Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/18

 

 

 

 

 

 

 

2025      01        10                                           2025/ШЦТ/18

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал,

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч П.Х нарыг оролцуулан,

Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Х-д холбогдох эрүүгийн 2425************** дугаартай, 171/2025/0010/Э индекстэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овогт П-ын Х, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ***** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, ************* боловсролтой, ****** мэргэжилтэй, ам бүл *, ******-ийн хамтаар ******* аймгийн ******* сумын ******* багийн *-**-** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, РД:***********.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

Шүүгдэгч П.Х нь Х тоотод үйл ажиллагаа явуулдаг авто засварын гадна талд байрлуулсан байсан хохирогч Э.А-ын өмчлөлийн 310х90 метрийн хэмжээ бүхий ус зайлуулах хоолой /полиэтилен хоолой/-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх, хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн эзэмшлийн И ОРХ улсын дугаартай И загварын тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х-гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2425*********** дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч П.Х нь Х тоотод үйл ажиллагаа явуулдаг авто засварын гадна талд байрлуулсан байсан хохирогч Э.А-ын өмчлөлийн 310х90 метрийн хэмжээ бүхий ус зайлуулах хоолой /полиэтилен хоолой/-г шөнийн цагаар нууцаар, хууль бусаар И загварын И ОРХ улсын дугаартай машин механизм ашиглан хулгайлж, 2.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Х-гийн өгсөн: Би уг нь эзнийг нь хайгаад уулзаад худалдаж авъя гэж бодож байсан юм. Хашаандаа жорлонгийн нүх ухуулаад орхичихсон, өөрөө Америк явах гээд виз тулчихсан байсан болохоор хавар болохоор хашаа нурчих гээд ийм хоолой хайж нэлээн явсан. Нэг дугаар өгсөн боловч тэр нь холбогдохгүй, ашиглалтад байхгүй гээд байсан. Тэгээд эзэн нь олдвол хэлээрэй, мөнгийг нь өгөөд авъя гэж тамхины цэг, эмийн сан, дугуй засварын хүмүүсээс асууж байсан. Тэгээд эзэн нь гараад ирвэл учир зүйгээ олчих байх гэж бодсон. Тийм асуудал гараад тулчихсан байсан учраас ачаад явчихсан юм, тэр нь хулгайн хэрэг болчихлоо. Төлбөрийг нь барагдуулсан байгаа. Би уг нь хулгайлъя гэсэн зорилгогүй байсан, хүн нь гараад ирвэл үнэ хөлсийг нь тохиръё гэж бодсон. Тэндээ олон жил болсон гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Э.А-ын өгсөн: “...Х тоотод үйл ажиллагаа явуулдаг А засварын төв дээрх ажил дээрээ ирчхээд харьсан юм. Тэгээд өглөө ирсэн чинь хажуугийн тамхины цэгийн залуу над руу залгаж өчигдөр 23 цагийн орчимд цэнхэр өнгийн Портер загварын ачааны тээврийн хэрэгсэл урд талд байсан усны том хоолойг чинь чирч авч явах гэж байхад нь болиулж гар утас руу чинь залгасан боловч чи утсаа аваагүй гэж надад хэлсэн. Би тухайн үед гар утасны дуугаа сонсоогүй байсан юм. Тэгээд маргааш нь очсон чинь миний ус зайлуулах 310х90 метр хоолой хулгайд алдагдсан байсан юм. Тэгээд би тамхины цэгээс асуусан чинь И ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан гэж надад хэлсэн. 310х90 метр ус зайлуулах төмөр хоолойг би С хувь хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан юм. Хүмүүс ихэвчлэн 00 барихад ашигладаг юм... Х гэдэг хүн үнэлгээнд заагдсан 2,000,000 төгрөгийг миний данс руу шилжүүлж намайг хохиролгүй болгосон. Надад тухайн хүнтэй холбоотой гаргах гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал/,

 

2. Гэрч Ш.Э-гийн өгсөн: “...Манай нөхөр П.Х нь И ОРХ улсын дугаартай цэнхэр өнгийн И загварын тээврийн хэрэгсэл эзэмшиж хэрэглэдэг. Манай нөхөр тухайн тээврийн хэрэгслийг 10 жилийн өмнө авч байсан юм. Өөр хамтран эзэмшдэг хүн бол байдаггүй. Манайх Х буюу шинэ хаяг нь ХА тоот гэж явдаг юм. Манай нөхөр П.Х нь *********** аймагт байсан. Би тухайн үед бол Улаанбаатар хотод байсан. Тэгэхдээ манай нөхөр тухайн өдрүүдэд хөдөө гадаа явна гэж ярьж байсан юм. Би сүүлд нөхөртэйгөө ярьсан чинь манай нөхөр 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хорооллын ХА тоот хашаандаа 00 гаргах гэж явж байгаад Уртын гол багт засварын газрын гадаа хоолой зарна гэсэн байсан. Тэгээд утсыг нь олох гэж хайгаад олоогүй болохоор нь засварын гадаа байсан ус зайлуулах хоолойг өөрийн тээврийн хэрэгслээр ачсан гэж ярьж надаа хэлсэн юм. Манай нөхөр Америкийн Нэгдсэн улсын 10 жилийн визтэй одоо дуусаж байгаа. 2024 оны 08 дугаар сард Монгол улсад ирэх юм” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

 

3. Гэрч Б.С-ийн өгсөн: “...Манай нөхөр бид хоёр “*******” дээрээс зар харж байгаад ойролцоогоор 2022 онд 310х90 хэмжээтэй ус зайлуулах хоолойг 2.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгийг нь бол бэлнээр өгч байсан. Тэгээд манай нөхөр тухайн хоолойг Х тоотын хажуугийн авто засварын хажууд байрлуулчихсан байсан юм. 2024 оны зун дулаарахаар хэрэглэх гэж байсан юм…” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

 

4. Гэрч Ц.У-ын өгсөн: “...Би Х тоотод хаяг дээр хувиараа тамхины бөөний төв ажиллуулдаг. Тэнд тамхины бөөний төв ажиллуулж эхлээд 1 жил орчим болж байна. Ч.А гэдэг хүнийг танина. Манай тамхины бөөний төвийн хажууд залгаа дугуй засвар, хоолны газар зэргийг ажиллуулдаг... Миний санаж байгаагаар 2024 оны 03 дугаар сарын 02-ны шөнө 23 цаг өнгөрч байх үед өөрийн хариуцан ажиллуулдаг тамхины бөөний төв дээрээ эхнэрээ машинтай ирж авахыг хүлээгээд сууж байтал гадаа машин ирэх чимээ сонсогдсон. Энэ үед би явах гээд гаднах гэрлээ унтраачихсан байсан учраас гадаа гарч хартал тамхины цэгийн зүүн талд газарт байсан Ч.А гэдэг хүний өргөн, төмөр хоолойны дэргэд цэнхэр өнгийн И загварын тээврийн хэрэгслийн жолооч гэрлээ унтраачихсан байдалтай ирж зогссон. Би яах гэж байгаа юм бол гээд харж байтал хувцсыг нь одоо санахгүй байна, намхан биетэй 50 гаран настай, нэг эрэгтэй хүн машинаас бууж ирээд төмөр хоолойн завсраар уяа оруулж машинтайгаа бэхлээд шууд хөдлөөд явчихсан. Цэнхэр өнгийн И загварын И ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч шууд газарт нөгөө төмөр хоолойг чирээд явчихсан. Би араас нь наадах чинь хүнийх шүү дээ гэж хашхиртал тоогоогүй, бас огт машиныхаа гэрлийг асаалгүй тэр чигтээ яваад өгсөн. Нэлээн явж байгаад нөгөө төмөр хоолойг чирч байсан уяа нь тасарч газарт төмөр хоолой нь үлдсэн, харин машин зогсолгүй чигээрээ явсан. Энэ үед би А руу залгаж болсон явдлын талаар хэлэх гэтэл утсаа аваагүй. Тэгээд удаа ч үгүй эхнэр ирэхээр нь би яваад өгсөн юм. Маргааш өглөө нь тамхины бөөний цэг дээрээ иртэл нөгөө газарт чирэгдэж байгаад үлдсэн төмөр хоолой алга болчихсон байсан. Би төмөр хоолойг байхгүй байхаар нь шөнө гэрлээ унтрааж ирж төмөр хоолойг машинаараа чирсэн намхан биетэй, 50 гаран насны эрэгтэй буцаж ирээд дахиж олсоор бэхлээд төмөр хоолойг аваад явчихсан юм байна даа гэж бодсон. Мөн би А-т И ОРХ улсын дугаартай машинтай хүн чиний төмөр, хоолойг аваад явчихсан шүү, чамд хэлэх гэсэн чинь чи утсаа аваагүй гэж хэлсэн... 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 3-4 хоногийн өмнө санагдаж байна. Тамхины бөөн дээрээ байхад хүмүүсийн хажуугаар 50 гаран насны 1 эрэгтэй хүн "танай гадаа байгаа төмөр хоолой хэнийх вэ, зарах юм болов уу, энэ хоолойг мэддэг хүн байна уу" гэж асуухаар нь би “наадах чинь хүнийх ээ, эзэнтэй, бид нар зарах үгүйг нь сайн мэдэхгүй байна” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

 

5. Яллагдагч П.Х-гийн өгсөн: “...Х гэх засварын газрын хажууд бохирын хоолой байхаар нь хүнээс асуусан чинь хүн нь олдохгүй байгаад байхаар нь би орой өөрийн эзэмшлийн И ОРХ улсын дугаартай И загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй шөнө ирж олсоор машины ардаас чирч ХА тоот хашаан дотроо жорлонгийн нүх ухчихсан байсан болохоор буулгаж тухайн нүх рүү тухайн хоолойг хийж орхиод Улаанбаатар хот руу явсан юм... Нүх ухчихсан болохоор хашаа хороо, нурах гээд хоолой хэрэг болоод авчихсан юм. Би 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны ************** дугаарын данс руу 2.000.000 төгрөг шилжүүлж хохирлоо бүрэн барагдуулсан... Би бусдын эд зүйл хулгайлсан гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 69 дэх тал/,

 

6. Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.М-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/64 дугаартай “...2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар полиэтилен хоолойн үнэлгээ 2,000.000 /Хоёр сая/ төгрөг болж байна...” гэх үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 43-47 дахь тал/,

 

7. “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай “И” загварын автомашин нь 2024 оны 03 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 4,500,000 (Дөрвөн сая таван зуун мянга)-н төгрөгөөр тогтоов” гэх хөрөнгө үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 52-55 дахь тал/,

 

8. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 14-16 дахь тал/,

 

9. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

 

10. П.Х-гаас гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 1 хуудас баримт, /хавтаст хэргийн 80-81 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч П.Х-г хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч П.Х нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй, хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлж тус тус оролцсон болно.

 

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Г.А, гэрч Ш.Эрдэнэчимэг, Б.Сарангуа, Ц.Ууганбаяр нарын өгсөн мэдүүлэг, яллагдагч П.Х-гийн гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Монгол улсын мэргэшсэн үнэлгээчин Д.Мягмарсүрэнгийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 02/64 дугаартай үнэлгээний тайлан, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 21 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан, хэргийн газарт үзлэг хийсэн болон нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч П.Х нь Э.А-ын өмчлөлийн 310х90 метрийн хэмжээ бүхий ус зайлуулах хоолой /полиэтилен хоолой/-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол учруулан, хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах, үйлдлээ хөнгөвчлөх, хулгайлсан эд хөрөнгөө зөөж тээвэрлэх зорилгоор өөрийн эзэмшлийн И ОРХ улсын дугаартай И загварын тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэм буруутай нь нотлогдож, тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч П.Х нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан, түүнийг машин механизм ашиглан, зөөж тээвэрлэн өөрийн эзэмшилд оруулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч П.Х-гийн үйлдэл нь Өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн машин механизмыг ашигласан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч П.Х-гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Ат 2.000.000 (хоёр сая) төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч П.Х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 2.000.000 төгрөгийг хохирогч Э.А-ын Хаан банкны 5093087771 тоот дансаар шилжүүлж, хохирлыг барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 81 дэх талд/-аар тогтоогдож байна.

Шүүхээс хохирогч Э.А-т шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэж холбогдоход за ойлголоо, хохирлоо бүрэн авсан ба надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлжээ.

Иймд шүүгдэгч П.Х-г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч П.Х-г хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч П.Х-гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч П.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Хавтаст хэргийн 72-73, 75-78 дахь талд авагдсан мөрдөн шалгах ажиллагааны үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, автотээврийн хэрэгсэл эзэмших өмчлөх эрхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч П.Х нь урьд ял шийтгүүлж байгаагүй, оршин суух тодорхой хаягтай, өөрийн нэр дээр Исузу элф, Хюндай верна загварын 2 тээврийн хэрэгслийн бүртгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Х-г хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн санал гаргаж оролцсон болно.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Х-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Х-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөл, эзэмшилд байгаа нь автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий цэнхэр өнгийн И ОРХ улсын дугаартай, “И” /И/ загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчээс тээврийн хэрэгслийг албадан хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Э.А нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч П.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч П.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Х-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн Цагдан хорих байранд цагдан хорьсугай.

5. Шүүгдэгч П.Х нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Э.А нь нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.Х-гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан И ОРХ улсын дугаартай, цэнхэр өнгийн “Исузу Элф” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 09 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 4.500.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ