Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/149

 

 

 

 

 

 

 

  2025         03          14                                     2025/ШЦТ/149

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзий-Орших,

улсын яллагч Э.Булганчимэг,

хохирогч Б.Н,

шүүгдэгч Б, түүний орчуулагч Х.У, тэдгээрийн өмгөөлөгч Н.Болортуул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 8 дугаар танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2509 00000 0092 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ........... хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, Я ресторанд тогооч ажилтай, Сүхбаатар дүүргийн ........ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б /ЕК*****/.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:

Шүүгдэгч Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Б нь 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Я” гэх ресторанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Б.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүнийг зодож, улмаар биед нь хамарт шарх, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, зүүн шуу, зүүн гуяанд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, дээд уруул, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1 дэх хуудас/,

- Хохирогч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай Я нэртэй хятад рестораны зохион байгуулагчаар ажиллагдаг бөгөөд өчигдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 11-ний орой 22 цагийн орчимд ажил дээрээ байж байхад манай найз залуу Л-г найз нь гэх хятад улсын иргэн аваад явсан. Тэгээд тэр хоёр 10 дугаар хороололд байдаг нэг шорлогны газарт сууж байгаад шөнийн 00 цаг өнгөрч байхад ажил дээр ирсэн. Б-г орж ирэх үед би ажил дээрээ амралтын өрөөнд амраад байж байсан. Тэгсэн чинь гаднаас орж ирээд намайг өшиглөөд толгой түрүүгүй шууд цохиж эхэлсэн. Яагаад намайг зодох болсон шалтгаан нь өдөр нь манай ажлын газрын угаагч хүүхэн ажлаа хийхгүй байсан учраас нь би шаардлага тавихад биелүүлэхгүй намайг ёс бус үгээр доромжилсон учраас би тэр хүүхэнтэй маргалдсан байсан юм. Учир нь манай найз залуу Б тэр хоёрын дунд өөр харилцаа байсан юм байна лээ. Одоогоос нэг сарын өмнө би Б-н гар утсыг шалгахад тэр угаагч хүүхэн болох А-аас Б руу “Буудалд орсон байна, чи хэзээ ирэх вэ” гэсэн утга бүхий мессеж ирсэн байсан. Тэгээд тэрнээс хойш Б бид хоёр байнгын хэрүүлтэй байх болсон. Тэр ч шалтгааны улмаас өдөр нь бид хоёр хэрэлдэж маргалдсан байсан. Орой нь бол би А-тай хэрэлдэж байхад А-ийн нөхөр нь ирж А-г аваад явсан бөгөөд авч явахдаа “Чи Б-тай харилцаатай гэдгийг нотлох баримтаа гаргаад ир” гээд уурлаад байсан. Би гар утсан дээрээс нь тухайн үед байсан мессежийг нь олж гаргаж ирж чадаагүй. Гэтэл А болон А-гийн нөхөр нь над руу хэл амаар доромжилж байгаад явсан. Ингээд орой нь манай найз залуу Б нь найзтайгаа уулзахаар явсан бөгөөд шөнө нь орж ирээд шууд намайг зодож эхэлсэн. Тэгээд намайг зодохдоо “Чи яахаараа А руу уурлаж байгаа юм” гээд уурлаад зодоод байсан. Намайг зодохдоо шууд намайг үсдээд толгой руу, цээж рүү өшиглөсөн. Мөн миний гар утсыг гаргаж ирээд цохиж эвдсэн. Мөн хэвлий хэсэг рүү маань 4-5 удаа өшиглөсөн. Мөн гуя руу маань өшиглөөд одоо хөхөрсөн байна. Мөн эгэм маань мултарсан байна. Дээд уруул дээр шархтай болтол цохьсон. Ингээд миний хувцаснуудыг урсан. Хоолой боосон. Тэгээд зодуулаад би нүцгэн гадагшаа зугтаж гарсан бөгөөд гадаа гараад таксины жолоочийн гар утсаар дүүрүүгээ ярьж цагдаад дуудлага өгүүлсэн. Өмнө нь хоёр удаа цохиж байсан. Өмнө нь мөн энэ А-аас болж л цохиж байсан. Яагаад вэ гэвэл А-г би энэ ажилд ажиллуулахгүй гэсэн чинь намайг зодсон. 2024 оны 04 дүгээр сард анхны жирэмслэлт болж жирэмсэн байхад намайг жирэмслэх шаардлагагүй гэж хэлээд зулбуулдаг эм өгч жирэмслэлтийг таслан зогсоож байсан. Зулбуулдаг эм уугаад би хажуугийн зочид буудалд 3 хоног хэвтэж байж биеэ тэнхрүүлээд гарч байсан. Энэ жирэмслэлтийг зогсоохдоо бол Б нь намайг зодсон асуудал байхгүй. Намайг ямар нэгэн байдлаар хүчээр эм уулгасан асуудал байхгүй. Бид хоёр ярилцаад эм уусан. Зулбах үед 2-3 долоо хоногтой байсан. Дүүргийн эмнэлэгт хяналтад ороогүй байсан. Би Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай Я нэртэй хятад ресторанд ажиллаж эхэлсэн цагаас хойш харилцаатай байгаа. Харин яг дотно харилцаатай болсон нь бол 2024 оны 03 дугаар сараас хойш. Бид хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй. Хамтран амьдарч байгаа....Б бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр хоёулахнаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дахь хуудас/,

- Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хичээлээ тараад гэртээ амарч байгаад орой 22 цагаас сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд очоод шөнө 01 цаг өнгөрч байхад төрсөн эгч Б.Н-ийн найз залуу B-н ресторанд очиж гэрийн түлхүүр авахаар очсон. Тэгээд үүдэн дээр нь очоод эгч рүүгээ болон B нар луу утсаар залгахад хоёулаа холбогдох боломжгүй байсан. Тэгэхэд дотроос хоорондоо чанга чанга орилж хэрэлдэж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд хаалгаар нь ортол манай эгч Б.Н, түүний найз B хоорондоо бие биенийгээ үсдээд дээрээ доороо ороод ноцолдож байсан. Тэгээд би очоод эгчийг араас нь тэврээд салгаад сандал дээр суулгасан. Тэгээд B-ийг аваад рестораны ажилчдын амралтын өрөө рүү аваад оруулсан. Тэгэхэд Б.Н эгч цаана пид хийх юм унах чимээ гараад эгч чарлахаар нь гүйгээд очтол эгч арийн цэврийн өрөөний үүдэнд хамраа дарсан цус гарсан байдалтай доошоо явган сууж байсан. Тэгэхээр нь би 00-н цаас аваад хамрынх нь цусыг тогтоогоод амралтын өрөөнд B-н хажууд суулгасан. Тэгээд дахиад манай эгч Б.Н, B нар хоорондоо маргалдаад бие бие рүүгээ агсарч дайраад байхаар нь би дундуур нь салгасан. Тэгээд сүүлдээ би 102-т дуудлага өгсөн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд B-г авч яваад түргэн ирээд эгчийг үзээд бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг рүү авч хүргэж өгсөн. Тэндээ эгч хамартаа 2,3 оёдол тавиулаад шөнө 03 цагийн үед цагдаагийн хэлтэс дээр очиж эгч мэдүүлэг өгөөд бид 2 харьж хувцасаа солиод шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Тухайн үед B архи согтууруулах ундаа хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан. Сүүлд цагдаа ирээд үлээлгэж үзэхэд B-c архи хэрэглэсэн гэж гарсан. Харин Б.Н эгч 4 сартай жирэмсэн байсан болохоор огт угаагүй эрүүл байсан. Цагдаа нар үлээлгэж үзэхэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж гараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дэх хуудас/,

- Шүүх Шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай шинжээчийн: “1.Б.Н-ийн биед хамарт шарх, баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, дээд уруул, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. 6.Б.Н-ийн биед учирсан хамарт шарх гэмтэл дангаараа хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад баруун чихний дэлбэн, баруун хацар, хүзүү, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чихний дэлбэнд зулгаралт, дээд уруул, баруун чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарах ба гэмтэл тус бүртээ хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дахь хуудас/;

- Аюулын зэргийн үнэлгээ хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 40-43 дахь хуудас/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дахь хуудас/,

- Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол /хх-ийн 148-149 дэх хуудас/,

- Яллагдагчид оногдуулах прокурорын санал /хх-ийн 150-151 дэх хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуул гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах байр суурьтай оролцоно. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар шшийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх байр суурийг дэмжиж оролцоно. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах зүйл байхгүй. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болортуул эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.

Иймд шүүгдэгч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Б-д оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор 1,000,000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛДАР