| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2020/01234/И |
| Дугаар | 155/ШШ2020/01569 |
| Огноо | 2020-08-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2020/01569
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2020/01234/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 5 дугаар баг, ............тоотод оршин суух, регистрийн дугаар ............., Өндөрнөр овогт Бадарчийн Цэдэвсүрэнгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 4 дүгээр багт оршин суух, регистрийн дугаар ................., Боржигон овогт Раднаадоржийн Гантулгад холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгч Б.Цэдэвсүрэн, хариуцагч Р.Гантулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэдэвсүрэн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэдэвсүрэн нь Р.Гантулгатай 2012 онд гэрлэж 2012 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид хамтран амьдарсан бөгөөд хамтын амьдралын явцад охин Г.Буджав 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, 2 дахь охин Г.Наран-Очир 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр, 3 дахь охин Г.Наранбилэг 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн. Хамт амьдарсан жилүүдэд бид үзэл бодол зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдан хэрэлдэх болсон. Архи маш ихээр хэрэглэж, хардалт үүсгэн, гар хүрэх болсон. Энэ байдал хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлөх болсон учраас цаашид хамт амьдрахад хүндрэлтэй болж 2018 оны 10 сараас тусдаа амьдарч 2 жилийн нүүр үзэж байна. Одоо Р.Гантулга нь хамтран амьдрагчтай болсон.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Г.Буджав, Г.Наран-Очир, Г.Наранбилэг нарыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй бөгөөд бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
Хариуцагч Р.Гантулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эхнэр Б.Цэдэвсүрэнтэй 2010 онд танилцан үерхэж байгаад 2012 онд албан ёсоор гэр бүлээ батлуулж, том охин Г.Буджав 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр, удаах охин Г.Наранбаяр 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, бага охин Г.Наранбилэг 2017 оны 10 дугаар сарын сарын 28-ны өдөр төрсөн. Эхнэр бид хоёр амьдарч байх хугацаандаа сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй үзэл бодол нийлэхгүйн улмаас байнгын хэрүүл маргаантай болж, улмаар бид тусдаа амьдраад 2 жил орчим болж байна. Эхнэр бид хамт байхдаа таарахгүй байсан учраас хэн хэнийгээ зовоож хэрүүл хийж байснаас гэрээсээ явсан нь дээр юм байна гэж үзээд би гэрээсээ явсан. Эхнэрийн нэхэмжлэлд дурдсан шиг би эхнэрийг зодож, гар хүрч байсан асуудал байхгүй юм. Би гэрээсээ явсан хэдий ч 3 охиноо байнгын харж хандаж, өөр дээрээ байлгадаг. Миний зүгээс эхнэр Б.Цэдэвсүрэнгээс гэрлэлтээ цуцлуулах, 3 хүүхдээ эхийнх нь асрамжинд үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Би эцэг хүнийхээ үүргийг биелүүлж 3 хүүхдээ байнгын харж хандаж, эдийн засгийн хувьд дэмжлэг үзүүлж байх болно. Би одоо хамтран амьдрагчтай болсон. Цаашид эхнэр Б.Цэдэвсүрэнтэй таарч тохирохгүй хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Цэдэвсүрэн нь хариуцагч Р.Гантулгад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдийн асрамж тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 2013 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 09 дүгээрт бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбарууд зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биенээ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлт цуцлахыг хориглосон үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.Цэдэвсүрэн, хариуцагч Р.Гантулга нарт эвлэрэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин Боржигон овогт Гантулгын Буджав, 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр охин Боржигон овогт Гантулгын Наранбаяр, 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Боржигон овогт Гантулгын Наранбилэг нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно. гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Цэдэвсүрэн нь охин Г.Буджав, Г.Наранбаяр, Г.Наранбилэг нарыг өөрийнхөө нь асрамжид авахаар шаардаж, эцэг нь хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч, асрамжийн талаар маргаагүй тул охин Г.Буджав, Г.Наранбаяр, Г.Наранбилэг нарыг эх Б.Цэдэвсүрэнгийн асрамжид үлдээлээ.
Охин Г.Буджав, Г.Наранбаяр, Г.Наранбилэг нарыг эх Б.Цэдэвсүрэнгийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харъяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Р.Гантулга, эх Б.Цэдэвсүрэн нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдүүдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй болно.
Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно... гэж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт: эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэдэвсүрэнд олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар регистрийн дугаар ................., Өндөр нөр овогт Бадарчийн Цэдэвсүрэн, регистрийн дугаар ..................... Боржигон овогт Раднаадоржийн Гантулга нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар регистрийн дугаар .................., 2013 оны 8 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Боржигон овогт Гантулгын Буджав, регистрийн дугаар ................., 2015 оны 3 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Гантулгын Наранбаяр, регистрийн дугаар....................., 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Боржигон овогт Гантулгын Наранбилэг нарыг эх Б.Цэдэвсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хариуцагч Р.Гантулгаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Цэдэвсүрэнд олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Буянжаргалд даалгасугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглохыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА