Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 2021/ДШМ/179

 

 

 

 

    2021          02            10                                         2021/ДШМ/179                                                  

           

Э.Э-т холбогдох                                                                                                              эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ц.Оч, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Б.Гүнсэл,

            нарийн бичгийн дарга Б.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор О.Алтангэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Э.Э-т холбогдох 2010015210916 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

М овгийн Э-ийн Э-, Улаанбаатар хотод 1982 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, “Модарч” ХХК-д захирал ажилтай гэх, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, “Ханс Вилл” хотхоны 000-000 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: 00000000/

Э.Э- нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивын Ерөнхий газрын хажуугийн автомашины зам дээр Б-тай замын хөдөлгөөнөөс болж маргалдаж улмаар нүүрэн тус газар цохин эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун хөмсөг, зовхи, баруун хацар, шанаа, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Э.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдэж, биелэлтэнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг “CD-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ээс 129,500 төгрөгийг гаргуулан хохирогч Б-д олгохоор шийдвэрлэжээ. 

Прокурор О.Алтангэрэл бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэлдээ: Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... тодорхой, ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг зөрчжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан байхад шийтгэх тогтоолд “...шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солиж болохыг мэдэгдсүгэй” хэмээн заасан нь эргэлзээ төрүүлэхээр байна. Торгох ялаар шийтгүүлсэн этгээдийн хувьд ялыг заавал биелүүлэх үүрэгтэй, зөвхөн ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд ялыг солих тухай заасан нь ялтанд ял завшуулж, ял гарцаагүй байх зарчмыг алдагдуулсан. Мөн хорих ялаар солихдоо торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих талаар заагаагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын эсэргүүлэл бичив” гэжээ.

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна.”  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Э.Эрдэнбилэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ дээд шатны прокурорын эсэргүүцлийн үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч Э.Э- нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Архивын Ерөнхий газрын хажуугийн автомашины зам дээр Б-тай замын хөдөлгөөнөөс болж маргалдаж улмаар нүүрэн тус газар цохин, эрүүл мэндэд нь баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, тархи доргилт, баруун хөмсөг, зовхи, баруун хацар, шанаа, дээд уруулд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б-гийн “... төв зам руу ороод хот руу чиглэлтэй явж байтал араас нэг машин сигналдаад байхаар нь зай тавьж өгсөн. Тэгээд Архивын Ерөнхий газрын урд, автобусны буудлын ойролцоо явах үед хажуугаас ногоон өнгийн Lexus загварын машин намайг шахаж зогсоохоор нь тойроод гарах гэтэл машин руу цохьсон. Би буухад нэг залуу машинаасаа бууж ирээд намайг хэд хэдэн удаа цохьсон...” /хх 19-20/,

шүүгдэгч Э.Э-ийн “...Цагаан өнгийн машин дохио өгөлгүй шууд дайраад орж ирсэн. Би жолоогоо хажуу тийш дарж гаргаад буцаад хөдөлгөөндөө оролцсон. Тэр машины араас гэрлээрээ дохиход зугтаад байсан. Би гүйцэж түрүүлээд замыг нь хашаад зогсоотол ухарч хажуугаар гараад явсан. Тэгсээр байгаад би 3 дахь дээрээ тэр машиныг хашиж зогсоогоод “Яаж яваад байгаа юм” гэхэд хэрэлдээд зугтаах гээд байсан. Тэр хүн архи үнэртүүлсэн байсан. Би машиных нь бариулаас татахад чирэх гээд байхаар нь түлхүүрийг нь булаах гэж ноцолдсон. Ард зогсож байсан машины хүмүүс салгасан. Тэр намайг цохихоор нь зөрүүлээд гарыг нь түлхсэн...” /хх 38-39/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Б-гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон 8582 тоот шинжээчийн дүгнэлт /хх 29-30/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

Шүүгдэгч Э.Э-ийн бусдын биед халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжтэй байх ба энэ талаар анхан шатны шүүх хэргийн бодитой байдалтай нийцсэн дүгнэлт хийжээ.

Шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч Э.Эрдэнбилэгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт торгох ялыг биелүүлэхээс ноцтойгоор зайлсхийсэн тохиолдолд хорих ялаар солих тухай заасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ... хорих ялаар солино” гэсэн хуулийн зохицуулалтаас өөр шалгуур тогтоосон. Мөн торгох ялыг хэрхэн хорих ялд шилжүүлэх, шүүхээс тогтоосон хугацааг хэзээнээс эхлэн тоолох зэргийг тогтоолдоо тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцэхгүй байна. Энэ асуудлыг хөндөж тавьсан дээд шатны прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхээс эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24ий өдрийн 2021/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлсүгэй.” гэж, тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,                                                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР         

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН