Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 81

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,    Улсын яллагч Б.Мөнгөншагай, Шүүгдэгч Д.Батсуурь  Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,    
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Нангилбадарч овогтой Даваанямын Батсуурьт холбогдох эрүүгийн 201715000113 тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                        

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4 дүгээр баг “Нугын гол” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Нангилбадарч овгийн Даваанямын Батсуурь. /РД:ЙА:92101913/  
Шүүгдэгч Д.Батсуурь нь 2017 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутагт дэвсгэрт иргэн Ю.Анхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    Шүүгдэгч Д.Батсуурь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.  
 Хохирогч Ю.Анхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр би Н.Даш, Өсөхжаргал нартай 1 дүгээр хороонд байдаг “Арвайн тал” баарны караокед дуулж байсан юм. Тэгсэн Өсөхжаргалыг найз нь дуудаад яваад өгсөн. Тэгээд Н.Даш эхлээд гараад явахаар нь би араас нь гарсан. Бид нарыг гарч явтал хэдэн залуучууд өөдөөс орж ирсэн. Тэгсэн нэг нь одоо Батсуурьтай мөрлөлцчихсөн юм. Тухайн үедээ юм тоогоогүй өнгөрөөд явчихсан. Н.Даш тэр залуучуудтай хамт явсан нэг залуутай нь хамт гарахаар нь би араас нь гарсан. Н.Даш тэр залууг таньдаг юм шиг байна лээ. Тэгээд баарны гадаа жаахан чанга чанга ярьчихсан юм. Тэгсэн араас нь надтай мөрлөлцдөг залуу гараад ирсэн. Юу болоод байгаа юм бэ гээд намайг түлхэхээр нь би яагаад байгаа юм гээд өөдөөс зөрүүлээд түлхчихсэн. Тэгсэн намайг ямар том юм бэ гээд муудалцаж байснаа нэг удаа нүүр лүү цохиод авсан. Би тонгойгоод үлдсэн. Уруулнаас цус гарсан. Тэд нар яваад өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,  
 Гэрч Н.Дашийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 27ны орой Ю.Анхбаяр бид хоёр бас нэг танихгүй хүн байсан бид гурав 1 дүгээр хорооны 
“Арвайн тал” буудалд байж байсан юм. Тэгсэн чинь Ю.Анхбаяр баарны гадаа гарахад нэг залуу зөрж орж ирж байсан юм. Тэр хоёр зөрөхдөө мөрлөлцөөд авсан. Тэгээд тэрнээсээ болж муудалцаад байх шиг байсан. Төд удалгүй дараа нь гадаа гараад Ю.Анхбаяр тэр нөгөө мөрлөлцсөн залуутай муудалцаад байх шиг байсан нөгөө залуу нь Ю.Анхбаярыг нэг цохиод авсан. Тэгээд би дундуур нь орж салгасан. Тэр залуучууд тэгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,  
 Гэрч О.Гантөмөрийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “... Тэр өдөр 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр буюу Пүрэв гараг байсан. Нямсүрэн ах бид хоёр такси аваад Д.Батсуурь, Б.Мөнхбаатар хоёртой “Ягаан толгойд” уулзсан. Тэндээсээ тавуулаа 1 дүгээр хороонд байх “Арвайн тал” баар луу очоод дөнгөж ороод суух гэтэл Б.Мөнхбаатар гараад явсан. Тэгсэн араас нь Д.Батсуурь гараад явсан. Нямсүрэн ах бид хоёр дотор үлдээд байж байгаад орж ирэхгүй болохоор нь араас нь гартал гадаа хэдэн хүмүүстэй хөөцөлдөж гүйгээд муудалцчихсан байсан. Яг юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна. Тэгээд Нямсүрэн ах бид хоёр салгаад аваад явсан. Юу болсныг нь ч сайн мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,    Гэрч Б.Мөнхбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “... 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Д.Батсуурь бид хоёр “Ягаан толгойд” байсан чинь Нямсүрэн, О.Гантөмөр ах хоёр такситай ирсэн. Тэндээсээ бид дөрөв 1 дүгээр хороонд байдаг “Арвайн тал” баар луу явсан. Д.Батсуурь бид хоёр О.Гантөмөр, Нямсүрэн гээд 2 ахтай “Арвайн тал” баар луу орж явсан юм. Тэгсэн өмнөөс нэг хоёр залуу гарч ирсэн нэг нь Д.Батсуурьтай мөрлөлцөх шиг л болсон. Тэгсэн тэр хоёр маргалдаад Д.Батсуурь тэр залууг цохиод авсан. Тэгээд тэр хоёр барилцаад авахаар нь би очиж салгаад аваад явсан. Тухайн үед Нямсүрэн, О.Гантөмөр ах хоёр тэр бааранд ороод сууж байсан юм. Тэр хоёр гарч ирж салгаад аваад явсан. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 14 дүгээр хуудас/,  
 Гэрч О.Оюунчулууны хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “... Би “Арвайн тал” гээд 1 дүгээр хороонд байдаг бааранд бармен хийдэг юм. Тэр өдөр би өдөр нь баарандаа ажиллаад тэндээ буудалд нь хонодог юм. Манай гэр хөдөө байдаг учраас тэр буудалдаа хонодог юм. Тэр орой 2017 оны 04 дүгээр сарын 27-ны орой байсан юм. Тухайн үед 2017 оны 04 сарын 27-ны орой байсан. Гурван залуу кабинд суугаад нэг том пиво ууж байсан юм. Манайд хүн ер нь цөөхөн байсан гаднаас нэг хэдэн залуучууд орж ирсэн. Орж ирээд удаагүй гараад явцгаасан. Тэгсэн нэг мэдсэн гадаа хүмүүс зодолдоод байна гэж сонссон. Би өөрөө тухайн үед гараагүй. Караокены өрөөнд ганц нэг хүмүүс байсан болохоор гарч чадаагүй юм. Тэгээд удалгүй чимээгүй болчихсон. Би хэн нь хэнтэйгээ зодолдсоныг сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 15 дугаар хуудас/,  
 Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №150 тоот: “...  Ю.Анхбаярын биед дээд уруулын мэс заслын оёдолтой шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт. /хх-ийн 19 дүгээр хуудас/  
 Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,  Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/,  Шүүгдэгч Д.Батсуурийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 4-р багийн засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 29, 30 дугаар хуудас/,  Шүүгдэгч Д.Батсуурийн ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/, 
 Шүүгдэгч Д.Батсуурийг сэжигтэн, яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 25, 28 дугаар хуудас/   Хохирогч Ю.Анхбаярын шүүхэд гаргасан “… Юмчин дорж овогтой Анхбаяр миний бие нь Д.Батсуурьд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон болно. Би шүүгдэгч Д.Батсуурьтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохиролд 200.000 төграг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд суухгүй. Иймд миний эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг болно.   
Шүүгдэгч Д.Батсуурь нь 2017 оны 04 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг “Арвайн тал” буудлын гадаа иргэн Ю.Анхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүнийг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ю.Анхбаярын “... Би баарны гадаа жаахан чанга чанга ярьчихсан юм. Тэгсэн араас нь надтай мөрлөлцдөг залуу гараад ирсэн. Юу болоод байгаа юм бэ гээд намайг түлхэхээр нь би яагаад байгаа юм гээд өөдөөс нь зөрүүлээд түлхчихсэн. Тэгсэн намайг ямар том юм бэ гээд муудалцаж байснаа нэг удаа нүүр лүү цохиод авсан...”/хх-ийн 10-11/, гэрч Н.Дашийн “... Төд удалгүй гадаа гараад Ю.Анхбаяр нөгөө мөрлөлцсөн залуутай муудалцаад байх шиг байсан. Нөгөө залуу нь Ю.Анхбаярыг нэг цохиод авсан...”/хх-ийн 12/, гэрч Б.Мөнхбаатарын “...тэр хоёр маргалдаад Д.Батсуурь тэр залууг цохиод авсан. Тэр хоёр барилцаад авахаар нь би очиж салгаад аваад явсан...”/хх-ийн 14/ нарын мэдүүлэг /хх-ийн 13, 15/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №150 дугаартай дүгнэлт. /хх-ийн 19/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 44/, шүүгдэгч Д.Батсуурийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, хэрэг бүртгэлтэнд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.    Шүүгдэгч Д.Батсуурьд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.  
Шүүгдэгч Д.Батсуурь нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.  
Шүүгдэгч Д.Батсуурьт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Д.Батсуурь нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хохирогчийн шүүхэд ирүүлсэн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” тухай хүсэлт зэргийг үндэслэн  шүүгдэгч Д.Батсуурьт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1д зааснаар “хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,   
 Хэрэгт шүүгдэгч Д.Батсуурийн AА0884367 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,   
 Шүүгдэгч Д.Батсуурьт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож тус тус шийдвэрлэлээ.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Нангил бадарч овогтой Даваанямын Батсуурийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Нангилбадарч овогт Даваанямын Батсуурьт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.  
3. Шүүгдэгч Д.Батсуурь нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч Д.Батсуурийн AА0884367 серийн дугаартай 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Батсуурьт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батсуурьт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.ЦЭЦЭГЭЭ