Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 132/ШШ2017/00438

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1984 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Тэшиг суманд төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг, Булаг хороололын 9-907 тоотод оршин суух, Монгол овогт -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:1964 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Булган аймгийн Орхон суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Булган сумын Агуйт 3-Б-12-11 тоотод оршин суух Цэцэн овогт -д холбогдох

Зээл, хүү 4 750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00424/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.Б******* 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж нотариатаар баталгаажуулж 5.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. Зээлийн гэрээ байгуулж зээлдүүлснээс хойш 3 сар болж хэтэрсэн. Энэ хугацаанд 5 000 000 төгрөг хүүтэйгээ 7 250 000 төгрөг болсон. Үүнээс 2 500 000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 4 750 000 төгрөгийг нэхэмжилж байна. А.Б******* нь гэрээгээ зөрчиж хугацаа хэтрүүлж байгаа нь бидний хувьд хүндрэлтэй мөн санхүүгийн болон амьдралд хохирол учруулж байгаа тул гомдолтой байна.

Иймд А.Б*******гээс зээл, хүү 4 750 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б*******тэй уулзаж түүнээс 5 000 000 төгрөг зээлж авахаар болоод зээлийн гэрээ байгуулж 1 сарын хугацаатай, 15 хувийн хүүтэй 5 000 000 төгрөгийг зээлж авсан. Ингээд 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд 8 дугаар сарын 20-ны өдөр 500 000 төгрөг өгсөн. Би 2500 000 төгрөгийг үндсэн зээлээсээ хасуулах сонирхолтой байсан хэдий ч энэ талаар Б*******тэй яриагүй. Үндсэн зээлээс өгсөн 2500 000 төгрөгийг хасаад үлдэх 2500 000 төгрөгийг одоо өгөөд хүү 2250 000 төгрөгийг боломж бололцоогоороо төлөх хүсэлтэй байна. Хүний мөнгийг авч хэрэглэсэн учир хохироох гэсэн бодол алга тул хүүг нь төлнө. 4750 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл алга байна. Гол нь надад зээлийг төлөх хугацаа хэрэгтэй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Б******* нь А.Б*******гээс зээл, хүү 4 750 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч С.Б******* нь хариуцагч А.Б*******д 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч тэрээр зээлээ төлөөгүй хугацаа хэтрүүлж 2500 000 төгрөгийг төлсөн ба үүнийг зээлийн хүүд тооцож үлдэх 4750 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч А.Б******* зээлээс 2500 000 төгрөгийг төлсөн, үүнийг үндсэн зээлийн төлбөрөөс хасаад үлдэх 2500 000 төгрөгийг эхэлж төлөөд хүү 2250 000 төгрөгийг төлөх хугацаа шаардлагатай байна гэж маргажээ.

М.Б*******, А.Б******* нар нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 5 000 000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй 1 сарын хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар баталгаажуулж 5000 000 төгрөгийг А.Б*******д шилжүүлж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Хариуцагч зээлийн төлбөрөөс 2500 000 төгрөгийг төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоодож байх бөгөөд талууд дээрх үйл баримтын талаар мараагүй байна. Харин хариуцагч зээлийн төлбөрөөс үлдэх 2500 000 төгрөг, хүү 2250 000 төгрөг бүгд 4750 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн боловч зээлийг буцаан төлөх хугацаа шаардлагатай байгаа талаар маргаж зээлийн төлбөрийг төлөх хугацаан дээр талууд эвлэрэн хэлэлцэх боломжгүй гэж тайлбарлаж байх хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байна.

Иймд хариуцагч А.Б*******гээс зээл, хүү 4750 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б*******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар хариуцагч А.Б*******гээс зээл, хүү 4.750.000 /дөрвөн сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 90950 /ерэн мянга есөн зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.Б*******гээс 90950 /ерэн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.МЯГМАРСҮРЭН