Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 155/ШШ2020/01637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 05 дугаар баг .......... тоотод оршин суух Хиргэс овогтой Мижиддоржийн *******/................/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн*******ТӨХК-нд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин 6.118.556/зургаан сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун тавин зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч М.*******,нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сувд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Мижиддорж овогтой ******* нь 2019 оны 01-р сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн*******ТӨХК-нд няраваар ажилд орсон. Ажилд орсон цагаас хойш удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, тус байгууллагын тайлан төлөвлөгөөг цаг алдалгүй боловсруулж байсан. Гэтэл 2019 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр намайг ямар нэгэн шалтаг шалтгаангүй ажлаас чөлөөлж хохироосон бөгөөд миний бие Хөвсгөл аймгийн*******ТӨХК-ний гүйцэтгэх захирлын Б/100 тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан няравын ажилдаа эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн.Мөн давж заалдах шатны магадлал ч гарсан.Уг хууль бус тушаалаас болж цалин орлогогүй болж хохирч, банкны зээлийн өрөнд баригдсан2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин 6.118.556 төгрөгийг Хөвсгөл аймгийн*******ТӨХК-иас гаргуулж өгнө үү.

...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ажилгүй байсан хугацаа нийт 172 биш харин 171 хоног байна. Би 2019 оны 06 сард 874.727, 07 дугаар сард 904.452, 08 дугаар сард 568.643 төгрөгийн цалин авсан. 3 сарын дундаж цалин 2.347.822 төгрөг, нэг өдрийн цалин 35.573 төгрөг, ажилгүй байсан нийт хоногоо бодохоор 6.082.983 төгрөг болж өөрчлөгдөж байх тул уг мөнгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Мөн би урьд нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай хамт ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилсэн боловч уг иргэний хэрэгт ажилгүй байсан хугацааны шаардлагатай хамааралтай баримтаа бүрдүүлж чадаагүй тул дараа баримтаа бүрдүүлж дахин нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан ба*******ТӨХК-ниас цалингийн асуудлыг шийдвэрлэх болов уу гэж тодорхой хугацаанд хүлээж байгаад ямар нэгэн шийд гараагүй тул 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан... гэв.

Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал Д.Цанлигрэнчин шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Тус*******ТӨХК-ны нярав ажилтай М.******* нь 2019 оны 01 сарын 02-ны өдөр*******ТӨХК-ний захирлын Б/02 тушаалаар няравын ажилд түр томилогдож, 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/41 тушаалаар ажилд жинхлэн томилогдсон байна. Энэ хугацаанд М.******* нь 2019 оны 02 сарын 25-ны өдрийн Б/43 тушаалаар сануулах сахилгын шийтгэл, 2019 оны 08 сарын 09-ны өдрийн А/78 тушаалаар үндсэн цалингийн 20% хасах сахилгын шийтгэлүүд ногдуулж байсан.Мөн зөрчил дутагдал дахин давтан гаргаж 2019 оны 09 сарын 11-ний өдрийн Б/100 тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлан ажлаас чөлөөлсөн байна. Дээрх зөрчлүүд нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/97 дугаартай тушаалаар батлагдсан*******ТӨХК-ний хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3.9 дэх заалт Ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн ажлын 1-2 өдрийн чөлөөг албаны дарга, 3 ба түүнээс дээш хоногийн чөлөөг захирлыг тушаал гаргаж чөлөө олгоно, 8.3.10 дахь заалт Компаний захирлын тушаалаар цалингүй чөлөө олгох дээд хязгаар 30 хоног байна гэсэн заалтуудыг зөрчиж чөлөө болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаараа албан ёсоор Захиргаа удирдлагын албанд мэдэгдээгүй байна.

Мөн*******ТӨХК-ний ажилтны ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт Хөдөлмөрийн сахилга бат, байгууллагын дотоод журмыг чанд сахих ажиллах, 5.2.4 дэх заалт Хөдөлмөрийн хууль, компаний хөдөлмөрийн дотоод журам, цаг ашиглалтын журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах зэрэг зөрчлүүдийг гаргасан байна. М.******* нь гаргасан зөрчил дутагдлаа хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд гомдол гаргаж Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар ажилд нь эгүүлэн томилох шийдвэрийн дагуу 2020 оны 05 сарын 08-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаалаар өмнө хийж байсан няравын ажилд эгүүлэн томилсон. Ажилд томилогдсоноос хойш хугацаанд М.******* нь өмнө гаргаж байсан алдаа дутагдлаа дахин гаргаж ажил тасалж, ажлын хариуцлага алдаж зөрчил дутагдал гаргасан.Гүйцэтгэх захирал ямар нэгэн чөлөө зөвшөөрөл өгөөгүй байхад дур мэдэн одоог хүртэл ажил тасалж ажилдаа ирээгүй байгаа болно.М.******* нь төрийн ажлыг цалгардуулж өөрийн дураар төрийн ажлыг тоглоом мэт ойлгож байгаа нь харамсалтай байна.М.******* нь 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 20 дугаартай Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна гэж үзэж байна.Иймд М.*******ийн гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...М.******* нь Хөдөлмөрийн хууль, компаний хөдөлмөрийн дотоод журам болон ажилтны ёс зүйн дүрэм зэргийг зөрчиж удаа дараалан сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан ба дээрх зөрчлөө давтан гаргасан тул түүнийг тус компаний захирлын 2019 оны Б/100 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн байдаг. М.******* нь дээрх тушаалыг зөвшөөрөхгүй шүүхэд хандсан ба шүүхээс түүнийг ажилд нь эгүүлэн тогтоосон.Давж заалдах шатны магадлал манайд 2020 оны 05 дугаар сард ирсэн бөгөөд түүнийг ажилд нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буцаан томилсон. Гэвч М.******* нь дээрх алдаа дутагдлаа мөн л давтан гаргасан ба 2020 оны 07 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.Мөн давж заалдах шатны шүүхийн магадлал гаргаснаас хойш буюу 2020 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна.Мөн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч урд татгалзсан байж дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй...гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Хөвсгөл аймгийн*******ТӨХК-нд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 6.118.556/зургаан сая нэг зуун арван нэгэн мянга таван зуун тавин зургаа/ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд 6.082.983 /зургаан сая наян хоёр мянга есөн зуун наян гурав/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

Хариуцагч талаас нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 518 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоосон ба Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж энэ нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулинд ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно хэмээн хуульчилсан.

Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ний няравын ажлаас 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр чөлөөлөгдсөн ба 2019 оны 09 дүгээр сард авсан цалинг бүтэн бодогдсон цалин биш. Харин 2019 оны 06 сард 874.727, 07 дугаар сард 904.452, 08 дугаар сард 568.643 төгрөгний цалин авсан. 3 сарын цалингийн нийлбэр 2.347.822 төгрөг, нэг сарын цалингийн дундаж 782.607 төгрөг, үүнийг ажлын 22 хоногоор бодвол нэг өдрийн цалин 35.573 төгрөг, үүнийг ажилгүй байсан нийт 171 хоногоор тооцвол 6.082.983 төгрөг болж байгаа хэмээн тайлбарласан.

Гэвч түүний 247577 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар 2019 оны 06 сард 874.727, 07 дугаар сард 904.452, 08 дугаар сард 568.643 төгрөгний цалин тус тус бичигдсэн байх ба сүүлийн 3 сарын цалин нь 2.347.822 төгрөг : нэг сард 782.607 төгрөг, үүнийг ажлын 22 хоногт хуваахад нэг өдрийн цалин 35.573 төгрөг, ажилгүй байсан хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл буюу ажлын нийт 159 хоногийн цалин 5.656.107 төгрөг болж байна.

Түүнчлэн хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч...М.******* нь удаа дараа сахилгын зөрчил давтан гаргасан тул ажлаас чөлөөлсөн, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 20 дугаар магадлал гарснаас хойш гомдол гаргах хуулийн хугацаа хэтэрсэн, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч урд татгалзсан байж дахин нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй...гэх тайлбарыг гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан зохицуулалт нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд тогтоох шүүхийн шийдвэрийг үндэслэн олгох дундаж цалин хөлстэй тэнцэх олговор юм.

Мөн М.******* нь шүүхэд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба шүүх хуралдааны явцад баримт дутуу тул дараа дахин нэхэмжлэл гаргахаар ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан болох нь хэрэгт авагдсан Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 518 дугаар шийдвэр болон зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5.656.107 /таван сая зургаан зуун тавин зургаан мянга нэг зуун долоо/ төгрөгийг хангаж, үлдэх 426.876/дөрвөн зуун хорин зургаан мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ниас ажилгүй байсан хугацааны цалин 5.656.107 /таван сая зургаан зуун тавин зургаан мянга нэг зуун долоо/төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 426.876 /дөрвөн зуун хорин зургаан мянга найман зуун далан зургаа/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 112.847/ нэг зуун арван хоёр мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 112.847/ нэг зуун арван хоёр мянга найман зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар М.*******эд олгох дээрх олговроос хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын хураамжийг тооцон авч, түүний Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг Хөвсгөл аймгийн Хөвсгөл Дулааны станц ТӨХК-д үүрэг болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ            Г.ДАВААХҮҮ