Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***-гийн ***-д холбогдох эрүүгийн 2516000040027 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: М ургийн овогтой Б-гийн М

Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.М нь 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн үед Говь-Алтай аймгийн *** сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан цагдаагийн ахлагч Т.Б нь ** сумын *** багийн арын засмал замаар явж байсан *** улсын дугаартай приус-41 загварын тээврийн хэрэгслийг зогсоож, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н.Д-ын бичиг баримтыг шалган, тандагч багажаар үлээлгэхэд 0,93 хувийн согтолттой гэж гарсан тул "драгер багажаар эрүүлжүүлэх саатуулах байранд аваачин үлээлгэх", "автомашиныг саатуулах" талаар тавьсан хууль ёсны шаардлагыг тухайн тээврийн хэрэгсэлд зорчин явж байсан Н.Д-ын эхнэр болох Б.М нь эсэргүүцэж, цагдаагийн алба хаагч Т.Б-ийг  "...хүний машинд та нар хүрэх эрх байхгүй, та нар зайл..." гэх зэргээр хэл амаар доромжилж, зүүн шанаа руу нь гараараа 2 удаа алгадаж, хумсаараа зүүн гарыг самардсан байна. Улмаар Б.М нь нөхөр Н.Д-ыг машины арын суудалд суулгаад өөрөө машин жолоодоод явах гэхэд нь цагдаагийн ахлагч Т.Б нь тээврийн хэрэгслийн номерыг нь тайлж авсан ба урд талын номерыг тайлж байх үед Б.М нь машинаасаа бууж ирээд номерыг булааж авч, номероор Т.Б-ийн хүзүү хэсэг рүү 2-3 удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн тул гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.М нь 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед Говь-Алтай аймгийн ** сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан цагдаагийн ахлагч Т.Б-ийг  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн хэл амаар доромжилж хүний машинд та нар хүрэх эрх байхгүй, та нар зайл гэж хэлээд машинаасаа бууж ирээд зүүн шанаа руу гараараа 2 алгадаж, хумсаараа зүүн гарыг самардсан,  мөн хүзүү хэсэг рүү 2-3 удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

Дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Шүүгдэгч Б.М-г  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

-Хохирогч Т.-ийн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2024 оны 12 дугаар сарын 06-нд хувиар томилгооны дагуу шугам замын эргүүлийн үүргийг ахлах дэслэгч Б.Б-ы хамт гүйцэтгэсэн. 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 03 цагийн үед Харзат багийн арын засмал зам дагуу *** улсын дугаартай приус-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан Н-гийн Д-ын бичиг баримтыг шалгаад тандагч багажаар үлээлгэхэд 0,93 хувийн согтолттой байсан тул Д-ыг эрүүлжүүлэх саатуулах байр руу авч очиж драгер үлээлгэхээр авч явах гэхэд эхнэр нь Д-ыг машиндаа суулгаад зугтаасан. Тухайн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлж очин зогсоогоод Д-ыг эрүүлжүүлэх саатуулах байр руу авч очиж драгер багаж үлээлгэнэ, унаж явсан машиныг нь саатуулна гэсэн шаардлага тавихад эхнэр М нь хэл амаар доромжилж хүний машинд та нар хүрэх эрх байхгүй, та нар зайл гэж хэлээд машинаасаа бууж ирээд миний зүүн шанаа руу гараараа 2 алгадаж, хумсаараа зүүн гарыг самардсан. Тэгээд М нь машиндаа суугаад явах гэхээр нь би тухайн тээврийн хэрэгслийн ард талын номерыг тайлж аваад дараа нь урд номерыг нь тайлж авч байхад М нь машинаасаа бууж ирээд миний тайлж байсан номерыг булааж аваад миний хүзүү хэсэг рүү 2-3 удаа номероор цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

-Гэрч Б.Б-ы 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** улсын дугаартай приус-41 загварын тээврийн хэрэгслийг Харзат багийн хойд талын засмалын ар талын хашааны үүдэнд Т.Б зогсоож шалгаад тандагч багажаар үлээлгэхэд согтуулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн жолооч цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлэхгүй машинаасаа буухгүй байсан. Намайг дуудахаар нь би тээврийн хэрэгслээсээ буугаад очиход жолоочийн эсрэг талын урд талын суудалд сууж байсан эмэгтэй буугаад уг тээврийн хэрэгслийг жолоодоод машин барьж явсан залууг хойд талын суудалдаа суулгаад зугтсан. Араас нь явж хот тохижилтын байрын урд тал зогоож Т.Б жолоочийг бичиг баримтаа шалгуулаарай гэсэн чинь хэл амаар доромжлоод машинаасаа бууж ирээд 2 удаа алгадаад авсан. Тэгэхээр нь би машинаасаа буугаад та болиоч гэж хэлээд салгасан чинь орилоод дайраад байсан. Би нөхрийг нь машиндаа суулгах гээд зууралдаад байж байх хооронд нөгөө эмэгтэй машинаа өгч явуулахгүй гээд машиндаа суугаад хөдөлсөн чинь ахлагч Т.Б тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг авахад машинаасаа бууж ирээд номероо булааж аваад 2-3 удаа номероор цохиод, тавьсан шаардлага эсэргүүцсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

-Цагдаагийн ахлагч Т.Б-ийн зүүж байсан энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 15 минутын бичлэг бүхий цагаан өнгийн "CD" 1 ширхэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

-Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.Алтайбаатарын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн "...1. Т.Б-ийн биед зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. 4. Эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой..." гэх 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар хуудас/

-Т.Б нь Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн загдаа зохицуулагчаар 2 жил 3 сар ажиллаж байгаа талаар лавлагаа /хх-ийн 46/,

-Т.Б-ийн 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бичсэн илтгэх хуудас /хх-ийн 8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нь “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан, шүүгдэгчийн үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 Хууль сахиулагч гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэж хуульчилсан.

Дээрхи нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.М нь 2024 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 03 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан цагдаагийн ахлагч Т.Б-ийг  албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцэн хэл амаар доромжилж хүний машинд та нар хүрэх эрх байхгүй, та нар зайл гэж хэлээд машинаасаа бууж ирээд зүүн шанаа руу гараараа 2 алгадаж, хумсаараа зүүн гарыг самардсан,  мөн хүзүү хэсэг рүү 2-3 удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд санаатай гэмт хэргийн тухайд гэм буруутай этгээд нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай болохыг урьдаас мэдсээр атлаа хүсч хийсэн, эсхүл тэр хор уршигт зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээс ялгагддаг.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “...Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирлын тухайд:

Гэмт хэргийн улмаас бусдад хохирол учраагүй байх тул шүүгдэгч Б.М-г   бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Б.М-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.М-д  танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.М-д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргасан бөгөөд шүүгдэгчийн зүгээс өөрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар ямар нэгэн саналыг гаргаагүй.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт, санаа зорилго, нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөргүй байдал, улсын яллагчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ. 

Бусад асуудлаар:

Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б-гийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д  хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 4-т зааснаар шүүгдэгч Б.М тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.М-д  оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.М-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОДБАЯР