| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 312/2025/0082/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/111 |
| Огноо | 2025-02-27 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Т.Төгөлдөр |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/111
2025 02 27 2025/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.А даргалж,
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-д холбогдох эрүүгийн 2525000000019 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Б-ийн С
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн ** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.81 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцон, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсондоо харамсаж байна, дахин ийм хэрэг хийхгүй, миний буруу” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл. /хх-ийн 7-р тал/
2. Гэрч Д.Н-н “Би 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 10 цагаас 17 цагийн хооронд Орхон аймгийн цагдаагийн газрын хөдөлгөөн зохицуулагчаар холбооны уулзварыг хариуцаж үүрэг гүйцэтгэж байсан. 13 цагийн орчимд Орхон аймгийн цагдаагийн газрын жижүүрээс станцаар ** УАА улсын дугаартай шаргал өнгийн приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Цагаанчулуут багт байрлах Онцгой байдлын газрын хажууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байна гэж иргэдээс дуудлага мэдээлэл ирлээ уулзваруудаар таарвал саатуулаарай гэж замын цагдаагийн тасгийн 5 станцад мэдэгдсэн юм. 13 цаг 25 минутын орчимд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн 96357070 дугаарын эрэгтэй хүнтэй утсаар холбогдтол Цагаанчулуут багийн Онцгой байдлын газраас Город чиглэлд явлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа зохицуулагч, дэд ахлагч М ын хамт хороолол талаасаа город тал руу Орхон малл худалдааны төвийн гэрлэн дохиогоор гарах гэж явтал ** УАА улсын дугаартай шаргал өнгийн приус маркын тээврийн хэрэгсэл яг хажуугаар зөрсөн юм. Тэгээд бид хоёр эргээд араас нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ертөнцийн зүгээр баруун талаар хойд зүг рүү шороон замаар араас нь явтал тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэрийнхээ хашааны гадаа очоод зогсохоор нь цагдаа М бид хоёр машинтайгаа хажууд нь зогсоод машинаасаа буутал тухайн тээврийн хэрэгслийн жолооч бид хоёрыг хараад машинаасаа гэр лүүгээ гүйж яваад би араас нь очоод та яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм бэ гэтэл би согтуу тээврийн хэрэгсэл жолоодоогүй гээд нилээд согтуу байдалтай орилж хашгираад байсан. Архи илтэд үнэртэж байхаар нь би ачилтын машин дуудаад тээврийн хэрэгслийг нь ачуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтуу байдалтай жолоочийн суудал талаас буугаад гүйсэн. Эхнэртэйгээ хамт явж байсан эхнэр нь болсон асуудлын талаар мэдэж байгаа” гэх мэдүүлэг. /хх-ийн 13-р тал/
3. Гэрч Б.О-н “С айлаас хоёулаа доороо нэг дүүтэй. Бид хоёр хамт амьдраад 30 орчим жилж болж байна. Манай нөхөр Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186-р ангид жолоочоор 10 гаруй жил ажиллаж байна. Зан байдлын хувьд төлөв даруу дуу цөөтэй хүнд тусархуу, сагсан бөмбөг тоглох авъяастай хүн байгаа юм. Архи уухаараа жоохон авиртай болчих гээд байдаг юм. Би тухайн болсон асуудлын талаар мэдсэн. Би Орхон аймгийн хот тохижуулах газар ажилладаг юм. 2024 оны 11 сарын 24-ний өдрийн 14 цагийн орчимд би Хүрэнбулаг багийн 4-5-р байранд ажил дээрээ байж байхад манай нөхөр Б.С надруу залгаад ажлынхаа гадаа гараад ир гэхээр нь би гартал архи уусан согтуу байдалтай өөрийн эзэмшлийн ** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон намайг хүлээж байсан. Би нөхөртөө яах гээд согтуу машин бариад байдаг юм гэтэл намайг жолоод гэхээр нь би машин муу барьдаг учраас айгаад жолоодоогүй. Тэгээд бид хоёр машинтайгаа хөдлөөд Баянбулаг баг 1-23 тоотод гэрийнхээ гадаа ирж зогстол ардаас машинаас 2 цагдаа бууж ирээд манай нөхрийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаагийн газар луу авч явсан. Тэгээд цагдаагийн газар очоод архи уусан эсэхийг хэмжих багаж үлээлгээд байсан. Манай нөхөр ганцаараа машиндаа архи уусан гэж надад хэлсэн. Бие нь өвдөөд архи уугаад байдаг” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-р тал/
4. Гэрч Х.Ч-н “2024 оны 11 сарын 24-ний өдөр 13 цагийн орчимд би Баянбулаг багт байрлах Скай дэлгүүрийн зүүн талд би барилгын ажил хүмүүсээр хийлгээд байж байтал машины зогсоол дээр байсан манай шавар зуурдаг тэргийг ** УАА улсын дугаартай шаргал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл 2 удаа ухарч ирээд мөргөөд тухайн тээврийн хэрэгслийн жолооч барзгар бараан царайтай 40 гаруй насны нилээд согтуу байдалтай эрэгтэй хүн машинаасаа бууж ирээд энэ сэгээ холдуулаач писда минь гэж хэлээд хөдлөөд явсан. Тэгэхээр нь би уучлаарай ч байхгүй яасан сонин хүн бэ ингэж согтуу тээврийн хэрэгсэл жолоодож явж байж хүн амьтан дайрахвийдээ гэж санаа зовоод цагдаагийн газрын 7035102 дугаарлуу тухайн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хэлээд согтуу тээврийн хэрэгсэл жолоодоод яваад байгаа талаар нь дуудлага мэдээлэл өгсөн юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 19-р тал/
5. Яллагдагч Б.С-н “Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Мөн өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ харамсаж байна. Би 2024 оны 11 сарын 24-ний өдөр өөрийн эхнэр О-н ажил болох Орхон аймаг Баян-Өндөр сум 4-5-р байрны гадаа цас цэвэрлэж өгөнгөө ганцаараа 0,33 граммын Хараа нэртэй архийг ууж дуусаад өөрийн ** УАА улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Баянбулаг багт байрлах Хүрэн дэлгүүрийн гадаа очиж зогсоод найз Эрдэнэсайханыг найзтай нь аваад Бүрэнбүс багт байрлах Хур нэртэй зочид буудлын гадаа буулгаад цаашаа машинаа жолоодоод эхнэрээ ажилаас нь очиж аваад хашааныхаа гадаа ирээд зогстол машинаас 2 цагдаа бууж ирээд намайг цагдаагийн газарт авч ирэн согтолт хэмжих багаж үлээлгэхэд 0,81 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 23-р тал/
6. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/383 дугаартай шийтгэвэр /хх-ийн 29-32-р тал/
7. Б.С-н жолоочийн лавлагаа, мэдээлэл. /хх-ийн 34-35-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн ** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.81 хувийн согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцож, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, 3000 нэгж буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Д.Н-н “тухайн тээврийн хэрэгслийн жолооч гэрийнхээ хашааны гадаа очоод зогсохоор нь цагдаа М бид хоёр машинтайгаа хажууд нь зогсоод машинаасаа буутал тухайн тээврийн хэрэгслийн жолооч бид хоёрыг хараад машинаасаа гэр лүүгээ гүйж яваад би араас нь очоод та яагаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод байгаа юм бэ гэтэл би согтуу тээврийн хэрэгсэл жолоодоогүй гээд нилээд согтуу байдалтай орилж хашгираад байсан. Архи илтэд үнэртэж байхаар нь би ачилтын машин дуудаад тээврийн хэрэгслийг нь ачуулсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч согтуу байдалтай жолоочийн суудал талаас буугаад гүйсэн” гэх мэдүүлэг, гэрч Б.О-н “Би нөхөртөө яах гээд согтуу машин бариад байдаг юм гэтэл намайг жолоод гэхээр нь би машин муу барьдаг учраас айгаад жолоодоогүй. Тэгээд бид хоёр машинтайгаа хөдлөөд Баянбулаг баг 1-23 тоотод гэрийнхээ гадаа ирж зогстол ардаас машинаас 2 цагдаа бууж ирээд манай нөхрийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд цагдаагийн газар луу авч явсан” гэх мэдүүлэг, гэрч Х.Ч-н “манай шавар зуурдаг тэргийг ** УАА улсын дугаартай шаргал өнгийн тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл 2 удаа ухарч ирээд мөргөөд тухайн тээврийн хэрэгслийн жолооч барзгар бараан царайтай 40 гаруй насны нилээд согтуу байдалтай эрэгтэй хүн машинаасаа бууж ирээд энэ сэгээ холдуулаач писда минь гэж хэлээд хөдлөөд явсан” гэх мэдүүлэг, яллагдагч Б.С-н “эхнэр О-н ажил болох Орхон аймаг Баян-Өндөр сум 4-5-р байрны гадаа цас цэвэрлэж өгөнгөө ганцаараа 0,33 граммын Хараа нэртэй архийг ууж дуусаад өөрийн ** УАА улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Баянбулаг багт байрлах Хүрэн дэлгүүрийн гадаа очиж зогсоод найз Эрдэнэсайханыг найзтай нь аваад Бүрэнбүс багт байрлах Хур нэртэй зочид буудлын гадаа буулгаад цаашаа машинаа жолоодоод эхнэрээ ажилаас нь очиж аваад хашааныхаа гадаа ирээд зогстол машинаас 2 цагдаа бууж ирээд намайг цагдаагийн газарт авч ирэн согтолт хэмжих багаж үлээлгэхэд 0,81 хувийн согтолттой байсан” гэх мэдүүлэг, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 2024/ЗШ/383 дугаартай шийтгэвэр, Б.С-н жолоочийн лавлагаа, мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн нутаг дэвсгэрт Тоёота Приус маркийн ** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.81 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа Тоёота приус маркийн ** УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 0.81 хувийн согтууралтайгаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бусад нөхцөл байдалын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 3 000 000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүгдэгчид оногдуулсан эрх хасах болон торгох ялыг биелүүлэх ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 437 дугаар нээлттэй хорих байгууллагад даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 1 ширхэг CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС