2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/528

 

 

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Н.Дамбадаржаа,

Хохирогч Б.С /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Халиунаа,   

Шүүгдэгч Н.Х , түүний өмгөөлөгч Ю.Тогмид,

Гэрч Д.Л , Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2309012552028 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Х  нь иргэн Б.С оос олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хооронд Ч.Л аас 73,000,000 төгрөг, “Mercedes Benz GLK300” маркийн автомашиныг 40,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эрхийг хууль бусаар ашиглаж, их хэмжээний буюу 112,445,000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Н.Х  нь иргэн Б.С оос олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хооронд Ч.Л аас 73,000,000 төгрөг, “Mercedes Benz GLK300” маркийн автомашиныг 40,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эрхийг хууль бусаар ашиглаж, их хэмжээний буюу 112,445,000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завшсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...төлбөрийн 226,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед хамт ажилладаг Л  надад дүү Х  гээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа найдвартай хийж хөөцөлдөж авч өгдөг хүн байгаа гэж хэлсэн. Тэгээд би Х тэй танилцахад Х  надад өөрийгөө өмгөөлөгч, өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг байсан гэж хэлж танилцуулсан. Дараа нь би Х гийн хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу хамт очиход танилтай мэт харагдаж байсан учир түүнд итгэж 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төлбөр авагч намайг төлөөлөх итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан Х д өгсөн. Үүнээс хойш би төлбөрийн асуудлаар Х тэй холбогдоход ажиллагаа явагдаж байгаа, төлбөр орж ирвэл тань руу шилжүүлнэ гэж удаа дараа асуух болгонд надад хэлдэг байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сараас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд мөнгө орсон байгаа, намайг ирж мөнгөө ав гэж хэлбэл над руу тухайн мөнгийг шилжүүлж өгнө Х  хэлсэн. Дараа 2022 оны 12 дугаар сард манай ажлын хүн Л  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Х д итгэмжлэл өгсөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байна, чи мэдсэн үү гэж надад хэлсэн. Үүнээс хойш би Х тэй өнөөдрийг хүртэл огт холбогдож чадаагүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-17, 94 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...113,000,000 төгрөгөөр хохироосонд гомдолтой байна. Би итгэмжлэл өгсөн бөгөөд 50 хувийг нь өгөөд, 50 хувийг хаана гэдэг дээр гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Д.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...С  Х тэй уулзаад итгэмжлэл хийж өгөөд Х  нь С ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр нэхэмжлэл гаргасан мөнгийг авсан ч С ид өгөөгүй юм шиг байна лээ. Би С оос төлбөрөө авсан эсэхийг асуухад төлбөр аваагүй гэж байсан. Х гээс асуухад би С той байнга холбоотой байгаа гээд надад мэдээлэл өгөхгүй яваад байсан. Тэгээд Х  нь С д төлбөр төлөгчөөс мөнгийг нь авч өгөөгүй талаар мэдсэн юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 39-40 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би С ийг танина. Би С д туслах гэж байхад Х  хэвийн ажил үүргээ гүйцэтгэж өр төлбөр барагдуулдаг байсан. Манай ажлын хүн учир төлбөр төлөхөөс нь өмнө мөнгийг нь авах биш төлбөрийг барагдуулсны дараа тохирсон мөнгөө аваарай гэж хэлсэн. Тэгээд энэ хоёр өөрсдөө нотариат ороод итгэмжлэл хийсэн байсан. Заавал гээгүй, амьхандаа найз болон дүүдээ туслах гээд иймэрхүү асуудал болсон. Би Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар дээр 2022 оны 10 дугаар сард материал хаасан гэж мэдсэн. С ийн материал шүүхийн шийдвэр дээр хаачихсан байна гэж хэлсэн. Тэр талаараа нөхөртөө буюу ахад нь хэлсэн. Х  С гийн материалыг хаагаад өөрөө авчихсан юм шиг байна, материал хаагдсан байна гэж хэлж байсан. Би тухайн үедээ мэдчихээд Х гээс асуухад эгчээ түр хаадаг нөхцөлөөр хаасан, түр Л ыг ингэж байгаад тал мөнгийг авчхаад үлдсэн мөнгийг аваад сэргээнэ гэхэд нөхөр маань наадах чинь түр хаах нөхцөл биш бүр мөсөн хаах нөхцөл байна. Х  гэрийн гадаанаас машинаа хулгайлаад аваад явсан. Манай гадаа байсан бенз маркийн машиныг 2023 оны 3 дугаар сард авч явсан. Авч явсны дараа өөрийн найз луу шилжүүлсэн байсан. Х  надад өртэй байсан тул өрөндөө шилжүүлсэн гэж найз нь хэлсэн. Би төлбөр төлөгдөж байгаа зүйлийг аваагүй. Х д өмгөөллийн эрх байгаагүй, итгэмжлэлээр явж байсан. С ид өмгөөлөгч гэж хэлээгүй, итгэмжлэлээр явна гэж хэлсэн. ... гэх дугаарыг мэдэхгүй. Би Х , С , Л  нарын хоорондын харилцаа буюу шүүхийн шийдвэртэй холбоотой маргаанд оролцогч биш. Би том охинтой. Манай хүүхэд жолооны эрхгүй байсан тул унаж байгаагүй. Бенз машиныг Х гийн ах нь авчирч өгсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч С.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ч.Л нь миний хадам аавын төрсөн дүү байгаа юм. Би Л  ахтай гайгүй дотно харилцаатай байдаг. ... нь миний тээврийн хэрэгсэл байсан. Би тухайн машиныг зарах гээд нээх унахгүй байсан юм. Тэгээд нэг өдөр Л  ах над руу яриад ах нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөртэй байгаа юм. Ахын дүү машинаа төлбөрт нь өгчих, би чамд дараа нь машин олоод өгье гэхээр нь би зөвшөөрөөд наг танихгүй хүн машин ирж үзээд болж байна гэсэн. Тухайн машин Мерседес бенз GLK300 загварын тээврийн хэрэгсэл байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 55 дугаар тал/,

 

Гэрч Ч.Л ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Шүүх дээр нэхэмжлэл гаргаж надаас 350,000,000 төгрөг нэхэмжилснийг бид хоёр эвлэрлийн гэрээ хийж 330,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд 104,000,000 төгрөгийг төлөөд 226,000,000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд Х  гээд С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гэх залуу яриад үлдэгдэл 226,000,000 төгрөгөөс 50 хувь буюу 113,000,000 төгрөг төлөөд хэргийг чинь хаая гэдэг санал тавьсан. Тухайн үед 2022 оны 8 дугаар сарын дунд үе байсан. Би зөвшөөрөөд 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Х тэй уулзаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ард байрлах нотариат орж бид хоёр гэрээ хийсэн. Би гэрээ хийхээсээ өмнө С той фейсбүүк чатаар холбогдож Х гийн талаар тодруулж, мөн гэрээ хийх гэж байгаа талаараа мэдэгдэхэд “Ээжтэй тохиролцож гэрээ байгуулан мөнгийг нь хагасаар төлөхөөр болсон байна, би зөвшөөрч байгаа, манай Х  бол өмгөөлөгч хүн учраас гэрээ юмнуудаа өөрөө мэдэж байгаа, төлөөлөөд явна. Харин гэрээг ягштал биелүүлэх хэрэгтэй” гэж бичсэн. Тэгэхээр нь би шууд гэрээ хийсэн. Тэгээд гэрээнд заагдсан Х гийн Худалдаа хөгжлийн банкны ...  дугаартай дансанд цувуулж 2022 оны 9 дүгээр сараас эхлэн 73,000,000 төгрөг шилжүүлж, үлдэгдэл 40,000,000 төгрөгт нь 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн дүү Т ийн эзэмшлийн ...  улсын дугаартай Мерседес Бенз GLK300 загварын тээврийн хэрэгслийг Х гийн нэр дээр Т тэй тохиролцсоны үндсэн дээр шилжүүлж өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53, 96 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Х  С ийн өмгөөлөгч гэж надтай анх холбогдож уулзаж байсан. С ийн нотариатаар хийлгэсэн итгэмжлэл үзүүлсэн. Би өмгөөлөгч л гэж бодсон. 73,000,000 төгрөгийг цувуулж Х гийн данс руу хийсэн. 40.000.000 төгрөгийг дүүгийнхээ машиныг авлагад өгч байна гэх бичиг хийлгээд нотариатаар орж машиныг шилжүүлсэн. Төлбөр төлөх ажиллагаанд Х гээс өөр хүн оролцоогүй. С  гэх хүн болно гэж хэлсэн. Л  гэх хүнийг мэдэхгүй.  С ид өгөх ёстой мөнгийг Х д өгч байсан. Мөнгө шилжүүлэхдээ С ид хэлж байсан. Манай хадам ээжтэй харьцаж байгаа учир сайн мэдэхгүй байна, гэрээний үүргээ сайн биелүүлээрэй гэж байсан. 73,000,0000 төгрөг, тэгээд 40,000,000 төгрөгөөр үнэлэгдэх машин өгсөн. Одоо 113,000.000 төгрөгийн төлбөр байгаа. Шүүхийн шийдвэрийн дансанд өгч байгаарай гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Эд зүйл авч хэрэгт хавсаргасан тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл болон гэрч Ч.Л аас гаргаж өгсөн С той харилцаж байсан фейсбүүк чатын хувилбар, Х тэй хийсэн харилцан тохиролцсон №22-23 гэх дугаартай гэрээ, тээврийн хэрэгсэл Х д шилжүүлсэн нотариатын гэрээний хуулбар, Тээврийн хэрэгсэл төлбөрт авахад татгалзах зүйлгүй гэх Х гийн гаргасан баталгааны хуулбар, Л ын Худалдаа хөгжлийн банкны ...  дугаартай дансны хуулбар /1хх-ийн 60-88 дугаар тал/,

 

Худалдаа хөгжлийн банкны ...  тоот дансанд үзлэг хийсэн: “...Н.Х гийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны ...  тоот дансанд хийсэн үзлэгээр 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд Н  овогтой Х гийн Худалдаа хөгжлийн банкны ...  тоот дансанд 67,000,000 төгрөгийн орлого Ч.Л тай холбогдолтой ... , ...  дугаартай данснаас шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байв...” гэх тэмдэглэл /1хх-ийн 135-140 дүгээр тал/,

“Дамно” ХХК-ийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №СБ2-24-637 дугаартай: “...Mercedes Benz GLK 300 маркийн автомашины үнийг 39,445,000 төгрөгөөр тогтоосон...” шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 99-106 дугаар тал/,

 

2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 184/ШШ2019/01924 дугаартай захирамж, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 184/Ш32019/10511 дугаартай захирамж /1хх-ийн 18-27 дугаар тал/,

 

2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 22-23 дугаартай: “...нийт төлбөрийн үлдэгдэл 50 хувь 113,000,000 төгрөг төлбөр авагчийн Б.С ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х д бэлнээр болон Худалдаа хөгжлийн банк дахь ...  дугаартай дансанд шилжүүлнэ...” гэх харилцан тохиролцсон гэрээ  /хх-ийн 29 дүгээр тал/,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Б.С , Н.Х , Ч.Л нарт холбогдох гүйцэтгэх баримт бичгийн мэдээлэл /1хх-ийн 123-125 дугаар тал/,

 

Монголын Өмгөөлөгчдийн холбооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 07/1061 дугаартай: “...Н гийн Х  нь өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй...” гэсэн албан бичиг /1хх-ийн 112-113 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х гээс: “...Миний бие өөрийн хамаатны эгчийн санаачилгаар 2022 оны 4 дүгээр сард хамт ажилласан С  гэдэг хүн байдаг. 2019 оноос хойш төлбөр мөнгөний асуудалтай байгаа. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт асуудал нь байгаа тул төлбөрийг нь төлөх асуудлыг яриад яваарай гэсний дараа 2022 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд итгэмжлэлийг авсан бөгөөд тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож өргөдөл авсан. Ч.Л тай уулзаж харилцан тохиролцсон гэрээгээр 256,000,000 төгрөгийн 10 хувь нь төлөгдөөгүй тул 50 хувийг төлж авъя гээд харилцан тохиролцсон. 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд Ч.Л ын хэлснээр төлбөрийг зохицуулсан. Түүний дагуу орж ирээд төлбөрийг хохирогч Б.С ид өгөхөөр тохирсон ч 2022 оны 7 дугаар сард Б.С албан томилолтоор явлаа гээд 4 жилийн хугацаагаар явсан. Төлбөртэй холбоотой зүйлийг цахим хэлбэрээр өгч үр дүнтэй холбоотой асуудлыг ярьж байгаад тохирно гэсэн. Гэрээний дагуу тухайн мөнгөнүүд орж ирсэн бөгөөд тухайн үед нь Ч.Л , Л  нар мэдэж байсан тул хохирогчид хэлээрэй, би төлбөр мөнгийг хүлээн авч байгаа, хэдийг төлөх вэ гээд хэлж байсан. Дээрх төлбөрийн асуудал 73,000,000 төгрөг төлбөр төлөгч Ч.Л аас орж ирсэн. Тодорхой хугацааны дараа төлбөрийг Л  эгчид мэдэгдсэн. Л  эгч чи төлбөр мөнгөө өг, би цаашаа С д өгнө гэж хардсан асуудал гарсан. Л  эгчийн ажиллуулдаг байсан газарт тухайн бүрт орж ирсэн мөнгийг аваачиж өгсөн. Түүний нөхөр И  тэр байгууллагын хоёр эмэгтэй байсан. 73,000,000 төгрөг төлөгдөөд үлдсэн 40,000,000 төгрөгт Ч.Л аас автомашин санал болгосон бөгөөд Л  эгчид танилцуулахад болж байна, аваадах гэж хэлсэн. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тэр автомашиныг төлбөр төлөгч Ч.Л ын дүү Т аас шилжүүлж авсан. 2022 оны 12 дугаар сарын эхээр Л  эгчид машиныг хүлээлгэн өгсөн. Энэ асуудлыг хохирогчдоо ярьж байгаа байх гэж бодож байсан ч Л  тухайн машиныг өөрийн том болох Энхжинд унуулаад зам тээврийн хурд хэтрүүлсэн торгуулиуд орж ирсэн. Л  эгчид машиныг нь эвдэж асуудалд орох вий, торгууль ирж байна гэхэд би мэдэж байна, чамд хамаагүй гэж ярьсан. 73,000,000 төгрөгийг өгөөгүй байх магадлалтай юм байна. Автомашиныг охиндоо унуулж байгаа нь яагаад тэгсэн юм бол гэж бодоод 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр дээрх автомашиныг Л  эгчийн гэрийн гаднаас очиж авсан бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн газарт гомдол гаргасан. Цагдаад гомдол гаргасан гэдгийг ойлгож мэдээгүй явж байсан. Л  тухайн төлбөр мөнгийг аваад хорих ял эдлээд явчих байсан болов уу гэж боддог. 2023 оны энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж прокурор луу буцсан. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хорих ял эдэлж байхад тухайн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс мөрдөгч ирж яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа талаар би ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаа болон хяналт тавьж буй дээд шатны прокурорт удаа дараа гомдол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15 дахь заалтад зааснаар нотлох баримтыг цуглуулж бэхжүүлье гэж хүсэлт гаргасан ч ямар нэг байдлаар хариу өгөөгүй. Нэгдүгээрт хохирогчийг Монгол Улсад байгаагүй гэж гаргасан. Үүнээс болж хорих ял авах гээд шүүх дээр ирж байгаад гомдолтой байна. Итгэмжлэлийн хүрээнд төлбөр төлөгчөөс авсанд мөнгөний маргаан байхгүй. Л  мөнгийг авч цааш нь шилжүүлнэ гэчхээд би юуг төлөх ёстойг ойлгохгүй болсон байна...” гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй. 

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Хавтаст хэргээр Н.Х гийн завших гэмт хэргийг шийдвэрлэх боломжтой нотлох баримтууд бүрэн бүрдсэн. Завших гэмт хэргийг үйлдэхдээ бусдын итгэмжлэн хариуцуулсан эрхийг хууль бусаар ашиглаж их хэмжээний буюу 112,445,000 төгрөгийн хохирол учруулан, хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн, улмаар энэ үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учруулсан байхаар хуульчилсан. Н.Х гийн өмгөөлөгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр төлбөр авах үйл ажиллагаанд Б.С ийг төлөөлж түүнд учирсан хохирлыг барагдуулах чадамжтай гэж ойлгуулах үйл ажиллагааг явуулсан гэж харагдахаар байдаг. Хохирогч болон өмгөөлөгч ч хэлж байсан бөгөөд энэ асуудлыг шийдсэн гэж Л  холбосон байдаг. Л  энэ хүмүүсийг хооронд нь холбож уулзуулснаар түрүүний оролцоо дууссан. С ийг төлбөр авахад хувь хэмжээ авах ашиг хонжоо авах зэрэг бусад эрх ашиг Л гийн зүгээс байгаагүй. О, Л  зэрэг бусад хүмүүсийн оролцоо хуульд зааснаар байхгүй. Учруулсан хохирол буюу 113,000,000 төгрөгийн 40,000,000 төгрөгийг автомашинд тооцож, 73,000,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Автомашины үнэлгээнээс болж тодорхой дүнгээр багассан. Автомашиныг шилжүүлсэн хүлээж авсан, буцааж төлбөр төлөх хүртэл үйл баримтад Н.Х  хариуцахаа илэрхийлж байна. Мөнгөн дүн дансны хуулгаар нотлогдож байна. Иймд шүүгдэгч Н.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчид 112,000,000 төгрөгийн төлбөр төлөх үлдэгдэлтэй байна...” гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч Г.Халиунаагаас: “...Н.Х  нь гэм буруу дээрээ маргахгүй байна. Хохирогчийн хувьд 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс 4 дүгээр сарын 07-ны хооронд Монгол Улсад ирсэн бөгөөд хилийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Өргөдөл гаргах үед хохирогч Монгол Улсад байсан. Үүний дараа нэг удаа Монголд ирж Баясгалан өмгөөлөгч мэдүүлэг өгсөн. Хохирогч өөрөө өргөдөл гаргаагүй гэдэг нь үндэслэлгүй. Хохирогч би өргөдөл дээрх бүх мэдээллийг Л гээс авч өгсөн гэж хэлсэн. Цээжээр тэр дугаарыг мэдэхгүй байх нь аргагүй. Л д мөнгө өгсөн тул хохирол төлөхгүй гэж ярьж байна. Энэ нь үндэслэлгүй тайлбар байна. Хохирогчийн зүгээс 112,445,000 төгрөгийг хохирол гэж тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй буюу нийт 113,000,000 төгрөгөөр хохирлын хэмжээг тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидоос: “...Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Зүйлчлэлийн хувьд миний үйлчлүүлэгч маргаагүй. Гэм буруугийн асуудалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан. Үүнийг болгоомжгүй гэмт хэрэг тооцож өгөөч гэж байгаа нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчүүдийн мэдүүлэг байна. Хохирогч гомдол гаргахдаа тухайн хүмүүсийн утасны дугаарыг дурдсан байдаг. Энэ хүмүүс ямар хүмүүс вэ гэдгийг мэддэггүй. Энэ хүн гомдлоо мэдэж байж гомдлын дугаарыг тавьсан байгаа. Өнөөдөр 2 жил өнгөрсөн ч эхний хариултаар хохирогч мэдэхгүй гэж хариулсан. Хэрэгт авагдахдаа гомдол дээр хохирогч Л гээс мэдэж байж хэний мөнгийг Л аас ирсэн Х д өгсөн мөнгийг Л гээс мэдсэн гэж гомдол гаргадаг. Х гээс тухайн мөнгийг Л д өгсөн, энэ хүмүүс харсан гэж мөрдөн шалгах ажиллагаа, урьдчилсан хэлэлцүүлэг дээр ч хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч, прокурор хэргийг тал бүрээс цагаатгах буюу яллах талын нотлох баримтыг цуглуулна гэдэг боловч зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулж хийсэн. Энэ хүмүүс Л д өгсөн гэдгийг мэдэж байгаа гэсэн ч шалгаж тогтоогоогүй. Л  яагаад процессыг сайн мэдэж байна вэ? С той уулзаж мэдээд өөрийн дүүтэй холбож өгч байгаа бөгөөд туслах гээд С тай холбож өгөөд өр төлбөрийг дурдсан ч төлбөр авсныг Л  яаж мэдсэн бэ? Хэргийн оролцогч биш хөндлөнгийн хүн очоод төлбөр төлөлт дууссан байна гэж С т мэдэгдсэн бэ? Л  хэргийн оролцогч биш байж машиныг авч гэрийн гадаа тавьж байна вэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дүгээр зүйлд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа дахиж хийж өгнө үү. Энэ хэрэгт Л  холбоотой байна уу? Х  авсан мөнгөө Л д өгөөд байна гэж хэлж байна. Үнэхээр тэр мөнгө болон машиныг яагаад авч байна вэ? энэ хүнд мөнгө өгсөн үү? харсан уу? гэдгийг хөндлөнгийн гэрч М  О ээс асуух шаардлагатай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дүгээр зүйлд зааснаар хэргийг 60 хоногоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж үндсэн шинжийг хуульчилсан.

Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн шүүгдэгчид итгэсэн харилцааны буюу итгэлийн үндсэн дээр эд зүйлийг нь гэмт этгээд шилжүүлэн авч эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг тэрээр эзэмшиж, ашиглаж байгаа давуу байдлаа урвуулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр авч ашиглаж байгаа бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэмт үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэж хуульчилсан.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” хэлэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэжээ.

Хэргийн тухайд шүүгдэгч Н.Х  нь иргэн Б.С оос олгосон итгэмжлэлийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны Ч.Л аас 73,000,000 төгрөг, Мерседес бенз GLK300 маркийн автомашины 40,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авч, бусдын итгэмжлэн хариуцуулсан эрхийг хууль бусаар ашиглаж их хэмжээний буюу 112,445,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь дээрх “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Н.Х  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас: “...Н.Х  төлбөр төлөгч Л аас авсан мөнгөө Л д өгсөн эсэхийг шалгаж тогтоогоогүй, өгч байсныг мэдэх гэрч М , Оээс асуух шаардлагатай. ...Л  хэргийн оролцогч биш байж мөнгө авч байгаа талаар яаж мэдсэн, ...тэр мөнгө болон машиныг яагаад авч байна вэ гэдгийг тогтоох шаардлагатай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14 дэх заалтад зааснаар хэргийг 60 хоногоор нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Б.С , гэрч Д.Л , Ч.Л , С.Т  нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, үйл баримтыг эргэлзээ үүсгэхгүйгээр нотолж мэдүүлсэн байна.

            Түүнчлэн Д.Л гээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр хууль сануулж мэдүүлэг авсан байх бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Х  гэрийн гадаанаас машинаа хулгайлаад аваад явсан. Манай гадаа байсан бенз маркийн машиныг 2023 оны 3 дугаар сард авч явсан. Авч явсны дараа өөрийн найз луу шилжүүлсэн байсан. Х  надад өртэй байсан тул өрөндөө шилжүүлсэн гэж найз нь хэлсэн. Би төлбөр төлөгдөж байгаа зүйлийг аваагүй...” гэж мэдүүлсэн.

            Хэрэгт авагдсан дээрх гэрч нарын мэдүүлэг бусад бичгийн баримтуудтай танилцахад гэрч Д.Л гийн мэдүүлгийг үгүйсгэх, хоорондоо зөрүүтэй, шүүгдэгч Н.Х гийн “...Л д авсан мөнгөө өгсөн...” гэх мэдүүлгийг дэмжсэн нотлох баримт авагдаагүй байхаас гадна хохирогч Б.С нь итгэмжлэлээр шүүгдэгч Н.Х д эрх олгож төлбөрийг өөртөө шилжүүлэх агуулгаар тохиролцож гэрээ хийгдсэн байх тул нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, Н.Х гийн бусдад мөнгө өгсөн эсэхийг тогтоолгох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Mercedes Benz GLK300” маркийн автомашиныг шинжээч томилж үнэлгээ хийлгэсэн байх тул хохирлын хэмжээг тодорхой бус эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хохирол, хор уршиг:

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С д 112,445,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.Х  нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

 Шүүгдэгч Н.Х  нь “Mercedes Benz GLK300” маркийн автомашиныг Ч.Л аас 40,000,000 төгрөгт тооцон шилжүүлэн авсан гэх боловч эд хөрөнгийн үнэлгээгээр уг тээврийн хэрэгсэл нь 39,445,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна. 

Мөн 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны хооронд шүүгдэгч Н.Х  Ч.Л аас 73,000,000 төгрөг шилжүүлж авсан байх тул нийт хохирлын хэмжээг шүүх 112,445,000 төгрөг гэж тогтоосон болно.

Хохирогчийн өмгөөлөгчийн “...тохиролцсон үнэ, үнэлгээний зөрүү болох 555,000 төгрөгийг гаргуулах...” хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй, уг асуудлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдав. 

Иймд шүүгдэгч Н.Х гээс 112,445,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С ид олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хуульд 02-08 жилийн хорих ял оногдуулах ялын санкцтай байна. Шүүгдэгчийн хувьд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял оногдуулж эдэлж байна. Энэ үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, хохирол нөхөн төлөөгүй зэргийг харгалзан хуульд зааснаар 05 жил, 6 сар, 18 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 02 жил, 01 сар, 02 хоногийн хорих ялтай. Нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн 07 жил, 7 сар, 20 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Цагдан хоригдсон 60 хоногийн хугацааг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Халиунаагаас : “...Улсын яллагчтай санал нэг байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ю.Тогмидоос: “...Нэг төрлийн гэмт хэрэг бөгөөд уг хэргүүдийг нэгтгэж, үргэлжилсэн үйлдлээр нэг гэмт хэрэг гэж шийдэх боломжтой байж. Өмнөх шийтгэх тогтоолоор шийдэгдэхээс өмнө нь үйлдэгдсэн гэмт хэрэг байдаг. Цаг хугацааны хувьд тус тусад нь шийдвэрлэсэн. Гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй хохирлын хэмжээ дээр маргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар 03 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Н.Х гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 168 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 143 дугаар тал/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 147 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 177 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа /1хх-ийн 170 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Х  нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, дээрх ялуудыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх нийт хорих ялыг 04 жилийн хугацаагаар тогтоосон байна.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЦХШЗ/784 дугаартай захирамжаар шүүгдэгч Н.Х г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 421 дүгээр нээлттэй хорих ангиас Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шилжүүлэн цагдан хорьсон байх бөгөөд ялын тооцоог 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгож, үлдэгдэл хорих ялыг 02 жил, 02 хоногийн хугацаагаар тооцжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Х д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил, 02 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 05 жил, 02 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х гийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Н гийн Х г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Х г 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Х д энэ тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 /хоёр/ жил, 02 /хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 05 /тав/ жил, 02 /хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х гийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Х гээс 112,445,000  /нэг зуун арван хоёр сая дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.С д олгосугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Х д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.