Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ,

шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.С-т холбогдох 2416002950023 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Говь-Алтай аймгийн ******сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говь-Алтай аймгийн ******* сумын ***** багийн *********** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Т ургийн овгийн С-н С.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч С.С нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн ************ сумын *********** багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.З-тэй “муухай харлаа, яагаад муухай хараад байгаа юм бэ?” гэх зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүний нүүр, толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун чихний зөөлөн эдийн гэмтэл, чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

1. Хохирогч Б.З-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цагийн үед гэртээ байж байсан чинь манай найз А “гараад ир уулзъя” гэсэн чат бичээд манай гадаа ирчихсэн байна гэхээр нь гараад уулзсан чинь А танихгүй 2 залуутай гурвуулаа явж байсан. Тэгээд А-г согтуу байхаар нь буцаад гэр лүүгээ орсон. Тэгээд удалгүй би Л-н хамт Анагаахын зааланд тэмцээн үзэхээр явсан. Тэгсэн чинь А араас ирээд суучих гээд байсан. Тэгэхээр нь би суухгүй гэсэн чинь С гэдэг залуу танай найзыг зодохгүй зүгээр юм ярья гээд манай найз Л-т хэлсэн. Тэгээд би машинд нь суусан. Машинд нь суусан чинь хойшоо Жаргалантын хороонд А-г хүргэж өгөх гээд явсан. Тэгээд С гэдэг залуу машины суудлын арын карманаасаа хутга гаргаж ирсэн. Тэгэхэд А “наадхаа бүрэн алаарай дутуу албал хөгжлийн бэрхшээлтэй болно, чи алуулбал юу ч олж долоохгүй шүү гэж хэлээд буусан” ... Тэгээд гэрийнхээ дээд талд ирээд машинаас буусан чинь С гэдэг залуу намайг боогоод авсан. Тэгээд хамт явсан залуу нь бид хоёрыг салгасан чинь С “та наадханыхаа талд орох юм уу миний талд орох юм уу” гэхэд нөгөө залуу нь “гэрийн чинь үүдэнд буулгаад өгье” гэж хэлээд намайг машиндаа аваад хамт суусан. Тэгээд ***-н хорооны урд талын дэрс рүү очсон. Тэгээд С гэдэг залуу бууж ирээд намайг толгой тархи руу цохиод байсан. Тэгсэн чинь М гээд нэг эмэгтэй ирээд салгасан. Тэгэхээр нь би гэр лүүгээ зугтаагаад харьсан ... Нүүр хавдчихсан, чихний ард талд шалбарчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/

2. Гэрч Ё.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “ ... Тэгээд ******-н хороонд очоод З гэх залууг дуудаж уулзсан. Тэгсэн чинь З гэх залуу анагаах дээр найзаасаа машин авах гэсэн юм гээд шинэ анагаахын заалны хажууд очсон. Тэгээд бид 4 аймгаас хойшоогоо гараад ******** колонк дээр очсон. Тэгээд А-г буулгачхаад З гэх залууг гэрт нь хүргэж өгөхөөр Х-н хороо руу явсан. Тэгээд гэрийнх нь дээд тал руу явж байсан чинь З, С хоёр хоорондоо муудалцсан. С нөгөө залууг “яагаад муухай хараад байгаа” юм гэсэн чинь З нь “муухай харахаар яадаг юм” гээд тэр хоёр машинаас буугаад гудамжинд барилцаж авахаар нь би машинаас буугаад салгасан. Тэгээд бид 3 машиндаа суугаад З-н гэрийн урд талын дэрс рүү уруудаад дэрсний хажуухан талд очсон. Тэгсэн тэр хоёр машинаас буугаад хоорондоо барилцаж аваад хэрүүл маргаан хийгээд байхаар нь би буугаад З гэх залууг нь “чи гэр лүүгээ яв, С-г машиндаа суу” гэж хэлсэн. Тухайн үед З-г гэр лүүгээ явж байхад нь араас нь С очоод уучлалт гуйгаадахъя зодоон цохион хийхгүй гээд араас нь явсан. Тэгээд С уулзчихаад буцаад хүрээд ирсэн. ..." гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас/

3. Гэрч Б.О-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цагийн үед манай садангийн хүүхэд Л манай нөхөр З-г “хоёулаа анагаахын зааланд тэмцээн болж байгаа тэрийг үзье” гээд дагуулаад гарсан. Тэгээд 17 цагийн манай нөхөр З гэртээ хүрээд ирсэн. Тэгснээ “би С гэдэг залууд зодуулчихлаа” гэж хэлсэн. Тухайн үед нүүрний хоёр талын хацар хавдсан баруун чихний ар талдаа шалбарсан байдалтай байсан. Тэгээд манай нөхөр бөөлжөөд байхаар нь эмнэлэг дуудаж үзүүлээд эмнэлэг дээр очсон. Эмнэлэгт очиход манай нөхрийн даралт их байна гээд тариа хийлгэчхээд гэртээ ирсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас/,

4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч  эмч,  цагдаагийн  хошууч  Т.Алтайбаатарын  2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 304 дугаартай“... Б.З-н биед хамар ясны хугарал, баруун чихний зөөлөн эдийн гэмтэл, чихний ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ...” гэх шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас/,

5. Шинжээч Т.Алтайбаатарын “... хохирогч Б.З-н биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч С.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.З-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 131,816 (нэг зуун гучин нэгэн мянга найман зуун арван зургаа) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч “... сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг  тогтоолгох шаардлагагүй ...” гэх агуулга бүхий хүсэлт /хавтаст хэргийн 91 дүгээр хуудас,  хэргийн материалтай танилцаад “... гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт/хавтаст хэргийн 93 дугаар хуудас/-г тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд  131,816 (нэг зуун гучин нэгэн мянга найман зуун арван зургаа) төгрөг төлөхөө илэрхийлжээ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэгт гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр зохицуулсан байна.

Үүнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаас шалтгаалан хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарсан зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгийн байгууллагад олгосон тохиолдолд энэ зардлаа буруутай этгээдүүдээс нэхэмжлэх эрхтэй, үүнийг нь хариуцвал зохих этгээд буцаан төлж санг хохиролгүй болгох үүрэгтэй гэж ойлгоно.

Иймээс Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан эмчилгээний төлбөр 131,816 (нэг зуун гучин нэгэн мянга найман зуун арван зургаа) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч С.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С-н С-г Эрүүлийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.С-г 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч С.С-т сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.С-с 131,816 (нэг зуун гучин нэгэн мянга найман зуун арван зургаа) төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

6. Энэ хэрэг шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА