Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/178

 

 

 

 

 

    2021           02            10                                        2021/ДШМ/178                                                   

           

Э.Б-д холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Д.Халзан,  

            нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2006039322769 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн Э-ын Б-, Улаанбаатар хотод 1990 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент, маркетингийн  мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Тэгш чанар” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан, ам бүл 3; эмэг эх, эгчийн хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Ахмадын хорооллын 000-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 000000000/

Э.Б- нь 2017 оны 07 дугаар сараас 2019 оны 10 дугаар сарын хооронд “Тэгш чанар” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 46,802,741 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Э.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Б-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ээс 35,237,268 төгрөг гаргуулан хохирогч “Тэгш чанар” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Э.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Тэгш чанар” ХХК-д үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрлөж байсан. Надад 46,802,741 төгрөгийн хөрөнгө завших санаа байгаагүй. Миний бие уг гэмт хэргийн хор уршиг болон гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. “Тэгш чанар” ХХК-д учруулсан хохирлоо барагдуулж эхэлсэн. Нийт хохирлоос 35,237,268 төгрөг үлдсэн. Энэ төлбөрийг хуульд заасан журмын дагуу төлж барагдуулах болно. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй, өөрийн хүч хөдөлмөрөөр ажиллах, сурах ухамсар ойлголт надад бий. Тиймээс шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэв.

Прокурор Х.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хохирол төлсөн гэх баримт хэрэгт байхгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдсан гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Хэргээс үзэхэд, шүүгдэгч Э.Б- нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн “Тэгш чанар” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ /77/-ээр, хувьдаа завшсан борлуулалтын орлого 35,237,268 төгрөг болох нь тооцоо нийлсэн актууд /хх 102, 104, 111/ болон гэрч Б.Пүрэвсүрэнгийн мэдүүлэг /хх 14/-ээр тус тус нотлогдож байхад прокурор, шүүхүүд гэмт хэрэг гарсан хугацааг “... 2017 оны 07 дугаар сар...” гэж, хохирлын хэмжээг “... 46,802,741 төгрөг ...” гэж тогтоожээ. Гэвч хэргийн үйл баримтын талаар хийсэн энэхүү алдаатай дүгнэлт нь шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхгүй гэж үзсэн тул давж заалдах шатны шүүхээс залруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.     

Шүүгдэгч Э.Б- нь 2016 оны 04 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд “Тэгш чанар” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн хариуцан борлуулсан бараа, бүтээгдэхүүний нийт 35,237,268 төгрөгийн орлогыг хувьдаа ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч “Тэгш чанар” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Э.Одончимэгийн “...Э.Б- нь манай компанийн захын салбар хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа харилцагч нараас компанийн дансанд орох ёстой орлогын мөнгийг дундаас авч байсан байна. Дотоод санхүүгийн шалгалтаар захын салбаруудаас 36,262,268 төгрөг завшсан нь тогтоогдсон. Тэрээр ажлаа хаяад явсныхаа дараа ерөнхий захирал О.Мөнхбаттай уулзаж ярилцаад 46,802,741 төгрөгийн хохирлыг бэлэн болон бэлэн бусаар завшсан гэдгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан...” /хх 08-09/,

гэрч Б.Пүрэвсүрэнгийн “...Аудитын шалгалт хийхэд худалдааны төлөөлөгч Э.Б- нь захуудын харилцагч нараас бараа бүтээгдэхүүн борлуулсан төлбөрийг өөрийн дансаар болон бэлнээр авч өөртөө завшсан үйлдэл тогтоогдсон. Шалгалтаар 46,802,741 төгрөг завшсан болохыг тогтоож, түүнд танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Үүнээс 10,549,313 төгрөгийг Г.Мөнхсоёл менежер захиралтай ярилцаад хассан байдаг...” /хх 13-14/,

гэрч Г.Мөнхсоёлын “...Би Э.Б-ийг хариуцан ажиллаж байсан. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сарын эцэс болж тооцоо шахахад Э.Б-ий борлуулсан бараа бүтээгдэхүүний зээлийн хэмжээ өндөр гарахаар нь өөрийн биеэр Барс-1 худалдааны төвөөр очиж авлагын үлдэгдэл таарч байгаа эсэхийг шалгахад зээлийн зөрүүтэй гарсан. Дундын харилцагч нар худалдааны төлөөлөгч Э.Б-д тооцоо бэлнээр өгсөн гарын үсгээ зурсан байсан. Тэгээд би Э.Б-ийг дуудаж уулзахад үүссэн авлагын жагсаалтаас өөрийн гараар авсан тооцоонуудыг дугуйлж өгсөн. Уг тооцоог хийхэд 33,909,400 төгрөг гарсан. Үүнийг санхүүгийн албанд танилцуулсан...” /хх 16-17/,

гэрч С.Мөнгөнбаатарын “...Би “Тэгш чанар” ХХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай. 4 нягтлан бодогчийн хийсэн шалгалтаар Э.Б- мөнгө завшсан болохыг олж тогтоосон...” /хх 19-20/ гэсэн мэдүүлгүүд,

“Тэгш чанар” ХХК-ийн санхүүгийн тооцоо нийлсэн акт /хх 60, 81-84/, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажилтны анкет /хх 85, 75-78/, ажлын байрны тодорхойлолт /хх 90/, санхүүгийн дотоод хяналт шалгалтын акт /хх 100-102/, шүүгдэгч Э.Б-ий мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 28-29/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Э.Б- нь “Тэгш чанар” ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байхдаа өөрийн хариуцсан салбаруудад бараа, бүтээгдэхүүн борлуулж, орлогоо өөрөө цуглуулан компанид төлдөг байсан тул компанийн өмчлөлийн бараа, бүтээгдэхүүн болон харилцагчдаас оруулсан орлогыг итгэмжлэн хариуцсан ажилтан байжээ. Тэрээр борлуулсан бараа, бүтээгдэхүүний орлогыг компанид тушаалгүй, хувьдаа авч ашигласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн шинж, гэмт хэргийн сэдэл, санаа зорилго, гэм буруугийн хэлбэрийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Э.Б-ий гэм буруу, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулаагүй байх тул “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн гомдлыг нь хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/02 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН