| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 194/2025/0458/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/570 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Өнөбат |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/570
2025 02 24 2025/ШЦТ/570
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Б.Өнөбат,
шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч М.Номинчулуу, С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн Г-ийн Ит холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.И нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2-136 дугаартай нийтийн тээврийн автобусанд зорчиж байсан хохирогч Ц.Хгийн халааснаас түүний эзэмшлийн Айфоне-16 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,583,250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.И нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************** дугаартай хэргээс:
Улсын яллагч гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч Ц.Хгийн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/, гэрч Г.Хын мэдүүлэ /хх-ийн 16-17-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-22-р хуудас/, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 100-101-р хуудас/, эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2385 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-34-р хуудас/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-95-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.И нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Г.Ит холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
1.Гэм буруугийн талаар:
Шүүхээс тогтоосон үйл баримт:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээн, мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд “шүүгдэгч Г.И нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2-136 дугаартай нийтийн тээврийн автобусанд зорчиж байсан хохирогч Ц.Хгийн халааснаас түүний эзэмшлийн Айфоне-16 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,583,250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.
Нотлох баримтын талаар:
- Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
- Хохирогч Ц.Хгийн: “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08:00 цагийн үед би гэрээсээ буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Их монгол хорооллоос гараад галт тэрэг явж байсан зам хаасан байсан, замд 51 дугаартай 3, 4 дүгээр хороолол, Дүнжингарав, чиглэлийн хөх өнгөтэй автобус зогсож байхаар нь гараа өргөөд суучихсан. Тухайн автобусанд ороход сул суудалгүй, мөн эмэгтэй жолоочтой байсан. Ингээд би Монгол улсын боловсролын их сургуулийн автобусны буудал дээр буух ёстой байсан замд аймар олон хүмүүс автобусанд сууж хүн дүүрч шахцалдсан. Ингээд Багшийн дээдийн автобусны буудал дээр ирээд хойд буудаг хаалгаар буух гэсэн чинь 2 эрэгтэй хүн өөдөөс дайрж ороод намайг буулгахгүй таглачихсан, тэгээд би буух гэсэн юм гээд хэлж байгаад шахцалдаад буусан. Ингээд автобуснаас буугаад 3-4 минут орчим болсон, тэгээд гадуур өмссөн куртикний халаасаа шалгаж үзтэл миний халаасанд байсан iPhone 16 plus маркийн гар утас алга болсон байсан. Чернилен ягаан өнгөтэй гар утас байсан юм. Тухайн автобусанд суухдаа би куртикний халаасаа цахилгаанаар нь түгжиж хаасан, мөн автобусанд хүн ихтэй болоод ирэхээр тэмтрээд үзээд байсан, тэгэхэд бол гар утас маань халаасанд байсан. Миний сэжиглэж байгаагаар бол автобуснаас буух гэж байхад 2 эрэгтэй хүн буух хаалгаар чихээд ороод ирсэн, тэр хоёртой их ойрхон чихэлдэж зөрсөн. Алдсан гар утсаа би 2024 оны 10 дугаар сарын сүүлээр нэг Америк барааны дэлгүүрээс 4,800,000 орчим төгрөгөөр худалдан авсан, яг хэдэн төгрөгөөр авснаа санахгүй байна. Чернилен ягаан өнгийн Ай фоне 16 плас загварын гар утас байсан, 128ГБ багтаамжтай ІМЕІ код нь **************. Гар утсан ************** дугаарыг ашиглаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
- Гэрч Г.Хын: “... Би 2024 оны 12 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 15-20 минутын үед найз Хгийн хамт Их монгол хорооллын автобусны буудал жоохон өнгөрөөд төв зам дагуу 4:51 чиглэлийн автобусанд суугаад буух хаалганы урд талын суудал дээр би сууж байгаад тэгээд 08 цаг 35-40 минутын үед бид хоёр Багшийн дээдийн хойд талын автобусны буудал дээр буух үед Х өөрийнхөө цүнхээ аваад би араас нь буух гээд боссон тэгээд урагшлах гэсэн чинь Х урдаас хүн тулчихлаа нөгөө хүн нь буух юм уу гэсэн тэгээд бид хоёр автобуснаас буугаад си юу сүлжээ дэлгүүр орсон тэгсэн Х гар утас байхгүй байна гэсэн. Тэгээд миний гар утасны сүлжээ унаад залгаж болохгүй байгаад нэг хүний гар утсаа утас руу нь залгасан дуудаад авахгүй байсан тэгээд 102 дугаарт Дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 20-22-р хуудас/,
- Эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 100-101-р хуудас/,
- Эд хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2385 дугаартай “...Ай фоне 16 плас загварын гар утас 3,586,250 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-34-р хуудас/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 93-95-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.И нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2-136 дугаартай нийтийн тээврийн автобусанд зорчиж байсан хохирогч Ц.Хгийн халааснаас түүний эзэмшлийн Айфоне-16 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3,583,250 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.И нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
1.1 Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Хд 3,583,250 төгрөгийн хохирол /хх-ийн 31-34 дүгээр хуудас/-оос шүүгдэгч Г.И нь түүний эзэмшлийн Ай фоне 16 плас загварын гар утсыг хүлээн өгсөн /хх-ийн 100-101-р хуудас/ болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.И нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин иргэний нэхэмжлэгч Н.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 118,000 төгрөгийн нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Г.И нь дээрх төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Иаас 118,000 төгрөгийг гаргуулж Нийслэлийн цагдаагийн удирдах газарт олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.И, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй тул эрүүгийн хариуцлага оногдуулах хурлыг үргэлжлүүлэн явуулав.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “Улсын яллагчийн гаргаж байгаа нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг дэмжиж байна. Гэхдээ миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын хамгийн бага хэмжээ буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Г.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлсөн буюу хохирогчид гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан үзээд нийтэд тустай жил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Г.Ит Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Ит нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Г-ийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Иыг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 / найман / цагийн ажлыг 1 / нэг / хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин газрын харьяа Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг бүхий СиДи – 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Г.Иаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 118,000 /нэг зуун арван найман мянган/ төгрөгийг гаргуулж, Нийслэлийн цагдаагийн удирдах газарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ