| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 194/2025/0354/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/549 |
| Огноо | 2025-02-19 |
| Зүйл хэсэг | 17.4.2.2., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2025/ШЦТ/549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Н.Ганчимэг,
Хохирогч Т.Б ,
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ц ад холбогдох эрүүгийн 2406000003976 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А.Ц нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Соманг Плаза” төвийн 2 дугаар давхарт байрлах “...” гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллах хугацаандаа буюу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр түүнд итгэмжлэн хариуцуулсан 25 ширхэг гар утсыг худалдан борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавих зэргээр завшсаны улмаас бусдад нийт 92,200,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч А.Ц нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Соманг Плаза” төвийн 2 дугаар давхарт байрлах “...” гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллах хугацаандаа буюу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр түүнд итгэмжлэн хариуцуулсан 25 ширхэг гар утсыг худалдан борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавих зэргээр завшсаны улмаас бусдад нийт 92,200,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Иргэн Т.Б оос 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны РСРК08539033 дугаартай хуудас /хх-ийн 4-5 дугаар тал/,
Хохирогч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн ажиллуулдаг хэдэн гар утасны лангуун дээр суудаг худалдагч нараа хооронд нь солихоор Somang Plaza доторх салбарын худалдагч Ц ын гар утсыг тоолтол тэр дотроос нийт 15 ширхэг гар утас дутчихсан. Өөрөөс нь болсон үйл явдлын талаар асууж тодруулахад сансарт Баянцээлд гар утас засварт өгчихсөн байгаа гэх яриа өгүүлэгтэй зүйл ярьсан. Яагаад өгсөн талаар асуухад нийт 15 ширхэг гар утасны зургийг авах гэж байгаад газар унагааж арын таг болон нүүр хэсгийг хагалчихсан гэж хэлсэн. Тэндээс Ц болон Э нарыг дагуулаад засварын газрыг заалгуултал замдаа явж байхдаа ... гэх дугаар луу залгаж ярихад гар утсаа авахгүй байж байгаад мессеж бичтэл тэр нь засварын газар ажилладаг нийт 15 ширхэг гар утас өгсөн гэж мессеж бичиж байсан. Тэгсэн чинь тэр дугаар нь Ц ын найз нь болж таарсан. Тэр найзтайгаа хуйвалдаан зохиогоод надад тийм зүйл хэлсэн байсан. Өнөөдөр өглөө буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өглөө дэлгүүрээ онгойлгоод бүтэн тооллого хийхэд нийт 25 ширхэг гар утас байхгүй болсон байна. Иймд манай ажилтан Ц ыг манай байгууллагаас нийт 25 ширхэг гар утас дутаасанд цагдаагийн байгууллагад хандаад байна. Нийт тооллого хийж гаргаж ирэхэд 25 ширхэг гар утас өөрсдийн зарагдаж байгаа үнийн дүнгээр 91,310,000 төгрөг болж байгаа. Ийм мөнгөн дүнгээр би хохироод байна. 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээгээр анх сууж эхэлж байсан. Нийт 4 сар гаран ажиллаж байгаа юм. Өөрсдийн зарж байгаа үнэ нь тодорхой болохоор тэр үнийн дүнгээрээ явна. Ажил үүргийн хувиар нь 6 өдөр ажиллаж 1 өдөр амардаг. Өглөө 10 цагаас орой 19 цагийн хооронд ажилладаг. Хяналтын камераар хяналт тавьдаг. 14 хоногтоо 1 удаа, заримдаа сард 1 удаа тооллого явуулдаг. Манай байгууллага ер нь нягтлан, нярав гэх албан тушаалын хүмүүс байдаггүй, би өөрөө Ехсеl программ дээр хөтлөөд тоолдог байсан. Би заримдаа хөдөө ажилтай байвал Ц аар өөрөөр нь тоолуулаад бичүүлээд авчдаг байсан. Манай байгууллага тухайн үед 3 салбартай, 1 салбарт 1 хүн ажиллаж тухайн хүндээ итгэж найдаж явдаг байсан. Ер нь 24 цаг ажилладаг. Гэхдээ дотроо камер нь байдаг учраас унтрааж болдог. 2024 оны 10 дугаар сарын сүүлээр манай байгууллага оффистой болсон учраас Ц ыг оффис дээрээ ажиллуулахаар болоод Ц ад хэлээгүй байсан. Тэгээд шууд очоод тооллого хийхэд шилэн хорго дотор байдаг хайрцаг савтай цоо шинэ утасны хайрцгийн лац нь хөндийрсөн байхыг анзаарч тооллого хийхэд хайрцаг савыг нь яг утас байгаа юм харагдуулж үлдээгээд дотор нь байх ёстой гар утаснуудыг бүгдийг нь зарсан байсан. 50,000,000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар тал/,
-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...А.Ц нь анх 2024 оны 6 дугаар сард хөдөлмөрийн гэрээ хийж манай компанид ажилд орсон. Гэрээг танилцуулж ажил олголцож бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн. Шинэ утаснуудыг шилэн хоргонд хийгээд тавьдаг бөгөөд шүүгдэгч нь лацыг задалж худалдан борлуулж байсан бөгөөд тооллого хийхэд гаднаас нь тоолоход алдаа гарч байсан. Нийтдээ 92,200,000 төгрөгийн хохирол учирсан. Бид нийт 5-8 ажилтанд хөдөлмөрийн гэрээ хийж ажиллуулдаг. Шүүгдэгчийн зүгээс одоогийн байдлаар 59,000,000 төгрөгийн хохирол барагдуулсан. Уг үйл явдлаас хойш оффис дээрээ ажиллуулсан бөгөөд тодорхой цалингаас нь хасуулж ажиллуулж байсан бөгөөд хамт олны уур амьсгалд нөлөөлж байсан тул ажлаас нь чөлөөлсөн. Залуу хүүхэд амьдралд дөнгөж хөл тавьж байгаа, алдаж, эндэж болно. Ээж нь манай хүүхдийг харж үзээч гэж хэлсэн. Шүүгдэгчээс одоогийн байдлаар нийт 33,200,000 төгрөгийг гаргуулж авах хүсэлттэй байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,
Гэрч М.А ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гар утас засварын газар ажиллуулдаггүй. Яагаад гэвэл 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр анх Ц над руу холбогдож “манай найз гар утасны лангуу ажиллуулдаг, гар утасны тооллого болох гээд түр 2 цагийн хугацаанд 14-15 ширхэг гар утас хэрэгтэй байна, түрээслэх маягаар олоод өгөх боломж байна уу” гэж асуусан. Тэгэхэд би “тийм утас байхгүй, надад таньдаг хүн байхгүй, өчнөөн сая төгрөгийн утас олдохгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь орой нь над руу фейсбүүк чатаар орж ирээд “үнэхээр гуйж байна, манай найзын засварт өгсөн утаснууд нь маргааш өглөө гарна гэсэн, захирал мэдчээд байна, чи засварын хүн нь болоод яриад өгөөч тэх үү” гэж гуйхаар нь би эхэндээ зөвшөөрөхгүй байсан. Тэгсэн чинь Ц нь “чамаас өөр гуйх хүн алга, чамаас өөр үнэмшилтэй ярих хүн алга” гээд гуйгаад байхаар нь зөвшөөрсөн. Ц “одоо чам руу захирал залгана, чи ажил гараад эрт тарсан, 3 дугаар эмнэлгийн энд явж байна, маргааш өглөө 10 цагт онгойно гээд хэлчих, тэр хооронд нь би засварт өгсөн утаснуудаа авчихна” гэж хэлсэн. Ц утас засварын хүн болоод яриад өгөөч гээд гуйгаад байхаар нь утас засварын хүн болоод ярьчихсан. Би Ц аас мөнгө утас аваагүй. Яагаад Ц тай холбогдсон бэ гэвэл өмнө нь Ц надаас 150,000-200,000 төгрөг зээлсэн юм, тэрийгээ авах гээд Ц тай холбогдоход ингээд яриад өгчих, тэгвэл мөнгийг чинь өгнө гэх утгатай зүйл ярихаар нь зөвшөөрч засварын хүн болж худлаа ярьсан. Ц надад ямар нэгэн утас өгөөгүй, утас барьцаанд тавиагүй. 2022 оны хавраас хойш өнөөдөр л Ц ыг харж байна. Тэрнээс өмнө хараагүй. Бид хоёрын дунд ямар ч ажлын холбоотой зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн БЗД2-24-1878 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-28 дугаар тал/,
Хаан банкны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 32-54 дүгээр тал/,
Ажил олгогч “... ” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Т.Б , ажилтан А.Ц /... / нарын 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан 10 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 64-74 дүгээр тал/,
А.Ц ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 81-84 дүгээр тал/,
Шүүгдэгч А.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Соманг Плаза” төвийн 2 дугаар давхарт байрлах “...” гар утас худалдааны дэлгүүрт худалдааны зөвлөхөөр ажилд орсон. Ажлаа хийж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 17-нд ажиллах хүртлээ нийт 25 ширхэг гар утсыг зарж мөнгийг нь хэрэглэсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 дугаар тал/
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Ц аас: “...Би гэмт хэргийг үйлдсэн, миний буруу, намайг уучлаарай. ...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.Ц нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Соманг Плаза” төвийн 2 дугаар давхарт байрлах “...” гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллах хугацаандаа буюу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр түүнд итгэмжлэн хариуцуулсан 25 ширхэг гар утсыг худалдан борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавих зэргээр завшсаны улмаас бусдад нийт 92,200,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр завшсан буюу итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 25 утас 92,200,000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд хэргийн оролцогч нар үнийн дүнтэй маргаагүй. Тухайн компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр А.Ц нь худалдааны борлуулагчаар ажиллахаар гэрээ байгуулж, өөрийн гэрээнд заасан ажил үүрэгт нь хамаарч байсан тул албан тушаалын байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй. Шүүх хуралдааны байдлаар хохирогч 59,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, үлдэгдэл 33,200,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч А.Ц нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол...” гэж үндсэн шинжийг хуульчилсан.
Хөрөнгө завших гэмт хэрэг нь хохирогчийн итгэн хариуцуулсан эд зүйлийг гэмт этгээд урвуулан өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр авч ашиглаж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай гэмт үйлдэл бөгөөд хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг “...их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол...” гэж хуульчилсан.
Их хэмжээний хохирол гэдгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” хэлэх бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэжээ.
Хэргийн тухайд шүүгдэгч А.Ц нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, “Соманг Плаза” төвийн 2 дугаар давхарт байрлах “...” гар утас худалдааны төвд худалдагчаар ажиллах хугацаандаа буюу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр түүнд итгэмжлэн хариуцуулсан 25 ширхэг гар утсыг худалдан борлуулах, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавих зэргээр завшсаны улмаас бусдад нийт 92,200,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь дээрх “Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж болон хүндрүүлэх шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч А.Ц ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч А.Ц нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг:
Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б д 92,200,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч А.Ц нь 59,000,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт, хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Ц аас үлдэгдэл 33,200,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Б од олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас: “…Шүүгдэгч А.Ц ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 02 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгч А.Ц аас: “...Хохирлоо төлнө, хорих ял авмааргүй байна. Дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй, ялыг минь хөнгөлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч А.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 88 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.
Шүүхээс шүүгдэгч А.Ц ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Улсын яллагчаас “...хорих ял...” оногдуулах санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийн зарим хэсгийг төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа болон хохирогчийн хорихгүйгээр өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх хүсэлт зэргийг харгалзан нийгмээс тусгаарлаж хорих ял оноох нь зохимжгүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц ад оногдуулсан торгох ялыг 01 жил, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ц нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Ц ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Үргэлжилсэн үйлдлээр Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Ц ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ц ын цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 01 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Ц аас 33,200,000 /гучин гурван сая хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Т.Б од олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Ц ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.