| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0050/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/51 |
| Огноо | 2025-02-14 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.*******
Улсын яллагч М.Мэндбаяр /томилолтоор/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Солонго
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Өлзийбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000010 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 10 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* ******* 4-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг Ялалтын тоотод байрлах байшингийн гадна талын хаалганы цоожийг хүчтэй татан эвдэж улмаар зөвшөөрөлгүй дотогш нэвтэрч тус байшинд амарч байсан эзэмшигч биед нь хүрэх, сэрээх зэргээр дураараа авирлаж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйл байхгүй...” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд найз , нартай уулзаж ******* сумын 6 дугаар баг Лемонс караокед уулзаж 2, 2 лаазтай 0,5 литрийн пиво ууцгааж байгаад би хамт байсан 2 найзаасаа 08-наас 09-нд шилжих шөнө 00 цагийн орчимд салаад гэртээ буюу ******* сумын 10 дугаар баг Ялалтын тоот хашаанд байрлах байшиндаа такси бариад ганцаараа ирсэн. Манай гэрт том охин /10 нас/ дунд хүү /6 нас/, бага охин /3 нас/ гээд хүүхдүүд маань байсан. ...Ингээд би гэртээ ирээд хувцсаа тайлж гэрийнхээ хойд талын ор болдог буйдан дээр унтаж амарсан. Харин шалан дээр том охин унтаж байсан. Амарч байхад шөнө 02 цагийн орчимд нэг танихгүй хүн миний хөлийг оролдож сэрээсэн. Энэ үед би юун хүн бэ, цагдаа дуудлаа гээд гар утсаа аваад гэрлийг нь асаасан чинь уг эрэгтэй хүн надаас хол зогсож байгаад гарсан. Ингээд би тухайн эрэгтэй хүнийг гарсан хойно гэрлээ асааж гэрийнхээ хаалгыг үзэхэд манай байшингийн гадна үүдний цоожийг хүчтэй татаж мултлаад гэрт зөвшөөрөлгүй орж ирсэн байсан. Мөн би утасныхаа гэрлийг тусгаж харахад уг эрэгтэй хүн нь манай найз салсан нөхөр гэх залуу байх шиг харагдсан. Би шууд л цагдаагийн байгууллагад энэ талаар дуудлага өгөөд дараа нь найз руу залгаж " дөнгөж сая манай гэрээр ороод гарсан, би энэ талаар цагдаад дуудлага өгсөн, гэр рүүгээ очоо юу" гэж асуухад нь "тиймээ яг одоо гэрийн гадаа ирээд хаалга тогшоод, би түүнийг оруулахгүй" гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад хэлсэн байгаа, цагдаа нарт дахин хэлээд танайх руу явуулъя, цагдаа очих хүртэл байлгаж байгаарай" гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд ийг барьсан гэж ярьж байсан. Миний хувьд тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол өгөхдөө нэлээн сандарсан байдалтай байсан. Би гэнэт хүн зогсож байхаар нь түүнийг намайг хүчиндэх гэж байна л гэж ойлгосон. Иймдээ ч би шууд тэгээд хэлчихсэн байх. Намайг сэрэхэд манай гэр ямар нэгэн гэрэлгүй харанхуй байсан учир түүнийг хувцасгүй нүцгэн зогсож байна гэж харсан. Гэтэл утасны гэрлээ тусгаад харахад хувцастайгаа байж байсан. Түүний хувьд миний хөлөнд гараараа хүрч сэрээсэн. Өөрөөр миний биед халдаж хүчиндэхийг завдсан үйлдэл хийгээгүй. Би гэгчийг одоогоос 2 жилийн өмнө таньдаг болсон. нь 2022 оны хавар эхнэр хамт манай хөдөө гэрт ирж ямаа самнаж байсан. Тухайн үед бид танилцаад гэр бүлийн найзууд болж байсан юм. ...Өөрөөр *******ай харилцаа холбоо байхгүй. нь урд өмнө нь надтай уулзах гэж ******* сумын 10 дугаар баг Ялалт тоот хашаанд огт ирж байгаагүй. Харин манай нөхөр хамт нэг удаа ирж байсан тохиолдол байгаа. ...Харин тухайн шөнө нь ямар зорилготой манай гэрт ирж гадна хаалганы түгжээг эвдэн барин гэрт орж ирсэн талаар би мэдэхгүй байна. Түүнд манай гэрт орж ирэх зөвшөөрөл хэн ч өгөөгүй. Тэрээр дураараа гэрт орж ирсэн нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-11/
“... нь тухайн өдрийн маргааш нь ирж надаас уучлалт гуйж дахин ийм үйлдэл хийхгүй гэдгээ амласан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Мөн энэ хэргийн улмаас эдийн засгийн байдлаар хохирсон зүйл байхгүй, надад энэ хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 03 цаг болох гэж байхад гэрийн хаалга нэг хүн тогших чимээ гарахад нь би сэрээд сонсоход манай салсан нөхөр нь гадаа ирсэн байсан юм. Түүний хувьд "хайраа хаалгаа онгойлгочих, би хүүхдүүд дээрээ ороод жоохон дулаацаад гаръя" гэх зэргээр хэлэхээр нь би түүнд хариу өгөхгүй, хаалгаа тайлахгүй байхад хэсэг тогшиж байгаад чимээгүй болсон. Ингээд би шөнийн 03 цаг 04 минутын орчимд утсаа нээж үзэхэд манай найз нь над руу фейсбүүк цахим хаягаар "Байна уу, танай нөхөр манай гэрт ирсэн, намайг айлгасан учир би цагдаагийн байгууллагад хандсан" гэх чат бичсэн байсан. ...Удалгүй цагдаа нар надтай холбогдож намайг гэрээс ирж аваад ийг хайж явсаар түүний төрсөн эгчийнх нь гэрээс олж аваад цагдаагийн байгууллага дээр авч ирсэн. Түүний хувьд надтай хамт байхдаа өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан боловч цагдаа нартай уулзаад манай найз ийн гэрт нь орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж ярьж байсан. ...Манай найз гомдолтой байгаа учраас энэ асуудал хуулийн дагуу шалгагдаж дуусах байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2024 оны 12 дугаар сарын 08-ны орой тэй фэйсбүүк чатаар холбогдсон. Фэйсбүүк чатаар ойр зуур юм ярьж хэсэг харьцсан бөгөөд шөнийн 02 цагийн орчим болтол үргэлжилсэн. Миний хувьд 8-ны өдөр ганцаараа нэг шил архи уусан байдалтай байсан. Шөнийн 02 цагийн орчимд ******* сумын 6 дугаар баг Ивээл хорооллын урд талаас өөрийн эзэмшлийн приус-20 маркийн 06-74 ДОР улсын дугаартай саарал өнгийн тээврийн хэрэгсэлтэй ийн гэрт очихоор болсон. ...Би очих гэж байгаа талаар т чатаар мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөхгүй байсан. Ингээд шөнийн 02 цагийн орчимд ******* сумын 10 дугаар баг Ялалт хороолол тоотод байдаг гэрт нь очсон. Тэдний гэрийн хашааны даймангийн хаалга нь онгорхой байсан учир хашаанд нь орж дараагаар нь хойд талын байшин руу очиход үүдний хаалга нь түгжээтэй мэт байхаар нь хүчтэй татахад онгойчихсон. Харин байшингийн дотор хаалга нь онгорхой байсан учир гэрт нь ороод утасны гэрлийг асааж түүний хөл орчимд нь хүрч сэрээхэд цочиж сэрээд надаас айж улмаар цагдаа дуудлаа гэхээр нь би гэрээс нь гарч явсан. Үүний дараа өөрийн гэр болох ******* сумын 2 дугаар баг Ногоон гүүр 5-2 тоотод очиж гэртээ орох гээд хаалгаа тогшиж үзсэн боловч манай эхнэр хаалгаа тайлаагүй. Тэгээд төрсөн эгч гэр болох ******* сумын 2 дугаар баг Тээвэрчид хороололд очоод амарч байхад цагдаагийн газар авч ирэн саатуулсан. Надад ийн гэрт орохыг хэн нэгэн зөвшөөрөөгүй. Би түүнтэй уулзмаар санагдсан тул гэрт нь очиж дураараа нэвтэрсэн. Өөрөөр түүний биед гэмтэл учруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-44/
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3 тоот дүгнэлт:
2. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь хэргийн оролцогч аас хүлээн авсан саарал өнгийн гадартай хос гутлын зүүн хөлийн мөртэй ерөнхий хээний дүрслэл, мөрний уртын хэмжээ болон гутлын өсгий хэсгийн элэгдэл зэрэг ерөнхий болон хувийн онцлох шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна.
3. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн оролцогч аас хүлээн авсан саарал өнгийн гадартай хос гутлын зүүн хөлийн мөртэй тохирч байна гэжээ. /хх-ийн 20-21/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-06/
- Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49/
- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-59/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 10 дугаар баг Ялалтын тоотод байрлах байшингийн гадна талын хаалганы цоожийг хүчтэй татан эвдэж улмаар зөвшөөрөлгүй дотогш нэвтэрч гэртээ амарч байсан эзэмшигч биед нь хүрэх, сэрээх зэргээр дураараа авирласан буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г., гэрч Ж. нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн криминалистикийн шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 3 тоот “...******* сум 10 дугаар баг Ялалт тоотод 2024 оны 12 дугаар сарын 09-ний шөнө 05 цаг 21 минутад үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь хэргийн оролцогч аас хүлээн авсан саарал өнгийн гадартай, хагас түрийтэй, үдээстэй хос гутлын зүүн хөлийн гутлын мөртэй тохирч байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь хэргийн оролцогч аас хүлээн авсан саарал өнгийн гадартай хос гутлын зүүн хөлийн мөртэй ерөнхий хээний дүрслэл, мөрний уртын хэмжээ болон гутлын өсгий хэсгийн элэгдэл зэрэг ерөнхий болон хувийн онцлох шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирч байна. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан гутлын мөр нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн оролцогч аас хүлээн авсан саарал өнгийн гадартай хос гутлын зүүн хөлийн мөртэй тохирч байна...” гэх дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно.
Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон гэж иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон байрны өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчдын зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулах, эд хөрөнгийг нь ашиглах, тухайн байранд тодорхой хугацаагаар амьдрах зэргийг тус тус ойлгоно. Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу тухайн орон байранд хууль ёсоор амьдарч буй хүний зөвшөөрөлгүй орж дураараа авирласнаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг.
Аливаа гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шударга ёсны зарчмын шаардлагад нийцэх учиртай.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, шүүгдэгчийг 2 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 333 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас 9 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагааны шатанд “*******ийн манай гэрт хууль бусаар нэвтэрч дураараа авирласан үйлдэлд ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцааж олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд нь дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 сар 12 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 11 сар 12 хоногийн хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцааж олгож, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА