Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/177

 

 

 

 

    2021          02            10                                         2021/ДШМ/177                                                     

           

Б.Б-д холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Гүнсэл,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг,

            нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2010008880696 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Б-ийн Б, Дархан-Уул аймгийн Дархан суманд 1986 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, халамж зүйч мэргэжилтэй, ИЗОУИС-ийн маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 0 дүгээр хороо, “Вива сити” хорооллын 000000000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Б.Б- нь 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын С-17-3-1 тоотын үүдэнд “Хүүхдээ уйлууллаа” гэх шалтгаанаар Р.Г-тай маргалдаж улмаар нүүрэнд нь цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. 2020 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн үед эхнэр намайг сэрээгээд “Танай давхарын айлд хүүхэд уйлаад байна. Ороод шалга, их удаан уйллаа” гэж хүмүүс хэллээ. Хүүхэд аль хаалганд, яагаад уйлаад байгааг мэдээдэх. Зөндөө хүмүүс санаа зовоод цонхон дээрээ зогсож байна гэсэн. Би гараад хүүхэд уйлж байгаа айлыг хайгаад олоогүй. Гэртээ орж иртэл дахин хүүхэд уйлаад байхаар нь гарч хүүхэд уйлж байгаа айлд харуултай хамт очсон. Хаалгыг нь тогштол согтуу хүн хаалгаа тайлахаар би “Хүүхдээ зодоод байгаа юм уу гэж асуусан юм. Хохирогч Р.Г- маш согтуу байсан ба Чамд ямар ч хамаагүй, хүүхдээ зодсон гээд миний нүүр лүү гараараа түлхсэн /мангастсан/. Тэр залуу над руу дайраад, цохих гээд байхаар нь би бултаж зугтсан. “Согтуу хүнд цохиулчих вий гэж айсан. Тэгж дайрч байхад нь харуул тэр залууд хандаж “Чи согтуу байна, чиний буруу, согтуу байж хүүхдээ зодоод уйлуулаад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдууллаа гэж намайг өмөөрч холдуулж байсан. Түүнчлэн дуудлагаар ирсэн цагдаагийн албан хаагч “Хохирогчийн биед цус гарсан, гэмтсэн гэх зүйл ажиглагдаагүй” гэж мэдүүлсэн байна.

Би өөрөө нийгмийн халамж, хүүхдийн төлөө байгууллагад олон жил ажилласан болохоор гэр бүлийн хүчирхийллийн эсрэг иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэж үздэг. Үүний эсрэг байдаг учраас өнөөдөр хууль, шүүхийн байгууллагын хаалга татаж, худал мэдүүлэг өгсөн хохирогчид чадуулж ажлаа алдаад явж байгаадаа туйлын их харамсаж байна. Хэрэв би иргэний үүргээ биелүүлээгүй бол энд байхгүй байсан. Миний бие иргэн Р.Г-ын биед хөнгөн хохирол санаатай учруулаагүй тул энэ асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн. Хөнгөн гэмтэл учруулсан гэдэг нь зөвхөн хохирогчийн мэдүүлэгт байдаг. Дуудлагаар очсон цагдаа Мөнхсайханы гэрчийн мэдүүлэгт “Хохирогчийн биед цус гарсан зүйл байгаагүй” гэдэг. Мөн бусад гэрчүүд Б.Б- хохирогчид гэмтэл учруулсан талаар мэдүүлэг өгөөгүй. Зөвхөн хохирогчийн худал мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг ялласанд гомдолтой байна. Өмнө нь хохирогч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж эхнэр нь цагдаагийн байгууллагад гомдол гаргахад хэрэгсэхгүй болгосон байдаг. Тухайн хэрэг гарсан өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байдаг. Гэтэл үүнийг шалгаагүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүүхдийг заавал зодсон байхыг шаардахгүй. Хохирогч харгис хэрцгий хандаж, догшин авирласан. Энэ талаар хохирогчийн хүүхэд “Аав, ээжтэй маргалдаж ээжийг ирэхгүй болохоор нь уурлаад хайчаар хувцсыг нь хайчилна гээд байсан” гэж мэдүүлдэг. Хохирогч гэх энэ хүн хуулийн хариуцлагаас удаа дараа мултарч зугтаад байгаа нөхцөл байдлууд байдаг. Энэ талаар шалгуулах хүсэлтийг мөрдөгч хүлээж аваагүй. Иргэний үүргээ биелүүлснийхээ төлөө гэмт хэрэгтэн болсон. Хохирогчид гэмтэл учруулах санаа зорилго байгаагүй. Мөн хохирогчид гэмтэл учруулсан талаар харсан гэрч байхгүй. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл мөрдөн байцаалтад буцааж худал мэдүүлдэг хохирогчийг шалгаж өгнө үү...” гэв.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан хохирогч Р.Г-ын мэдүүлэгч, гэрч Г.Ариунбилэг, М.Түвшинжаргал, Б.Мөнхбат,  С.Мөнхсайхан, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгээр тухайн үед маргаан болсон, хоорондоо ноцолдож байсан, хохирогчийг цохисон болох нь тодорхой байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Б.Б-ы гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоосны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасч, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байна.

Хэргээс үзэхэд 2020 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, “Вива сити” хорооллын С-17-3-1 тоотод хүүхэд уйлсан нь оршин суугчдад гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгогдон, улмаар шүүгдэгч Б.Б- тухайн шалтгааныг тодруулахаар уг айлд очсоноор хохирогч Р.Г-тай маргалдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Р.Г-ын төрсөн хүү Г.А-гийн гэрчээр өгсөн “... Тэгээд аав согтоод ээжтэй утсаар ярьж байснаа гар утсаа шидэхээр нь би цочоод айгаад уйлсан. Аав гал тогооны өрөөнд ороод хутга аваад угаалтуур дээр цохиод хутга нь далийсан. Хаалга тогшихоор нь аав онгойлгоход танихгүй ах “Яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм” гэсэн. Аав “Яадаг юм” гээд маргалдаад, аав тэр ахын гар орчимд нь нэг удаа цохьсон ...” /хх 16-17/, байрны харуул ажилтай С.М-ы гэрчээр өгсөн “...хүүхэд уйлах чимээ гараад байсан, ...миний хажууд байсан залуу “Хүүхэд зодоод байгаа юм биш биз дээ” гэхэд хаалга тайлсан залуу “Чамд хамаагүй” гээд нүүр рүү нь түлхсэн /мангастсан/. Тэд хоорондоо ноцолдсон, ...согтуу залуу нь нөгөө залуугаа цохих гээд дайраад, нөгөөх нь бултаад зугтаад байсан...” /хх 56/, оршин суугч Б.М-ын гэрчээр өгсөн “...Эхлээд тэр хүүхэд 5-6 минут уйлж байснаа чимээгүй болсон. 20-30 минутын дараа дахин уйлж эхэлсэн. Манай эсрэг байрны хүмүүс “Хүүхэд зодохоо болиоч ээ” гэж хашгирч байсан. 5-6 минутын дараа орцонд шатаар хүмүүс чанга яриад буух чимээ гарсан. Цонхоор хартал гурван эрэгтэй хүн байсан ба хоёр нь зууралдаад байхаар нь би гараад очсон. Би согтуу залууд хандан “Чиний буруу шүү, хүүхдийг чинь хамгаалж байхад” гэж хэлсэн. Намайг байхад зодолдоогүй. Согтуу залуу хөөх маягтай, нөгөө залуу нь холхон зугтаасан байдалтай байсан...” /хх 61-62/, шүүгдэгч Б.Б-ы эхнэр М.Т-ын гэрчээр өгсөн “... хүүхэд чарлаад чанга уйлаад байсан. Оршин суугч “Танай давхарт хүүхэд уйлаад байна” гэсэн. Нөхөр маань хүүхэд уйлж байгаа айл руу явсан. Удалгүй орцонд дуу чимээ гараад байхаар нь хаалгаа нээгээд харахад нэг согтуу хүн нөхөр лүү дайраад байсан. ...” /хх 52-53/ гэсэн мэдүүлгүүд, байрны орцонд хохирогч Р.Г-, шүүгдэгч Б.Б- руу дайрч давшлан толгойн тус газар нь хоёр удаа цохиж байгаа үйл явдлыг бэхжүүлсэн камерын бичлэг /хх 75-76/, хохирогч Р.Г-д хамар ясны хугарал, хамарын зулгарал, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан тухай шинжээчийн дүгнэлт /хх 25/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.

Дээрх хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б- гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор хохирогч Р.Г-д зүй ёсны шаардлага тавьсан боловч хохирогч Р.Г- уг шаардлагыг эсэргүүцэн маргаан зодоон үүсгэж, энэ үеэр шүүгдэгч Б.Б- түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Шүүгдэгч Б.Б-аас өөр хохирогчтой маргалдан зодолдсон хүн байхгүй, хэрэг гарсан өдөр хийгдсэн КТГ зургаар хохирогчид хамрын ясны хугарал бүхий шинэ гэмтэл тогтоогдож байх тул уг гэмтэл шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэл болов.

Харин шүүгдэгч Б.Б-ы хүний эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл нь хууль бус халдлага, довтолгооноос өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай нөхцөлд байдалд хийгдсэн аргагүй хамгаалалтын шинжтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байдаг.

Камерын бичлэгт орцонд хохирогч Р.Г-, шүүгдэгч Б.Б- руу дайрч толгойн тус газар нь хоёр удаа цохиж байгаа нь бичигдсэн байх бөгөөд энэ нөхцөл байдлыг гэрч С.М, Б.М, М.Т нар давхар гэрчлэн тухайн үед хохирогч Р.Г- нь шүүгдэгч Б.Б- руу дайрч довтолсон байдалтай байсан талаар мэдүүлэг өгчээ.

Мөн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч Г.А “... аав тэр хүнтэй хэрэлдээд гар орчимд нь нэг удаа цохьсон ...” гэж мэдүүлсэн нь довтолгоон хэнээс эхэлснийг тогтооход чухал ач холбогдолтой баримт байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан тул зөрчлийн хэрэг шалгах явцад цуглуулсан насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг нь эрүүгийн хэргийн нотлох баримтад тооцогдох учиртай.

Гэрчүүдийн мэдүүлэг, эд мөрийн баримт зэргээс дүгнэхэд хохирогч Р.Г- хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж шүүгдэгчийн биед халдсан, шүүгдэгч Б.Б- өөрт чиглэсэн хууль бус довтолгооны эсрэг хамгаалалт хийхдээ халдагч этгээдийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо дүгнэлт ноцтой нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулснаас шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, улмаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл, шалтгаан болжээ.

            Иймд шүүгдэгч Б.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Б.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                                                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН