| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01324/И |
| Дугаар | 155/ШШ2020/01548 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 155/ШШ2020/01548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ............ тоотод оршин суух, Шарнууд овогт Батаажийгийн ******* /............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ........... тоотод оршин суух, Барнууд овогт Батмөнхийн******* /................../-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2020/01324/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.Чулуунбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Н.Баттөмөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь нөхөр Б.Чулуунбаатартай 1999 онд танилцаж 2000 онд албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Түүнээс хойш 20 жилийн хугацаанд хамт амьдарсан. Хамтын амьдралын явцад бидний дундаас 2001 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр охин Ч.Амартүвшин, 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Ч.Амарзаяа, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү Ч.Ариунбилэг нар төрсөн. Нөхөр Б.Чулуунбаатар нь 2008 оноос хойш зодож цохиж , хэл амаар доромжилж удаа дараа хэрцгий авир гаргах болсон. Энэ үйлдлүүд нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх болсон тул цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй боллоо.
Иймд 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүүхдүүдээ өөрийнхээ асрамжинд авч охин Ч.Амарзаяа, Ч.Ариунбилэг нартаа эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж авна. Мөн одоо амьдарч байгаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-10 тоотод байрлах 7x8 харьцаатай дүнзэн байшин, 4x8 харьцаатай тамбортай өвлийн сууц газраас өөрт ногдох хувь болох 7.000.000 төгрөгийг Б.Чулуунбаатараас гаргуулж авах хүсэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Чулуунбаатар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.*******тэй 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. 2001 оны 09 дүгээр сарын 25ны өдөр том охин Ч.Амартүвшин, 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дунд охин Ч.Амарзаяа, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр бага хүү Ч.Амартүвшин нар тус тус төрсөн. Би *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ эхийн нь асрамжинд үлдээж 2 хүүхэддээ хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Мөн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-10 тоотод байрлах 7x8 харьцаатай дүнзэн байшин, 4x8 хэмжээтэй тамбортай өвлийн сууцаас *******т ноогдох хувь болох 7.000.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн хариу тайлбар хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.Чулуунбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож тэтгэлэг гаргуулах хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-10 тоотод байрлах 11х8 хэмжээтэй өвлийн сууц хашаанаас өөрт ногдох хэсэг болох 7.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2000 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн болох нь ПА №26 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр охин Ч.Амартүвшин төрсөн болох нь түүний иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр охин Ч.Амарзаяа төрсөн болох нь 0012235-125 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ч.******* төрсөн болох нь 0000863297-68 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.Чулуунбаатар нь согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлийн гишүүд нь бие биедээ халдах, хүч хэрэглэх, айлгах, сүрдүүлэх зэрэг байдлаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын цахим лавлагааны хуулбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийллэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.
Хүүхдийн асрамжийн талаар хүүхдүүдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хариуцагч Б.Чулуунбаатар нь хүүхдүүдээ ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа, мөн хүүхдүүдийн санал зэргийг харгалзан гэрлэгчдийн дундаас 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ч.Амарзаяа, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ч.Ариунбилэг нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээж, охин Ч.Амарзаяа, хүү Ч.Ариунбилэг нарт эцэг Б.Чулуунбаатараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Б.Чулуунбаатар нар нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт харилцан тохиролцож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-10 тоотод байрлах 7х11 хэмжээтэй өвлийн сууцыг хашааны хамт эхнэр Б.*******, охин Ч.Амартүвшин, Ч.Амарзаяа, хүү Ч.Ариунбилэг нарын өмчлөлд үлдээхээр талууд тохиролцсон тул гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг талуудын тохиролцсоноор хувааж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Ч.Амарзаяа, хүү Ч.Ариунбилэг нарыг эх Б.*******ийн асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Б.Чулуунбаатар нь хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа.
Нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 88.716 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг буюу 7.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөг, нийт 285.866 төгрөгийг төлөхөөс 100.000 төгрөгийг төлж, үлдэх хэсгийг төлөх хугацааг шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул нэхэмжлэгчээс дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 185.866 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэн учир хариуцагчаас 285.866 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Барнууд овогт Батмөнхийн******* /.............../, Шарнууд овогт Батаажийгийн ******* /...................../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ч.Амарзаяа, 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ч.******* нарыг эх Б.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн хүү Ч.*******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2007 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин Ч.Амарзаяаг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Чулуунбаатараас тус тус тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар зохигч нь нэхэмжлэгч Б.*******, охин Ч.Амартүвшин, Ч.Амарзаяа, хүү Ч.Ариунбилэг нарын өмчлөлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 18-10 тоотод байрлах 11x8 хэмжээтэй өвлийн сууцыг хашааны хамт үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 185.866 /нэг зуун наян таван мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч Б.Чулуунбаатараас 285.866 /хоёр зуун наян таван мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг хүний үүргээ биелүүлэхийг Б.Чулуунбаатарт, энэ үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Б.*******т тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Заяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН