Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 82

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,  Улсын яллагч Ж.Очирбат,  Шүүгдэгч Д.Бямбадорж,  Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цэдэнбал овгийн Даваадуламын Бямбадоржид холбогдох эрүүгийн 201715000117 тоот хэргийг хянан хэлэлцлэв.  
 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1975 оны 10 дугаар сарын 11-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Эмээл” гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Цэдэнбал овогт Даваадуламын Бямбадорж, /РД:ЙЙ75101111/  
Шүүгдэгч Д.Бямбадорж нь 2017 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 20 цаг 30 минут орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Эмээл” гэх газар байрлах өөрийнхөө гэрт Д.Төгсбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичгдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Д.Бямбадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн өдөр архи уучихаад хохирогчтой хониноос болж  маргалдсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.  
Хохирогч Д.Төгсбатын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой 20:00 цагийн үед гэртээ бөх үзээд сууж байсан чинь манайд Д.Бямбадорж мотоцикльтай согтуу ирээд гэрт орж ирээд юун бөх барилдаж байгаа юм гээд манай хүүхэд тэр өдөр хонийг нь хариулж байсан болохоор хониныхоо хүүхдийг аваачиж хоол өгье гэсэн. Өврөөсөө 1 ш бэлэн гоймон гаргаж ирсэн. Тэгээд манай хүүхдийг  манайд очих уу гэсэн. Манай хүүхэд хониноос нь ирчихсэн байсан болохоор би гэртээ байгаа юм чинь эндээ үлдье гэсэн. Тэгсэн чинь намайг манай авгай хүүхэд байхгүй манайд очиж хоёулаа ханьтай бөх харъя гэсэн. Тэгэхээр нь би танайд очиж яах вэ? Би бөхөө гэртээ үзчихье гэсэн. Тэгсэн чинь гадаа гарчихаад мотоциклио асаачихаад Төгсөө ахаа гээд хэд хэдэн удаа чанга орлиод байсан. Би гарсан чинь манайд очиж бөх хамтдаа үзье гээд хоргоогоод болохгүй болохоор нь занг нь мэддэг юм чинь сүүлд нь юм санаад унах байх гэж бодоод хурдхан оччихоод ирхээс гээд гарахад эхнэр яах гээд байгаа юм наадах чинь согтуу байна шүү дээ гэж бас хэлж байсан. Би ардуур нь мордоод гэрт нь очсон. Гэртээ  оронгуутаа суугаад л цай хийж өгөлгүй л шууд өврөөсөө нэг шил “Нутгийн буян” гэдэг нэртэй, 500 гр архи гаргаж газар тавьсан. Архиа гаргаж байхдаа чи миний энийг тоож уухгүй юм байгаа биз, та нар чинь “Улаанбаатар” гэдэг архи уудаг улсууд гэсэн биз дээ гэж хэлсэн. Мөн бараг “Ерөөл” гэдэг архи ч тоохгүй юм байгаа биз гэдэг юм байна. Тэгж хэрүүл гуйгаад эхэлсэн. Тэгэхээр нь би телевизийнх нь өмнө суугаад бөх харах санаатай асаачих гэсэн. Тэгээд аяга авч өгөхөөр нь би намайг аягал гэж байгаа юм байна даа гэж бодоод Д.Бямбадоржид нэг аягалж өгсөн. Тэр хооронд Эрээн бор, Жигжидийн танай гурван айл манай хаваржааг малаараа идүүлээд дуусгадаг биз дээ гэж надад хэлсэн. Би танай манайх хоёр намар зэрэг л нүүдэг биз дээ, идүүлээд байхдаа яадаг юм гэж хэлчихээд өөрөө нөгөө архинаас нэг татаад Д.Бямбадоржид нэг хийж өгсөн. Тэгээд би эргүүлээд хоёр дахь удаагаа Д.Бямбадоржийг уусны дараа өөртөө нэг хийж уучихаад, гурав дахь удаагаа Д.Бямбадоржид нөгөө архинаас хийж өгсөн. Тэр гурав дахь рүнктэй архиа Бямбадорж уулгүй надтай хэрүүл хийгээд байсан. Манайх нэг хавар тэдний хонинууд тарган болохоор нь нэг хонь зээлж аваад буцаагаад намар нь хониор нь төлж өгсөн юм. Тэгсэн чинь тэрийг яриад танайх сүүлд нь надад муу хонь өгсөн байна лээ гэсэн. Тэгэхээр нь би ер нь надаас хэрүүл гуйгаад байна яаж ч мэдэх хүн гэж бодоод тийм бол тэр дор нь хэлээд солиод авахгүй яасан юм бэ хэрүүл хийж уухгүй ээ хө, би явлаа гээд гарах гээд босго даваад тонгойтол ар захнаас татаад хаалганы дээд тотго мөргүүлсэн. Би тотго ар дагзаараа мөргөөд урагшаагаа гадагшаа гараад газар унасан. Их хүчтэй мөргөсөн. Унасан хойно нэг удаа миний зүүн гуя руу Д.Бямбадорж өшиглөж авсан. Би арай ухаан алдаагүй. Хурдхан босоод ирсэн чинь намайг заамдаад авсан. Би яаж байна гээд хоёр гараараа Бямбадоржийн нүүр мөр лүү нь түлхсэн чинь цаашаагаа болоод эргэж хүрч ирж намайг барьж авч хавсарч унагаад газар унасан чинь гараараа атгаж байгаад нүүр лүү цохисон. Бас л их хүчтэй цохисон. Сүүлд нь үзэхэд шанаа зулгарч хавдсан байсан. Би айгаад тэрүүхэн үедээ нүүрээ хамгаалаад хэвтсэн. Тэсэн чинь намайг миний цамцаар толгойг бүтээгээд толгой тархи руу хатуу юмаар дөрвөөс таван удаа цохисон. Тэгээд алуулах юм байна яаж салах вэ гэж нүүрээ хамгаалангаа бодоод нэг эргэж хараад хоёр хөлөөрөө гэдэс, цээж рүү нь тийрсэн. Тэгсэн ашгүй Бямбадорж цаашаагаа газар бөгсөөрөө суун тусаад холдсон. Тэгэхээр нь би босоод зугтсан. Мөлхөн барин зугтаагаад шууд гэртээ очсон. Толгой эргээд зугтаж байхдаа гараараа газар дөрвөн хөллөж явж ч байсан. Нэлээн сайн нүдүүлсэн. Хүн алах хүн байна лээ. Би ч ер нь мэддэг юм. Айгаад байдаг юм. Толгойд 4-5-н удаа цохисон. Миний биед толгой 3-н газар хагарсан, нэг хагархайд нь 3-н оёдол тавиулсан. Нэг хагархайд нь 1 оёдол тавиулсан. 2 газар хавдсан, шанаа халцарч хавдсан, гap хурууны арьс зулгарсан, зүүн хөл гуяндаа хөндүүрлээд өвдөөд байгаа. Толгой эргээд өвдөөд байгаа. Амаа ангайхаар, чанга мал чай гээд орилхоор том ангайж болохгүй өвдөөд байгаа. Ийм гэмтэл бэртэл учирсан. Зугтааж байхдаа би алгаараа гараа газар тулсан. Гэтэл миний зүүн гарын дунд хуруу, сарвууны ар хэсэгт, мен баруун гарын чигчий хурууны хойд үе, ядам хурууны хойд үе, дунд хурууны дунд хэсэгт, долоовор хурууны хумсны ар хэсэгт зулгарсан. ... Бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн,..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/ 
 Гэрч Н.Нарантуяагын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 30-ны орой манай нөхөр Төгсбат бөх үзээд гэртээ сууж байхад гаднаас Д.Бямбадорж орж ирсэн. Манай хүүхдэд нэг бэлэн гоймон авчирсан. Тэгээд манай нөхрийг гаръя гэсэн. Манай хүн бөх үзэж байна гэсэн. Тэгсэн чинь гадаа гарч мотоциклио асаачихаад дээр нь мордчихоод манай нөхөр Төгсбатыг дуудаад муухай муухай хашгираад  байсан. Манай хүн гарч байгаа харагдахаар нь би яах гээд байгаа юм наадах чинь согтуу юм байна шүү дээ гээд араас нь гараад нөхрөө боль гэсэн. Тэгээд дагуулаад ардаа суулгаад аваад явсан. Тэгээд орой 20 цагийн үед би хурга ишиг хөхүүлээд сууж байсан чинь манай хүн тэднийхээс ирж байгаа бололтой даллаад байсан. ...Өмнөөс нь хүрээд очсон чинь нүүр ам нь цус болчихсон ирсэн. Ус авчирч цусыг нь угаасан. Тэгээд яасан ийсэн юм гээд асуусан чинь Бямбадорж зодсон гэсэн.  Цус нь тогтохгүй болохоор нь Нарийнтээл сумын төв орж эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиод Должинсүрэн эмчид үзүүлсэн. Осоржмаа сувилагч цэвэрлэгээ боолт хийж өгсөн. Эмч сувилагч хоёр хоёулаа л цэвэрлэж боож өгсөн. Тэгээд дараа нь цагдаад очиж хэлсэн. Д.Бямбадорж бол их л хэцүү хүн дээ. Хүнд өс хонзон санадаг, нутгийн ямар ч хүн хэлээд өгнө, маш муу хүн. Хүнтэй бол ер нь зан харьцаа нь таарамж муутай хүн. Манай нөхөр Төгсбат зодуулчихаад ирэхдээ толгойныхоо урд хоёр хагарсан хэсгийг үзүүлсэн. Сүрхий хагалчихсан цус нь тогтохгүй байсан. Эмнэлэгт очоод толгойг нь үзүүлсэн чинь нөгөө хоёр дээр нь нэмээд дахиад нэг газар хагалчихсан байсан. Бас нэмээд 2 газар хавдчихсан байсан. Хөл нь өвдөөд байна гэж байсан. Толгой тархи нь эргээд байна гэж байсан. Тархи нь доргисон байх. Гар хуруу нь юу ч үгүй зулгарсан байсан. Тийм л гэмтэл бэртэл авсан байсныг нь би өөрөө нүдээрээ үзсэн. Манай нөхөр Д.Төгсбат эвлэрсэн боль гээд байгаа. Үнэндээ эвлэрсэн юм шиг л байна. Эр хүмүүс хоорондоо яриад зохицсон юм байгаа биз. Одоо надад ямар хамаа байхав...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18 дугаар хуудас/,   
Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн № 151 дугаартай: “… Д.Төгсбатын биед духны хэсгийн мэс заслын оёдолтой шарх, зулайн зүүн хэсэг, зүүн шанаа, зүүн гарын сарвуу, дунд хуруу, баруун гарын 2 хурууны зулгаралт, хуйх, зүүн шанаа, зүүн гуяны зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,  
 Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,   Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,  Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55 дугаар хуудас/,  Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол тэмдэглэл /хх-ийн 56 дугаар хуудас/,  Шүүгдэгч Д.Бямбадоржийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 47-48 дугаар хуудас/,  Шүүгдэгч Д.Бямбадоржийн ял шалгах хуудас /хх-ийн 49 дүгээр хуудас/,  Шүүгдэгч Д.Бямбадоржийг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 26-27, 31 дүгээр хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Д.Бямбадорж нь согтуугаар 2017 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 20 цаг 30 минут орчим Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 4 дүгээр баг “Эмээл” гэх газар байрлах өөрийнхөө гэрт Д.Төгсбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
 Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Төгсбатын “... Би явлаа гээд гарах гээд босго даваад тонгойтол ар захнаас татаад хаалганы дээд тотго мөргүүлсэн. Би тотго ар дагзаараа мөргөөд урагшаагаа гадагшаа гараад газар унасан. Их хүчтэй мөргөсөн. Унасан хойно нэг удаа миний зүүн гуя руу Д.Бямбадорж өшиглөж авсан. Би арай ухаан алдаагүй. Хурдхан босоод ирсэн чинь намайг заамдаад авсан. Би яаж байна гээд хоёр гараараа Бямбадоржийн нүүр мөр лүү нь түлхсэн чинь цаашаа болоод эргэж хүрч ирж намайг барьж авч хавсарч унагаад гараараа атгаж байгаад нүүр лүү цохисон. Бас л их хүчтэй цохисон. Сүүлд нь үзэхэд шанаа зулгарч хавдсан байсан. Би айгаад тэрүүхэн үедээ нүүрээ хамгаалаад хэвтсэн. Тэсэн чинь намайг миний цамцаар толгойг бүтээгээд толгой тархи руу хатуу юмаар дөрвөөс таван удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,  гэрч Н.Нарантуягын “...Өмнөөс нь хүрээд очсон чинь нүүр ам нь цус болчихсон ирсэн. Ус авчирч цусыг нь угаасан. Тэгээд яасан ийсэн юм гээд асуусан чинь Бямбадорж зодсон гэсэн.  Цус нь тогтохгүй болохоор нь Нарийнтээл сумын төв орж эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэгт очиод Должинсүрэн эмчид үзүүлсэн. Осоржмаа сувилагч цэвэрлэгээ боолт хийж өгсөн. Эмч сувилагч хоёр хоёулаа л цэвэрлэж боож өгсөн. Тэгээд дараа нь цагдаад очиж хэлсэн. Д.Бямбадорж бол их л хэцүү хүн дээ. Хүнд өс хонзон санадаг, нутгийн ямар ч хүн хэлээд өгнө, маш муу хүн. Хүнтэй бол ер нь зан харьцаа нь таарамж муутай хүн. Манай нөхөр Төгсбат зодуулчихаад ирэхдээ толгойныхоо урд хоёр хагарсан хэсгийг үзүүлсэн. Сүрхий хагалчихсан цус нь тогтохгүй байсан. Эмнэлэгт очоод толгойг нь үзүүлсэн чинь нөгөө хоёр дээр нь нэмээд дахиад нэг газар хагалчихсан байсан. Бас нэмээд 2 газар хавдчихсан байсан. Хөл нь өвдөөд байна гэж байсан. Толгой тархи нь эргээд байна гэж байсан. Тархи нь доргисон байх. Гар хуруу нь юу ч үгүй зулгарсан байсан. Тийм л гэмтэл бэртэл авсан байсныг нь би өөрөө нүдээрээ үзсэн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18/, Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний шинжээч эмч, цагдаагийн ахлах дэсэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн № 151 дугаартай дүгнэлт /ххийн 20/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/,  Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 54-55/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол тэмдэглэл /хх-ийн 56/, шүүгдэгч Д.Бямбадоржийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Д.Бямбадоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Д.Бямбадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  
Шүүгдэгч Д.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч Д.Бямбадорж нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Д.Бямбадоржийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  
Шүүгдэгч Д.Бямбадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг 
үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.  
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 995 TUGSBAT M/51/Y гэсэн бичигтэй гавлын яс болон аарцаг ясны 1 ширхэг зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Төгсбатад буцаан олгож шийдвэрлэв.   
Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 285 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Д.Бямбадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Д.Бямбадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч  Цэдэнбал овгийн Даваадуламын Бямбадоржийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч  Цэдэнбал овгийн Даваадуламын Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   3. Шүүгдэгч Д.Бямбадорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 300.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 995 TUGSBAT M/51/Y гэсэн бичигтэй гавлын яс болон аарцаг ясны 1 ширхэг зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Төгсбатад буцаан олгосугай.   
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бямбадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Бямбадоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   
   
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         М.МАНДАХБАЯР