Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр,

улсын яллагч Ө.Манзушир,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан,

шүүгдэгч Ж.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзушир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч  Ж.Ч-д холбогдох 2516000000044 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, **** оны **** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “********” ХХК-д сорьц бэлтгэгч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ********** сумын ********* багийн ************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, Ш овогт Ж-н Ч.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Ж.Ч нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 16 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй харилцаанаас шалтгаалан харилцан зодолдож улмаар түүний нүүрэн тус хэсэгт гараараа цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хөмсөгний гадна талд шарх, хамар, баруун доод зовхи, зүүн доод зовхи, дээд, доод уруул, баруун бугуй, баруун чигчий хурууны 2-р үе, зүүн эрхий хурууны 3-р үе, зүүн 3,4,5-р хурууны 2-р үенд зулгаралт гэмтэл учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ж.Ч-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “... Б-г машинаас татаж гаргаад нэг удаа цохиж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байгаа. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/

2. Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Гэнэт намайг Ч машинаас татаж гаргаж ирээд заамдаж аваад нүүр лүү цохиж байсан. Тэгээд намайг сүүлд нь газарт унагаачихсан дээрээс Ч цохиод газар мөргүүлж байсан. Тэгээд цаашаа ерөөсөө юу ч санахгүй нэг мэдсэн чинь машиныхаа хажууд ганцаараа хэвтэж байсан. Машинаас гарч ирж байхад Ч байсан. Тэгээд дээрээс цохиж байхад бас Ч байсан ... Бид 2 хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Ямар шалтгаанаар гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. Машинаас гаргаж ирээд ямар ч байсан заамдаж авч байсныг нь санаж байна. Дээр гарчихсан дээрээс цохиж байсныг нь санаж байгаа ... Би 103 дээр очоод хамгийн түрүүнд тархины зураг авхуулаад шархнуудаа боолгоод маргааш өглөө нь гэмтлийн эмч дээр үзүүлээд тархины томографикын зураг авхуулсны 36,000 төгрөг төлсөн. Тэгээд надад эм бэлдмэл бичиж өгсөн. Тэр нь хэдэн төгрөг болсныг би сайн мэдэхгүй байна. Манай эгч авч ирж өгсөн ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 34-37 дугаар хуудас/

3. Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Тэр өдөр намайг эмнэлгийн хойд талаас Ч, М, Б нар ирж авсан. Тэгээд дээшээ тал руу явсан. Талд явж байгаад машиных нь бензин дуусаад зогссон. М нь гэр лүүгээ явлаа гээд түрүүлээд явсан. Би М-г явснаас хойш 5-10 минут болоод дараад байхаар нь машинаас буугаад ганцаараа гэр лүүгээ алхаад явсан. Намайг буугаад явах үед жолооны ард Б суугаад үлдсэн. Ч нь машины арын суудал дээр унтаж үлдсэн ... Ч согтуу байсан болохоор амандаа юм хэлээд байсан. Б нь Ч руу салаавч гаргаад байсан... ” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/

4. Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч  эмч,  цагдаагийн  ахмад Д.Даваахүүгийн  2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ГАО0725/080 дугаартай “... Б.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хөмсөгний гадна талд шарх, хамар, баруун доод зовхи, зүүн доод зовхи, дээд, доод уруул, баруун бугуй, баруун чигчий хурууны 2-р үе, зүүн эрхий хурууны 3-р үе, зүүн 3, 4, 5-р хурууны 2-р үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ ... Дээрх гэмтлүүд нь 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болно... Дээрх гэмтлүүдээс хамрын ясны хугарал, харин таславчийн муруйлт, зүүн хөмсөгний гадна хэсгийн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын  хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Ч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй, эрүүл мэндийн байгууллагын зүгээс хохирогчид нийт 755,728(долоон зуун тавин таван мянга долоон зуун хорин найм) төгрөгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөрийг иргэний нэхэмжлэгч нэхэмжилсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч хэргийн материалтай танилцаад “...санал хүсэлт байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 129 дүгээр хуудас/-г гаргасан, шүүгдэгч хохирогчид 4,000,000(дөрвөн сая) төгрөгийн хохирол төлсөн нь мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримтаар, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд  755,728(долоон зуун тавин таван мянга долоон зуун хорин найм) төгрөгийг төлсөн болох нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд /хавтаст хэргийн 126 дугаар хуудас/-аар тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ж.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч хохиролд 4,000,000(дөрвөн сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  755,728(долоон зуун тавин таван мянга долоон зуун хорин найм) төгрөг тус тус төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Ж-н Ч-г Эрүүлийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ч-г 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Ч-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч хохиролд 4,000,000(дөрвөн сая) төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд  755,728(долоон зуун тавин таван мянга долоон зуун хорин найм) төгрөг тус тус төлсөн, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА