| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/0041/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-02-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Ундармаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ундармаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
Шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундармаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч И овгийн Ц.М-ид холбогдох 2416001990037 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: И овгийн Ц.М.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед АШУҮИС-ийн зааланд Б.Ш багшийн бэлтгэлд орох үедээ гээсэн О.С-ийн эзэмшлийн “Rеdmi note 13” маркийн гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу насанд хүрээгүй хохирогч О.С-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Шүүгдэгч Ц.М нь 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 13 цагийн үед АШУҮИС-ийн зааланд Б.Ш багшийн бэлтгэлд орох үедээ гээсэн О.С-ийн эзэмшлийн “Rеdmi note 13” маркийн гар утсыг олж, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу насанд хүрээгүй хохирогч О.С-д 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдож байна.
1. Насанд хүрээгүй хохирогч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Говь-Алтай аймгийн АШИҮИС-ийн зааланд Б.Ш багшийн бэлтгэлд орж байсан юм. Тухайн өдрийн 12 цаг 10 минутын орчимд заалны баруун талын хамгийн захын сандал дээр өөрийн Rеdmi note 13 маркийн гар утсаа тавьчхаад 13 цагийн үед утсаа авах гэтэл байхгүй байсан. Гар утсаа хулгайд алдсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн гар утас нь цагаан өнгөтэй, хар өнгийн кейстэй, 2024 оны 05 дугаар сарын 29-ний үеэр зах дээр байдаг шилэн захын хажуу талд байдаг дэлгүүрээс 800,000 төгрөгөөр худалдаж авч байсан. 800,000 төгрөгөөр үнэлж байна. Шинэ утас байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
2. Хууль ёсны төлөөлөгч О.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр манай дүү О.С нь өөрийн гар утсаа спорт зааланд хаяж гээгдүүлсэн талаараа хэлсэн. О.С нь өөрийн хаяж гээгдүүлсэн гар утсаа буцааж авсан. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,
3. Гэрч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн гар утсыг манай аав Мижиддорж 2024 оны 07 дугаар сард Анагаахын Их Сургуулийн хашааны үүднээс олж надад өгсөн. Одоо тухайн гар утас манай гэрт байгаа. Манай аав *** Анагаах ухааны их сургуульд ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
4. Ашид Билгүүн ХХК-ний шинжээч Ч.Жамъянгийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “...алдагдсан Rеdmi note 13 загварын гар утасны үнэлгээ нь 800,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх ТХҮ-921/238 дугаартай дүгнэлт /хх-ийн 52-54 дүгээр хуудас/,
5. Юнител ХХК-с 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн 12-01/5758 дугаартай “...*** имей кодтой утсанд *** дугаарыг хийж ашигласан байна. Эзэмшигч ***, ***, Говь-Алтай, *** сум, *** баг...” гэх албан бичиг /хх-ийн 23 дугаар хуудас/,
6. ***-оос Rеdmi note 13 загварын гар утсыг хураан авсан тэмдэглэл /хх-ийн 24 дүгээр хуудас/,
7. Насанд хүрээгүй хохирогч О.С-д Rеdmi note 13 загварын гар утсыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28 дугаар хуудас/ болон зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсанд тооцуулсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Ц.М нь хохирогч О.С-д 800,000 төгрөгийн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.С-д 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан, мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хавтаст 28 дугаар хуудас/, хохирогч хэргийн материалтай танилцаад “...гомдол санал байхгүй ...” гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гээгдэл эд хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.М-ид танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, уг ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овгийн Ц.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн М-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Ц.М-ид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР