Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 155/ШШ2020/01623

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ..... дугаар гудамжны......тоотод оршин суух Хайдав гэлэн овогтой Сандагийн ******* /............../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... дугаар гудамжны .........тоотод оршин суух Өндөр жаргалант овогтой Шагдарын******* /...................../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ш.Бат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Миний бие нөхөр Ш.Баттай 1971 онд танилцан үерхэж, 1974 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 6 хүүхэд төрсөн юм. Хамтын амьдралын хугацаанд нөхөр маань байнгын архи ууж, зодож, дарамтлан хүчирхийлж байсан ба энэ байдлаар хөгшин настай миний амь насанд эрсдэл үүсэж байна. Мөн цаашид намайг дарамтлахгүй, тайван байлгаж өгөөрэй гэж хүсэж байна.

Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдүүд бүгд насанд хүрсэн тул тэтгэлэг нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хариуцагч Ш.Бат шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би эхнэр С.*******тай 1971 онд танилцан, 1974 онд нэг гэр бүл болж, бидний дундаас 6 хүүхэд төрсөн юм. Би архи ууж, агсам тавьдаг асуудал байгаа. Гэхдээ өөр шалтаг шалтгаан байгаа. Өдий насалчихаад нэг гэрт хэрэлдэж суугаад яахав. Би хүүхдүүдээ харж явах болно.

Иймд би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Ш.Батад холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Учир нь:

Зохигчид нь 1973 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, 1974 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байх ба гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Иймд шүүх нэхэмжлэгч С.*******, хариуцагч Ш.Бат нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Мөн тэдний дундаас 1973 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүү Н.Даянжалбуу, 1982 оны 8 дугаар сарын 22-ны өдөр охин Цэвээнсаазал, 1979 оны 6 дугаар сарын 12-ны өдөр охин Б.Тунгалаг, 1974 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүү Төмөртулга, 1993 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүү Амартүвшин, 1976 оны 10 дугаар сарын 25-ны өдөр охин Дэлгэрмөрөн нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаануудаар нотлогдож байх ба нэхэмжлэгч нь хүүхэд насанд хүрсэн тул хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Батаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хайдав гэлэн овогтой Сандагийн ******* /............/, Хайдав гэлэн овогтой Сандагийн ******* /......................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ