалдаад байж байсан. Бид гурвыг очсоны дараа *** нь эхлээд ***-ыг нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод зөрүүлээд ***, ***-ыг барьж аваад нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод газар хавсарч унагаад тэр хоёр салсан. Тухайн үед Мөнхбатаас өөр хүн С-ын биед халдаж цохиж зодоогүй..." гэх мэдүүлэг, /хх-ийн 30-31- р тал/
Гэрч ***-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 10-нд орой *** луу би гар утсаар зааланд тоглох уу гэж яриад зааланд тоглохоор болоод орой 22 цагийн үед ***-ыг гэрээс нь очиж аваад Мэргэжил сургалт үйлдвэрийн сургууль дээр ***, ***, ***, ***, *** бид хэд заал авч тоглоод заалнаас 00 цаг өнгөрч байхад гараад бид хэд цуг *** караокед орж суусан. Караокед ороод би том савтай бас жижиг лаазтай пивонууд аваад ***, ***, ***, ***, *** нар нэг ширээнд суугаад би хажуугийн ширээнд нь пиво уугаад суусан. Тэгээд караокед бид хэнд нэлээн ууж суугаад бүгд нэлээн муудсан байсан. Намайг 02 цагийн үед текэн дээр караокены эзэнтэй юм яриад сууж байхад ***, ***, ***, *** нар караокеноос гараад явсан *** ганцаараа ширээн дээрээ сууж байсан. Тэгээд байж байхад гаднаас ***, *** хоёр орж ирээд ***, *** хоёр хоорондоо зодолдох гээд явчихлаа гэхээр нь ***, *** бид гурав араас нь ГАА супер маркетын дээд талаар тойроод ард нь гараад ирэхэд ***, *** хоёр нэгнийгээ заамдаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг боль гэхэд *** нь эхлээд ***-ыг гараараа нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохиод авсан. Дараа нь *** хувцсаа тайлаад ***-ыг барьж аваад нүүр хэсэг рүү нь гараараа хэд хэдэн удаа цохиод тэр хоёр хоёулаа газар унасан. Газраас тэр хоёр босож ирэхэд ***-ын хамраас нь цус гарсан баруун нүд нь хавдсан байдалтай байсан. Тэгээд С гэр лүүгээ явлаа гээд явсан. ***-ын нүүр хэсэг рүү нь *** гараараа цохиж зодсон. Тухайн үед ***-аас өөр хүн ***-ын биед халдаж цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 34-36-р тал/
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 35 дугаартай“...1. 2. ***-ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, дух хамрын нуруунд зулгаралт, өаруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. ***-ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 41-43-р тал/,
Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Аптайбаатарын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 51 дугаартай “ 1.2.3.4.5.6. Б.М-ын биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 53 дугаар тал/,
Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэх хүсэлт, хохирогчид хохиролд төлсөн гэх 2.000.000 төгрөгийн шилжүүлгийн баримт, эрүүл мэндийн даатгалын санд 140.767 төгрөг төлсөн гэх баримт/хх-ийн 38, 80-81-р/ тал,
Иргэний нэхэмжпэгч Б.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....***-ын эрүүл мэндийн даатгалын сангаас олгосон тусламж үйлчилгээний зардал болох 140.767 төгрөгийн төлбөрийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна....” гэх мэдүүлэгнотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч ***-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Говь-Аптай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч цагдаагийн хошууч Т.Алтайбаатарын 2024 оны 12 сарын 17-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтээр “...1. 2. ***-ын биед баруун нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, дух хамрын нуруунд зулгаралт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Б.М-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүгдэгч Б.М-ын хохирогч ***-ын толгой хэсэгт хэд хэдэн удаа цохиж, хавсарч унагаан цээж хэсэгт нь өшиглөсөн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно
Хохирлын талаар:
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М нь хохирогч ***-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд 140,767 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 2,000,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохиролд 140,767 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас өөр хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг шүүгдэгч Б.М-д танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргасан бөгөөд Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Иймд шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургөөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч Х овгийн Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.М-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР