Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/23

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар ахлах прокурор Б.Түвшинтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э-д холбогдох 2216001300023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шилжүүлэн хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Л овгийн Д-ийн Э.

Холбогдсон хэргийн талаар:

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-г Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас  авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан,

Мөн гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Д.Э-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Энэ хэрэгт 2022 оноос хойш шалгагдаад 4 дэх жилдээ дамнаад шалгагдаж байна. Миний бие 2009 онд 17 настайдаа цагдаагийн байгууллагад сонсогчоор орж тэрнээс 2021 он хүртэл үндсэндээ 12 жил цагдаагийн байгууллагад ажилласан байдаг. Ажиллаж байх хугацаандаа 2013 оноос 2021 он хүртэл 8 жил эрүүгийн мөрдөгчөөр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Говь-Алтай аймагт үйлдэгдсэн хүнд, онц хүнд гэмт хэргүүд, эзэнгүй хэргүүд дээр голчилж ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаандаа эрүүгийн цагдаагийн болон *** аймгийн *** газрын эрүүгийнхээ чиглэлийн маш олон удаагийн аварга албан хаагч, хөдөлмөрийн аварга албан хаагч болж байсан. Тухайн хэрэг 2018 онд билүү, 2019 онд над дээр ирж байсан. 6, 7 жил болж байгаа болохоор хугацааг нь сайн санахгүй байна. Л  хошуучаас шилжиж ирж байсан юм. Тухайн хэрэг над дээр ирэхээс өмнө талийгаач А хошууч Л  хоёр шалгаж байсан. Тэгээд над дээр ирээд шалгаж байх хугацаанд Б, Х гэж хоёр мөрдөгч шалгаж байсан. Тус хэргийг нийт 5 мөрдөгч шалгасан. Тухайн 5 мөрдөгчөөс тухайн хэрэгт надаас л ганцхан мэдүүлэг авч намайг гэм буруутай мэтээр 4 дэх жилдээ явж байна. Үүнд одоо маш харамсалтай байна. Тус хэрэгт надтай хамаарал бүхий болон миний ашиг сонирхол орох байдлаар сэрдэгдсэн этгээд байдаггүй. Тэгээд тус хэрэгтэй холбоотойгоор надад ямар нэгэн давуу эрх болон авлигал, ашиг сонирхол ямар ч тийм юм байхгүй. Тус хэргийг шийдсэнээр надад хувийн ашиг сонирхол, давуу байдал олж авсан зүйл байдаггүй. Би 4 дэх жилдээ шүүх, цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газраар явж байна. Одоо ийм зүйл яриад зогсож байгаадаа маш их харамсалтай байна, их гомдож байна. Төрдөө тангараг өргөөд үнэнч шударгаар ажиллаад хуулиар хүлээлгэсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлснийхээ төлөө өнөөдөр ингээд яллагдагч гээд 3 дахь жилдээ 2023 оноос хойш ингэж явж байгаад маш харамсалтай байна. Тус хэргийг би шийдэхгүй байх бүрэн боломжтой байсан. Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг тэр зүйлүүдийг аваад л хэргийг шийдсэн байж байгаа. Тус хэргийн 2 гэрчээс мэдүүлэг аваад л тус хэргийг шийдсэн байж байгаа. Хэрэв тэр хэргийг О прокурор бид хоёр шийдээгүй байлаа гэхэд тэр хэрэг нь 3 сарын дараа л хөөн хэлэлцэх хугацаагаар дуусчих байсан хэрэг. Тэр хэрэг сүүлд дахиж буцаж сэргээгдээд С хошууч дээр шалгагдаад ч буцаад хаагдчихсан хэрэг байгаа юм.  Энэ хэргээс болоод л цагдаагийн байгууллагадаа ч ажиллах боломжгүй ингээд яллагдагч гээд 3 жил яваад байдаг. Би өөрөө эрх зүйч мэргэжилтэй хүн, олон ч хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлж явж байсан. Хэрвээ би энэ гэмт хэргийг үйлдчихсэн байсан бол би эрх зүйч мэргэжилтэй хүн, энэ гэмт хэрэг тэнсэх боломжтой хялбарших боломжтой хэрэг байгаа. 3, 4 жилийнх нь өмнө гэм буруугаа хүлээгээд хэргээ шийдүүлээд дараагийнхаа амьдралыг бодоод шийдүүлээд явчих боломжтой байсан. Энэ хэргийг би үнэхээр хийгээгүй, энэ гэмт хэргийг үйлдээгүй болохоор үнэн шударгаар шийдэж өгөөсэй гээд яваад байгаа юм. Тус хэрэг анхан шатны шүүхээр ороод цагаатгагдсан байдаг. Тус хэргийг шалгаж байгаа мөрдөгч, хяналт тавьж байгаа прокурор, авлигатай тэмцэх газрын мөрдөгч нар жоохон сэтгэлтэй хүний эрх гэж мэддэг, хүний төлөө сэтгэлтэй байсан бол энэ хэрэгт хийгдэх ажиллагаанууд маш их байгаа. 5 мөрдөгч 3 прокурор хяналт тавьчихсан байж байхад надаас бусад тэр хүмүүсээс мэдүүлэг тайлбар аваад тухайн үед гэрч нар ямар зүйл ярьж байсан юм, тус хэрэгт ямар ямар нотлох баримтууд байсан юм гэдгийг асууж энэ хэргийг хөтөлбөргүйгээр яллах болон цагаатгах чиглэлээс ажиллах боломжтой байсан. Тэгэхэд тэгээгүй тухайн үед намайг яллагдагчаар татсан прокурор энэ хэрэгт маш их хувийн ашиг сонирхлоор өс хонзонгийн сэдэлтэй хандсан байдаг. Удаа дараа авлигатай тэмцэх газрын мөрдөгч болон хяналтын прокуророос хүсэлт өгсөн. Ийм ийм ажиллагаануудыг хийгээд өгөөч, тухайн ажиллагаанууд хийгдэхгүй дутуу шалгагдаж шүүх рүү явснаас болж бүхэл бүтэн хүний амьдрал сүйрэх гээд байна, хүний хувь заяа гэдэг зүйлийг хэлж байсан. Би бүр олон удаагийн үйлдэлтэй гэмт хэрэгтэн хүн байсан бол бас яах вэ, гэтэл төрийн тусгай албан хаагчийн амьдралыг сүйрүүлэх гэж байж сэтгэл гаргаад мэдүүлэг аваад 2 шинжээч томилоод өгчихсөн бол намайг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоох боломжтой байсан.  Харамсалтай нь тэдгээрийг хийсэнгүй. Дутуу шалгасан хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх гээд ингээд явж байгаад маш их харамсалтай байна, гомдолтой л байна гэв.

эрч О.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мөрдөгч Д.Э-д ямар ч мэдүүлэг өгөөгүй. Харин намайг Тонхил сум руу явсан байх хойгуур миний өмнөөс “ гэрээс алдсан эд зүйлсийг маань олдсон мэтээр мэдүүлэг зохиогоод биччихсэн байсан. Тэр талаараа Д.Э хэлэхдээ “түр ингэж хаагаад эргээд сэргээчихдэг юмаа ахаа, прокуророос хэрэг илрүүлээгүй гээд дарамтлаад байхаар нь таны өмнөөс мэдүүлгийг чинь зохиогоод биччихсэн гэж надад тэгэж хэлсэн. Би өмнө мэдүүлэг дээрээ миний гарыг үсэг биш байсан талаар буруу ярьсан байна. Харин Д.Э намайг 2020 оны 10 дугаар сард орон нутгийн сонгуулийн ажлаар Тонхил сум руу яваад ирсний дараа дуудаж уулзсан. Тэгэхэд Д.Э надаас мэдүүлэг авахгүй бүр миний мэдүүлгийг бичээд бэлдсэн байсан бөгөөд тэр бэлдсэн мэдүүлэг дээрээ гарын үсэг зур гэхээр нь би уншиж үзэхэд мэдүүлэг дээр алдсан мөнгөн хэт хутга, улаан сахиусан бурхан, хүүхдийн жижиг баринтагтай судар, манай аавын дайнд орсон 2 ширхэг Сталин, Жуковын медалиудыг гэрийн амбаараас олсон гэж бичсэн байхаар нь энэ юу вэ алдсан зүйлээ олоогүй ш дээ гэсэн чинь Д.Э надад хэрэг илрүүлэхгүй бол прокурор дарамтлаад байна хэргийг хаагаад буцаагаад сэргээдэг юм гэж надад хэлэхээр нь би итгээд гарын үсэг зурсан. Тэгээд удаагүй прокурорын газраас надад алдсан эд зүйлээ олсон тул хэргийг хаасан талаар бичиг ирэхээр нь гайхаад Д.Э-тай утсаар ярихад манай гэрт ирж уулзаад дарга нарт битгий хэлээч гээд гуйгаад байхаар нь хэлээгүй чимээгүй өнгөрсөн. Тэгээд Д.Э өөрөө ажлаасаа гараад утсаа авахгүй болсон. Тэгээд би прокурорт гомдол гаргаж хэргийг сэргээсэн. Би шинжээчийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №23 дугаартай дүгнэлтийг өөрөө уншиж танилцсан. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Д.Э надад хэлэхдээ алдсан эд зүйлийг олж авсан талаар өөрөө мэдүүлэг бичиж бэлдсэн байсан бөгөөд намайг хуурч гарын үсэг зуруулсан. Яаж хуурсан гэхээр прокурор хэрэг илрүүлсэнгүй гэж дарамтлаад байна энэ хэргийг хаагаад маргааш нь сэргээчихдэг юм гэхээр нь би итгээд гарын үсэг зурсан. Д.Э надаар гарын үсэг зуруулах үед яг бол хамт хүн байгаагүй. Харин О гэдэг хүний хүүхэд өрөөнд орж гараад явсан. Тэр хүүхдийн нэрийг би мэдэхгүй байна. Тэр хүүхэд Д.Э бид хоёрын яриаг анхаарч бол сонсоогүй. Манай эхнэрээс Д.Э мэдүүлэг авах гээд ажил дээрээ авчирсан хойно мэдүүлэг авах гэж байхад хурал эхлэх гэж байна гэж дуудаад манай эхнэрээр юм бичээгүй цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж авч үлдсэн гэсэн. Тэгээд бас алдагдсан эд зүйлийг олсон гэж худлаа бичсэн байсан. Тэрнээс эхнэр бид 2 алдсан зүйлээ өнөөдрийг хүртэл олж аваагүй байгаа. Гомдолтой байна. Би өмгөөлөгч авах эрхтэйгээ ойлгосон. Одоо өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Намайг өмгөөлөгч авах эрхээр бүрэн хангасан. 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн байцаагч, цагдаагийн хошууч Д.А-т өгсөн мэдүүлэгтэйгээ би сая уншиж танилцлаа. Би Д.А хошуучид өгсөн мэдүүлэг дээрээ гэрээс алдагдсан хутгыг амбаар дотроосоо олсон талаар огт хэлж байгаагүй. Анх мэдүүлэг өгөөд өнөөдрийг хүртэл хутгаа олж аваагүй хэрэг хаагдсан. Миний Д.А-т өгсөн мэдүүлгийг өөрчилсөн байна. Түүний дараа Д.А нас барсан гээд манай гэрээс эд зүйл алдсан хэрэг Л  гэдэг хүн дээр ирсэн байна гээд нэг удаа ирж мэдүүлэг өгч байсан. Тэгэхдээ бас эд зүйл олдсон талаар мэдүүлэг өгөөгүй. Л  гэдэг хүнд яг хэзээ мэдүүлэг өгсөн талаараа санахгүй байна. Тэгээд түүний дараа 2020 оны Орон нутгийн сонгуулийн дараа Д.Э гэдэг мөрдөгч манай эхнэр Ц-г дуудаж мэдүүлэг авсан байсан. Тэгээд дараа нь намайг Д.Э дуудаж уулзаад энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна, прокурор хэрэг илрүүл гээд дарамтлаад байна гэж өөрийн бэлэн бичсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Тэр мэдүүлгийг уншихад намайг алдсан хэт хутгаа амбаараасаа олсон гэж бичсэн байсан... Д.Э намайг дуудаж гарын үсэг зуруулсан мэдүүлгийн он сар болон хэн авсан талаар би анзаараагүй. Д.Э мөрдөгч надаас компьютерын ард сууж мэдүүлэг авч бичсэн зүйл байхгүй өөрөө шууд бэлэн бичсэн мэдүүлэг надад уншуулсан бөгөөд би яагаад олдсон гэж бичиж байгаа юм бэ гэхэд хэргийг хаагаад маргааш нь дахиад сэргээж болно гэсэн... Д.Э өөрийн нэрээр мэдүүлэг аваагүй хошууч А-ын авсан мэдүүлгийг засаж надаар гарын үсэг зуруулсан байна. Би А-т мэдүүлэг өгөхдөө хэт хутга олсон талаар огт хэлээгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 40-51 дүгээр тал/

-Гэрч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мөрдөгч Д.Э намайг хуучин цагдаагийн газрын 2 давхрын нэг өрөөнд дагуулж ороод гэрчээр мэдүүлэг авна гээд суусан. Би түүний асуусан асуултад хариулаад байж байтал гаднаас цагдаагийн бичиг хэрэг хүүхэн орж ирээд “шуурхай эхлэх гээд байна, та хоёрыг хурдан ороод ир гэж байна” гэсэн. Тэгсэн мөрдөгч Д.Э надаас авч байсан мэдүүлгээ дуусгалгүйгээр “за эгч таны мэдүүлгийг танай нөхрийн мэдүүлгээс харж байгаад бичээд таныг дуудаж ирүүлээд танилцуулна гэж хэлээд миний гар утсан дээр өөрийнхөө 99093397 дугаарыг тэмдэглэж өгөөд 2-3 хуудсан дээр надаар гарын үсэг зуруулсан бөгөөд хальт харахад эхний нэг хуудас нь болохоор миний биеийн байцаалт бичигдсэн хуудас байсан дараачийн 2 хуудас хов хоосон хуудас байсан. Мөрдөгч Д.Э надаар энэ, энд гарын үсгээ зурчих гэхээр нь би тухайн үед гайхаад дараа нь танилцуулна гэхээр нь болдог л юм байхдаа гэж ойлгоод гарын үсгээ зурсан. Тэрнээс хойш Д.Э мөрдөгч над руу нэг ч удаа яриагүй. Уг нь би түүнийг ярих байх гээд хүлээсэн. Гэтэл манай нөхөр О.Н-ын   нэр дээр 2021 оны 09 сарын 29-ний өдөр аймгийн прокурорын газраас хариу мэдэгдэх хуудас ирэхээр нь уншиж танилцсан чинь “хулгай алдсан эд зүйлсээ амбаараасаа олдсон мэтээр Цэцэгмаа миний бие мэдүүлэг өгсөн мэтээр мэдүүлэг зохиогоод биччихсэн байхаар нь гайхаад утсан дээр тэмдэглэж өгсөн түүний 9909-той дугаар луу нь залгаад утсаа авахгүй, нэг бол холбогдохгүй байгаад байхаар нь аргаа бараад Цагдаагийн Ерөнхий Газрын 126 дугаар луу нь залгаад “Э-гийн талаар хэлсэн чинь” та Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Б гэж хүнтэй очоод уулзаад хэлээдэх гэсэн. Тэгэхээр нь би цагдаагийн газар луу очих гээд байж байтал над руу Б гэж цагдаа утсаар яриад “та маргааш өглөө хүрээд ирээрэй гэхээр нь маргааш өглөө нь Цагдаагийн газар дээр явж очоод тэр Б гэж цагдаатай уулзаад Э-гийн талаар хэлсэн чинь “Э нь ажлаасаа гарчихсан байгаа, та манай орлогч даргатай уулз” гээд 3 давхрын нэг өрөөнд орлогч даргатайгаа уулзуулахаар нь тэр орлогч дарга гэх хүнд Э надаас худлаа мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан байна лээ, одоо энэ асуудлыг яах вэ, ямар арга хэмжээ авч өгөх үү гээд хэлсэн чинь Э нь ажлаасаа гарсан байгаа, та прокурорт өргөдөл гаргах нь зөв байх гэхээр нь нөхөр бид хоёр гэрээсээ хулгайд алдагдсан эд зүйлсээ дахиж шалгуулахаар өргөдөл өгч байсан. Мөрдөгч Э надаас мэдүүлгээ авч дуусгаагүй. Би тэдний өрөөнд нь ороод нээх ч удаагүй шүү дээ. Миний биеийн байцаалтыг авч дуусаад тэгээд дараа нь үргэлжлүүлээд гэрээс чинь юу юу алдагдсан бэ гээд асуухаар нь бурхан судар алдагдсан, их догшин бурхан байгаа, эгч нь бурхныхаа урдуур нь ч явахаас айдаг гээд хэлсэн чинь Э тийм догшин бурхан юм бол яагаад эргээд ирдэггүй юм гээд хэлэх хооронд гаднаас нэг эмэгтэй орж ирээд шуурхай орох гэж байна, та хоёрыг хүлээгээд байна гэсэн чинь тэгээд надаас асуух юмаа асууж дуусгалгүйгээр дүү нь хуралд орох гээд яараад байна, энэ дээр гарын үсгээ зурчих гээд 3 хуудас цаасан дээр гарын үсэг зуруулсан. Түрүүн хэлсэн байгаа эхний хуудас нь миний биеийн байцаалт бичигдсэн хуудас байсан, дараагийн 2 хуудас нь хоосон цагаан цаас байсан... Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл гэвэл надаас 2019 онд мэдүүлэг хэн ч аваагүй байж 2020 оны 10 дугаар сард авсан мэдүүлгээ 2019 онд авсан гэж бичсэн байсан. Надаас мэдүүлэг авсан Э нь мэдүүлгээ бүрэн аваагүй хуралтай гэж цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад дараа нь нөхөж бичихдээ манай алдсан зүйлийг олсон болгож хуурамч баримт үйлдсэн байсан. Тэрнээс би Э-д алдагдсан эд зүйлийг олдсон гэж мэдүүлсэн зүйл огт байхгүй. Дараа нь намайг дуудаж танилцуулна гэж байсан мөртлөө намайг дахиж огт дуудаагүй. Тэгээд намайг алдсан эд зүйлээ олсон гэж хэлээгүй байхад олсон болгож хэргийг хаасан байсан. 2020 оны 10 дугаар сард манай нөхөр сонгуулийн ажлаар хөдөө явсан байсан учир би сайн санаж байгаа юм... Би гомдолтой байна. Э нь төрийн хувцас өмсөөд хүн гүтгэж байгаад гомдолтой байна. Төрийн өмнөөс хуурамч баримт үйлдэж хүн хуурч байгаад үнэхээр их гомдолтой байна. Миний өмнөөс ямар мэдүүлэг бичсэн талаар мэдээгүй байж байгаад прокуророос ирсэн бичиг дээрээс миний бичсэн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 28-38 дугаар тал/

-Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хурал бил үү, газрын дарга дуудуулсан бил үү, тэрийгээ сайн санахгүй байна. Газрын дарга дуудуулсан байх гэж бодоод байна. Газрын даргаас намайг Э-г дуудчих гэхээр би эрүүгийн мөрдөгч Э-гийн өрөөний хаалгыг шагайгаад таныг газрын дарга дуудаж байна шүү гэж хэлж байсныг бол санаад байна...Мэдүүлэг авч байсан, үгүйг мэдэхгүй байна. Намайг тэдний өрөөгөөр шагайхад өрөөнд эрүүгийн мөрдөгч Э, Х мөн миний хадмын талын Ц гээд эгч байсан юм. Чухам яг мэдүүлэг авч байсан эсэхийг мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг, 1-р хх-ийн 61-62 дугаар тал/

-Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөг 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хариуцан ажилласан. Надаас өмнө Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А хариуцаж байсан бөгөөд би ажлыг хүлээн авч байсан. Ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа А нь 2018 онд зуурдаар нас барсан... Би 2017 оны 11 дүгээр сард ахлах мөрдөгчийн ажил хүлээж авахад Эд мөрийн баримт хадгалах өрөөг хариуцах нь ажлын байрны тодорхойлолт байсан учир хүлээн авсан. Тухайн үед байсан бүртгэлийг эд мөрийн баримттай тулгаж хүлээн авсан. Тэгээд бүртгэлийг шинэчлэн гаргасан өгөөд намайг ажил хүлээж авахад “Бид ялав”, “Жуков” гэсэн 2 одонгийн үнэмлэх байгаагүй....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 67-69 дүгээр тал/

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/387 дугаартай албан бичиг, хавсралт хуулбар мэдүүлгүүд, /1-р хх-ийн 11-22 дугаар тал/

-2016 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201607000042 дугаартай хэргээс хуулбарлан авсан баримтууд, /1-р хх-ийн 177-199 дүгээр тал/

-2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №23 дугаартай Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Д.Б-гийн бичиг судлалын шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 76-96 дугаар тал/

-Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулууны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5б/5533 дугаартай “...Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Даваапүрэвийн Энх-Амгалангийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолт, хувийн хэргийг хуулбарлан хүргүүлэв...” гэх албан бичиг, /1-р хх-ийн 153-173 дугаар тал/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээч З.Мөнх-Эрдэнийн 04 дугаартай бичиг судлалын шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 103-122 дугаар тал/

-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/387 дугаартай “...Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлтийн 201607000042 дугаартай хэргийг хянахад “Говь- Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч нар нь хохирогч, гэрч нарын мэдүүлгийг өөрчилсөн, хэргээс баримт үрэгдүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдож байх тул шалгуулахаар холбогдох баримтуудыг хүргүүлэв. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэлд бүртгэж шуурхай шалгаж шийдвэрлэнэ үү...” гэх албан бичиг /1-р хх-ийн 11 дүгээр хуудас/

-Гэрч Т.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр цагдаагийн газарт очиж мэдүүлэг Д.Э гэх хүнд өгсөн. Манай нөхөр Н орон нутгийн сонгууль гээд хөдөө ажлаар Тонхил сум явсан байсан. Өглөө 10 цагийн үед би гэрээсээ гарч байхад Д.Э 69-05 гэсэн хотын дугаартай бор шаргал өнгийн машинтай ирээд Н гуай байна уу гэхлээр нь би алга байна сонгуулийн ажлаар Тонхил сумд явж байгаа гэсэн чинь танайх бурхан судар алдсан би тэр талаар явж байна. Таниас гэрчийн мэдүүлэг авмаар байна гэхлээр нь та нар үнэн юм авна шүү танай цагдаагийнхан манай нөхрөөс намайг энэ хүн танай сүүлийн эхнэр юм уу гарын хээг оруулчих уу гэж хэлсэн байна лээ над дээр тэр хэргээ холбогдуулах гээд байна уу гэсэн чинь үгүй тийм юм огт байхгүй гэж байсан. Тэгээд би мэдүүлэг өгөхөөр машинтайгаа цагдаа орж мэдүүлэг өгсөн юм. Д.Э надаас асуухдаа танайх юу юу алдсан юм гэхлээр нь бурхан судар алдсан их догшин бурхан гэсэн чинь Д.Э тийм догшин бурхан юм бол яагаад эргээд ирдэггүй юм бурхан яг байсан уу гээд асуугаад байсан. Би байлгүй яадаг юм урдуур нь хамаагүй гарах юм бол шөнө унтаж чаддаггүй юм гэж хэлсэн. Тэгж байх хооронд гаднаас нэг эмэгтэй орж ирээд та хоёрыг хүлээгээд байна шуурхай орох гээд байна гэж хэлсэн чинь Д.Э за эгч хуралтай болчихлоо та энд гарын зурчих би хэргийн материал дээрээс хараад үлдсэнийг нь биччихээд таныг дуудаж танилцуулна гэж хэлээд надад байцаагч Д.Э гэж миний утсан дээр *** гэсэн утасны дугаар өөрөө хадгалж өгсөн. Тэгээд дахиж намайг дуудаагүй. Тэгээд 2020 онд хэрэг хаасан гэсэн бичиг аймгийн прокуророос ирэхдээ ***, *** нарын мэдүүлгээр хутга олсон гэсэн үг үсэг бичигдсэн байсан. 2021 онд *** бид 2 аймгийн Прокурорт өргөдөл гаргасан чинь 2021 оны 09 сард аймгийн прокуророос бичиг ирэхдээ *** хутга олдсон гэж мэдүүлсэн гэх утга бүхий мэдээлэл бичигдсэн байхаар нь  миний мэдүүлгийг худлаа зохиож бичсэн байна гэж мэдсэн. Гадны хүн бол байхгүй байсан. О гэдэг хүний хүүхэд л орж гараад яваад байсан. Тэр хүн цагдаад ажилладаг. Би аавынх нь жолоонд сурч байсан болохоор зүс танидаг. Би хэт хутга олсон гэж огт мэдүүлэг өгөөгүй. Энд миний яриагүй, мэдүүлээгүй зүйл зохиомлоор, бичигдсэн байна. Д.Э надаас асуухдаа эд зүйл алга болсон эсэхийг яаж мэдсэн юм гэж асуухаар нь манайх цагаан сараар 3 ширхэг дэлгэдэг бурхан гаргаж тавьдаг юм. Тэр 3 бурханы нэг нь алга болсон байсан гэж хэлсэн. Надаас хэт хутганы талаар асуугаагүй. Мэдүүлэг аваад эхэлж байтал шуурхай орох гээд байна гэж хүн дуудаад л Э надаар 2-3 хуудас цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Эхний гарын үсэг зуруулсан хуудас бол бичигтэй байсан. Сүүлийн гарын үсэг зуруулсан газар бол ямар нэг бичиг байхгүй цагаан байсан. Би хэрэг хаасан тухай прокуророос бичиг ирсэн дор нь Д.Э-тай утсаар яриад чи олдоогүй хутгыг яагаад олсон мэтээр бичиж, М гэдэг хүн хаанаас гаргаад ирэв, би чамтай уулзана даргатай чинь уулзана гэсэн чинь та байж бай гээд байсан. Тэгээд манай нөхөр бид 2 гэрээсээ гарах гэж байсан чинь Э манай хашааны үүдэн дээр ирээд бид хоёрыг гэрлүү дагуулж ороод дээрээс шахаад, прокуророос хэрэг илрүүл гээд дарамтлаад байхаар нь танай хэргийг хаасан дарга нарт хэлүүзэй хэлэх юм бол дүү нь ажилгүй болно гээд гуйгаад байсан юм. Э манайд бараг 2 цаг болсон бид хоёрыг гуйгаад. Тэгэхлээр нь би за чи тэгвэл бид хоёрт баримт болох одонгийн 2 үнэмлэхний бичиг баримтыг олж өг гэж хэлсэн чинь Э за тэгий гэж хэлээд Н-тай хамт өмнө шалгаж байсан хүний гэрт нь очиж үзнэ гээд явсан. Тэгэхлээр нь яахаараа хавтаст хэрэгт байсан юм айлын гэрт байдаг юм гэсэн чинь Э мэдэхгүй хэрэгт байхгүй байгаан гэж байсан. Би энэ хэргийг илэрсэн гэж бодож байгаа. Хавтаст хэрэг худлаа хэлж гарын үсэг зуруулсан, хэт хутга олоогүй байхад олсон мэтээр худлаа зохиож бичсэн. Э нь ажлаасаа гарснаа хэлэхгүй хэргийг чинь ингэх гэж байна тэгэх гэж байна гээд дандаа бид 2-т худлаа хэлж байсан. Э энэ хэргийг илрүүлчээд нуун дарагдуулж байна гэж хардах бүрэн үндэслэлтэй байна. Энэ хэргийн үнэн мөнийг олж алга болсон эд зүйл, 2 одонгийн үнэмлэхийг олж өгөхийг хүсэж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй...” /1-р хх-ийн 14-16 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Гэрч О.Х-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 онд Оросын Холбооны Улсын Дотоод явдлын яамны харьяа Дорнод Сибирийн их сургуулийн төгсөөд 2017-2019 оны 03 дугаар сар хүртэл Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгч, 2019-2020 оны 06 дугаар сар хүртэл Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт мөрдөгч, 2020-2022 оны 04 дүгээр сар хүртэл Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, 2022 оны 04 дүгээр сараас одоог хүртэл Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байна. Д.Э гэх хүнийг танина. 2019 онд Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт томилогдож очиход эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2020 оны 06 дугаар сард Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр томилогдон ажиллахад хамт нэг өрөөнд сууж байсан. Бид хоёр цагдаагийн хуучин байрны одоо өрөөний дугаарыг санахгүй байна 2 давхарт өрөөнд хамт суусан. Тэгээд цагдаа шинэ байранд 2021 оны эхээр ороход хошууч Б, Э бид гурав нэг өрөөнд сууж байсан бөгөөд тэгээд удаагүй ажлаасаа Э гарсан. Яг хэзээ ажлаасаа гарсан гэдгийг би одоо санахгүй байна. Д.Э-тай ямар нэгэн дотно харилцаа холбоо байхгүй ажлын хүн гэдгээр нь мэддэг юм. Эрүүгийн мөрдөгч Д.Э-гийн шалгаж байсан хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Н, түүний эхнэр Т.Ц гэх хүмүүсийг танихгүй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Хохирогч О.Н, түүний эхнэр гэрч Т.Ц нарын мэдүүлгийг засаж хуурамч нотлох баримт бүрдүүлсэн талаар би мэдэхгүй. Би Н, Ц гэх хүмүүсийг танихгүй учир энэ хүмүүс мэдүүлэг өгсөн эсэх талаар санахгүй байна. Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрэн сурвалжлах ажил хариуцаж байсан учир Н-ын гэрээс эд зүйл алдагдсан гэдэг зүйлийг бол санаж байна. Эрүүгийн мөрдөгч Д.Э энэ хүмүүсээс мэдүүлэг авч байсан эсэх талаар санахгүй байна. Эрүүгийн мөрдөгч Д.Э надтай нэг өрөөнд суух хугацаандаа миний санаж байгаагаар хохирогч, гэрч нарын мэдүүлэг авахгүйгээр цагаан цаасан дээр гарын үсэг зуруулах, өөрөө бичиж оролцогч нараар гарын үсэг зуруулах үйлдэл гаргаж байгаагүй. Хуучин байранд мэдүүлгийн өрөө 1 давхарт байсан бөгөөд мэдүүлэг аваад принтер ажиллах үед флашаар зөөж өөрийн өрөөндөө оруулж ирж хэвлэдэг байсан. Цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж мэдүүлгийг тохируулах, үнэн зөв гэж бичсэн зэргийг тааруулах боломжгүй байх гэж бодож байна. Эрүүгийн мөрдөгч Д.Э нь хохирогч О.Н, гэрч Т.Ц нараас хэдэн удаа мэдүүлэг авсан талаар мэдэхгүй. Эрүүгийн мөрдөгч Д.Э нь их нийтэч зантай, бид хоёрын хувьд адуу мал сонирхдог учир яриа их нийлдэг байсан. Өөрийн хариуцсан ажилдаа бол гайгүй, шалгуур үзүүлэлтээ хангаад явдаг хүн байсан...” /1-р хх-ийн 71-72 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

-Өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн Говь-Алтай аймгийн Прокурорын газарт 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гаргасан хүсэлт  /2-р хх-ийн 87 дугаар хуудас/

 -Өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнийн Говь-Алтай аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Билэгсайханд 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлт  /2-р хх-ийн 95 дугаар хуудас/

-ГАА дахь Цагдаагийн газрын ХБМБТ-ийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Д.А-ын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 200 дугаар хуудас/

-Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ТЭ/164/2024/ШЦТ/36 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /4-р хх-ийн 1-44 дүгээр дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Э нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байхдаа эрүүгийн 201607000042 дугаартай хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас  авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан,

Мөн гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж, “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна.

Шүүх үнэлж буй нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хангалттай байх болон хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох оролцогч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтийг хийж хэргийн үйл баримтыг сэргээн тогтоох учиртай.

Уг зорилгыг биелүүлэх үүднээс дор дурдсан нөхцөл байдлуудыг цаг хугацааны дэс дараалалд оруулан хэргийн нөхцөл байдлыг тогтоох нь зүйтэй.

-Анх 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт 201607000042 дугаартай эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон О.Н-ын   тус аймгийн *** сумын ** баг *** тоотод байрлах гэрт нь хулгай орж “хуучин цагийн мөнгөн гинж, тоноглолтой хэт хутга, Улаан сахиус нэртэй даавуун дээр зурсан зурмал бурхан, ногоон өнгийн баринтагтай хүүхдийн судар” гэх мэт эд зүйл алдагдсан гэх хэрэг тус өдрөө Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагч цагдаагийн хошууч Д.А-т цохогдож хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж эхэлжээ.

Мөрдөгч Д.А нь 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогч О.Н-аас анхны тайлбарыг авахад алдагдсан эд зүйлсийн талаар мэдүүлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор хохирогчоор тогтоон мэдүүлэг авах үед “2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би хашаан дотор байдаг амбаартаа байдаг авдар дотроос дээл авах гээд онгойлготол миний хэт хутга тус авдар дотор байж байсан” гэж мэдүүлж, мөрдөн байцаагч болон хохирогч О.Н нарын гарын үсэг зурагджээ.

Гэвч хохирогч О.Н нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хохирогч О.Н-аас  авсан хэт хутгаа амбаарт байх авдар дотроосоо олоогүй, Мөрдөгч Д.А-ын хохирогч О.Н-аас  авсан 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн мэдүүлгийг засварлаж, өөрчилсөн болох нь О.Н-ын   гэрчээр мэдүүлсэн “...Тэгэхэд Д.Э надаас мэдүүлэг авахгүй бүр миний мэдүүлгийг бичээд бэлдсэн байсан бөгөөд тэр бэлдсэн мэдүүлэг дээрээ гарын үсэг зур гэхээр нь би уншиж үзэхэд мэдүүлэг дээр алдсан мөнгөн хэт хутга, улаан сахиусан бурхан, хүүхдийн жижиг баринтагтай судар, манай аавын дайнд орсон 2 ширхэг Сталин, Жуковын медалиудыг гэрийн амбаараас олсон гэж бичсэн байхаар нь энэ юу вэ алдсан зүйлээ олоогүй ш дээ гэсэн чинь Д.Э надад хэрэг илрүүлэхгүй бол прокурор дарамтлаад байна хэргийг хаагаад буцаагаад сэргээдэг юм гэж надад хэлэхээр нь би итгээд гарын үсэг зурсан. Миний Д.А-т өгсөн мэдүүлгийг өөрчилсөн байна...” гэж мэдүүлэг,

Гэрч Т.Ц-ийн “...хэт хутгыг олсон гэж мэдүүлэг өгөөгүй...” гэх агуулга бүхий мэдүүлгүүд, 3 дугаар хавтаст хэрэгт 201607000042 дугаартай эрүүгийн хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи алдагдсан эд зүйлийг эрэн сурвалжилсан талаарх буюу 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мөрдөгчийн даалгавар /хх 31/, 2016.04.15-ны өдрийн илтгэх хуудас /хх 32/, 2016.03.28-ны албан бичиг /хх-37/, 39-44-рт авагдсан эрүүгийн төлөөлөгч нарын илтгэх хуудас, мөн 2016 оны 04 сараас хойш 2019 оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд хийгдсэн ажиллагаанууд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шинжээч З.Мөнх-Эрдэнийн 04 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн 163 хуудас бүхий баримтын 10, 1, 8, 22 дугаартай хуудсуудын нүүр хэсэгт зурагдсан, 3, 11, 12, 13 дугаартай хуудсуудын ар хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ...2. Шинжилгээнд ирүүлсэн 163 хуудас бүхий баримтын 10 дугаартай хуудасны нүүр хэсэгт зурагдсан гарын үсэг нь 18, 22 дугаартай хуудсуудын нүүр хэсэгт зурагдсан, 3, 12, 13 дугаартай хуудсуудын ар хэсэгт зурагдсан гарын үсгүүдтэй еренхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 163 хуудас бүхий баримтын 11 дугаартай хуудасны ар хэсэгт зурагдсан гарын үсэг нь 1, 8, 22 дугаартай хуудсуудын нүүр хэсэгт зурагдсан, 3, 12, 13 дугаартай хуудсуудын ар хэсэгт зурагдсан гарын үсгүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна… 3. Шинжилгээнд ирүүлсэн 163 хуудас бүхий баримтын 10 дугаартай хуудасны нүүр хэсэгт зурагдсан гарын үсэг нь 1, 8, 22 дугаартай хуудсуудын нүүр хэсэгт зурагдсан, 3, 12, 13 дугаартай хуудсуудын ар хэсэгт зурагдсан гарын үсгүүдтэй галиглал, элементийн чиглэл, дараалал, хөдөлгөөний хурд, бичгийн чадвар, хөдөлгөөний маяг, зонхилох хэлбэр, зонхилох чиглэл, налалт, хэмжээ, суналт, холболт, даралт, гарын үсгийн байрлал, чиглэл, гарын үсгийн элементүүдийн доод хэсгийн хэлбэр зэрэг ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний үйлдэж, хэмжээ, хэлбэр, чиглэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн 163 хуудас бүхий баримтын 11 дугаартай хуудасны ар хэсэгт зурагдсан гарын үсэг нь 1, 8, 22 дугаартай хуудсуудын нүүр хэсэгт зурагдсан, 3, 12, 13 дугаартай хуудсуудын ар хэсэгт зурагдсан гарын үсгүүдтэй хөдөлгөөний хурд, зонхилох хэлбэр, налалт, гарын үсгийн элементүүдийн доод хэсгийн хэлбэр гэсэн ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний үйлдэц, хөдөлгөөний хэлбэр, хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний чиглэл гэсэн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна…” гэх гарын үсгийн адилтгалын шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 103-122 дугаар тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч Д.Энхбаярын 631 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн “201607000042” дугаартай хавтаст хэрэгт авагдсан 000011, 000072-000076, 000080-000082 дугаар талд авагдсан баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ… 2. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлийн “201607000042” дугаартай хавтаст хэргийн 000011 дүгээр талд авагдсан баримтын 1 болон 2 дугаар талын хэвлэмэл бичвэрүүдийг нэг хэвлэх төхөөрөмжөөр хэвлээгүй байна. Илэрч буй шинж тэмдгүүдийг гэрэл зургийн үзүүлэлт болон үзлэг ба шинжилгээ хэсгээс харна уу… 3. Шинжилгээнд ирүүлсэн хэрэг бүртгэлтийн “201607000042” дугаартай хэргийн 000011 дүгээр хуудасны 1 болон 2 дугаар тал, 000072 дугаар хуудасны 2-р тал, 000073, 000075, 000076, 000081, 000082 дугаар талд авагдсан баримтууд дээрх хэвлэмэл бичвэрүүдтэй давхацсан шинжилж буй гарын үсгүүд нь хэвлэмэл бичвэрүүд хэвлэгдсэний дараа зурагдсан байна. Харин 000072, 000074, 000080 дугаар талд авагдсан баримтууд дээрх гарын үсгүүд болон хэвлэмэл бичвэрүүд нь хоорондоо давхцаагүй байх тул дарааллыг тогтоох боломжгүй байна ...” бичиг техникийн шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /3-р хх-ийн 190-198 дугаар тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн тус хэрэгт 2018 оны 12 дугаар сараас эхлэн тус хэрэгт шүүгдэгч Д.Э-г ажиллагаа хийж байх хугацаанд хүртэл тус олсон гэх мөнгөн тоногтой хэт хутга болон бусад эд зүйлсийг улс орон даяар эрэн сурвалжилж байсан байна.

Тухайн 201607000042 дугаартай хэрэгт 2016-2020 оны хугацаанд Д.А П.Б, М.Л  зэрэг хэд хэдэн мөрдөгчөөр дамжиж мөрдөн шалгах, эрэн сурвалжлах ажиллагаанууд хийгдсэн бөгөөд 2019 оноос эхлэн мөрдөгч Д.Э-д шилжин ирж түүнээс хойшхи ажиллагаануудыг хийсэн байх бөгөөд 2020 оны 10 дугаар сард 201607000042 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөгч Д.Э-гаас өөр мөрдөгч ажиллагаа хийгээгүй болох нь мөн дээр дурдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э нь 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас  авсан мэдүүлгийг засварлаж өөрчилсөн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдон тогтоогдсон байна.

-Шүүгдэгч Д.Э нь гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар 2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж, “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдсэн болох нь:  

Гэрч О.Н-ын   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би мөрдөгч Д.Э-д ямар ч мэдүүлэг өгөөгүй. Харин намайг Тонхил сум руу явсан байх хойгуур миний өмнөөс “гэрээс алдсан эд зүйлсийг маань олдсон мэтээр мэдүүлэг зохиогоод биччихсэн байсан. Тэр талаараа Д.Э хэлэхдээ “түр ингэж хаагаад эргээд сэргээчихдэг юмаа ахаа, прокуророос хэрэг илрүүлээгүй гээд дарамтлаад байхаар нь таны өмнөөс мэдүүлгийг чинь зохиогоод биччихсэн гэж надад тэгэж хэлсэн... Тэгээд дараа нь намайг Д.Э дуудаж уулзаад энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна, прокурор хэрэг илрүүл гээд дарамтлаад байна гэж өөрийн бэлэн бичсэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулсан. Тэр мэдүүлгийг уншихад намай алдсан хэт хутгаа амбаараасаа олсон гэж бичсэн байсан... Д.Э намайг дуудаж гарын үсэг зуруулсан мэдүүлгийн он сар болон хэн авсан талаар би анзаараагүй. Д.Э мөрдөгч надаас компьютерийн ард сууж мэдүүлэг авч бичсэн зүйл байхгүй өөрөө шууд бэлэн бичсэн мэдүүлэг надад уншуулсан бөгөөд би яагаад олдсон гэж бичиж байгаа юм бэ гэхэд хэргийг хаагаад маргааш нь дахиад сэргээж болно гэсэн... Д.Э өөрийн нэрээр мэдүүлэг аваагүй хошууч А-ын авсан мэдүүлгийг засаж надаар гарын үсэг зуруулсан байна. Би Амгаланбаатарт мэдүүлэг өгөхдөө хэт хутга олсон талаар огт хэлээгүй...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 40-51 дүгээр тал/,

Гэрч Т.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...мөрдөгч Д.Э намайг хуучин цагдаагийн газрын 2 давхрын нэг өрөөнд дагуулж ороод гэрчээр мэдүүлэг авна гээд суусан. Би түүний асуусан асуултад хариулаад байж байтал гаднаас цагдаагийн бичиг хэрэг хүүхэн орж ирээд “шуурхай эхлэх гээд байна, та хоёрыг хурдан ороод ир гэж байна” гэсэн. Тэгсэн мөрдөгч Д.Э надаас авч байсан мэдүүлгээ дуусгалгүйгээр “за эгч таны мэдүүлгийг танай нөхрийн мэдүүлгээс харж байгаад бичээд таныг дуудаж ирүүлээд танилцуулна гэж хэлээд миний гар утсан дээр өөрийнхөө *** дугаарыг тэмдэглэж өгөөд 2-3 хуудсан дээр надаар гарын үсэг зуруулсан бөгөөд хальт харахад эхний нэг хуудас нь болохоор миний биеийн байцаалт бичигдсэн хуудас байсан дараачийн 2 хуудас хов хоосон хуудас байсан. Мөрдөгч Д.Э надаар энэ, энд гарын үсгээ зурчих гэхээр нь би тухайн үед гайхаад дараа нь танилцуулна гэхээр нь болдог л юм байхдаа гэж ойлгоод гарын үсгээ зурсан... Гэтэл манай нөхөр О.Н-ын   нэр дээр 2021 оны 09 сарын 29-ний өдөр аймгийн прокурорын газраас хариу мэдэгдэх хуудас ирэхээр нь уншиж танилцсан чинь “хулгай алдсан эд зүйлсээ амбаараасаа олдсон мэтээр Цэцэгмаа миний бие мэдүүлэг өгсөн мэтээр мэдүүлэг зохиогоод биччихсэн байхаар... Надаас мэдүүлэг авсан Э нь мэдүүлгээ бүрэн аваагүй хуралтай гэж цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад дараа нь нөхөж бичихдээ манай алдсан зүйлийг олсон болгож хуурамч баримт үйлдсэн байсан. Тэрнээс би Э-д алдагдсан эд зүйлийг олдсон гэж мэдүүлсэн зүйл огт байхгүй. Дараа нь намайг дуудаж танилцуулна гэж байсан мөртлөө намайг дахиж огт дуудаагүй. Тэгээд намайг алдсан эд зүйлээ олсон гэж хэлээгүй байхад олсон болгож хэргийг хаасан байсан...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 28-38 дугаар тал/

Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хурал бил үү, газрын дарга дуудуулсан бил үү, тэрийгээ сайн санахгүй байна. Газрын дарга дуудуулсан байх гэж бодоод байна. Газрын даргаас намайг Э-г дуудчих гэхээр би эрүүгийн мөрдөгч Э-гийн өрөөний хаалгыг шагайгаад таныг газрын дарга дуудаж байна шүү гэж хэлж байсныг бол санаад байна... Мэдүүлэг авч байсан, үгүйг мэдэхгүй байна. Намайг тэдний өрөөгөөр шагайхад өрөөнд эрүүгийн мөрдөгч Э, Х мөн миний хадмын талын Ц гээд эгч байсан юм. Чухам яг мэдүүлэг авч байсан эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 61-62 дугаар тал/,

Гэрч С.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөг 2017 оны 11 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сар хүртэл хариуцан ажилласан. Надаас өмнө Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А хариуцаж байсан бөгөөд би ажлыг хүлээн авч байсан. Ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа А нь 2018 онд зуурдаар нас барсан... Би 2017 оны 11 дүгээр сард ахлах мөрдөгчийн ажил хүлээж авахад Эд мөрийн баримт хадгалах өрөөг хариуцах нь ажлын байрны тодорхойлолт байсан учир хүлээн авсан. Тухайн үед байсан бүртгэлийг эд мөрийн баримттай тулгаж хүлээн авсан. Тэгээд бүртгэлийг шинэчлэн гаргасан өгөөд намайг ажил хүлээж авахад “Бид ялав”, “Жуков” гэсэн 2 одонгийн үнэмлэх байгаагүй....” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 67-69 дүгээр тал/

2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн №23 дугаартай Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч Д.Батмагнайгийн “...Говь-Алтай аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж буй 201607000042 дугаартай хавтаст хэргийн 72-73 дугаар талд авагдсан 2017 оны 09 дугаар сарын 20-ны өдрийн хохирогч О.Н-аас  авсан “Хохирогчоос 2 удаагаа мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн, 74-76 дугаар талд авагдсан 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн хохирогч О.Н-аас авсан “Хохирогчоос ...-р удаа мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн баримтуудад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн О.Н-ын   гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна… 2. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын архивт хадгалагдаж буй 201607000042 дугаартай хавтаст хэргийн 80-82 дугаар талд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн гэрч Т.Ц-аас авсан “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл” гэсэн 3 хуудас баримтад зурагдсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.Ц-ийн гэх гарын үсгийн загваруудтай гарын үсгийн ерөнхий болон элемент гүйцэтгэлийн хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна…” гэх бичиг судлалын шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 76-96 дугаар тал/

Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Батчулууны 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 5б/5533 дугаартай “...Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Д-ийн Э-гийн ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, албан тушаалын тодорхойлолт, хувийн хэргийг хуулбарлан хүргүүлэв...” гэх албан бичиг/1-р хх-ийн 153-173 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд “...Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг …хуурамчаар үйлдсэн...” үйлдлийг нотлох баримт хуурамчаар үйлдэх гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тодорхойлсон бөгөөд энэ гэмт хэргийг хууль сахиулагч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

 Мөн “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчлан тайлбарласан.

“Нотлох баримт” гэж Зөрчлийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг хэлэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 391 дугаартай тушаалаар *** аймгийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгчөөр томилогдсон ажиллаж байсан байх ба албан тушаалын хувьд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байсан.

Шүүгдэгч Д.Э нь албан тушаалын хувьд эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ буюу *** аймгийн *** газрын *** цагдаагийн тасагт эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байх хугацаандаа нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, бүрдүүлэх үүргээ биелүүлэхдээ хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын 211 тоот өрөөнд 14 цаг 30 минутаас 14 цаг 52 минутын хооронд ахлах мөрдөн байцаагч Д.А-ын хохирогч О.Н-аас  авсан мэдүүлгийг засварлаж, өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын орчимд О.Н-аар гарын үсэг зуруулсан, мөн гэрч Т.Ц-аас 2020 оны 10 дугаар сард гэрчээр мэдүүлэг авах явцдаа Т.Ц-аар2, 3 цагаан цаасан дээр гарын үсэг зуруулж улмаар мэдүүлэг авсан огноог 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болгон өөрчилж, гэрч “2, 3 хоногийн дараа О.Н хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна” гэх байдлаар мэдүүлгийг өөрөө хуурамчаар үйлдэж 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 201607000042 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналыг гаргасан түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, хэргийг хянан шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал байхгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдсон, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж дүгнэлээ. 

Шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, зориуд үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Э-гийн үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ийн зүгээс “… Гэрч Т.Ц-гийн /14-16, 28-30, 33-34-рт өгсөн мэдүүлгүүд, гэрч О.Н-ын   20-22, 40-42, 44-45, 47-51-рт авагдсан мэдүүлгүүд нь өөр хоорондоо харилцан зөрүүтэй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул шүүгдэгч Д.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү…” гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчийн уг дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

Учир нь шүүгдэгч Д.Э-гийн хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх нотлох баримт үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон бөгөөд гэрч Т.Ц, О.Н нарын тухайд эд зүйлээ хулгайд алдсанаас хойш 9 жилийн хугацаа, уг гэмт хэрэг шалгагдсанаас 4 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд тэдний удаа дараа өгсөн мэдүүлгүүдэд шүүгдэгч Д.Э нь хоосон, эсхүл мэдүүлэг бичсэн цаасан дээр гарын үсэг зуруулсан гэх зүйл дээр л өөрчлөгдөх бөгөөд гагцхүү “хэт хутга олоогүй байхад олсон гэж өөрчлөн бичсэн” гэх нөхцөл байдлыг тогтвортой мэдүүлж, өөрчлөгдөөгүй байна.

Өөрөөр хэлбэл гэрч Т.Ц, О.Н нарын тухайд ямар цаасан дээр гарын үсэг зурсан эсэхээ олон жилийн дараа сэргээн санахгүйгээс шалтгаалж цагаан цаас, мэдүүлэг бичсэн цаас байсан гэх зэргээр зөрүүтэй байдлаар мэдүүлдэг хэдий ч мэдүүлэг доторх агуулга буюу “…хэт хутгаа гадаа амбаарт байсан авдраасаа олсон гэж байсан. Одоо гэхдээ хаана байдгийг нь би мэдэхгүй байна...” гэж мэдүүлгийг өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн гэх нөхцөл байдал дээр тогтвортой мэдүүлдгээс гадна, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс уг агуулга дээр ямар нэгэн байдлаар маргаагүй.

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А-ийн гаргасан “хэргийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Хохирол, хор уршгийн тухайд:

“Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдэх” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй.

Харин хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэний улмаас Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 110 дугаартай тогтоолоор 201607000042 дугаартай хэрэг хаагдаж улмаар хохирогч О.Н-ын   алдсан эд зүйлээ олж авах, гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх эрх ашиг нь хөндөгдсөн ба шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас иргэн, аж ахуйн нэгж байгууллагад материаллаг хохирол учраагүй байх тул шүүгдэгч Д.Э-гаас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 Шүүх шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Э урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. /2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар хуудас/

Шүүх шүүгдэгч Д.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Д.Э-г анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч уг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдлыг “тохиолдлын” шинжтэй гэж үзэх үндэслэлгүй.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: Шүүгдэгч Д.Э-д 7.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх саналыг гаргасан бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага дээр ямар нэгэн саналыг гаргаагүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтЭрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Иймд шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байдал, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр  зүйлийн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Хэрэгт ирүүлсэн яллах дүгнэлт гардуулсан CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л овогт Д-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 7,000 (долоон мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 7,000,000 (долоон сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Д.Э-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  6. Хэрэгт ирүүлсэн яллах дүгнэлт гардуулсан CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Э-д авсан урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ОДБАЯР