| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01281/И |
| Дугаар | 155/ШШ2020/01701 |
| Огноо | 2020-09-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2020/01701
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч:Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын .... дугаар багт оршин суух Цагаан хуулар овогтой Батмөнхийн Бадамсүрэн /............./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын .... дугаар багт оршин суух Цагаан хуулар овогтой Мөнхчулууны Бат-Өлзий /............../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Бадамсүрэн, хариуцагч М.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр Б.Бадамсүрэнтэй 1997 онд нэг гэр бүл болж, 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 5 хүүхэд мэндэлсэн.Хамт амьдарсан хугацаанд үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болж, үргэлж маргалдах болж, гэр бүлийн хүчирхийлэл явагдах болсон тул бид сүүлийн 01 жил тусдаа амьдарч байна.Энэ байдал нь хүүхдүүдийн минь эрх ашиг, хүмүүжилд муугаар нөлөөлж байх тул цаашид амьдрах боломжгүй.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, насанд хүрээгүй охин Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, хүү Одбаяр нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. 2 том нь насанд хүрсэн тул хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудал байхгүй.Бид цаашид хамтран амьдрах боломгүй боломжгүй гэв.
Хариуцагч М.Бат-Өлзий шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би эхнэр Б.Бадамсүрэнтэй 1997 онд нэг гэр бүл болж, 1998 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, бидний дундаас 5 хүүхэд мэндэлсэн нь үнэн.Хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна.Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй.Хэрэв гэрлэлт цуцлагдсан тохилдолд хүүхдүүдээ өөрийнхөө асрамжид авах саналтай байна. Учир нь би ажил хийж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Бадамсүрэн нь хариуцагч М.Бат-Өлзийд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид нь 1997 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болж, 1998 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар баталгаажуулсан хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр гэрлэгчид 2019 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас болон шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авхад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.Бадамсүрэн, хариуцагч М.Бат-Өлзий нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.Энхбаяр төрсөн болох нь 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №0054350 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүү Одбаяр төрсөн болох нь 2008 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн № 0184152/71 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр охин Энх-Амгалан төрсөн болох нь 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн № 6728000021 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй ба нэхэмжлэгч нь охин Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, хүү Б.Одбаяр нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хүүхдүүд зохигчдийг тусдаа амьдарсан хугацаанд эх Б.Бадамсүрэнгийн асрамжид байсан, түүнийг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул эх Б.Бадамсүрэнгийн асрамжид үлдээж, эцэг М.Бат-Өлзийгөөс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьлаа.
Түүнчлэн охин Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, хүү Одбаяр нарыг эх Б.Бадамсүрэнгийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг М.Бат-Өлзий, эх Б.Бадамсүрэн нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, Мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Энхбаяр, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Одбаяр нарт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийг хүүхэд тус бүрт хариуцагч Б.Бат-Өлзий нь сар болгон төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Энхбаяр, Хүү Одбаяр нарт сар бүр төлөх тэтгэлэг 206.000х2=412.000 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 4.944.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 94.054 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Энх-Амгаланг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Бат-Өлзий төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Энх-Амгаланд сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, нийт 70.200+94.054+34.34.214=198.468 төгрөгийг улсын орлогод оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цагаан хуулар овогтой Мөнхчулууны Бат-Өлзий /............../, Цагаан хуулар овогтой Батмөнхийн Бадамсүрэн /................./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Энхбаяр, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү ..........., 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Энх-Амгалан нарыг төрсөн эх Б.Бадамсүрэнгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Энх-Амгаланг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ -тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Б.Энхбаяр, 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү Одбаяр нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ -тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг М.Бат-Өлзийгөөс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохын дурдаж, хариуцагч М.Бат-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамж 198.468 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Бат-Өлзий, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Бадамсүрэн нарт тус тус даалгасугай
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ