Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас

Боржигон овогт Шадавын Батсуудалд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар,

Шарвууд овогт Болдоогийн Мөнхзаяад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030616 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: улсын яллагч Б.Соёлмаа, хохирогч Ц.Бат-Өлзий, шүүгдэгч Б.Мөнхзаяа, Ш.Батсуудал, шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг, Ж.Нарантуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ч.Сайнзаяа шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 5 дугаар гудамжны 51 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Шадавын Батсуудал /РД:УС88083127/,

 

2. Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, 3 хүүхдийн хамт амьдрах, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хийдийн 1-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,

урьд: 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн 86 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1131 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Шарвууд овогт Болдоогийн Мөнхзаяа /РД:ВЮ85041900/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ш.Батсуудал нь Б.Мөнхзаяатай 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кока кола” цайны газарт “юм идэж уух” зорилгоор хаалгыг нь эвдэн орж, уг цайны газрын хяналтын камер, хананд байсан цаг, жааз зэргийг санаатайгаар тасдаж, дэвслэн эвдэн гэмтээж, хэргийг гардан үйлдэж, Ц.Бат-Өлзийд нийт 580.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь Ш.Батсуудалтай 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кока кола” цайны газарт “юм идэж уух” зорилгоор хаалгыг нь эвдэн орж, уг цайны газрын хяналтын камер, хананд байсан цаг, жааз зэргийг санаатайгаар тасдаж, дэвслэн эвдэн гэмтээж, хэргийг гардан үйлдэж, Ц.Бат-Өлзийд нийт 580.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн дээрх 201626030616 дугаартай хэрэгт сэжигтнээр тооцогдон 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг зөрчиж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтын шатанд ирэхгүй зориуд зайлсхийж, оргосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлахад:

 

 1. Шүүгдэгч Б.Мөнхзаяагаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“... Кока кола” нэртэй цайны газарт өмнө нь Ш.Батсуудалын ажилладаг байсан газар гээд өлсөөд бид хоёр хоол идэхээр очсон. Уг цайны газарт ороод цаг, жааз зэргийг эвдсэн. Би нилээд согтуу байсан болохоор болсон зарим зүйлийг санахгүй байгаа. Бид хоёр хаалга эвдэж ороод салат идэж, камер хагалснаа санаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хэрэгт шалгагдаж байх явцдаа хохирлоо төлөхийн тулд би хоёр найзтайгаа бараа авахаар Бээжин явсан. Кока кола цайны газарт учруулсан хохиролд эхлээд 290.000 төгрөг төлсөн, дараа нь 30.000 төгрөгийг бүрэн төлж хохирлоо бүрэн барагдуулсан. Манай бага хүүхэд 1 нас 5 сартай Эзэнмөнх нэртэй, төрөлхийн эрүү, нүүрний гажигтай гарсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний бага насны хүүхэд болон ээжийг минь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Ш.Батсуудалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Кока кола цайны газарт би өмнө 2011-2015 онуудад ажилладаг байсан. Тэнд байрлаж ажилладаг байсан болохоор тухайн үед очиход хүн байгаа байх, мөн хоёр өдөр дараалан архи уусан болохоор өлсөөд юм идэх гэж очсон юм. Хохирогчид учруулсан хохирлоо төлөөгүй байгаа. Гэхдээ би өөрт оногдох хохирлыг 10 хоногийн дотор төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. 3 хүүхдийг минь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

 

3. Хохирогч Ц.Бат-Өлзийгөөс  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...2016 оны 04 сарын 12-ны өглөө ахлагч тогооч хулгай орсон байна, цагдаа дуудсан гэж над руу ярьсан. Намайг очиход цаг, жааз, хяналтын камер зэрэг эд зүйлсийг эвдсэн байсан бөгөөд хяналтын камерын дэлгэц текэн дээр, текний ард өлгөөтэй байсан. Жааз, цаг нь газар унаж эвдэрсэн байсан. Тэгээд би цагдаад өргөдөл өгсөн юм. Хохирлын 580.000 төгрөг дээр, эвдэрсэн хаалганы цоожны гол солиулсан 30.000 төгрөг нэмэгдэж, нийт 610.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс  Мөнхзаяа 305.000 төгрөгийн хохирол барагдуулж, бүрэн төлсөн байгаа. Одоо хохирлоос үлдэх 305.000 төгрөгийг шүүгдэгч Батсуудалаас гаргуулж өгнө үү. Хохирол төлбөрөө барагдуулчихвал шүүгдэгч нарт гомдол санал байхгүй. Хэн хэн нь бага насны хүүхэдтэй эх хүмүүс учир заавал ял шийтгүүлээд явуулах хүсэл сонирхол алга байна...” гэсэн мэдүүлэг,  

 

Эрүүгийн 201626030616 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч Ц.Бат-Өлзийгөөс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажилчдын гудамж 51 тоотын хаягт “Кока кола” нэртэй цайны газрыг ажиллуулдаг юм. 2016 оны 04 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө манай цайны газрын зүүн хойд модон хаалгыг эвдэж хулгай ороод 5 кг зочин хиам алдагдсан байна. Мөн цайны газарт суурилуулсан байсан цагаан өнгийн 2 ширхэг хяналтын камерыг /үнэ 540.000 төг/ эвдээд утсыг нь тасалж газар хаясан байсан. Хананд өлгөөстэй байсан алтан шаргал өнгийн ханын цаг /үнэ 30.000 төг/, мөн хананд өлгөөтэй байсан жаазтай очир /үнэ 20.000 төг/ эвдсэн байсан. Цайны газрын эвдэрсэн хаалганы цоожны голыг 30.000 төгрөгөөр солиулсан.

Батсуудал нь 2 жилийн өмнөөс манайд ажилд ороод л, гараад л байдаг байсан. Бид хоёрын хооронд өр авлагын асуудал байхгүй. Ажилчдын хувцас хийдэг төмөр шүүгээний цоожийг нь хөшиж онгойлгосон байсныг би тэгшилж янзлаад зүгээр ашиглаж байгаа учир үнэлж нэхэмжлэхгүй, мөн хугарсан 1 заазуураа нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 18х, 24х, 91-93х/,

 

2. Гэрч Г.Уранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 06:45 цаг гэхэд би ажил дээрээ ирээд, урд хаалгаар ортол манай хяналтын камерын дэлгэц эвдэрч хэмхэрсэн байсан. Бүүр дээрээс нь дэвссэн байдалтай хонхойсон байсан. Тэгээд би юманд хүрээд яахав гэж бодоод шууд цагдаад дуудлага өгөөд, бас эзэн рүүгээ залгасан юм. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би энэ цайны газарт ажиллаад 3 жил болж байна. Анх намайг энэ газарт ажилд орж байхад Батсуудал гэдэг хүн ажиллаж байсан. Ажлаас орж, гараад байдаг байсан юм. Батсуудал, Бат-Өлзий нарын дунд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Батсуудал нь өөрөө хэл ам ихтэй, байгаа байдал нь болдоггүй зан харьцаа, ёс суртахууны асуудалтай. Хүн их гүтгэдэг ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25х/,

 

3. Гэрч А.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...2016 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө гэртээ байж байгаад үдээс хойш найз Батсуудал, Мөнхзаяа нартай уулзахаар болсон. Тэгээд Зурагтын эцэс дээр анх уулзаад, 12 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн Заводын автобусны буудлын орчимд нэг буудалд бид 3 орсон. Батсуудал, Мөнхзаяа хоёр архи уусан, би орой болтол хамт байж байгаад 18 цаг өнгөрч байхад гэр лүүгээ явсан юм. Нөгөө хоёр буудалдаа үлдсэн. Дараа нь юу болсон талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 63х/,

 

4. Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт  /хэргийн 1-р хавтас 98х, 250х/,

 

5. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-13х/,

 

6. Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 85-86х/,

 

7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 90х/,

 

8. Хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 208х/,

 

9. Гэрч Б.Цэрэннадмидын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Намайг бэр Б.Мөнхзаяа нь 2016 оны 9 сарын 22-ны өдөр батлан даалтанд аваадах гэхээр нь ирж батлан даалтанд авсан. Үүнээс хойш бэр Мөнхзаяа нь манай гэрээр байж байсан. Тэгээд 2016 оны 12 сарын эхээр байх нөхөртэйгөө маргалдаад манай гэрээс явсан. Тэрнээс хойш би бэр Мөнхзаяатай холбогдож чадаагүй.

Цагдаагийн байгууллагаас над руу залгаж Мөнхзаяаг авчрах талаар хэлсэн. Мөн манай гэрээр очсон. Би бэр Мөнхзаяатай 2016 оны 12 сарын дундаас хойш уулзаагүй. Үүнээс хойш хаагуур явсан талаар нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 174-175х/,

 

10. Гэрч А.Отгонсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Би Б.Мөнхзаяаг 2016 оны 09 сарын орчимд байх даалтанд авсан. Үүнээс хойш Мөнхзаяатай холбоогүй байсан. Би Мөнхзаяагийн 99505831, 99301202 дугаарын утас руу залгахад утас нь холбогдохгүй байсан учир холбоо барьж чадахгүй юм. Мөн Мөнхзаяагийн төрсөн эгч Мөрцэрэн, хүргэн ах Баянжаргал нартай утсаар ярьж, Мөнхзаяаг цагдаагийн байгууллагаас дуудаж байгаа талаар хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 176-177х/,

 

11. Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, илтгэх хуудас  /хэргийн 1-р хавтас 163х, 165х, 200-203х/,

 

12. Яллагдагч нарт хилийн хориг тавьсан тухай албан бичиг /хэргийн 1-р хамвас 166-167х/,

 

13. Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 168х/,

 

14. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 169-170х/,

 

15. Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай “Эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай” прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 171х/,

 

16. Б.Мөнхзаяагийн батлан даагчид торгуулийн арга хэмжээ авсан шийтгэвэр /хэргийн 1-р хавтас 194х/,

 

17. Б.Мөнхзаяа Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 195-196х/,

 

18. Эрүүгийн хэргээс зарим үйлдэл хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 155х/,

 

19. Шүүгдэгч Ш.Батсуудалын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд,  би 2 эмэгтэй найз болох Заяа, Отгонсүрэн нарын хамт бид 3 заводын автобусны буудлын орчимд нэг буудалд орсон. Буудалд ороод бид гурав 0,75 граммтай нэг шил архи хувааж уусан. Найз Отгонсүрэн огт архи уухгүй байж байгаад 15 цагийн орчимд явлаа гээд яваад өгсөн. Тэгээд Заяа бид 2 буудалдаа хэсэг унтаж байгаад орой 23 цагийн орчимд гарсан. Буудлаас гараад миний хуучин ажиллаж байсан цайны газар болох “Кока кола”-гийн гадаа очиж хэсэг суусан юм.

Тэгээд тэдний 00 руу нь орж бие засчихаад цайны газар луу хартал гэрэл нь асаалттай байсан, би хүн байгаа юм байх гэж бодоод Билэгээ гээд тогооч хүүхнээ дуудсан. Тэгээд хэн ч дуугарахгүй байхаар нь эргэж тойроод араар нь ордог хаалгыг нь таттал хүн байхгүй байсан. Тэгэхээр нь би Заяатай хамт хаалгыг нь эвдээд дотогш орсон.

Тэгээд дотор ороод хөргөгчийг нь уудлаад салат идээд, хүйтэн цай уусан. Тэгээд байж байтал Заяа “хөөе наад дээр чинь камер байна салгаачээ” гэхэд нь ... бид хоёр цуг камерын утсыг тасалсан. Тэгээд хяналтын камерын дэлгэцийг нь Мөнхзаяа аваад дээрээс нь дэвссэн.

Би сандарсандаа нэг утсыг тасалчихсан. Тэгээд “яана аа одоо хүмүүс мэдэх байхдаа” гэсэн чинь Заяа “тасалсан юм чинь хэн мэддэг юм бэ” гээд байсан, тэгээд гараад явсан юм. Ам цангаад өлсөөд байсан болохоор цайны газар луу орсон юм.

Уг цайны газрын хаалгыг Заяа бид хоёр хөлөөрөө өшиглөсөн. Өөр ямар нэгэн зүйл ашиглаагүй. Би Бат-Өлзийд өс хонзон санаж байгаагүй. Хулгай хийх гэсэн ямар нэгэн бодол байгаагүй. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй учир надад бага ял оногдуулж өгнө үү гэж хүсмээр байна...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 37х, 96-97х, 245-248х/,

  

20. Шүүгдэгч Б.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн:

“...2016 оны 04 сарын 11-ний шөнө Заводын буудлын арын зочид буудалд би, Батсуудал, Огоо гэх найзын хамт бид нилээн их архи уусан. Тэгээд Огоо түрүүлээд яваад өгсөн. Батсуудал бид 2 буудлаас 2 билүү 3 цаг өнгөрч байхад гарсан байх, ямар ч байсан цаг нилээн орой л болсон байсан. Тэгээд Батсуудалын хуучин ажиллаж байсан цайны газарт очоод, хажуу талынх нь хаалгыг Батсуудал өшиглөж эвдээд, би дотогш түрүүлж орсон. Араас  Батсуудал орж ирсэн юм. Тэгээд дотор нь ороод эхлээд хяналтын камер эвдсэн юмаа. Би бас тухайн үед нилээн согтуу байсан учир зарим нэг зүйлийг сайн санахгүй байна. Ямар ч байсан дотогш ороод камер эвдээд, салат идээд сууж байснаа санаад байгаа юм. Батсуудал бид хоёр нилээн согтуу байсан. Батсуудал бид хоёр хамт орсон учир цаг, хяналтын камер, жааз, хувцасны шүүгээ зэргийг бид хоёр л эвдсэн. Тэндээс гараад бид хоёр гэр гэрлүүгээ явсан.

...Би Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хамтран амьдрагч Далантайн гэрээс нь 2016 оны 12 дугаар сарын 07-ны орчим маргалдаад явсан. Тэгээд найз охидууд болох Минжээ, Шүрээ нартай уулзаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаан чулуутын орчим байдаг гэрт нь 2-3 хоносон.  Тэгээд Минжээ ажил явдал гарсан учраас Хөвсгөл аймаг яваад, би гэрээс нь явсан. Ингээд Шүрээгийн найзтай нь 5 шарын орчим байдаг авто зах дээр уулзаад, найзаас нь мөнгө аваад, Шүрээ бид хоёр хямдхан буудлуудаар хэд хоносон. Би одоо хэд хоносон гэдгээ санахгүй байна. Түүний дараа 2016 оны сүүлээр хамтран амьдрагч Далантайн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ээж Оюунцэцэгийн гэрт нь очоод, хувцас хунараа аваад,  Далантайгаас мөнгө аваад Шүрээ бид хоёр Дархан-Уул аймаг явсан. Дарханд очоод буудлаар хоноод яваад байсан.

Учир нь тэнд очих айл байхгүй учир буудлаар хоноод явж байсан. Мөн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүдээр Хятад улс руу яваад Бээжинд 2 хоног, нийт 6 хоноод ирсэн. Би хохирлын мөнгөө төлж барагдуулах гээд яваад байсан юм. Зугтаасан ямар нэгэн асуудал байхгүй... Би өрх толгойлсон эмэгтэй,  3 хүүхэдтэй,  ээж маань хэвтэрт орсон хөгшин байдаг. Би дахин хэрэг хийхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 65-68х, 239-240х, 243-244х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох гэрч Ш.Тэмүүлэн /хэргийн 1-р хавтас 26х/, Д.Оюунчимэг /хэргийн 1-р хавтас 27х/, Ө.Бат-Эрдэнэ /хэргийн 1-р хавтас 28х/ нарын мэдүүлэг, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 40х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 41-43х/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар, Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 45х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 1-р хавтас 46х, 50х, 199х/, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 69х/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 1-р хавтас 70х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 71-72х, 2-р хавтас 2х, 6х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 1-р хавтас 76х, 144х/,  Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1131 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 1-р хавтас 105-107х/, Нийслэлийн шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хэргийн 1-р хавтас 148-149х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.  

 

Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлсэн ба шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу бэжигдсэн баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Нэг. Шүүгдэгч Ш.Батсуудал, Б.Мөнхзаяа нар нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кока кола” цайны газарт “юм идэж уух” зорилгоор хаалгыг нь эвдэн орж, уг цайны газрын хяналтын камерын утсыг тасалж, камерын дэлгэцийг дэвсэлж эвдсэн, хананд байсан цаг, жааз зэргийг газарт унаган эвдэх зэргээр бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээж, хохирогч Ц.Бат-Өлзийд нийт 610.000 төгрөгний буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болох нь:

- хохирогч Ц.Бат-Өлзийгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ажилчдын гудамж 51 тоот “Кока кола” нэртэй цайны газрыг ажиллуулдаг юм. 2016 оны 4 сарын 11-12-нд шилжих шөнө манай цайны газрын зүүн хойд модон хаалгыг эвдэж  ороод ... цагаан өнгийн 2 ширхэг хяналтын камерын утсыг тасалж, эвдээд газарт хаясан байсан. Мөн хананд өлгөөтэй байсан алтан шаргал өнгийн ханын цаг, жаазтай очир зэргийг эвдэлж сүйтгэсэн байсан...

Эвдэрсэн эд зүйлийн хохирол 580.000 төгрөг дээр, эвдэрсэн хаалганы цоожны гол солиулсан 30.000 төгрөг нэмэгдэж, нийт 610.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнээс  Мөнхзаяа 305.000 төгрөгийн хохирол барагдуулж, бүрэн төлсөн байгаа. Одоо хохирлоос үлдэх 305.000 төгрөгийг шүүгдэгч Батсуудалаас нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 18х, 24х, 91-93х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

- гэрч Г.Уранбилэгийн “...2016 оны 4 дүгээр сарын 12-ны өглөө 06:45 цаг гэхэд би ажил дээрээ ирээд урд хаалгаар ортол манай хяналтын камерын дэлгэц эвдэрч хэмхэрсэн байсан бүүр дээрээс нь дэвссэн байдалтай хонхойсон байсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 25х/, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт /хэргийн 1-р хавтас 98х, 250х/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 5-13х/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 85-86х/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 1-р хавтас 90х/ болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Ш.Батсуудал, Б.Мөнхзаяа нарт үйлдэлд нь Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар  ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд тохирсон байх тул шүүх Ш.Батсуудал, Б.Мөнхзаяа нарыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Дээрх гэмт хэргийн улмаас “Кока кола” цайны газрын эзэн Ц.Бат-Өлзийд 610.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд зүйлийн үнэлгээ баримтаар тогтоогдсон бөгөөд гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-гээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн гэм хор учруулахад хэд хэдэн этгээд хамтран оролцсон бол тэдгээр нь гэм хорыг хамтран хариуцаж, адил хариуцлага хүлээнэ гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Нэр бүхий шүүгдэгч нар бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн учир уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг хамтран хариуцаж  арилгах үүрэгтэй. Иймд хохирогч Ц.Бат-Өлзийд учирсан эд хөрөнгийн хохирол болох 610.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, хувааж төлүүлэх нь хуульд нийцэх юм. 

 

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь өөрт оногдох хохирлын 305.000 төгрөгийг хохирогчид бүрэн  төлж барагдуулсан талаар хохирогч Ц.Бат-Өлзий шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, мөн хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл баримт хэргийн 1-р хавтас 208 дугаар талд авагдсан тул шүүгдэгч Б.Мөнзаягийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролд тооцон гаргуулах төлбөргүй байна.

 

Харин шүүгдэгч Ш.Батсуудал нь хохирол төлөөгүй тул түүнээс үлдэх хохирлын 305.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Бат-Өлзийд олгох нь зүйтэй.  

 

 Хоёр. Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь Ш.Батсуудалтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэх гэмт хэрэгт сэжигтнээр тооцогдон шалгагдаж, 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Б.Цэрэннадмид, А.Отгонсүрэн нарын батлан даалтад өгөх /хэргийн 1-р хавтас 60-61х/ таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг зөрчиж, эрүүгийн хэрэг прокурорт хянагдаж байх хугацаанд буюу 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд прокурорын хяналтын шатанд ирэхгүй зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Цэрэннадмид /хэргийн 1-р хавтас 174-175х/, А.Отгонсүрэн нарын мэдүүлэг /хэргийн 176-177х/, Мөрдөн байцаагчийн тэмдэглэл, илтгэх хуудас  /хэргийн 1-р хавтас 163х, 165х, 200-203х/, Прокурорын гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон дээд шатны прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 168х/, Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 169-170х/, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаартай “Эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгүүлэх тухай” прокурорын тогтоол /хэргийн 1-р хавтас 171х/, Б.Мөнхзаяагийн батлан даагчид торгуулийн арга хэмжээ авсан шийтгэвэр /хэргийн 1-р хавтас 194х/, Б.Мөнхзаяа Замын-Үүд боомтоор Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хэргийн 1-р хавтас 195-196х/, Б.Мөнхзаяагийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 239-240х, 243-244х/ баримтаар тус тус хангалттай нотлогдон тогтоогджээ.  

 

Прокурорын хяналтын шатнаас зориуд зайлсхийсэн Б.Мөнхзаяагийн үйлдэлд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхзаяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь урьд 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1131 дугаартай шийтгэх тогтоолоор 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн /хэргийн 1-р хавтас 105-107х/ ба шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа нь 2016 оны 10 сарын 13-ны өдрөөр дуусгавар болох байсан хэдий ч Б.Мөнхзаяа нь уг хугацаа дуусгавар болоогүй байхад буюу 2016 оны 04 сарын 11-ны өдөр гэмт хэрэг шийнээр үйлдсэн байна.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлаас 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4 дэх хэсэгт “жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэг, насанд хүрэээгүй хүнд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй хэрэгсэхгүй болгоно.” гэсэн хуулийн зохицуулалтад  шүүгдэгч Б.Мөнхзаяад хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацаа нь хамрагдаж хэрэгсэхгүй болсон байна.

Иймд түүний Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтайд тооцогдох хугацаа дуусч ялгүй болсон гэж дүгнэх  эрх зүйн үндэслэл үүсэн байна.    

 

Шүүгдэгч Ш.Батсуудал нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон, мөн шүүгдэгч Б.Мөнхзаяагийн хувьд түүний ялтайд тооцогдох хугацаа нь дээр дурьдсан хууль зүйн үндэслэлээр Өршөөлийн хуульд хамрагдсан зэргээс тэдгээрийг Эрүүгийн хуулийн хүндэвтэр ангилалд хамаарах гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүх нэр бүхий шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа тэдгээр нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгон ухамсарласан байдал, бага насны хүүхэдтэй эмэгтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.8, 55.1.9 дэх хэсэгт заасан, мөн Б.Мөнхзаяа нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлснийг мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Б.Мөнхзаяа, Ш.Батсуудал нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10 дэх хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, ашиглах боломжгүй эвдэрсэн хэмээн хохирогч хүлээн авахаас татгалзсан эвдэрхий камерын дэлгэц 1 ширхэгийг зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Мөнхзаяа нь 2009 оны 06 сарын 07-ны өдөр төрсөн хүү М.Өлзийдүүрэн 9 настай, 2015 оны 01 сарын 26-нд төрсөн, хүү М.Эзэнмөнх 2 нас 5 сартай, эх Ц.Оюунцэцэг өндөр насны тэтгэвэрт, бага насны 2 хүүхэд, эхийн хамт амьдрах, өрх толгойлсон эмэгтэй болохыг тодорхойлсон Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 1-р хавтас 69х/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 1-р хавтас, 71-72х/,  

мөн шүүгдэгч Ш.Батсуудал нь 2007 оны 09 сарын 26-нд төрсөн, хүү Б.Билгүүн 9 нас 9 сартай,  2010 оны 03 сарын 28-нд төрсөн, хүү Б.Дөлгөөн 7 нас 3 сартай, 2014 оны 07 сарын 11-нд төрсөн, охин Б.Нандин-Эрдэнэ 2 нас 10 сартай,  3 бага насны хүүхэд, нөхөр Ө.Бат-Эрдэнэ нарын хамт ам бүл 5 амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх  болох нь Сонгинохайрхан дүүргийн 6-р хорооны Засаг даргын тус шүүхэд гаргасан тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа баримт /хэргийн 1-р хавтас 40-43х, 45х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус  тогтоогджээ.  

 

Шүүх, шүүгдэгч Ш.Батсуудал, Б.Мөнхзаяа нар нь хорих ял шийтгүүлж болох хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хэн аль нь бага насны буюу гурав хүртэлх насны хүүхэдтэй, Б.Мөнхзаяа нь өрх толгойлсон эмэгтэй зэрэг байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж дүгнэлээ. 

 

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдолгүй гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.    

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэг, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

                                                      ТОГТООХ нь:

 

1. Шарвууд овогт Болдоогийн Мөнхзаяа, Боржигон овогт Шадавын Батсуудал нарыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

- Шарвууд овогт Болдоогийн Мөнхзаяаг прокурорын хяналтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Ш.Батсуудал, Б.Мөнхзаяа нарыг тус бүрийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхзаяаг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхзаяад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг бүгд 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мөнхзаяад оногдуулсан 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Ш.Батсуудалд оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхзаяагийн цагдан хоригдсон 94 /ерэн дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ш.Батсуудалаас 305.000 /гурван зуун таван мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Баянгол дүүргийн 4-р хороо 1а-16 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Цэвэлмаагийн Бат-Өлзийд /РД:ХО69032816/ олгосугай.

 

 7. Энэ хэрэгт Ш.Батсуудал нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.Мөнхзаяа нь төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 /нэг/ ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, камерын дэлгэц 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасныг баримтлан ялтан Б.Мөнхзаяад 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар, Ш.Батсуудалд 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хойшлуулж, ялтан нарт хяналт тавьж ажиллахыг тэдгээрийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Б.Мөнхзаяад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх авсугай.

 

11. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Мөнхзаяа, Ш.Батсуудал нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД