| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2020/01255/И |
| Дугаар | 155/ШШ2020/01776 |
| Огноо | 2020-10-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 155/ШШ2020/01776
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух Гөрөөчин овогтой Хатанбаатарын ******* /................../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн ..... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух Боржигон овогтой Эрдэнэ-Уулын******* /................./-т холбогдох
Гэрлэлт цуцлуулан, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Э.Алтанхуяг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
...Миний бие Х.******* нь нөхөр Э.Алтанхуягтай 2006 онд танилцаж, үерхэж байгаад 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин*******, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүү******* нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдээс үзэл бодол таарахаа больж, архи ууж, агсам тавьж, миний биед гар хүрч, би гэрээсээ гарч зугтдаг байсан. Энэ байдлаа би өөрийн эцэг, эхээсээ нуудаг байсан.Түүний ах нь ч мөн намайг ална гэж дайраад, нүдийг минь хөхөртөл цохиж байсан.Охин минь энэ байдлаас айж, цочдог болсон. Хүүгийн минь бие байнга өвдөөд байсан учраас ээждээ үрчлүүлсэн хэдий ч миний асрамжид байдаг.Э.Алтанхуягийг ямар хүн бэ гэдгийг эцэг нь эх нь ч мэднэ.
Миний хувьд хариуцагчтай эвлэрэх боломжгүй.Э.Алтанхуяг намайг удаа дараалан зодож гэмтэл учруулж байсан.Энэ асуудлаар шүүхээр шийтгэгдэж байсан боловч үүндээ дүгнэлт хийлгэхгүй намайг дахин зодож гэмтэл учруулсан. Энэ талаарх нотлох баримтыг би хэрэгт гаргаж өгсөн. Надад өөр хүнтэй хамтын амьдрал зохиогоод хамт амьдраад байсан зүйл байхгүй. Бид 2017 онд салж байсан боловч 2018 онд хүүхдээ бодоод эргэж нийлсэн.Гэвч Э.Алтанхуяг нь архи ууж агсан согтуу тавьж гэр бүлийн хүчирхийлэлд байсан тул 3 сар хиртэй амьдраад салсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байна.
Иймд бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, охин*******ыг миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 59 дүгээр гудамжны 10 тоотод байрлах засвартай хашаа байшин одоогийн байдлаар 6.000.000 төгрөгөөс дээш үнэлэгдэх боломжгүй энэ эд хөрөнгөөс өөрт болон охин*******д ногдох хувь 4.000.000 төгрөгийг нэхэмжилсэн хэдий ч Э.Алтанхуягтай ярилцаж тохиролцоод уг хашаа байшинг би өөртөө үлдээж, түүнд ногдох хувь болох 1.500.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч хамтран өмчлөх дундын хөрөнгө дээрээ эвлэрч байна гэв.
Хариуцагч Э.Алтанхуяг шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би эхнэр Х.*******тай 2006 онд танилцаж, үерхэж байгаад 2008 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан.Бидний дундаас 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин*******, 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүү******* нар төрсөн. Гэхдээ бид хүү*******ийг хадам ээждээ үрчлүүлсэн.Х.******* нь одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул би охиноо хойд эцгийн гар харуулмааргүй байна.Охин*******ыг өөрийнхөө асрамжид авах хүсэлтэй байна. Харин эд хөрөнгийн тухайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 59 дүгээр гудамжны 10 тоотод байрлах хашаа байшинг Х.*******ын өмчлөлд үлдээж, өөрт ногдох хувьд 1.500.000 төгрөгийг түүнээс авахаар тохиролцож байна.Иймд бидний гэрлэлтийн цуцалж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Э.Алтанхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Зохигчид нь 2007 ны 9 дүгээр сарын 28-ны өдөр гэр бүл болж, 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь 126 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хамтран амьдрах хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин А.Азжаргал төрсөн болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаас олгосон төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүгч энэ хуулийн 14.2-д заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4-д Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу гэрлэгчид эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй ... бол шүүгч энэ хуулийн 132.1-д заасан арга хэмжээг авалгүйгээр гэрлэлтийг цуцалж болно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Х.******* нь шүүх хуралдаанд Миний хувьд хариуцагчтай эвлэрэх боломжгүй.Э.Алтанхуяг намайг удаа дараалан зодож гэмтэл учруулж байсан.Энэ асуудлаар шүүхээр шийтгэгдэж байсан боловч үүндээ дүгнэлт хийлгэхгүй намайг дахин зодож гэмтэл учруулсан. Би энэ хүнийг засрах байх гэж бодоод урд нь уучилж байсан.Гэвч энэ хүн засраагүй.Улам харгис хэрцгий араншинтай болж байна. Мөн энэ байдал нь хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөх байдал үүсээд байгаа тул арга буюу гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандсан гэх тайлбарыг өгсөн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан торгуулийн хуудасны бүртгэл, гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 58 дугаар Шийтгэвэр, 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 98 дугаар Шийтгэх тогтоолын хуулбар зэргээр нотлогдож байх тул шүүх нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Э.Алтанхуяг нарын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.******* нь охин А.Азжаргалыг нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Э.Алтанхуяг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн ба Хөвсгөл аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт:
Шинжээчийн багийн зүгээс нөхцөл байдлын үнэлгээ болон сэтгэл зүй, харилцаа хандлагын тест үнэлгээнүүдэд үндэслэн охин А.Азжаргалыг цаашид эх Х.*******ын асрамжид үлдээх боломжтой байна гэжээ.
Гэр бүлий тухай хуулинд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ гэж заасан ба 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин А.Азжаргалаас санал авахад тэрээр төрсөн эх Х.*******ын асрамжид байх саналыг өгсөн байна.
Иймд дээрх байдлыг харгалзан 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр охин А.Азжаргалаас төрсөн эх Х.*******ын асрамжид үлдээж, эцэг Э.Алтанхуягаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн охин А.Азжаргалыг эх Х.*******ын асрамжид үлдээж байгаа нь хүүхэд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг Э.Алтанхуяг, эх Х.******* нар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заасан.
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 59 дүгээр гудамжны 10 тоотод байрлах хашаа, байшин 6.000.000 төгрөг, үүнээс өөрт болон охин А.Азжаргалд ногдох хувь 4.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэвч шүүх хуралдаанд талууд харилцан тохиролцож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 59 дүгээр гудамжны 10 тоотод байрлах хашаа байшин нэхэмжлэгч Х.*******ын өмчлөлд үлдээж, хариуцагч Э.Алтанхуяг нь өөрт ногдох хувьд 1.500.000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар эвлэрсэн тул зохигчдийн эвлэрэлийг батлаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.652 /хоёр зуун гурван мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203.652 /хоёр зуун гурван мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогтой Эрдэнэ-Уулын******* /......................../, Гөрөөчин овогтой Хатанбаатарын ******* /............./ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хугацаанд 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин*******ыг төрсөн эх Х.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Э.Алтанхуягт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Х.******* нарт тус тус даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2008 оны 5 дугаар сарыдн 29-ний өдөр төрсөн охин*******ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ -тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Алтанхуягаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
5. Нэхэмжлэгч Х.*******ын өмчлөлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 59 дүгээр гудамжны 10 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг үлдээж, нэхэмжлэгчээс 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг хариуцагч Э.Алтанхуягт төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 203.652 /хоёр зуун гурван мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 203.652 /хоёр зуун гурван мянга зургаан зуун тавин хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ