Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2020/01659

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ... дугаар багт оршин суух Моодий овогтой Галтпүрэвийн Бямбадэлгэр /................/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын .... дугаар багт оршин суух Хар дархад овогтой Мархаагийн Пүрэвдорж /.................../-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Г.Бямбадэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл, хариуцагч М.Пүрэвдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бямбадэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нөхөр М.Пүрэвдоржтой 2007 оны 10 дугаар сард нэг гэр бүл болж, бид гэрлэлтээ 2008 оны 10 дугаар сарын 3-ны өдөр бүртгүүлсэн. Бидний дундаас хүү П.Санчир 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, охин П.Энэрэлжин 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, охин П.Аминхүслэн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн.Нөхөр М.Пүрэвдорж нь хамт амьдарч байх хугацаанд эхний жилүүдэд эв найртай байсан боловч сүүлийн жилүүдэд зодож, дээрэлхэх болсон. Энэ байдал нь хүүхдийн эрх ашиг хүмүүжилд муугаар нөлөөлж байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн хүү П.Санчир нь аавтайгаа хамт амьдрах саналтай байх тул хүүгээс эцгийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна.Харин охин П.Энэрэлжин, П.Аминхүслэн нарыг өөрийнхөө асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.

Хариуцагч М.Пүрэвдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие эхнэр Г.Бямбадэлгэртэй 2007 онд нэг гэр бүл болж, 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, бидний дундаас хүү П.Санчир 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, охин П.Энэрэлжин 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр, охин П.Аминхүслэн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн. Бидний маргаан эхнэр Г.Бямбадэлгэрийн ааш араншингаас үүдэж гардаг байсан. Одоо бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон.

Иймд Хүү П.Санчир миний асрамжид надтай хамт амьдрахыг хүсэж байх тул миний асрамжид үлдээж өгнө үү. Охин П.Энэрэлжин, Аминхүслэн нарыг эхийнх нь асрамжид үлдээнэ. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Бямбадэлгэр нь хариуцагч М.Пүрэвдоржид холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба шүүх хуралдааны явцад зохигч нар хүүхдийн асрамж дээрээ тохиролцож, нэхэмжлэгч Г.Бямбадэлгэр нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна.

Гэрлэгчид нь 2007 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2007 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүү П.Санчир төрсөн болох нь 2009 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №0031 дугаартай, 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр охин П.Энэрэлжин төрсөн болох нь 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №36 дугаартай, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр охин П.Аминхүслэн төрсөн болох нь 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №6710000025 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:Гэрлэгчийн хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн болон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй байна.

Зохигч нь шүүх хуралдаанд хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, өөрөөр хэлбэл хүү П.Санчирыг эцэг М.Пүрэвдоржийн асрамжид, охин П.Энэрэлжин, П.Аминхүслэн нарыг эхийнх нь асрамжид үлдээхээр болсон гэж байгаа тул дээрх тайлбарыг үндэслэн 2009 оны 3 дугаар сарын сарын 27-ны өдөр төрсөн хүү П.Санчирыг эцэг М.Пүрэвдорж, 2011 оны 4 дүгээр 4 сарын 25-ны өдөр төрсөн охин П.Энэрэлжин, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн охин П.Аминхүслэн нарыг эх Г.Бямбадэлгэрийн асрамжид тус тус үлдээж хэргийг шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Мөн нэхэмжлэгч Г.Бямбадэлгэр нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч шүүх хуралдааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгч Г.Бямбадэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Пүрэвдоржоос гэрлэлт цуцлуулах шаардлагад төлбөл зохих 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олголоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хар дархад овогтой Мархаагийн Пүрэвдорж /................./, Моодий овогтой Галтпүрэвийн Бямбадэлгэр /............/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү П.Санчирийг эцэг М.Пүрэвдорж, 2011 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин П.Энэрэлжин, 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр төрсөн охин П.Аминхүслэн нарыг эх Г.Бямбадэлгэрийн асрамжид тус тус үлдээсүгэй.

3.Нэхэмжлэгч П.Бямбадэлгэр нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталсугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Пүрэвдорж, эх Г.Бямбадэлгэр нарт энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчид тус тус даалгасугай.

5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 193.130 /нэг зуун ерэн гурван мянга нэг зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ