Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2020/01544

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг............ тоотод оршин суух, Онгод овогт Нарангэрэлийн ******* /.................../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар баг ................ тоотод оршин суух, Хилчин овогт Батсүхийн******* / .................../-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 08ы өдөр хүлээн авч, 155/2020/01233/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ, нэхэмжлэгч Н.******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.******* нь Б.Шинэсарантай танилцаж үерхэж байгаад 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Мөнгөнзаяа төрсөн ба хүү маань төрсөн цагаасаа хойш буюу 2010 оноос эцэг Н.******* миний асрамжинд одоог хүртэл байгаа. Б.Шинэсаран бид хоёр 2010 оноос хойш хоорондын таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон ба бид тус тусын амьдралтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Б.Мөнгөнзаяаг өөрийнхөө асрамжинд авах ба эхээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Б.Шинэсаран шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Миний бие Батсүхийн******* нь Н.*******тай 2008 оноос 2010 он хүртэл үерхэж байх хугацаандаа хүү Б.Мөнгөнзаяаг 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрүүлсэн. Бидний хооронд санхүүгийн маргаан болон тухайн үед архи уудаг байсан зэрэг шалтгааны улмаас 2010 онд салж одоог хүртэл тус тусдаа амьдарч байна. Н.******* нь 2015 онд тусдаа гарч гэр бүлтэй болсон байгаа. Хүү Б.Мөнгөнзаяа нь 2010 оноос хойш аав Н.*******гийн аав, ээж дээр буюу тэдний асрамжинд өдийг хүртэл амьдарч байгаа. Би хүү Б.Мөнгөнзаяаг эцгийнх нь асрамжинд үлдээж гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаан байхгүй.

Иймд Н.*******гийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.Шинэсаранд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2009 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гэр бүл болсноо 2009 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болох нь 0009216-166-рт дугаарт бүртгэсэн талаарх гэрлэлтийн гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүү Б.Мөнгөнзаяа төрснийг 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Иргэний бүртгэл мэдээллийн газарт бүртгэсэн 0339376/513 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй хэдий ч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2010 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа ба зохигч нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон зэрэг нөхцлийг харгалзан гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээхээ ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн асуудал дээр маргаагүй бөгөөд нэхэмжлэгч Н.******* нь 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Мөнгөнзаяаг өөрийн асрамжинд авах талаархи шаардлагыг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.

Шүүх хүүхдэд тавих эцгийн хайр, халамж, эцэгтээ ээнэгшин дассан байдал, мөн хүүхдийн насны байдал зэргийг харгалзан, эцэг эхийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүсэлтийг үндэслэн 2009 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Б.Мөнгөнзаяаг эцэг Н.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүү Б.Мөнгөнзаяад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдлаа.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2009 оны 08 дугаар сарын 24ий өдөр төрсөн хүү Б.Мөнгөнзаяаг эцэг Н.*******гийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд нь эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шинэсарангаас эд хөрөнгийн бус үнэлж болохгүй нэхэмжлэлд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Шинэсаранд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Онгод овогт Нарангэрэлийн ******* /.................../, Хилчин овогт Батсүхийн******* /................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5зааснаар 2009 оны 08 дугаар сарын 24ий өдөр төрсөн хүү Б.Мөнгөнзаяаг эцэг Н.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь 2009 оны 08 дугаар сарын 24ий өдөр төрсөн хүү Б.Мөнгөнзаяад хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Шинэсарангаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдийн өмнөх хүлээх эцэг, эхийн үүрэг хэвээр үргэлжилдэг болохыг талуудад мэдэгдсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН