| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2020/01689/И |
| Дугаар | 155/ШШ2020/01871 |
| Огноо | 2020-10-27 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2020/01871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө-4 Экспресс таур, 9 давхарт байрлах *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр баг ........... тоотод оршин суух, Монгол овогт Баатархүүгийн******* /...................../ -д холбогдох
Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2.951.899 төгрөг, хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 412.878 төгрөг, гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1.640.000 төгрөг, алга болгосон гэрээт баталгааны үнэ 2.080.000 төгрөг, хүчингүй болсон гэрээт баталгааны үнэ 432.000 төгрөг, нийт 7.516.777 төгрөг гаргуулах,
Хариуцагч Б.Бадамын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Иргэдийн даатгал хариуцсан менежер Ч.Баттөмөр, Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалай нартай байгуулсан Хохирол барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч байгууллагаас Баатархүүгийн*******ын бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийг тус тус гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадалай, хариуцагч Б.Бадам, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Батсүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Бадам нь *******даатгал ХХК-ийн Хөвсгөл аймаг дахь салбарын захирлаар 2016 оны 9 сараас 2017 оны 6 сарыг хүртэл хугацаанд ажиллаж байсан бөгөөд 2017 оны 6 сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Б.Бадам нь салбарын захирлаар ажиллаж байх үедээ жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2.951.899 төгрөг, хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 412.878 төгрөг, гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1.640.000 төгрөг, алга болгосон гэрээт баталгаа 104 ширхэг /нэг бүрийн үнэ нь 20.000 төгрөг/ 2.080.000 төгрөг, хүчингүй болсон гэрээт баталгаа 288 ширхэг /нэг бүрийн үнэ 1.500 төгрөг/ 412.878 төгрөг, нийт 7.516.777 төгрөгийг дутуу тушааж авлага үүсгэсэн. Хариуцагч нь тус авлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд тодорхой хуваарийн дагуу төлж барагдуулах талаар 2017 оны 10 сарын 25-ны өдөр компанид хүсэлт гаргасны дагуу түүнтэй 2017 оны 10 сарын 26-ны өдөр иргэдийн даатгал хариуцсан менежер Ч.Баттөмөр болон Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалай нар хохирол барагдуулах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу авлагыг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд 2018 оны 01 сарын 11-ний өдөр сар бүр 350.000 төгрөг төлж байх тухай хүсэлтийг хариуцагч гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээ болон хүсэлтийн дагуу авлага барагдуулаагүй, ямар нэгэн төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагч Б.Бадамаас даатгалын хураамжийн орлого болон алга болсон, хүчингүй болсон баталгааны үнэ болох 7.516.777 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл Б.Бадам нь *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн салбарын захирлаар ажиллаж байсан. Авлагууд нь бодит үндэслэлтэй юм. Гар баталгаа хийгээд программд хийгээгүй байсан. 10 дугаар сарын шалгалтаар гэрээ байгуулаад төлөлтөө хийх график байгуулаад бүх хуудас дээр гарын үсэг зурсан байсан. Ажлынхаа хамт олныг гэртээ уриад бэлэн мах оролцуулж болох эсэх талаар ярилцаж байсан ч удаатай. Нэг удаа 300,000 төгрөг төлсөн санагдаж байна. Үүнээс хойш төлөлт хийгээгүй төлөх боломжгүй байна гээд байсан. Компанийн зүгээс шаардлага тавьдаг. Аав ээжийнх нь хаяг руу албан тоот явуулсан. Манай байгууллагад 2 жилд нэг удаа дотоод аудитын шалгалт хийгддэг. Удирдлагаас мөнгөө төлсөн тохиолдолд бичиг баримт бэлэн гэх хариуг Б.Бадамд өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл байхгүй. Давхар гэрээ үүсэх тохиолдол гардаг хэдий ч шалгалтаар тийм тохиолдол гараагүй. Орлогоо тушаагаагүй бодит гэрээ л гарч ирсэн. Гэрээт баталгаанаас бусад нь бодит авлага гэж үзэж байна. Иймд жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2.951.899 төгрөг, хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 412.878 төгрөг, гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1.640.000, алга болсон буюу үрэгдүүлсэн гэрээт баталгаа 104 ширхэг нэг бүрийн үнэ нь 2000 буюу нийтдээ 2.080.000 төгрөг, хүчингүй болсон гэрээт баталгаа 288 ширхэг нэг бүрийн үнэ 1500 нийтдээ 432.00 төгрөг, бүгд 7.516.777 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнээс хүчингүй болгосон гэрээт баталгаа 288 ширхэг нэг бүрийн үнэ 1.500 төгрөг, нийт 432.000 төгрөг, алга болгосон гэрээт баталгаа 104 ширхэг, нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөг, нийлээ 2.512.000 төгрөгийг нийт нэхэмжилсэн 7.516.777 төгрөгөөс хасч үлдэх 5.004.777 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.Бадам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 9 сараас 2017 оны 6 сарыг хүртэл хугацаанд *******даатгал ХХК-д ажиллаж байсан. Анх намайг ажилд ороход энэ байгууллага ямар ч орлогогүй байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа тус байгууллагын орлогыг их хэмжээгээр нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байсан. Намайг ажлаас гарах үед *******даатгал ХХК-ийн иргэдийн даатгал хариуцсан менежер Ч.Баттөмөр 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт шалгалтаар ирсэн. Тэгээд хэдхэн цагийн дотор тооцоо гаргаж, ийм зүйл дутлаа, үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зур гэж тулгасан. Тэр үед нь би ийм их зүйл дутах ёсгүй, би өөрөө тооцоог чинь шалгаж үзмээр байна, бас авлага байгаа түүнийгээ авч байж тооцоог дахин хийе гэсэн боловч үгүй тийм юм байхгүй одоо шууд бүгдийг нь хүлээн зөвшөөрч өргөдөл ингэж бич гэж өөрөө зааж өгсөн. Миний бичсэн өргөдлийг дахин өөрчлүүлж бичүүлсэн. Миний диплом болон нийгмийн даатгалын дэвтэр *******даатгал ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв компани дээр байсан учраас түүнийгээ авч чадахаа байж магадгүй гэж бодоод өргөдлийг нь хэлснээр нь бичсэн. *******даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалайтай уулзаж пиплом, нийгмийн даатгалын дэвтрээ авъя, ажилд орж бага боловч төлбөрөөс барагдуулъя гэж хэлсэн. Тэгээд Д.Бямбадалайтай тохиролцож 2018 оны 01 сарын 11-ний өдөр өргөдөл бичиж өгсөн. Гэтэл миний бичиг баримтыг авч өгч чадаагүй, би бичиг баримтгүй учраас ажил хайж, ажилд орох боломжгүй, орлогогүй учраас төлбөр барагдуулах ямар ч боломжгүй болсон. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2951899 төгрөг гаргуулах гэжээ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр даатгуулагчаас аваагүй орлого байсан, хүчингүй болгох ёстой гэрээнүүд ч байсан. Энэ ажлаа би өөрийн биеэр цэгцэлж дуусгах боломж олгоогүй учраас би одоо үүнийг төлж чадахгүй. Хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 412878 төгрөгийн хувьд Титэм болон Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн хүүхдүүдийн гэнэтийн ослын даатгал хийсэн. Энэ нь төлөөлөгчийн урамшууллыг компаниас гаргуулан өгөх ёстой байсан. Гэхдээ даатгалын төлөөлөгч өөрөө бэлэн мөнгөөр урамшууллаа авахыг хүссэн учраас орлогоо алдахгүйн тулд зөвшөөрөөд олгосон байсан учир би төлөхгүй. Гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1640000 төгрөгийн хувьд миний бие 2017 оны 4, 5 дугаар сард цалин аваагүй ажиллаж, цалингаараа төлж дууссан учраас зөвшөөрөхгүй байна. Алга болгосон гэрээт баталгаа 104 ширхэг 2080000 төгрөг гэжээ. Үүнийг тухайн үед менежерээр ажиллаж байсан Д.Бямбадалай бид хоёр хамт хариуцаж байсан бөгөөд бидний хэн нь энэ гэрээт баталгааг алга болгосныг мэдэхгүй, би өөртөө хувьдаа завшиж ашиглаагүй учраас төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хүчингүй болгосон гэрээт баталгаа 288 ширхэг 1500 төгрөгийн үнэтэй бүгд 412878 гэжээ. Уг нь 288х1500=432000 байна. Үүнийг би төлөхгүй. Учир нь би өөрөө хөдөө томилолтоор ажиллаж байхдаа голын үерт урсаж амь насаа алдах шахсан. Тэгэхдээ эдгээр баримтуудыг усанд норгосон гэхдээ устгаагүй. Усанд норсон 288 ширхэг баримтыг *******даатгал ХХК-д хүлээлгэн өгсөн учраас үнийг төлөхийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Бадам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс хойш тооцоо хийх боломжгүй байсан. Ажлаа хийж байхад программд нэвтрэх эрхийг хаасан. Ачаалалтай үед давхар гэрээ үүсэх магадлал байдаг. Намайг ажлаа хүлээлгэж өгөөгүй байхад ажлын өрөөний хаалгыг сольсон байсан. Иймээс тооцоо хийх боломжгүй болсон. Баттөмөр тэргүүтэй 3-4 хүн шалгалтаар ирсэн байсан. Ирж уулзаарай гэхээр нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 17 цагийн үед очиж уулзахад эдгээр тооцоог гаргасан байсан. Тухайн үед би өөрөө шалгах шаардлагатай байна, энэ тооцооллыг зөвшөөрөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд өргөдөл бичиж өгөхөд хангалтгүй байна. Та өр төлбөрөө хүлээн зөвшөөрөхгүй байр сууринаас бичсэн байна. Үүнийгээ хүлээн зөвшөөрөөд хэзээ төлөхөө бич гэж тулгасан болохоор өөрийнх нь хэлсэн заавраар бичсэн. Диплом нийгмийн даатгалын дэвтэр төв компанид байгаа. Тухайн үед компанийн ажлыг дээшлүүлж байсан учраас надад хатуурхахгүй байх гэж бодоод тулган шаардсаных нь дагуу бичээд гарын үсгээ зурсан. Нэхэмжлэгчийн ярьсан зүйлтэй холбогдуулаад хэлэхэд манай аав ээжид мэдэгдэл огт өгөөгүй, энэ талаар мэдээгүй байж байгаад саяхнаас би өөрөө хэлсэн. Тухайн үед таны нэр дээр барьцаалуулах эд хөрөнгө байна уу? гэхэд байхгүй би эд хөрөнгөөр нөхөн төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Гэртээ хамт олноо урьсан гэхдээ малаар төлөх талаар яриагүй. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн зарим орлогыг жолоочоос аваагүй тохиолдол байгаа. Тухайн үед надад ажлаа хүлээлгэж өгөх боломж олгосон бол би үүнийг тооцоолох боломжтой байсан. Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийг байгууллагын дансаар авах тухай нэхэмжлэлд бичсэн байсан. Эдгээр орлогууд нэмэгдэж орсон байж болзошгүй. Үүний тооцоог хассан нь тодорхойгүй байгаа. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.Бадам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2016 оны 9 сараас 2017 оны 06 сарыг хүртэл хугацаанд *******даатгал ХХК-д ажиллаж байсан. Миний бие ажиллаж байх хугацаандаа тус байгууллагыг орлогыг их хэмжээгээр нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байсан. Намайг ажлаас гарснаас хойш *******даатгал ХХК-ийн иргэдийн даатгал хариуцсан менежер Ч.Баттөмөр гэх хүн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарт шалгалтаар ирсэн байна. Та ирж уулзах хэрэгтэй байна гэж *******даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалай утсаар ярьсны дагуу би 2017 оны 10 дугаар сарын 26-ны орой 17 цаг өнгөрч байхад хөдөөнөөс ирсэн. Тэгээд 2-3 цагийн хооронд тооцоо гаргаж, ийм зүйл дутлаа, үүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зур гэж тулгасан. Тэр үед нь би ийм их зүйл дутах ёсгүй, би өөрөө тооцоог чинь шалгаж үзмээр байна, бас авлага байгаа түүнийгээ авч байж тооцоог дахин хийе гэсэн боловч үгүй тийм юм байхгүй, одоо шууд бүгдийг нь хүлээн зөвшөөрсөн өргөдөл ингэж бич гэж өөрөө зааж өгсөн. Миний бичсэн өргөдлийг дахин өөрчлүүлж бичүүлсэн. Миний диплом болон нийгмийн даатгалын дэвтэр *******даатгал ХХК-ийн Улаанбаатар хот дахь төв компани дээр байсан учраас түүнийгээ авч чадахаа байж магадгүй гэж бодоод өргөдлийг нь эсэргүүцээгүй хэлснээр нь бичсэн. *******даатгал ХХК-ийн Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалайтай уулзаж диплом, нийгмийн даатгалын дэвтрээ авъя, ажилд орж бага боловч төлбөрөөс барагдуулъя гэж хэлсэн. Тэгээд Д.Бямбадалайтай тохиролцож 2018 оны 01 сарын 11-ний өргөдөл бичиж өгсөн. Гэтэл миний бичиг баримтыг авч өгч чадаагүй би бичиг баримтгүй учраас ажил хайж, ажилд орох боломжгүй, орлогогүй учраас төлбөр барагдуулах ямар ч боломжгүй болсон. Би 60 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай миний хөдөлмөр эрхлэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна. *******даатгал ХХК нь миний бичиг баримтыг хууль бусаар барьцаалж өгөхгүй олон жил болж байгаа учраас би ажилд орж чадахгүй хохирч байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******даатгал ХХК-тай байгуулсан гэрээ нь тухайн үеийн хяналт шалгалтаар ирсэн Ч.Баттөмөрийн тулган шаардалт хийж, дарамталж, миний бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийн барьцаалж хохирол барагдуулах гэрээ гэсэн бичигт гарын үсэг зуруулсан. Би өөрийн хүсэл зоригоо илэрхийлж дутагдал, алдагдлаа би өөрөө тооцож үзмээр байна гэхэд авч хэлэлцээгүй бөгөөд зөвхөн нэг талын санаачилга, хүчээр хийгдсэн гэрээ гэж би үзэж байна. Иймд *******даатгал ХХК-иас Баатархүүгийн*******ын бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийг гаргуулж, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Иргэдийн даатгал хариуцсан менежер Ч.Баттөмөр, Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалай нартай байгуулсан Хохирол барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадалай сөрөг нэхэмжлэлд ирүүлсэн тайлбартаа: ...Бидний зүгээс хариуцагчийн бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийг өгөхөд татгалзах зүйлгүй бөгөөд хариуцагч нь өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч удаа ирж уулзаагүй билээ. Харин хохирол барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь даатгалын хураамжийн орлого болон алга болсон, хүчингүй болсон баталгааны үнэ болох 7.516.777 төгрөгийн тооцоог өөрөө хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Тус төлбөрийг төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлснийх нь дагуу буюу 2017 оны 10 сарын 25-ны өдөр бичгээр гаргасан өргөдлийг нь үндэслэж хохирол барагдуулах гэрээ байгуулсан. Хэрэв тооцоог хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг хүчээр тулгасан зүйл үнэхээр байсан бол 2016 оноос хойш 4 жилийн хугацаанд компанийн захиргаанд санал, гомдлоо гаргаад шалгуулах, тооцоо нийлэх бүрэн боломжтой байсан. Ийм учраас Хохирол барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Бадам сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж оролцож байна. Өөр нэмж тайлбарлах зүйл байхгүй байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бямбадалай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Б.Бадамын бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтэр нь *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төв дээр байгаа ба энэ баримтуудыг гаргаж өгөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Харин 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр түүнтэй байгуулсан хохирол барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 7.516.777 төгрөгийн тооцоог өөрөө хүлээн зөвшөөрч, тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Тус төлбөрийг төлж барагдуулах талаар хүсэл зоригоо илэрхийлснийх нь дагуу энэхүү гэрээг байгуулж байсан болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Бадамд холбогдуулан жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2.951.899 төгрөг, хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 412.878 төгрөг, гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1.640.000 төгрөг, алга болгосон гэрээт баталгааны үнэ 2.080.000 төгрөг, хүчингүй болсон гэрээт баталгааны үнэ 432.000 төгрөг, нийт 7.516.777 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Бадам нэхэмжлэгч байгууллагаас өөрийн бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрүүдийг гаргуулах, 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хохирол барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Б.Бадамаас 7.516.777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс буюу алга болгосон гэрээт баталгааны үнэ 2.080.000 төгрөг, хүчингүй болгосон гэрээт баталгааны үнэ 432.000 төгрөг, нийт 2.512.000 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 5.004.777 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...Б.Бадам нь *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирлаар ажиллаж байхдаа жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2.951.899 төгрөгийг, хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 412.878 төгрөгийг, гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1.640.000 төгрөгийг дутагдуулсан ба дээр нь алга болгосон гэрээт баталгаа 104 ширхэг нэг бүрийн үнэ 20.000 төгрөг, нийт 2.080.000 төгрөг, хүчингүй болсон гэрээт баталгаа 288 ширхэг, нэг бүрийн үнэ 1.500 төгрөг нийт 432.000 төгрөг, бүгд 7.516.777 төгрөгийн зөрчил дутагдал гаргасан ба үүнийгээ хүлээн зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр компанид өргөдөл гаргасныг нь үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Хохирол барагдуулах гэрээ-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу 7.516.777 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч нь хөдөө томилолтоор ажиллаж байхдаа голын үерт гэрээт баталгааг урсгаж үрэгдүүлсэн, энэ талаар нь гэрч нотолж байгаа тул алга болгосон, хүчингүй болсон гэрээт баталгааны үнэд нэхэмжилсэн нийт 2.512.000 төгрөгөөс татгалзаж үлдэх хэсэг болох 5.004.777 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлан хавтаст хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалай болон Баатархүү овогтой******* нарын хооронд хийгдсэн Хохирол барагдуулах гэрээ болон хавсралтын хуулбар /хх-ийн 4-5-р тал, 2017 оны 10 дугаар сарын 25, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрүүдэд Б.Бадамаас *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанид гаргасан өргөдөл /хх-ийн 6, 7-р тал/ баримтуудыг нотлох баримтаар ирүүлжээ.
Хариуцагч нь жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2.951.899 төгрөгийн заримыг даатгуулагчаас аваагүй орлого болон хүчингүй болгох ёстой гэрээнүүд ч байсан. Хүүхдийн гэнэтийн ослын даатгалын хураамж 412.878 төгрөг нь даатгалын төлөөлөгчийн урамшууллыг компаниас гаргах ёстой ба даатгалын төлөөлөгч нь өөрөө бэлэн мөнгөөр урамшууллаа авахыг хүссэн учир орлогоо алдахгүйн тулд олгосон байсан мөнгө ба үүнийг би төлөх учиргүй, гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1.640.000 төгрөгийн хувьд миний бие 2017 оны 4, 5 дугаар сард цалин аваагүй ба цалингаараа төлж дууссан учраас төлөхгүй, ажлаа өөрийн биеэр цэгцэлж дуусгах боломж надад олгоогүй учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага 5.004.777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Б.Бадамын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан Хохирол барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Баатархүүгийн*******ын бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийг хариуцагчид буцааж өгөхөөр нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг тус тус баталж хэргийг шийдвэрлэлээ.
Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
Нэхэмжлэгч *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компани нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч Б.Бадамтай байгуулсан Хохирол барагдуулах гэрээ-г үндэслэн 5.004.777 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон хэрэгт ач холбогдол бүхий энэхүү баримт /гэрээ/ нь /хх-ийн 4-5-р тал/ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангаагүй. Тодруулбал бичмэл баримтыг шүүхэд эх хувиар өгөх нь тухайн нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэх боломжийг бүрдүүлдэг ба бичмэл баримтыг эх хувиар нь өгөх боломжгүй тохиолдолд хуулбарыг нотариатчаар гэрчлүүлсэн байх хуулийн шаардлагатай болно. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн энэхүү гэрээний хуулбарт *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөвсгөл салбарын тэмдэг дарагдсан байгааг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.
Тэрчлэн нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Б.Бадамын жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн орлого 2.951.899 төгрөг, хүүхдийн ослын гэнэтийн даатгалын хураамжийн орлого 412.878 төгрөг, гэнэтийн ослын даатгалын хураамжийн орлого 1.640.000 төгрөгийг тус тус дутуу тушааж дутагдуулсан хэмээн нэхэмжилж байгаа боловч энэхүү шаардлагыг нотолсон баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасанчлан өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, мөн дээрх баримтыг нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй нөхцөл байдал үүсээгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа нотлолж чадаагүй тохиолдолд хариуцагчид ийм үүрэг үүсэхгүй юм.
Иймд дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагч Б.Бадамаас 5.004.777 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Хариуцагч Б.Бадам нь 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Иргэдийн даатгал хариуцсан менежер Ч.Баттөмөр, Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалай нартай байгуулсан Хохирол барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нэхэмжлэгч байгууллагаас Баатархүүгийн*******ын бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийг тус тус гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нь дээрх Хохирол барагдуулах гэрээ нь зөвхөн нэг талын санаачилга, хүчээр хийгдсэн тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү хэмээн тайлбар гаргаж байгаа боловч түүнийг нотолсон баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй, дээрх гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байхад уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүх дүгнэлт өгөх боломжгүй.
Иймд хариуцагч Б.Бадамын сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Иргэдийн даатгал хариуцсан менежер Ч.Баттөмөр, Хөвсгөл салбарын захирал Д.Бямбадалай нартай байгуулсан Хохирол барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Баатархүүгийн*******ын бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийг буцааж өгөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага 7.516.777 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Бадамын Хохирол барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул дээрх үндсэн нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 135.200 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 135.218 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтэр гаргуулах тухай шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагаас 70.200 төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бадамд тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 466 дугаар зүйлийн 466.1-д зааснаар *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хариуцагч Б.Бадамаас 5.004.777 /таван сая дөрвөн мянга долоон зуун далан долоо/ төгрөг гаргуулах, хариуцагч Б.Бадамын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг Хохирол барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Баатархүүгүийн*******ын бакалаврын диплом, нийгмийн даатгалын дэвтрийг *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулан хариуцагч Б.Бадамд олгохоор эвлэрсэн зохигчийн эвэрлийг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135.220 /нэг зуун гучин таван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг, хариуцагч Б.Бадамын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 205.418 /хоёр зуун таван мянга дөрвөн зуун арван найм/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******даатгал хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан хариуцагч Б.Бадамд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН