2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/605

 

 

 

 

 

 

   2025           02             25                                         2025/ШЦТ/605

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл, 

улсын яллагч Г.Лхагвасүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, түүний өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг, 

иргэний хариуцагч “***” ӨЭМТөвийн дарга ***, түүний өмгөөлөгч Б.Сарнай,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч Э.Ганбат,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Чинзориг,

шинжээч эмч *** /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***, *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 230800689*** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :   

1. Монгол улсын иргэн, 19** оны 0* дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн **, ** дугаар хорооны “***” өрхийн эрүүл мэндийн төвд их эмч ажилтай, ам бүл *, ээж, нөхөр, * хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

*** овогт ***-ны *** (РД: ********),

 

          2. Монгол улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, ** настай, эмэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл *, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** хороолол  ** дугаар байр * тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

*** овогт ***-ны *** (РД: ********).

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр ажиллаж байх үедээ Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/696 тоот “Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн заавар”-т нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээнд хэрэглэхээр тусгаагүй хэрэглэхийг зөвлөөгүй эм эмийн бүтээгдэхүүн болох Апротинин /Гордокс/ 100000 КИЕ эмийг үзлэг, оншилгоо, эмчийн бичигт үндэслэлгүйгээр бичиж өгсөн үйлдэл нь идэвхитэй үйлдлээр илэрч байгаа боловч түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан буюу иргэн *** нь эмийн бодисын хэт мэдрэгшилийн хариу урвал /анафилаксийн шок/-ын улмаас нас барсан,

Шүүгдэгч *** нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчаар ажиллаж байх үедээ өрхийн эмч ***-ийн бичиж өгсөн /Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/696 тоот “Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн заавар”-т нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээнд хэрэглэхээр тусгаагүй хэрэглэхийг зөвлөөгүй эм эмийн бүтээгдэхүүн болох Апротинин /Гордокс/ 100000 КИЕ эмийг үзлэг, оношилгоо, эмчийн бичигт үндэслэлгүйгээр/ тариаг амь хохирогч *** хийхдээ ажил үүргийн хуваарь, сувилагч нь хийвэл зохих “...Гордокс эмчилгээг эхлэхийн өмнө 0.2мл-р бэлдмэлийг арьсан дор тарьж өвчтөний уг бэлдмэлд хир мэдрэг болохыг тодорхойлно гэсэн ...” гэсэн заалтыг зөрчиж хийсэн үйлдэл нь идэвхтэй үйлдлээр илэрч байгаа боловч түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан буюу иргэн *** нь эмийн бодисын хэт мэдрэгшилийн хариу урвал /анафилаксийн шок/-ийн улмаас нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

1.Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

3.1. Улсын яллагчаас: Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэл, Ш.Эрдэнэцэцэг нараас: Нийт 25,712,500 төгрөгийн хохирлын баримтууд 1-хх-140-142, 2-хх30-36,

3.3. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Сарнайгаас: “ Гордокс 100 000КИЕ тарилгын уусмалын талаарх дүгнэлт /1-хх146-149/, өрхийн эмчийн албан тушаалын тодорхойлолт /1-хх192-195/, сувилагчийн албан тушаалын тодорхойлолт /1-хх196-198/, гэрч Б.Хулангаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /2-хх-66/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын мэдэгдэл /2-хх-79/ зэргийг,

3.4. Шүүгдэгч ***-ын өмгөөлөгч Э.Ганбатаас: Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1-хх88-93/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /1-хх-127-133/, Эрүүл мэндийн сайдын 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаартай тушаал /1-хх-178/, ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар /1-хх-181/, /1-хх-189/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Монгол Улсын стандарт “Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаа”, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/41 дугаар тушаал “Гэрээр сувилахуйн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, Монгол Улсын стандарт “Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд”,

3.5. Шүүгдэгч ***-ийн өмгөөлөгч С.Чинзоригоос: Гордокс тарианы үйлчлэл, ашиглалтын талаарх гэрч ******* мэдүүлэг 1 хх 80-82, Гордокс гэх тарианы зориулалт өөрчлөгдсөн, хэрэглэхийг хориглосон эсэх талаар гаргасан хүсэлт, мөрдөгчөөс явуулсан ажиллагаа /2 хх 72-78/, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын мэдэгдэл /2 хх 80/, хавтаст хэрэгт авагдсан 1 ширхэг CD зэргийг шинжлэн судлав.

4. Прокуророос шүүгдэгч ***, *** нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтын дагуу  хянан шийдвэрлэлээ.

5. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

5.1. Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” өрхийн эрүүл мэндийн төвд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/696 тоот “Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн заавар”-т нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээнд хэрэглэхээр тусгаагүй хэрэглэхийг зөвлөөгүй эм, эмийн бүтээгдэхүүн болох Апротинин /Гордокс/ 100000 КИЕ тариаг өрхийн эмнэлгийн их эмч *** нь бичиж өгөхдөө арьсан дотор тарилга хийж харшилдаг эсэх ажиллагааг зөвлөлгүй бичиж өгсөн, сувилагч *** нь уг тариаг шууд тарьсны улмаас *** нь эмийн бодисын хэт мэдрэгшилийн хариу урвал /анафилаксийн шок/-ын улмаас нас барсан болох нь:

 

5.1.1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “... 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ... 13 цаг өнгөрч байхад ээжийн  гар утас руу залгасан чинь огт утсаа авахгүй байсан. 15-16 цагийн орчимд манай “Хар хорин” зах дээр байрлах лангуун дээр суудаг худалдагч *** над руу утсаар залгаад танай хорооны өрхийн эмнэлгээс над руу залгаад *** гэдэг хүнийг таних уу, энэ хүнтэй холбоотой таньж мэддэг хүмүүс ирж уулзаач ээ гэж хэлж байна гэдгийг хэлсэн. Ингээд би ах *** руу утсаар залгаад болсон асуудлыг хэлээд ахын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр яваад очтол тухайн эмнэлгийн эмч *** хэлэхдээ бид нар бүх арга хэмжээг авсан ээж чинь дусал хийлгэж байгаад дуслаасаа таталт өгөөд нас барчихлаа гэж хэлсэн. Ийм л зүйл болсон. Ээж цөс өвддөг байсан. Цөсний хагалгаанд орохоор бэлдэж байсан. Өөрөөр ямар нэг байдлаар бие нь өвддөг зүйл байгаагүй юм. Тухайн өдөр бие өвдлөө гэдэг зүйл огт хэлээгүй. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ээж 3-р эмнэлэгт очиж үзүүлэхэд нойр булчирхайн үрэвсэлтэй байна, цөсний чулууг үрэвсэлтэй үед авахгүй ээ. Тэгэхээр үрэвслийг дарах хэрэгтэй. Тиймээс харьяа дүүргийнхээ дотрын эмчид ханд гэдэг зөвлөгөөг өгсөн. Үүний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өглөө ээжийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн ** дүгээр төвийн дотрын эмч ***д үзүүлэхэд үрэвсэл намдаах Mezenfort, Metronidazol гэдэг 2 эмийг авч уугаарай гэж бичиж өгсөн. Ингээд эмийн сан орж дээрх 2 эмийг авч ээж уусан боловч шөнжингөө бөөлжиж, гүйлгэж хоносон. Энэ үед ээж хэлэхдээ би энэ 2 эмнээс харшлаад байх шиг байна гэж хэлж байсан. Тэгтэл 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ээж Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны өрхийн эмнэлэг орж *** эмчтэй уулзаж байгаа юм. Уг жорынхоо дагуу өдрөө ээж эмийн сангаас NA CL 0.9-250 мл, нойр булчирхайн тариа Гордокс-10 мл-ыг авч ** дугаар хорооны өрхийн эмнэлэг дээр уг дуслаа хийлгэж байгаад хариу урвал өгч таталт өгөөд нас барсан гэдгийг хэлсэн юм. Манай ээж 2 хөлөөрөө эмнэлэг рүү орсон. Эргэж гарч ирээгүй нас барсан. Тухайн дуслыг хийхдээ яагаад сорил тавьж үзээгүй юм бэ их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-р хх-39-41 дүгээр хуудас/,

 

5.1.2. “***” өрхийн эмнэлгийн их эмч гэрч ***-ын өгсөн: “...Тухайн өдөр 14 цаг 28 минутад *** эмч над руу залгаад хүний бие муудаж байна гэнэ та ороод үзээдхээч гэж хэлсэн. Тэгэхээр нь би өрхийн эмнэлгийн тарианы өрөөнд ороход эмч ***, сувилагч ***,  ***, *** нар байсан. Тухайн үед өндөр настай эмэгтэй хүн орон дээр баруун хажуу талаараа хэвтэж байсан бөгөөд ухаангүй байсан. Тэгээд би үзээд аманд хиймэл амьсгал маск тавьж хийсэн. Тэгээд судас олж шингэн залгахын тулд системний зүү нэг удаа хатгаж үзэхэд судас нь олдоогүй. Тэгэхээр нь хүчил төрөгчийн аппарарт залгасан. Тэгээд *** эмч орж ирээд үзэж байгаад 103 дуудсан. Тэгээд 103-ийн эмч 20 орчим минутын дараа ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн ...намайг ороод харахад Горьдокс 10 мл өлгөөтэй байсан. Тухайн дуслыг хэр их хэмжээгээр хийсэн талаар мэдэхгүй байна ...эмч ямар тариа хий гэж хэлнэ тухайн тариаг сувилагчид эмч хий гэсэн тохиолдолд хийдэг. Тэрнээс өөрөө мэдэж тариа хийнэ гэсэн ойлголт байхгүй. Сувилагч тариа хийхийн өмнө заавал сорил тавих ёстой байдаг. Сувилагчийн эмчийн зааваргүйгээр заавал хийх ёстой ажил сорил тавих, мөн эмч сорил тавих талаар сануулж хэлдэг. Тухайн үед сорил тавиагүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /1-р хх-61-63 дугаар хуудас/,

 

5.1.3. Улсын * дугаар эмнэлгийн их эмч гэрч ***-ийн : “... Гордокс төрлийн эм, тариаг одоогоор эмчилгээнд ашиглаж, хориглосон зүйл байхгүй. Мөн дээрх тариаг нойр булчирхайн үрэвсэлд хийдэг их хүчтэй тариа учир тухайн тариулах гэж байгаа хүнд заавал сорил эхэлж тавих ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-82-84 дүгээр хуудас/,

 

5.1.4. Шүүх эмнэлгийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 487 дугаартай “... Талийгаач ***-ийн цогцост баруун 2-6, зүүн 2-7 дугаар хавирганы зөрүүгүй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх хавирганы хугарал гэмтэл нь цээжин тус газарт мохоо зүйлийн үйлчлэлээр дарах, шахах зэрэг үйлчлэлээр сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн байх боломжтой. Дээрх хавирганы хугарал нь сэхээн амьдруулах үйл ажиллагааны явцад үүссэн учир гэмтлийн зэрэг тогтоохгүй, үхэлд нөлөөлөхгүй. Талийгаач нь эмийн бодисын хэт мэдрэгшилийн хариу урвал /анафилаксийн шок/-ийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-90-102 дугаар хуудас/,

 

5.1.5. Шүүх эмнэлгийн зөвлөх шинжээч эмч ***, шинжээч эмч ***, шинжээч эмч *** нарын дахин шинжилгээ хийсэн 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 344 дугаартай “...Урьд гаргасан 2023.03.03-ны өдрийн 487 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Өрхийн эмч *** гордокс тариаг 2023 оны 02 сарын 02-ны өдрийн энгийн эмийн жороор нойр булчирхайн цочмог үрэвсэл гэсэн оношийн заалтаар бичиж өгсөн нь зөв байна.  Гордокс эмчилгээг эхлэхийн өмнө 0.2мл-р бэлдмэлийг арьсан дор тарьж өвчтөний уг бэлдмэлд хир мэдрэг болохыг тодорхойлно гэсэн заалтыг зөрчсөн байна. Гордокс тариаг хийхийн өмнө сорил тавих байжээ. Талийгаач нь эмийн бодисын хэт мэдрэгшилийн хариу урвалын улмаас нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй, богино хугацаанд нас барна...” гэх дүгнэлт /1-р хх-128-134 дүгээр хуудас/,

 

5.1.6. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Дотрын анагаах судлалын хоол боловсруулах эрхтэн судлалын мэргэжилтэн, зөвлөх эмч Анагаах ухааны доктор, дэд профессор, МУ-ын зөвлөх зэрэгтэй эмч ***, АУ-ны доктор, клиникийн профессор, МУ-ын зөвлөх зэрэгтэй эмч ***, АУ-ны магистр, клиникийн профессор, МУ-ын зөвлөх зэрэгтэй эмч  *** нарын: “...Апротинин /Гордокс/ 100000 КИЕ эмийн хэрэглээтэй холбоотой 2022-2023 онд ноцтой /Түвшин-7/ гаж нөлөөний 2 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой Эм Эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01/548 тоот албан бичгийн дагуу дүгнэлт, хариултыг хүргүүлж байна. Апротинин /Гордокс/ 100000 КИЕ нь өргөн хүрээний протеаза хориглогч молекул бөгөөд хүний биед трипсин, химотрипсин, плазмин, сийвэнгийн болон эдийн калликеиныг хориглоно. Мөн уг бэлдмэл нь Фибринолизийн идэвхжил болон цус бүлэгнэлтийн идэвхжлийг саатуулж калликреин кинины тогтолцоонд нөлөөлнө. Харилцан нөлөөлөл: Глюкокортикойдын төрлийн эмтэй хамт хэрэглэхгүй. Амин хүчил агуулсан тарилга, тосон суурьтай тарилгатай хамт хэрэглэхдээ болгоомжлох хэрэгтэй. 2-3 хоногийн өмнө булчин сулруулах эм хэрэглэсэн тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Хэрэглэх заалт: Тус эм нь протеаза хориглогч, цус тогтоох эмийн бүлэгт багтах ба цус алдахаас сэргийлэх, их хэмжээний цус алдах эрсдэлтэй аорт-коронар шунт тавих хагалгааны үед юүлэх цусны хэмжээг багасгах зорилгоор хэрэглэх заалттай байна. Калликреин, трипсин буюу ферментүүдийг саатуулах үйлдэлтэй. Протеиназа ферментийг дарангуйлах үйлчилгээг нь нойр булчирхайн үрэвслийн эсрэг эмчилгээнд хэрэглэдэг байсан. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/696 тоот “Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн заавар”-т Апротониныг нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээнд хэрэглэхээр тусгаагүй болно...” гэх дүгнэлт /1-р хх-147-150 дугаар хуудас/,

 

5.1.7. Эм, эмэлгийн хэрэгсэлийн хяналт, зохицуулалтын газрын 2023.05.11-ний өдрийн 01/729 дугаартай “...Апротинин /Гордокс/ 100000 КИЕ уг эм нь 1999 онд анх Монгол улсын эмийн бүртгэлд “Эмнэлгийн нөхцөлд” хэрэглэх нөхцөлтэйгээр бүртгэгдсэн ба 2020 онд хэрэглэх зааварт өөрчлөлт орж, “жороор” олгох нөхцөлтэй болсон...” гэх албан бичиг /1-р хх-147 дугаар хуудас/,

 

5.1.8. Өрхийн их эмчийн ажлын байрны тодорхойлолт “... сувилагч, ... д эмчилгээ, сувилгааны чиглэлээр зааварчилгаа өгөх, хяналт тавих, ...” , сувилагчийн ажил байдлын тодорхойлолт “... асуумж авах, үзлэг хийх, ... сувилахуйн түгээмэл үйлдлийн стандарт, сувилахуй тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу үйлчилгээ үзүүлэх , шаардлагатай шинжилгээг хийх, ...” /1-р хх-179-199 дүгээр хуудас/,

 

5.1.9. Шинжээч ***-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “…Шүүх эмнэлгийн задлан шинжилгээнд тархмал өөхлөлттэй, нойр булчирхайн өөхлөлттэй, цочмог үрэвсэл гэдэг нь шинжилгээнүүдээр батлагдсан. Гордокс гэх тариаг хийснээр амь хохирогчид анафилакти́ческий шок буюу бүх эд эсийн шинжилгээгээр харшлын үед үүсдэг эсүүд үүссэн. Гордокс гэх тариа нь нойр булчирхайн цочмог үрэвслийн үед болон цус алдалтаас урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй тариа юм. Зөв эмийг зохих тунгаар хэрэглэхэд хариу урвал гаж нөлөө үзүүлсэн байна…” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

6. Шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлаар талуудаас дараах тайлбар, дүгнэлтийг гаргасан:

 

6.1. Улсын яллагчаас: “...*** болон *** нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс 25,712,500 төгрөгийн хохирол төлбөр нэхэмжилж байгаа, хэдий ч нотлох баримтын хувьд оршуулгын зардалтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн. Гадаадаас хоёр хүн зорчин ирсэн зардлыг мөн гаргуулна гэсэн нь шууд хохиролд тооцох хамааралгүй байгаа тул дээрх зардлыг хасаж тооцож 15,812,500 төгрөгийг гаргуулах саналтай байна...”

 

6.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Оюунгэрэлээс: “...Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь өнөөдрийн шүүх хуралдаанаар нотлогдож байна. Мөн холбогдох хууль тогтоомж болон удирдамжийг мөрдөж ажиллаагүйн улмаас хүний амь эрсэдсэн байна. Шинжээчийн гаргасан хурц үрэвслийн үед хэрэглэхийг хориглосон хэдий ч эмчилгээнд хэрэглэх нь зөв юм гэх дүгнэлт нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүгдэгч *** нь амь хохирогчоос зөвхөн асуумж авч түүний шинжилгээ оношилгоог үндэслэхгүйгээр эмчилгээ бичиж өгсөн нь мэдүүлгээр нотлогддог. ***-ын хувьд эмч сорил тавих тэмдэглэгээ хийгээгүй учраас сорил тавиагүй гэж мэдүүлсэн, удирдамжийн дагуу өөрийн мэдлэгийн дагуу энэ хүчтэй тариаг хийхдээ эмчтэйгээ зөвлөлдөж ярилцах ёстой байсан. “***” өрхийн эмнэлгээс хохирогчийн бодит зардал болох 25,712,500 төгрөгийг гаргуулахаар шийдэж өгнө үү...”

 

6.3. Шүүгдэгч *** өмгөөлөгч Э.Ганбатаас: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүй байх үндэслэлтэй. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Удвалыг зохих үүргээ биелүүлээгүйн улмаас гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Тусгай субъектийн, мэргэжлийн үйл ажиллагаагаа ажлын байр дээрээ гүйцэтгэх явцад гаргасан байх тул эрүүгийн хуулийг буруу хэрэглэж яллах дүгнэлт гаргасан байна. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн үндсэн зарчимд гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэх заалтыг хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад зүйлчлэл буруу байсан учраас хэрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой нотлох баримтууд авагдаагүй хэр нь шинжээч томилохдоо стандарт удирдамжийг дагаж мөрдсөн эсэх талаар асуулт тавьж мөрдөгч нь 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг эсэх талаар асуулт тавьсан байна. Энэ хэрэгт эмнэлгийн ажилтны стандартын энэ заалтыг зөрчсөн гэх дүгнэлт байхгүй учраас Эрүүгийн хуулийн 15 дугаар зүйлээр ч зүйлчлэх боломжгүй болж байна. Эмч үзээд эмчилгээ бичиж заалт өгсөн байхад дахин эмчтэйгээ зөвлөлдөх зохицуулалт байхгүй. Арьсан доорх тарилга буюу сорил тавихдаа 2008 оны MNS 4621:2008 стандартын 11-т арьсан дотор тарилга хийхийн техникийн стандарт бөгөөд энэ заалтад эмчийн заалтаар хийхээр тодорхой зааж өгсөн байна. 2017 оны 41 дугаартай тушаалд дэлгэрэнгүй заасан байна. Өрхийн эмнэлэгт хэрэглэгдэх сувилахуйн тусламж үйлчилгээний журмын 18 дугаар заалтын 5 дах хэсэгт эмчийн заалтаар хийх сувилагчийн үйлдлийн жагсаалтад энэ арьсан доор тарилга нь орсон байна. Эдгээр баримтуудыг үзэхэд сувилагчийг гэм буруутайд тооцох шалтгаант холбоо байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 1.8 дахь хэсгүүдэд зааснаар гэмт хэргийн шинжгүй, гэмт хэргийг үгүйсгэсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас шүүгдэгч *** гэм буруугүйд тооцуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Шаардлагатай гэж үзвэл шүүх 60 хоног сунгаж сувилахуйн тусламж үйлчилгээ үзүүлдэг мэргэжилтнүүдээр энэ стандарт удирдамжийг сувилагч дагаж мөрдсөн эсэхийг тодруулах боломжтой гэж үзэж байна...”

 

6.4. Шүүгдэгч ***-ийн өмгөөлөгч С.Чинзоригоос “...Гэмт хэргийг нотолбол зохих байдлыг нотлоогүй өнгөц хийсэн. Яллагдагчаар тогтоосон тогтоолд сайдын тушаалаар батлагдсан заавар гэх энэ зүйлийг зөрчсөн байна гэсэн байна. Энэ зүйлийн хайгаад олоогүй, legalinfo-д ч байгаагүй. Сайдын тушаал гаргасан байх нь энэ хэрэгтэй ямар шалтгаант холбоо байгаа талаар судлаагүй. Дээд шатны байгууллагаас бүх шатны эмнэлгүүдэд таниулах ёстой байсан ч хийгээгүй байгаа дээр хууль зүйн дүгнэлт хийгээгүй байж манай үйлчлүүлэгчийг буруутгасан байх нь үндэслэлгүй байна. Төрийн захиргааны байгууллагаас гаргасан актыг бусад байгууллагад хэзээ таниулсан хэзээнээс үйлчилж эхэлсэн талаар баримт цуглуулах хүсэлтийг олон тавьсан хэдий ч ажиллагаа хийгдээгүй тул гэм буруугийн талаар ярина гэдэг нь асуудалтай, цаана нь буруутай этгээд нь үлдэж байх магадлалтай. Гордокс гэх тарианы асуудал мөн адил Гидёон компаний төлөөлөгч гэх хүнээс хавтаст хэрэгт авагдсан амь хохирогчийн хийлгэсэн тарианы бар кодыг харуулахад энэ нь манайхаас худалдсан албан ёсны эм биш байна, шалгуулах нь зүйтэй гэсний дагуу хүсэлт тавьсан хэдий ч ажиллагаа хийгдээгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан зарчмыг заавал дурдах ёстой. Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр хуульчилсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих бүхий л байдлыг тогтоосон болов ч эргэлзээтэй байвал ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэх хуулийн заалттай. Нэгэнт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлуулж ямар нөхцөл байдал үүсэж байгаа нь харагдаж байна. Шинжээчийн дүгнэлтээр бичсэн эм нь зөв байдлаар бичсэн гэх дүгнэлт байна. Энэ эмчийг хөдөлшгүй буруутгах нотлох баримт байхгүй байна. Ийм учраас гэм буруугүйд тооцуулах бүрэн боломжтой байна...” гэсэн тайлбар, дүгнэлт тус тус гаргасан.

 

6.5. Өмгөөлөгч Э.Ганбат, С.Чинзориг нарын шүүгдэгч ***, *** нарыг цагаатгуулах, шүүх хуралдааныг хойшлуулах талаар гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй:

 

6.5.1. Их эмч ***, сувилагч *** нар нь Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэхдээ Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Тухайлбал, их эмч *** өвчтөнд тариа бичиж өгөхдөө үзлэг хийх, асуумж авах үүргээ бүрэн биелүүлээгүй, эм, эмийн бүтээгдэхүүнээс харшилдаг эсэхийг шалгаж байж уг тариа хийх заалтыг сувилагчид бичиж өгөөгүй, сувилагч “үйлчлүүлэгчээс асуумж авах, үзлэг хийх” үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан буюу шүүгдэгч нарын аль алины үйлдэл, эс үйлдэхүй уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоотой.

 

6.5.2. Их эмчийн бичсэн заалт, үүрэг даалгавар, хяналтын дор сувилагч ажиллах  үүрэгтэй хэдий ч хууль тогтоомж, стандарт, технологи, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан хохиролтой сувилагчийн үйлдэл шууд шалтгаант холбоотой. /Шүүгдэгч нарын ямар үйлдэл, эс үйлдэл хууль, ямар дүрэм, журам, стандарт зөрчсөн талаар 7 дахь хэсэгт дэлгэрэнгүй бичсэн байгаа/

 

6.5.3. Амь хохирогчид хийсэн тарианы найрлага, бүтцийн талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.02.07-ны 13/952 дугаартай “...“Натри хлорид 0,9%, 100мл”, “Рингерийн уусмал 250 мл” гэсэн шошготой шингэнүүдийн найрлага, стандартад нийцэх эсэх, аюултай, үхэлд хүргэх хорт бодис илрэх эсэхийг тогтоох техникийн боломжгүй...” гэх албан бичиг /1-р хх-136 дугаар хуудас/ хэрэгт авагдсан,

Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект болох сувилагч холбогдох дүрэм, журам, стандартаар хүлээсэн үүргээ зөрчсөн эсэх талаар мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй тул 60 хоногоор хойшлуулж дүгнэлт гаргуулах ёстой гэх тайлбарыг өмгөөлөгч гаргасан боловч хэрэгт авагдсан баримтууд болон ажлын байрны тодорхойлолт, эмийн бүтээгдэхүүн болон амь хохирогчийн үхлийн шалтгааны талаарх дүгнэлтүүд, өмгөөлөгч Э.Ганбатын шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн мэргэжилтний өдөр тутмын үйл ажиллагаандаа баримтлах журам, стандартад үндэслэн уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой тул өмгөөлөгч нарын цагаатгуулах, шүүх хуралдааныг хойшлуулахаар гаргасан дүгнэлтүүд хууль зүйн үндэслэлгүй.

 

7. Хууль зүйн дүгнэлт: Прокуророос ***, *** нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, зүйлчлэл тохироогүй бөгөөд шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

7.1. Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйл нь нийтлэг субъекттэй гэмт хэрэг ба шүүгдэгч *** , *** нарыг  уг гэм хэргийн объектив талын аль шинжийг хангаж байгаа талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй Тухайлбал,  хууль, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлийн алинаар хүлээсэн ямар үүргээ зөрчсөн болох нь тодорхойгүй, шүүгдэгч нар их эмч, сувилагчийн мэргэжил эзэмшсэн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвд мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэж байсан.

 

7.2. Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.5-д зааснаар "эмнэлгийн мэргэжилтэн" гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг” ойлгоно гэж тайлбарлажээ.

 

7.3. Шүүгдэгч *** нь хүний их эмч мэргэжилтэй, өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажилладаг, шүүгдэгч ***-ын хувьд сувилагч мэргэжилтэй, сувилагчаар ажиллаж байсан бөгөөд Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар аль аль нь эмнэлгийн мэргэжилтэн гэх субъектэд хамаарч байна.

 

7.4. Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй зарим үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн 15 дугаар бүлэгт Эрүүл мэндийн эсрэг гэмт хэргээр хуульчилсан. Энэ гэмт хэргийн субъект нь эмнэлгийн мэргэжилтэн байна.

7.5. Шүүгдэгч *** нь “***” өрхийн эмнэлгийн их эмчийн хувьд Эрүүл мэндийн сайдын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/696 тоот “Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношилгоо, эмчилгээний эмнэл зүйн заавар”-т нойр булчирхайн хурц үрэвслийн эмчилгээнд хэрэглэхээр тусгаагүй  гэх дүгнэлттэй /1 хх 148-149 х/ эм, эмийн бүтээгдэхүүн болох Апротинин /Гордокс/ 100000 КИЕ тариаг ***-д тарих жорыг сувилагчид бичиж өгсөн, жор бичиж өгөхдөө Эрүүл мэндийн технологи, эмчилгээ, оношилгооны түгээмэл үйлдлүүд MNS 4621:2008 Монгол Улсын стандартын 11.3 дахь заалтыг, Эрүүл мэндийн сайдын 2017 оны 01 сарын 26-ны өдрийн А/41 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан журмын 18 дугаар зүйлийн 5 дахь заалт “эмчийн заалтаар хийх сувилахуй тусламж үйлчилгээ”-ыг, Өрхийн эрүүл мэндийн төвийн бүтэц үйл ажиллагааны MNS 5292:2017 Монгол Улсын стандартын 9.1.7, 11.1, 25.2-т заасныг, ЭМСайдын 2012 оны сайдын 182 тоот тушаалын хавсралтаар баталсан их эмчийн ажлын байрын тодорхойлолтод заасан “Сувилагчид эмчилгээ, сувилгааны чиглэлээр зааварчилгаа өгөх, хяналт тавих” зэрэг хууль тогтоомж, технологи, стандарт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журамд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй,

Шүүгдэгч *** нь их эмчийн бичиж өгсөн тариаг амь хохирогчид тарихдаа дээрх стандарт, журмуудаас гадна ЭМСайдын 2012 оны 183 тоот тушаалын 4 дүгээр хавсралтаар баталсан сувилагчийн ажлын байрын тодорхойлолтод заасан “үйлчлүүлэгчээс асуумж авах, үзлэг хийх, ... сувилахуйн түгээмэл үйлдлийн стандарт, сувилахуй тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай шинжилгээг хийх,...” зэрэг хууль тогтоомж, технологи, стандарт, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам, зааварт заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь энэ тогтоолын 5, 7 дахь хэсэгт дурдсан нотлох баримтууд, стандарт, журмуудаар нотлогдон тогтоогдсон.

7.6. Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлэхдээ Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллахыг Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т үүрэг болгон заасан.

7.7. Шүүгдэгч ***, *** нарын холбогдох хууль, дүрэм, журам, стандарт, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хориглосон тариаг өвчтөнд бичиж өгөх, тарихдаа холбогдох журам, стандартыг баримтлаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байгаа.

7.8. Шүүгдэгч ***, *** нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс ***-ийн амь нас хохирсон шууд шалтгаант холбоо тогтоогдож байх тул уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж хангагдсан, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох хохирол учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн нь субьектив талын хувьд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн тул шүүгдэгч ***, *** нарыг эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

7.9. Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч ***, *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

8. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

8.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан. 

            8.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талаас: Буяны ажил, хүлээн авалт, зэдэнд зарцуулсан 16,711,300 төгрөг, мөн төрсөн дүү ***-ийн Шведээс нисэж ирсэн 9,000,000 төгрөг, нийт 25,712,500 төгрөгийг иргэний хариуцагч “***” өрхийн эмнэлгээс гаргуулж өгнө үү гэх байр суурийг илэрхийлсэн, шүүх баримтад үндэслэн 15,812,500 төгрөгийг иргэний хариуцагч “***” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд иргэний хариуцагчийн зүгээс хохирол төлбөр төлөх завсарлага авч, шүүгдэгч *** 5,000,000 төгрөг, иргэний хариуцагч “***” өрхийн эрүүл мэндийн төвөөс 5,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн 10,000,000 төгрөг барагдуулж авсан гэх мэдүүлгээр нотлогдож байх тул үлдэгдэл 5,812,500 төгрөгийг иргэний хариуцагч “***” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-д олгохоор шийдвэрлэлээ. Харин амь хохирогчийн оршуулгад оролцохоор Шведээс нисэж ирсэн хүний онгоцны зардлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тооцох боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.Эрүүгийн хариуцлагын талаар:

9.1. Улсын яллагчаас: “Шүүгдэгч ***-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч ***-д нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 01 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэв.

 

9.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөрийг барагдуулбал шүүгдэгч нарт хорих ял оногдуулах шаардлагагүй гэдгээ илэрхийлж байгаа тул үйлчлүүлэгчтэйгээ санал нэг байна” гэв.

 

9.3. Шүүгдэгч ***-ын өмгөөлөгч Э.Ганбатаас: “***-ын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн бодит байдлыг буруугаар төсөөлж, төөрөгдөлд орж гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийн тухайд хуулийн этгээдээс гаргахаар шийдвэрлэсэн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн байр суурийг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэв.

 

9.4. Шүүгдэгч ***-ийн өмгөөлөгч С.Чинзориг: “Хэдий иргэний хариуцагчаас хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч миний үйлчлүүлэгчийн зүгээс хохирол төлбөр төлөх нь зүйтэй, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд амь насыг аврахаар багаар тусламж үзүүлж хичээсэн, шүүгдэгчийн хувьд тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт анх удаа холбогдсон, гэм буруугаа ухамсарлаж сайн дураараа хохирол төлбөрийг төлсөн, хувийн байдлын хувьд нөхөр 4-14 насны дөрвөн хүүхдийн хамт амьдардаг тул улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжихгүй байна. Гэм буруу дээрээ маргасан зүйлгүй тул эрүүгийн хариуцлагын хувьд сонгох санкцыг хэрэглэх бүрэн боломжтой бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил хүртэл хугацаагаар эрх хасаж, 5400 нэгжээр торгох ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэв.

 

9.5. Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн гаргасан ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэм буруугийн шүүх хуралдаанаар мэргэжлийн алдаанаас үүссэн гэмт хэрэг гэдгийг тогтоосон. Иргэний хуулийн 498.5 дугаар зүйлд зааснаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй, өөрсдийн боломжоор хохирол төлбөр төлж барагдуулан гэмшсэн сэтгэлээ илэрхийлэхээр тохиролцсон. Гэмт хэрэг үйлдэж 2 жилийн хугацаанд хангалттай харамсаж гэмшсэн байх, дахин алдаа дутагдал гаргахгүйгээр ухаарсан гэж манай зүгээс үзэж байна. Өрхийн эмнэлгээс мөн хариуцлагатайгаар ажиллана. Хоригдсоноор гэмшиж, гэмшихгүй байна гэх зүйл байхгүй тул өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна” гэв.

 

9.6. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

          9.7. Шүүгдэгч ***, *** нар анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч *** бага насны олон хүүхэдтэй, шүүгдэгч *** өндөр насны тэтгэвэрт байгаа, шүүгдэгч нар ажил үүргээ гүйцэтгэж яваад болгоомжгүй гэмт хэрэг анх удаа үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан “1 ширхэг компакт диск, Амбулаториор эмчлүүлэгчийн карт 2 ширхэг, энгийн эмийн жорын эм бичсэн цаас 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***, *** нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

            2. *** овогт ***--ийн ***, *** овогт ***-ны *** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, ***-ын нийтийн албанд ажиллах эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ***, *** нарт оногдуулсан торгох ялыг 01 жил (нэг) 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг ***, *** нарт сануулсугай.

6. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар иргэний хариуцагч “***” өрхийн эрүүл мэндийн төвөөс 5,812,500 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч ***, *** нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, амбулаториор эмчлүүлэгчийн карт 2 ширхэг, энгийн эмийн жорын эм бичсэн цаас 1 ширхэг зэргийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *** 5,000,000 төгрөг, иргэний хариуцагч “***” өрхийн эрүүл мэндийн төвөөс 5,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***-д нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.

         9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

         10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ