| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01522/И |
| Дугаар | 155/ШШ2020/01700 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2020/01700
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл сумын ..... дугаар багт оршин суух Хөхнүүд овогтой Ганболдын Ариунтунгалаг /..................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Хашаат сумын.........дугаар багт оршин суух Баян Уул овогтой Нэргүйгийн Ганбаяр /........................../-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, хариуцагч Н.Ганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ариунтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
Миний бие Г.Ариунтунгалаг нь Н.Ганбаяртай 2017 онд танилцаж, үерхэж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Г.Эрхэмбаярыг төрүүлсэн.Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй.Улаанбаатар Хөвсгөл хоёрын хооронд ирэн очин амьдарч байсан. Үерхэж эхэлснээс хойш үргэлж хардаж сэрдэж элдэв муухай үгээр дайрч, доромжилж, харааж зүхэж, архи ууж, агсам тавьж, утас хэрэглэх, интернет нөхцөлд найз нөхөдтэй байхыг хориглож, гар утсыг хэдэн удаа эвдэж, нялх биетэй байхад хүйтэнд гадаа нүцгэн заамдаж, удаа дараа дарамталж ирсэн. Хүү Г.Эрхэмбаяр нь төрснөөс хойш антибиотикийн харшилтай гэж үргэлж асаргаа шаардаж, эм танд нь их мөнгө ордог. Н.Ганбаяр нь хүү Эрхэмбаярын ганц шээстэй өмд угааж, уйлахад нь тэвэрч, өвдөхөд нь эм тан авч өгдөггүй. Одоогоо бараг жилийн өмнө салсан хэдий ч үргэлж дарамталж , өөр хүнтэй суух гэж байгаа. Та хоёр гарч ирж амьдралд минь гай болов, тэтгэлэг нэхвэл очоод ална гэж удаа дараа сүрдүүлж байна. Ирж хүүхэдтэйгээ уулзахгүй байж, аав ээждээ худал ярьж ирсэн хүүтэй чинь уулзуулахгүй байна. Би үхлээ гэж, түүний аав, ээж нь хүүд минь ямар нэг юм болвол чамтай хариуцлага тооцно гэж гэр бүлээрээ дарамталж байна. Миний бие Г.Ариунтунгалаг нь цалинтай ээжийн 50.000 төгрөг, хүүдийн мөнгө 20.000 төгрөгөөр хүүхдээ өсгөж явна. Хүү Г.Эрхэмбаярын бие одоо л дээрдэж байна. Ажил хийх боломжгүй мэдсээр байж хүүхэддээ ганц эм авч өгч чадахгүй, хүүхдээ өвдөөд ирэхээр чи муу намайг гуйнаа гэж үргэлж харааж, зүхдэг. Хамт амьдрахад ямар ч амгалан тайван амьдардаггүй.
Салъя, овог өөрчилж өгөхөөс татгалзсан тул хүүхдийн тэтгэлгийг Н.Ганбаяраас гаргуулж өгнө үү.
Миний бие Г.Ариунтунгалаг нь Н.Ганбарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Шүүх хурал 2020.09.18-нд зарлагдсан боловч миний бие Хэнтий аймагт ажил явдлын ажилтай ирсэн, өөрийн биеэр шүүх хуралд оролцож амжихгүй тул намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.Ганбаяр шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Г.Ариунтунгалаг бид хоёр 2017 оноос үерхсэн. Би боломжоороо хүүхдэдээ мөнгө шилжүүлдэг байсан. Намайг хүүтэйгээ уулзах гэхээр уулзуулдаггүй. Тэр ч бүү хэл намайг архи ууж, амгалан тайван байдал алдагдуулсан гэж худал хэлж Цагдаад дуудлага өгч байсан. Г.Ариунтунгалагийг хүүхдээ өнчрүүлэлгүй, хамт амьдаръя гэхээр намайг байнга хөөдөг. Чиний хүүхэд биш ч гэж хэлж байсан. Гэхдээ би хүүхдийн эцэг мөн. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ариунтунгалаг нь хариуцагч Н.Ганбаярт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Г.Ариунтунгалаг, Н.Ганбаяр нар нь 2017 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүү Г.Эрхэмбаяр төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнаас 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр олгосон 2018 оны 4 дүгээр сарын 5-ны төрсөн Баян Уул овогтой Ганбаярын Эрхэмбаяр /РЮ-18240596/-ын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайн элбэрэлт ӨМТ-ийн их эмчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн: ...Ганбаяр Эрхэмбаяр эрүүл бойжиж байна... гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Түүнчлэн зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Г.Эрхэмбаяр нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иймд 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Г.Эрхэмбаярын төрсөн эцэг Н.Ганбаяраас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, хариуцагч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 34.214 /гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр төрсөн хүү Г.Эрхэмбаярыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг сар бүр эцэг Н.Ганбаяраас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.214/гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ганбаяраас улсын тэмдэгтийн хураамж 34.214/гучин дөрвөн мянга хоёр зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ариунтунгалагт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ