| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/00957/И |
| Дугаар | 155/ШШ2020/01757 |
| Огноо | 2020-09-30 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2020/01757
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ....... дугаар гудамжны .......тоотод оршин суух Хотгойд овогтой Алтанцэцэгийн ******* /................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ..... дугаар гудамжны ...... тоотод оршин суух Хэрэйд овогтой Ганболдын******* /................./-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие нөхөр Г.Дамдинрагчаатай 2005 онд танилцаж, 2006 оны 10 дугаар сард гэрлэлтээ албан ёсоор батлуулсан.Бидний хамтын амьдралын явцад 2006 онд хүү Д.Баярболд, 2008 онд охин Д.Баяржавхлан, 2014 онд охин******* нар төрсөн. Хамтын амьдралын эхний хэдэн жил бидний амьдрал баяр хөөр, аз жаргал дүүрэн байсан боловч сүүлийн хэдэн жил нөхөр болох Г.Дамдинрагчаагийн ааш зан эрс хувирч, ширүүн догшин ааш араншинтай, хүнийг хайрлах сэтгэлгүй нэгэн болж, эхнэр, хүүхдүүддээ хатуу ширүүн хандах болсноор гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий харилцаатай болж эхэлсэн. Миний хувьд энэ хүний болж бүтэхгүй бүхнийг үл тэвчиж, гэр бүлээ цуцлуулахаар Хэнтий аймгийн шүүхэд урьд өмнө 3 удаа хандаж байсан. Энэ болгонд тэрээр өөрийн алдаа дутагдлаа ойлгож, ухаарч байна гэж амлалт өгдөг байсан болохоор нь би үнэхээр л миний хань ижил сайн сайхан болох байлгүй гэж эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэлээр түүний буруу, зөрүү бүхнийг уучилж, өршөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсан боловч өөрчлөлт гараагүй.Бид 2019 оны ...сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа ба Г.Дамдинрагчаа нь Хөвсгөл аймгаас шилжиж одоо Хэнтий аймагт ажиллаж амьдарч байгаа.Тусдаа амьдарсан хугацаанд би шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Г.Дамдинрагчаа ирээгүй. Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү*******, Баяржавлхан, охин******* нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Дамидинрагчаа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хэрэйд овогтой Ганболдын Дамиданрагчаа би Хотгойд овогт Алтанцэцэгийн *******тэй гэр бүл болоод 15 жил болж байна. Бид хоёр гурван хүүхэдтэй, тавуулаа амьдардаг байсан. Би аль болох сайн сайхан, элэг бүтэн амьдрахын төлөө явж ирсэн. Би 2006 онд анх хүүтэй болох үедээ нэг их баярлаагүй. Яагаад гэвэл миний хань 2 сарын өмнө олгой нь гэдэс дотроо хагарч, өдөр ирэх тутам оёсон оёдол нь сэтэрч байгааг хараад би маш их шаналж би өөртөө хэзээ ч ханиа орхихгүй гэж бодсон. Миний хувьд 25 нас хүртлээ ганц бие явсан. Олон найз нөхөд, эхнэр, хүүхэд болон үерхэж байгаа охидуудыг гомдоохыг хараад хэзээ ч ийм зүйл хийхгүй гэж бодож явдаг, хийхийг хүсдэггүй. Харин миний хийж байгаа ажлаас болж хүмүүс атаархах, зарим нь өс хонзон санах ийм байдлаар эхнэрт янз бүрээр ярих, ярих тусмаа манай эхнэр даатгалын захирал хийж байсан учраас бүх сумаар явах танай эхнэр тэгсэн, ингэсэн гэж ярьдаг. Би ганцхан зүйлийг хэлдэг. Би өөрийнхөө амьдралыг мэдэж байна гэж хүн бүрт итгэл төгс хэлдэг байсан. 2011 оны 12 дугаар сард Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт ирж ажилласан. Миний амьдрал бүх хүний нүдэн дээр учир би хийж байгаа ажил шигээ миний амьдрал нууж хаах юмгүй. Гадна гарч цагдаа, гэрт орж ээжийг орлож ирсэн. Миний хамт олон болон гурван хүүхдийн багш нар бүгд хэлэх байх ээж нь юм шиг амьдарч ирсэн. Гэр бүлдээ сайн сайхан байх ёстой гээд цаг завгүй ажиллаж, өөрийнхөө хэмжээнд хийж ажилласан. Харин надад манай эхнэрийг муулаад ирэхээр нь би тоохгүй болохоор эхнэр дээр минь тоглолт хийж эхэлсэн байх гэж одоо бодсон. Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино, би газар ниргэж тэнгэр дуугарсан, галав юүлсэн ч хамт гэдэг шиг хэзээ ч хувирахгүй гэж бат итгэлтэй байсан. Би амьдралынхаа төлөө юу ч хийхгүйгээ мэдээд нутгаас ирж 8 сар болж, энэ хугацаанд найз нөхөд, таньдаг хүн байхгүй болж байхад надаа үлдсэн нь миний гэр бүл байсан. Хоолны махгүй, хүүхдэд авч өгөх 300 төгрөгийн зайрмаг авч өгөх мөнгөгүй байх үедээ албаны төлөө ажиллаад ар гэрээ гаргуунд нь хаясандаа шаналаад юу ч хийх ухаанаа олохгүй 6 сар болоход хамгийн гол гэрийн багана болох хүн надаа хэлэхгүй яваад хэвлийдээ байсан ямар ч буруугүй үрээ авахуулаад ирэхээр нь гомдсон сэтгэлээр олон өдөр явж байгаад, нэг өдөр архи уугаад сэтгэлдээ бодож явснаа хэлээд, маргааш өглөө нь хүүхдийнхээ нүдэн дээр аавын гэсэн бүх юмыг хүүхдүүдээрээ шалтгаалж байгаа ээжийг хараад ойлгохгүй байсан. Би одоо 3 хүүхдийг авч явна гэхэд итгэл төрөхгүй байна. Миний хувьд өөгүй хүн шиг тэгэхдээ юу хийх үү? гэдгээ мэднэ.Миний буруу байгаа хийсэн, хэлсэн үгнээсээ уучлалт гуйж байсан. Тэгэхдээ муу зуршил бол хүний хэлсэн, өөрийн бодсон зүйлийг архи хэтрүүлж уусан үедээ хэлнэ. Тэрэндээ юм бодохгүй байдаг. Би ханьтайгаа амьдарсан. Миний ханийн ах дүү нар бүгд салж, хоёр гурав дахь амьдралаа зохиож явна. Энэ бүгдийн хойно хүүхдүүд хохирохвий, 4 хүүхдүүд манайд амьдарсан. Сайн муу хэлүүлээд одоо захаасаа том болоод явж байна. Энэ бүхнийг харж байгаа надад зүрх уригдах явдал, тийм учраас гурван хүүхдэдээ зовлон шаналал үзүүлэхгүй гэж бодож байна. Би ханьдаа маш их хайртай, тийм учраас Монгол улсын гурван сая хүнээс сонгож суусан. Монгол улсын шүүхийг үнэнч шударга гэж бодож байгаа учраас гурван хүүхдийн өмнө ээжээс нь өөр хүнтэй хэзээ ч гэж шүүхийг амлаж байна. Би эхнэрийнхээ хийж байгаа ажлыг маш их дэмжиж байдаг. Монголын сайхан үг байна. Бие засаад гэрээ зас төрөө зас чи бие зассан байна. Харин гэрээ засах байтал төр засах гээд байгаа чамд хүн итгэх үү. Өөрийнхөө амьдралыг чадахгүй байж. Чамд сайхан байгаа зан ааш муутай хүн тэр чинь үр хүүхэд чинь маш их хэрэгтэй баяр хөөр, аз жаргал байдаг юм байна. Одоо мэдэрч байна. Солонгоо ярьж байна. Би танай хамт баймаар байна. Даанч аниа загнаад ээж ир гээд байна. Тэнд байснаас тантай баймаар байна. За үнэнч шударга явсны төлөө бие, тэнхээ, сэтгэл санаа туйлбаргүй ганц хүн болдог юм. Үнэнч шударга шүүх миний гэр бүлийг үнэн зөв шүүж өгнө гэдэгт итгэж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Г.Дамдинрагчаад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргажээ.
Гэрлэгчид нь 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 10 дугаар сарын 2-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №0055621 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүү******* төрсөн болох нь 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн №0130939 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдөр охин******* төрсөн болох нь 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн № 0219516 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр охин******* төрсөн болох нь 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн № 6701000033 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр гэрлэгчид 2019 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхээс зохигчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байсан, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Иймд шүүх нэхэмжлэгч А.*******, хариуцагч Г.Дамдинрагчаа нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч А.******* нь 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү*******, 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин*******, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин******* нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч Г.Дамдинрагчаа маргаагүй тул хүү*******, охин*******,******* нарыг эх А.*******ийн асрамжид үлдээж, эцэг Г.Дамдинрагчаагаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдаж, хүү*******, охин*******,******* нарыг эх А.*******ийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Г.Дамдинрагчаа, эх А.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213.418 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 213.418 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хэрэйд овогтой Ганболдын Дамиданрагчаа /................./, суух Хотгойд овогтой Алтанцэцэгийн ******* /............../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү*******, 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин*******, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин******* нарыг төрсөн эх А.*******ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн хүү*******, 2008 оны 12 дугаар сарын 3-ны өдөр төрсөн охин******* нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Нарансолонгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ -тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Дамдинрагчаагаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213.418 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 213.418 /хоёр зуун арван гурван мянга дөрвөн зуун арван найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдсугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Дамдинрагчаа, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх А.******* нарт тус тус даалгасугай
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ