Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сураагийн Отгонтуяа |
Хэргийн индекс | 005/2014/0007/З |
Дугаар | 115/ШШ2014/0014 |
Огноо | 2014-08-27 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2014 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 115/ШШ2014/0014
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, шүүгч Б.Цэнд, шүүгч Б.Сийлэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн ... сумын ... баг, ... дугаар байрны ... тоотод оршин суух С-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С, хариуцагч Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, У, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Чинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С нь 2008 онд Говьсүмбэр аймгийн орон нутгийн сонгуулиар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар сонгогдсон. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульт ажлыг 2008-2012 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хашсан. Манай гэр бүл 2009 оны хавраас эхлэн Сүмбэр сумын ... багийн ... тоот байранд амьдарч байгаа билээ. Тус байр нь 2012 оны 08 сарын 01-ний 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, 2012 оны 08 сарын 08-ны өдрийн А/220 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдаж, дахин үнэлгээ хийлгэж зарагдсан орон сууц юм. Гэтэл Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолын 3 дахь заалтаар Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 08 сарын 01-ний өдрийн 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон байсныг миний бие 2013 оны сүүлээр мэдэж Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013.05.20-ны өдрийн 30 дугаар тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. Шүүхээс уг хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулан, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас дахин шинэ акт гартал Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 05 сарын 20-ны өдрийн 30 дугаар тогтоолын 3 дахь заалтыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал алдаатай гаргасан тогтоолдоо дүгнэлт хийж засаж, залруулахын оронд өмнөх тогтоолтойгоо утга санаа нэг тогтоол гарган, сум дундын 6 дугаар шүүхэд орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг миний бие 2014 оны 05 сарын 23-ны өдөр шүүхэд хариуцагчаар дуудагдсан өдөр 2014 оны 01 сарын 27-ны өдөр 10 дугаартай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн тогтоол гарсныг мэдлээ. Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 10 дугаар хууль бус тогтоол нь миний болон манай гэр бүлийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна.
Хариуцагч талын гол үндэслэл болгож буй Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолын 2 дахь заалт ”Төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон төрийн мэдлийн орон сууцанд суух албан тушаалтны жагсаалтыг 2 дугаар хавсралтаар баталсугай” гэжээ. Гэтэл уг тогтоолд төрийн мэдлийн орон сууцанд суух болох албан тушаалтаны жагсаалтыг хавсралт ёсоор баталснаас бус төрийн мэдлийн орон сууцыг хувьчилж болохгүй гэсэн заалт огт биш юм. Мөн уг тогтоолын 1 дүгээр хавсралтаар хувьчилж болохгүй орон сууцны жагсаалт батлагдсан байдаг. Үүнд миний сууж байгаа орон сууц огт дурдагдаагүй байдаг.
Засгийн газрын 148 дугаар тогтоолын 3 дугаар заалтаар 1999 оны 01 сарын 01-ний дотор аймгийн Засаг дарга нар төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашдаг албан тушаалтнуудад зориулсан орон сууцны фондыг бий болгох талаар Засгийн газраас даалгасан байдаг. Тэр үед манай аймагт мянга гаран айлын орон сууц эзгүй, байр элбэгтэй байсан. Энэ үед аймаг орон нутгийн зүгээс эдгээр байрыг бэлтгэх талаар огт ажил хийгддэггүй байсан. Төрийн албанд ажилладаг хэн дуртай нь орон нутгийн мэдлийн байрнаас хувьчилж авдаг байсан. Тус тогтоолын 3 дахь заалтаар бий болгосон орон сууц огт байдаггүй байсан. Өнөөдрийн байдлаар манай аймагт сүүлийн 75 айлын орон сууц ашиглалтанд ороод нилээдгүй байр эзнээ хүлээгээд сул байгаа юм.
Гэтэл нам дагасан хэнээрхлээр хууль тогтоомжийг гажуудуулж, аливаа асуудлыг улс төржүүлж, хэн нэгнийг чадах зорилгоор эрх мэдлийг хэрэгжүүлж байгаад миний бие үнэхээр харамсаж байна. 2012 оны 11 сард миний бие үүрэгт ажлаа өгснөөс хойш одоог хүртэл шүүх, цагдаа, АТГазраар явлаа. Сонгуулийн үр дүнгийн дагуу нэг албан тушаалаас бууж, ээлж халаагаа өгөх нь зүйн хэрэг. Гэтэл өмнөх албан тушаалтны хийсэн ажлыг үгүйсгэж тухайн хүнээр оролдож ажлаа явуулж, хоолоо олж иддэг нь энэ цаг үеийн арга хэрэгсэл болмооргүй л санагдаж байна.
ИТХ-ын 2012 оны 08 сарын 01-ний 72 дугаар тогтоолоор энэ орон сууцыг хувьчлах биш балансын үнээс өсгөж худалдан авах гэж байсан. Нилээд олон өргөдлүүд ирсэн, 10-д байр байсан. Би ганцаараа биш Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн хамтын шийдвэр гаргуулсан. Дахин үнэлгээ хийлгээд худалдан авах гэж байсан байр юм. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд заасны дагуу ИТХ орон нутгийн өмчийг хувьчлах шийдвэр гаргасан, тухайн өмчийг дахин үнэлгээ хийлгээд худалдах байсан. ИТХ-ын тэргүүлэгчдийн 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор Засаг даргын байр гэж хавсралтад зааж өгсөн 7-29 тоот нь 2014 оны тогтоолоор 6-66 тоот болж өөрчлөгдсөн. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр манай Говьсүмбэр аймагт орон сууцны нөөц их байгаа, тийм ч учраас Засаг даргын байрыг өөрчилсөн байгаа. Би албан тушаалаа ашигласан бол балансын үнийг бууруулах байсан. Гэтэл би тэгээгүй, экспертээр үнэлгээ тогтоолгосон. Тогтоол гарсанаас хойш 2 жил гаран боллоо. Яагаад худалдан авах боломжгүй байна гэхээр миний гаргасан 72-р тогтоолд 2 өөр байр байгаа, тэр хүмүүс блансын үнээр өгөөч гэсэн. Би ажлаа өгсөн, энэ тогтоол хэрэгжиж чадахгүй одоог хүрч байна. Намайг албан тушаалаа ашигласан гээд байгаа, миний хувьд тийм юм байхгүй. 7-33 тоотыг үнэ тогтоож худалдах, нөгөө 2 байрыг худалдах шийдвэр л гаргасан. Хариуцагчийн зүгээс намайг шуналтай хүн эсхүл албан тушаалаа ашигласан хүн болгож харагдуулах зорилготой байдаг. Засгийн газрын 148 дугаар тогтоолоор албан тушаалтны байрыг хаалгаар нь хатуу тогтоогоогүй. 18 сая төгрөгөөр авах боломжгүй гэж байна, би 18 сая төгрөгөөр авах гээгүй, харин ч 2 дахин өсгөсөн үнээр авах гэсэн. Ганцхан би энэ байрыг Говьсүмбэрт авч байгаа юм биш. Төрийн тусгай болон бусад албан хаагчид бүгд л авч байгаа. Миний Үндсэн хуулинд заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд дуудлага худалдаа явуулахдаа тусгайлан заасан нөхцөлд явуулна гэсэн байгаа, энэ нөхцөлийг нь 80 дугаар зүйлд зааж өгсөн. Мөн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасан миний эрхийг зөрчсөн, мөн Үндсэн хуульд заасан шүүхийн өмнө тэгш эрхтэй, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн эрхийг минь зөрчиж байна. Хариуцагч талд хэлэхэд энэ хэргийг Говьсүмбэрийн иргэний хувьд шийдүүлмээр байна, намайг битгий өөр нам гэж улс төржүүлж хараач, энэ хэрэгт тэгж битгий хандаач гэж. Би энэ байрны үнийг 2 дахин өсгөсөн гэдгийг хариуцагч нар яагаад ойлгохгүй байгаа юм бэ, намайг орон сууц хувьчилж авч байсан гэлээ, би Төмөр замд 20 гаран жил ажилласан, төмөр зам ажилчиддаа байрыг үнэгүй хувьчилсан, түүнээс биш орон нутгаас байр хувьчилж авсан юм байхгүй. Миний хувьд хурлын дарга болсоноосоо хойш энэ байранд орсон, одоог хүртэл энэ байрандаа оршин сууж байгаа. Ямар шийдвэр гаргаж оруулсныг мэдэхгүй, Засаг даргын Тамгын газрын дарга С гуай байсан. Энэ байрыг хүлээлгэж өгөхдөө 18 саяын үнэтэй байр, худалдаж авах боломжтой гэж хэлсэн. Хурлын даргын албан тушаал хашиж байсан нь энэ байранд орох үндэслэл болсон. Би Засгийн газрын 148 дугаар тогтоолыг судалж үзсэн. Зөрчлийн тухай хуулийг бол би сайн мэдээгүй. Хурал дээр өөрийнхөө гэр бүлийн талаар ярьж болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Бага охин маань 4 настай болж байна. Төрөхөд нь л энэ байранд орсон, охин маань надаас яагаад энэ байрнаасаа гарч байгаа юм бэ гэж асууна, би худалдаад авчихъя л гэж бодсон. Би энэ байранд нилээд хэдэн жил суулаа, хариуцагч талд надаас мөнгийг нь аваад би гэрээ хийгээд худалдаж авах боломж байгаа гэж үзэж байгаа. Иргэнийхээ хувиар би хурлын даргатай байрныхаа талаар уулзаж болохгүй гэж, хариуцагч тал нэг өнцөгөөс хараад яриад байна. Дахин үнэлгээ тогтоосон актаа баримтаар авсан бол няцаах боломж байсан. Өмчийн тухай хуулинд зааснаар үнэлгээ хийлгэсэн байсан. Иймд 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалт миний болон гэр бүлийн маань хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа тул 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгож, миний болон гэр бүлийн маань зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.
Хариуцагч Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С нь иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 72 тоот тогтоол батлагдах үед тухайн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга байсан бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болоход нь албан тушаалын байр болгон эзэмшүүлсэн орон сууцыг албан тушаалаа ашиглан дуудлага худалдаа нэрийдлээр хууль бусаар өмчилж авахыг завдсан болно.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2012 оны 72 дугаар тогтоол нь Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолын 6 дугаар бүлгийн 6.4-ын 5 дахь заалтыг үндэслэсэн гэх бөгөөд энэхүү заалтад Төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эд хөрөнгө эхний дуудлагын худалдаагаар зарагдаагүй бол дахин дуудлагын худалдааг зарлан явуулж, мөн зарагдаагүй тохиолдолд худалдах доод үнийг 50 хүртэлх хувиар бууруулан гурав дахь дуудлагын худалдааг зарлах, эсхүл өмч эзэмшигч байгууллагын саналыг харгалзан акталж данснаас хасах асуудлыг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ гэсэн байна. Гэтэл тухайн үед ямарч дуудлага худалдаа зарлагдаагүй мөн Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолын 2-р хавсралтад заасан Үл хувьчлагдах байрыг худалдахаар тогтоол гаргасан нь илтэд хууль зөрчсөн үйлдэл гэж үзэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх заалтын дагуу хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг хурал өөрчлөх болон хүчингүй болгоно гэснийг үндэслэн хүчингүй болгосон. Мөн Захиргааны хэргийн анхан шатны 5 дугаар шүүхийн 2013 оны 17 дугаар шийдвэрийг үндэслэн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолыг баталсан болно. Иймээс С-ын нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна. С-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчийн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь анх 2008-2012 онд ИТХ-ын дарга хийж байсан. ИТХ-ын даргын хувьд 7-33 тоотод оршин сууж байсан. Орон нутгийн өмчид бүртгэлтэй, албан тушаалын байрыг 2012 оны 72 дугаар тогтоолоор өөрийн болгох гэж үзсэн. Яагаад энэ 72 дугаар тогтоолыг хүчингүй болгосон бэ гэхээр Төрийн өмчийн хорооны 2012 оны 44 дүгээр тогтоолын 6 дугаар бүлгийн 6.4-н 5-д “төрийн өмчийн хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгө эхний дуудлагын худалдаагаар зарагдаагүй бол дахин дуудлагын худалдааг зарлан явуулж, мөн зарагдаагүй тохиолдолд худалдах доод үнийг 50 хүртэл хувиар бууруулан гурав дахь дуудлагын худалдааг зарлах, эсхүл өмч эзэмшигч байгууллагын саналыг харгалзан акталж данснаас хасах асуудлыг Төрийн өмчийн хороо шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Гэтэл ямар нэг дуудлага худалдаа явагдаагүй. Мөн Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолоор албан тушаалтнуудын байр гэж зааж өгсөн байгаа. Үүнийг мэдсээр байж хууль бус шийдвэр гаргасан. Мэргэжлийн хяналтын байртай холбоотой асуудлыг ярьж байна, энэ асуудал бол Төв аймгийн шүүхэд шийдвэрлэгдээд хүчингүй болсон байгаа. С манай гэр бүлийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлдээ дурьдсан байна. Хууль зөрчиж эрхээ эдлэх гээд байна. Засаг даргын байрны талаар ярилаа, Засаг даргын байр 4 өрөө байсан, Засаг дарга өөрөө 2 өрөө байранд амьдарна гэснээр байрыг нь өөрчилсөн байгаа. Хариуцагчийн төлөөлөгч нарын хувьд 2014 оны 10 дугаар тогтоолыг хамгаалж байгаа, Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолыг үндэслэн энэ тогтоолыг гаргасан. С 2012.08.01-ний өдрийн 72 дугаар тогтоолыг гаргахдаа “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зоихицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийг зөрчсөн. Нэхэмжлэгч мөн УДШ-ийн 228 дугаар тогтоолыг өгч байна. 1, 2, 3, 6-р тойрогт сонгууль дахин явуулахаар даалгасан тогтоол, энэ маргаанд хамааралгүй. Нөхөн сонгууль явуулахад зардал их гардаг. Зардлын асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа. Ер нь төрийн алба залгамж халаатай байдаг, 4 жил ажиллаад л сууж байсан байраа аваад байна гэж байхгүй. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулинд боломж байгаа гэж ярилаа. Энэ яриад байгаа заалтаа 72 дугаар тогтоолдоо дурьдаагүй. Засаг даргын гээд байгаа 7-29 тоот бол хувьчлагдаагүй. 2014 оны 10 дугаар тогтоолоор төрийн мэдлийн орон сууцанд суух албан тушаалтны нэрийг баталж, нарийвчлан зааж өгсөн. Тухайн үед С-т байрны түлхүүрийг хүлээлгэж өгсөн хүнтэй уулзсан, яг хэдэн онд орсныг нь мэдэхгүй, Тамгын газрын дарга түлхүүр өгөөд явдаг байсан гэж хэлсэн. С бол хурлын дарга болсноосоо хойш орсон. Тиймээс ч 10 дугаар тогтоолоор орон сууцыг албан тушаалтанд эзэмшүүлэх гэрээний үлгэрчилсэн загварыг баталж гаргасан. 10 дугаар тогтоолоос өөр хаалгаар заасан тогтоол урьд нь гарч байсныг мэдэхгүй. Засгийн газрын 148 дугаар тогтоолоор 18 албан тушаалтныг баталсан байдаг. С-ын яриад байгаа шиг дахин үнэлүүлсэн юм байхгүй. Ямар ч дуудлага худалдаа зарлагдаагүй байхад өөрийгөө ялагч гэж үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Төрийн алба залгамж чанартай, цаашид олон залуучууд ажиллана. Орон нутаг энэ байрыг хөнгөлөлттэй үнээр авсан, одоо манай аймагт жирийн иргэд байрны түрээс 150-200 мянган төгрөг төлдөг байхад, төрийн албан хаагч 30-40 мянган төгрөгийг албаны байрны түрээсэнд төлдөг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгч У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 7-р байрны 33 тоотыг иргэн С-т биш, хурлын даргын хувьд албан тушаалтанд эзэмшүүлсэн. Дуудлага худалдаа зарлагдаагүй, хувьчилж аваагүй учраас эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Энд 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэл байна, нэхэмжлэгч би хурлын даргаас буухад нялх хүүхдээ аваад орох оронгүй хаачих вэ гэж өөрийнхөө асуудлыг хөндөж тавьж байсан байдаг. Хурлын даргын хувьд зөрчлийн тухай хуулиар хориотой асуудлыг ярьж байсан байна. 18 сая төгрөгөөр худалдаж авах боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн байрны үнэлгээг тогтоогоогүй байна. Гэхдээ 4 өрөө байрыг 18 сая төгрөгөөр худалдаж авах боломжгүй гэж үзэж байна. Уг байр нь төрийн албан хаагч нь ажиллаж байх хугацаандаа ашиглах боломжтой, орон нутгийн балансад тусгагдсан байгаа учраас тухайн байр нь зарагдах боломжгүй гэж үзэж байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч С-ын гаргасан “Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Маргаан бүхий дээрх захиргааны актын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтад “...Орон нутгийн өмчид бүртгэлтэй байгаа орон сууцнуудын ашиглалт, хяналтыг сайжруулах үүднээс улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдон төрийн мэдлийн орон сууцанд суух албан тушаалтан, орон сууцны жагсаалтыг 1 дүгээр хавсралтаар,... баталсугай” /хх-ийн 4-р тал/ гэсэн байх бөгөөд 1 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашиж буй албан тушаалтнуудын суух орон сууцны жагсаалт”-ын 1-д /хх-ийн 5-р тал/ нэхэмжлэгч С-ын одоогийн амьдарч байгаа 7-р байрны 33 тоот 4 өрөө орон сууц нь Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын албан тушаалын байр гэдгээр багтсан байна.
Иймээс С нь 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтыг өөрийнхөө болон гэр бүлийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар марган, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч С-ыг 2008 оны 10 дугаар сарын 31-нээс 2012 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид ИТХ гэх/ даргаар сонгогдон ажиллах хугацаанд нь /хх-ийн 64-66-р тал/ Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас түүнд Аймгийн ИТХ-ын даргын албан тушаалыг хашиж байгаагийнх нь хувьд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, 7 дугаар байрны 33 тоот, 4 өрөө орон сууцыг албан тушаалын байр болгон эзэмшүүлсэн байсан бөгөөд уг орон сууцыг нэхэмжлэгчийг тус ИТХ-ын даргаар ажиллаж байх үед Говьсүмбэр аймгийн ИТХ-ынТэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар тогтоолоор /хх-ийн 8,9-р тал/ гарган хувьчлахаар шийдвэрлэсэн байна.
Дээрх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, ... байрны ... тоот орон сууц нь одоо Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/874 дугаартай албан бичиг /хх-ийн 62-р тал/, Говьсүмбэр аймаг дахь Улсын Бүртгэлийн Хэлтсийн 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаартай албан бичиг /хх-ийн 63-р тал/, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн “Барилга байгууламж, орон сууцны материалын үлдэгдэл”-ийн баримт /хх-ийн 121-р тал/ зэргээр тогтоогдож байх бөгөөд анх энэ байрыг орон нутгийн өмчид дараах байдлаар худалдан авсан байна.
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн “Орон сууцны фонд бий болгох тухай” 44 дүгээр тогтоолоор “Монгол Улсын Засгийн газрын “Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай” 1998 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 148-р тогтоол, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн “Төрийн албан хаагчийн орон сууц сан”-ийн журам батлах тухай 2006 оны 35-р тогтоолыг үндэслэн, .... Төрийн улс төрийн албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогддог аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зориулсан 4 өрөө орон сууцыг зохих журмын дагуу сонгон шалгаруулалтаар худалдан авч, холбогдох зардлыг “Төрийн албан хаагчийн орон сууц сан”-гаас гаргахыг Аймгийн засаг дарга /Б/-д зөвшөөрсүгэй” гэж шийдвэрлэжээ.
ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ тогтоолыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Тамгын Газрын даргын 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1/70 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын тамгын газарт 4 өрөө 2 орон сууц худалдан авах тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог байгуулан /хх-ийн 38-р тал/, үнэлгээний хороо нээлттэй тендерийг хуулийн дагуу зохион байгуулан 7 дугаар байрны 33 тоот 4 өрөө орон сууцыг 18.000.000 төгрөгөөр худалдан авсан /хх-ийн 39-55-р тал/ байна.
Эдгээрийг дүгнэн үзэхэд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, .. дугаар байрны ... тоот орон сууцыг анхнаасаа Төрийн улс төрийн албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогддог албан тушаалтнуудад буюу ИТХ-ын дарга, Засаг дарга нарт зориулан, тэдгээрийг тухайн төрийн болон улс төрийн албан тушаал хаших хугацаанд нь эзэмшүүлэх /суулгах/ зорилгоор Засгийн газрын “Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай” 1998 оны 148-р тогтоолыг үндэслэн орон нутгийн өмчид худалдан авсан байх ба нэхэмжлэгч Г.С-ыг Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албыг тушаалыг хашиж байх хугацаанд эзэмшүүлсэн нь хариуцагчийн төлөөлөгч У-н шүүх хуралдаанд гаргасан “..7-р байрны 33 тоотыг иргэн С-т биш, хурлын даргын хувьд албан тушаалтанд эзэмшүүлсэн” гэх тайлбар, Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 08 дугаар сарын13-ны өдрийн 195 дугаартай албан бичиг /хх-ийн 107-р хуудас/, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 01/874 дугаар албан бичиг /хх-ийн 62-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэтэл одоо С нь Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллахгүй байгаа бөгөөд түүний эзэмшин сууж байгаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, ...р байрны ... тоот орон сууцыг хувьчлах тухай тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгосон “Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар тогтоол нь холбогдох хууль журмыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан үзвэл:
Уг тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолыг үндэслэл болгосон бөгөөд “Хувьчлалд үл хамаарах орон сууцны жагсаалт батлах тухай” уг тогтоолын 2 дугаар хавсралтаар “Төрийн улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашиж буй албан тушаалнуудын жагсаалт”-ыг баталж, жагсаалтын 9-д “Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга” гэж заажээ. Засгийн газрын энэ тогтоол нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд Сүмбэр сумын 3-р баг, ...-р байрны ... тоот орон сууцыг хувьчлалд үл хамаарах орон сууц гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн маргаан бүхий дээрх захиргааны актаар Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан анхнаасаа албан тушаалын байрны зориулалтаар, төсвийн хөрөнгөөр орон нутгийн өмчид худалдан авсан Сүмбэр сумын 3-р баг ...-р байрны .. тоот орон сууцыг Засгийн газрын 1998 оны 148 дугаар тогтоолыг зөрчин хувьчилж шийдвэрлэсэн тус ИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаар тогтоолын холбогдох заалтыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид нь 2014 оны 10 дугаар тогтоолын холбогдох заалтаар өмнөх тогтоолын буюу 2012 оны 72 дугаар тогтоолоор Сүмбэр сумын ...-р байрны ... тоот орон сууцыг хувьчилсан тухай шийдвэрийг хүчингүй болгохдоо Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид энэ хуулийн ...18.1.1 “ж” ....-д заасан Хурлын бүрэн эрхийг Хуралд дараа тайлагнахаар Хурлын чөлөө цагт хэрэгжүүлж болохоос гадна..” гэснийг үндэслэн мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн “ж”-д заасны дагуу буюу “тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй бол хүчингүй болгох” эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна. Улмаар маргаан бүхий захиргааны актад дурдагдаж буй уг байрыг улс төрийн болон төрийн тусгай албыг тодорхой хугацаагаар хашихаар томилогдсон этгээдүүдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйлд “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна”, мөн хуулийн 26 дугаар зүйлд “Төрийн өмчит хуулийн этгээд нь өөрт олгогдсон эд хөрөнгийг энэ хуулиар тогтоосон журмын дагуу эззэмшиж ашиглана” гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна
Нэхэмжлэгч ... нь “....Тус байр нь 2012 оны 08 дугаар сарын 01-ний 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/220 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар /хх-ийн 114, 116-р тал/ батлагдаж, дахин үнэлгээ хийлгэж зарагдсан орон сууц юм” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч 2014 оны 10 дугаар тогтоол гарсантай холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга 2014 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/234 дугаар захирамж гарган “2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/220 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Хувьчлах орон сууцны жагсаалт”-ын 2 дугаарт эрэмблэгдсэнээс бусад хэсгийг хүчингүй болсонд тооцсугай” /хх-ийн 126-р тал/ гэж шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн “Сүмбэр сумын ...-р байрны ... тоот орон сууцыг хувьчилсан, дахин үнэлгээ хийлгэж зарагдсан” гэх тайлбар нь тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Иймээс Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалт нь С...ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хуралдаанд нэмэлт нотлох баримт болгон өгсөн Монгол Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 12 сарын 02-ны өдрийн дугаар 228 тогтоолыг хэрэгт хамааралгүй гэж үзэн үнэлээгүй болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. .Монгол Улсын Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 20 дугаар зүйлийн 20.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасныг баримтлан С-ын гаргасан “Говьсүмбэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОТГОНТУЯА
ШҮҮГЧИД Б.ЦЭНД
Б.СИЙЛЭГМАА