2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/541

 

 

                                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч М.Нямжав,

Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э д холбогдох эрүүгийн 2506000000010 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” төвийн орчмоос 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Т.Ц ийн гээгдүүлсэн “Хаан” банкны картыг олж авсан ба картын дансанд байсан мөнгө нь бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дэлгүүр болон эмийн сангаас 561,596 төгрөгийн худалдан авалт хийж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Д.Э нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” төвийн орчмоос 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Т.Ц ийн гээгдүүлсэн “Хаан” банкны картыг олж авсан ба картын дансанд байсан мөнгө нь бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дэлгүүр болон эмийн сангаас 561,596 төгрөгийн худалдан авалт хийж хулгайлсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар тал/,

Хохирогч Т.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би сар бүрийн 05-ны өдөр байрны мөнгө болох 1,500,000 төгрөгийг банканд тушаадаг юм. Тухайн мөнгөө төлөх өдөр ойртож байгаа болохоор өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас нөхөр Б ын Хаан банкны данснаас 900,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны ...  дугаарын данс руу шилжүүлчхээд өөрийнхөө Хаан банкны данс руу мөнгө хийх гээд картаа бэлэн мөнгөний машинд хийгээд кодыг нь хийсэн чинь буруу байна гэхээр нь дахин дахин кодыг нь буруу хийгээд карт блоклогдчихоор нь карт хаагдчихлаа гэж бодоод тоохгүй гэртээ харьчихсан юм. Өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах М плазад ажлаа хийж байхдаа үлдэгдэл мөнгөө хийх санаатай өөрийнхөө Хаан банкны ...  дугаарын дансны үлдэгдлийг шалгасан чинь 1,368,756 төгрөг байх ёстойгоос 561,596 төгрөг гараад 807,160 төгрөг үлдсэн байхаар нь гайхаад өөрийнхөө Хаан банкныхаа картыг тус бэлэн мөнгөний машины ойр орчимд хаячихсан юм болов уу гэж бодож байна. Би бэлнээр 200,000 төгрөг хүлээж авсан. Үлдэгдэл 361,596 төгрөгийг өгчихвөл гомдолгүй. Одоо миний картыг уншуулж мөнгө гаргасан хүнтэй ямар нэгэн маргаантай асуудалгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

Хохирогч Т.Ц ийн эзэмшлийн Хаан банкин дахь ...  тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 22 дугаар тал/,

 

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-7 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Тус хяналтын камерын бичлэгийг үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 09 цаг 19 минутаас эхлэн тухайн өдрийн 09 цаг 28 минут хүртэлх хугацаанд нийт 7 удаа бараа бүтээгдэхүүн худалдан авч төлбөрөө карт уншуулж төлж байгаа нь харагдаж байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8-10 дугаар тал/,

 

Шүүгдэгч Д.Э ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие ...Скайтелд харуул хамгаалалтын ажилд орохоор Баянцээл орчимд явж байгаад Хаан банкны карт олсон. Тэгээд картыг нь дэлгүүрт ороод уншуулаад үзтэл ажиллаж байхаар нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гэртээ хүнс болон эхнэртээ эм авсан. ...Хаан банкны виза карт нь бага мөнгөн дүнгээр уншуулахад дэлгүүрт код нэхдэггүй учир бага мөнгөн дүнгээр олон удаагийн давтамжтайгаар дэлгүүрүүдээр зуруулж ашигласан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би карт олоод дэлгүүрт уншуулаад 500,000 төгрөг орчмыг үрсэн байсан. Эхлээд 200,000, дараа нь 300,000 төгрөг үрсэн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Д.Э нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянцээл” төвийн орчмоос 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хохирогч Т.Ц н гээгдүүлсэн “Хаан” банкны картыг олж авсан ба картын дансанд байсан мөнгө нь бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дэлгүүр болон эмийн сангаас 561,596 төгрөгийн худалдан авалт хийж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 200,000 төгрөгийг хохирогчид өгсөн, үлдэгдэлд 361,596 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт 300,000 төгрөгийг төлсөн гэх боловч холбогдох баримт байхгүй байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Э нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Д.Э нь хохирогч Т.Ц ийн гээгдүүлсэн “Хаан” банкны картыг олж авсан ба картын дансанд байсан мөнгө нь бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд бага үнийн дүнгээр 40 удаагийн үргэлжилсэн үйлдлээр дэлгүүр болон эмийн сангаас 561,596 төгрөгийн худалдан авалт хийсэн байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ц т 561,596 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Д.Э нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 200,000 төгрөг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч Д.Э аас үлдэх 361,596 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ц т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Э нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Э ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35 дугаар тал/, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 47 дугаар тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно. 

 

Шүүхээс шүүгдэгч Д.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.  

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Д.Э ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Э аас 361,596 /гурван зуун жаран нэгэн мянга таван зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ц т олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.