Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2022/0841

 

 

 

 

   2022         11           14                                   128/ШШ2022/0841

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д.Э**** /РД:ТК****/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ж**** /РД:УС****/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Х*****,

Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хот байгуулалт, хөгжлийн газрын Дотоод хяналт, хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Б***,

Хариуцагч: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Хуулийн ахлах мэргэжилтэн Т.Э***,

Хариуцагч: “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Хуулийн зөвлөх Д.Г***, хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Г***,

Гуравдагч этгээд: Н.У*** ,

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г*** нарын хоорондын гуравдагч этгээд Н.У***т олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрөлтэй холбоотой захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж****, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***, хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э***, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Э**** анх тус шүүхэд хандан Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан “Н.У***т 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрий олгосон МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн,

                 “2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.У***т олгосон МЗХ2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах,

                  Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах, "Х***" ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У***ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б****, НХТЕТГ-ын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л***, ОСНААУГ-ын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б*** нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах,

                 Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах, "Х***" ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У***ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б****, НХТЕТГ-ын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л***, ОСНААУГ-ын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б*** нарын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор эцэслэн тодорхойлж маргасан.

  1. Нэхэмжлэгч Д.Э**** нь Баянгол дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр хороолол /16067/, Л.Энэбишийн өргөн чөлөө **** тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0004*** дугаар гэрчилгээ бүхий 120 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг.

                 Гуравдагч этгээд Н.У*** нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 678 м.кв талай бүхий газрыг эзэмшдэг ба тухайн газар дээрээ худалдаа, үйлчилгээний зориулалттай, 1 дүгээр давхар нь 12х18 метр, 2-оос дээш давхар нь 18х18 метр хэмжээтэй 12 давхар, зоорьтой, төмөр бетон каркас бүхий барилга барихаар Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-аас 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулан, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авсан.

                 Гуравдагч этгээд нь барилгын үйл ажиллагааны хүрээнд ХН-05/18 шифр бүхий барилгын гадна дулааны шугамын зураг төслийг “Х***” ХХК-иар боловсруулж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр батлуулсан ч “Х***” ХХК-иас тухайн барилгын гадна дулаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулахдаа нэхэмжлэгч Д.Э****ийн барилгыг дэвсгэрт зурагт тусгалгүйгээр ажлын зургийг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон тул хариуцагчаас зурагт залруулгыг хийж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дахин хянан баталсан.

3.  Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Д.Э****ээс Нийслэлийн Засаг даргад хандан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь иргэн Н.У***ийн барилгын гадна дулааны шугамын байгуулалтыг батлахдаа өөрөөс нь зөвшөөрөл аваагүй нь хууль бус” гэсэн агуулга бүхий гомдол гаргасан, улмаар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний эзэмшил газар, үл хөдлөх хөрөнгөтэй зэрэгцээ буюу баруун талд нь залгаа хоосон хашаа 10 гаруй жил болсон бөгөөд хашааны яг голоор орон сууцны байрны халаалт, хэрэглээний усны төв шугам, явсан учраас барилга барих боломжгүй гэж яригддаг байсан. 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр уг хашаанд барилгын ажил эхэлж байна гэсний дагуу байдлыг тодруулж, мэдээлэл авах зорилгоор эзэдтэй нь холбогдох гэсэн боловч чадаагүй. Харин 5 дугаар сарын 29-ний өдөр газар дээр нь очиж үзэхэд шинээр 12 давхар барилга барих гэж байгаа гэх хашааны голоор зүүнээс баруун тийш явсан халаалт, цэвэр усны шугамыг ертөнцийн зүгээр хойш нь эргүүлж, манай барилгын ханыг дагуулан 50 см-ийн зайтай шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл иргэн Н.У*** эзэмшиж байгаа газартаа барилга барихын тулд газрынхаа тэг дундуур явсан байсан шугамыг зэргэлдээ газрыг эзэмшиж буй миний үл хөдлөх хөрөнгөд тулган шилжүүлж, манай обьектыг эрчим хүчний шугамын хамгаалалтын зурваст оруулж, миний эрх ашгийг ноцтой зөрчсөн.

            Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм”-д “газар доогуур явсан эрчим хүчний шугамаас 5-7 метр зайд барилга байгууламж барих”-ыг хориглосон байдаг.

            Мөн Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “...төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтооно” мөн хуулийн 17.14 дэх хэсэгт “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн үйл ажиллагааг иргэн Н.У*** явуулж байна.

            Хууль, дүрэм журам зөрчсөн шийдвэрүүдийг хүчингүй болгосноор миний бие өөрийн газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саадгүй болох, хуульд заасны дагуу өөрийн эзэмшил газартаа барилга байгууламж барих нөхцөл бүрдэж, зөрчигдсөн эрх сэргэх бүрэн үндэслэлтэй.

            Түүнчлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын дөрөвдүгээр бүлэгт заасан барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгахтай холбоотой заалтыг зөрчсөн.

            Иймд иргэн Н.У*** нь анхнаасаа хууль тогтоомж, бусдын эрх ашгийг үл тоож, хуйвалдааны замаар хууль бусаар техникийн нөхцөл, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авсан байх тул олгогдсон нөхцөл, зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын барилгууд нэг дор байршилтай байдаг. Гуравдагч этгээд барилга барихдаа нэхэмжлэгчийн барилгаас хол байсан дулааны сүлжээг нэхэмжлэгчийн барилгын баруун талын суурьт тулгаж, шинээр зохион байгуулж хийснээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байгаа юм. Эдгээр асуудлыг шалгалгүйгээр маргаан бүхий акт буюу архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга барих зөвшөөрөл олгосон гэж маргаж байгаа юм. Энэ нөхцөл байдал нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.6, 17.14 гэсэн тодорхой хэмжээ заасан зүйл заалтуудыг зөрчсөн гэж гэж үзэж байна. Сүүлийн 2 нэхэмжлэлийн шаардлагад дурдсан зураг төслүүдэд нэхэмжлэгчийн барилгыг тусгаагүй учраас тухайн барилга байхгүй мэтээр ойлгож архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон гэж ойлгож байна. Хавтаст хэрэгт авагдсан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн зураг төсөл батлагдах үед нэхэмжлэгчээс гомдол гаргасны дагуу нэхэмжлэгчийн барилгын суурийн зургийг оруул гэж цохолт хийгдсэн байдаг. Үүний дагуу нэхэмжлэгчийн барилгын суурийг оруулж, алдаа зөрчлийг залруулж, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр зургийг шинэчилж гаргасан гэдэг тайлбар хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэтэл дээрх 2 зургийг харьцуулж харахад ялгаатай зүйл байхгүй, нэг л зураг байдаг. Н.У*** өөрийн барилгаа барихдаа анхнаасаа нэхэмжлэгчийн барилгыг тусгаагүй, дээрх тусгаагүй нөхцөл байдлыг хариуцагч нар анхаараагүй, мэдсэн ч гэсэн орхигдуулсан асуудал байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Мөн бидний зүгээс нэгэнт хэрэгжсэн актуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлохоо шийдвэрлэж чадахгүй байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн тодорхойлсон шаардлагаа дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна” гэв.

  1. Хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “....Иргэн Н.У*** нь Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/612 дугаар захирамжаар Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт 678 м.кв газрыг эзэмшдэг бөгөөд Мэргэжлийн зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн МЗХ2017/25-25 дугаартай, худалдаа, үйлчилгээний зориулалттай, 1 давхар нь 12.18 метр, 2-оос дээш давхар нь 18х18 метр хэмжээтэй, 12 давхар зоорьтой, төмөр бетон каркастай барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар авч, “Э****” ХХК-иар загвар зургийг боловсруулан, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр батлуулан авсан байна.

                 Тус архитектур төлөвлөлтийн даалгавар нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугар зүйлийн 12.8, БНбД 30-01-04-ийн 12 дугаар хүснэгтэд заасан орон сууцнаас иргэн Н.У***ийн худалдаа, үйлчилгээний барилга хоорондын зай хэмжээ, БНбД 21-01-02-ийн 5.14-д заасны дагуу 1 дүгээр хүснэгтийг заавал мөрдөхөөр тусгаж галын нормыг хангуулан гаргасан.

                 Барилгын ажлын зураг төслийг “Э***” ХХК-иар боловсруулан Барилгын хөгжлийн төвийн 2018 оны *** дүгээр сарын 27-ны өдрийн 343/2018 Магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байх бөгөөд холбогдох байгууллагуудаас техникийн нөхцлүүдийг авсан байна.

                 Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэг, Засгийн Газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэмд заасан бичиг баримтын бүрдлийг хангасан тул иргэн Н.У***т 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон.

                 Иргэн Н.У***т олгосон МЗХ2017/25-25 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЗХ2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гарснаар хүчингүй болсон бөгөөд 220/2018 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай хууль, Засгийн Газрын 2017 оны  68 дугаар тогтоолоор батлагдсан дүрэмд заасан бүрдлийг хангасан тул олгосон шийдвэр болно.

                 Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                 Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э*** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Н.У*** нь Баянгол дүүргийн *** дүгээр хороо, П**** автобусны буудлын урд байрлах өөрийн 12 давхар барилгад олгогдсон 2018 оны *** дүгээр сарын 04-ний өдрийн №65/2018 тоот техникийн нөхцөлийн дагуу гадна дулаан хангамжийн зураг төслийг Х*** ХХК-иар хийж гүйцэтгуулэн манай байгууллагаар хянуулж шалгуулсан.

                 Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх журмын 5.1-д заасны дагуу 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр манай компанийн инженер, техникийн ажиллагсад ажлын зургийг хянаж баталгаажуулсан. Харин Х*** ХХК нь ХН-05/18 шифр бухий тус ажлын зургийг боловсруулахдаа техникийн нөхцөлийн 7.1.2-т заасан "Шугамын трасс сонголт холболтыг хийхдээ салаа шугам эзэмшигч байгууллага, шугамын трасс дагуух газар эзэмшигч аж ахуй нэгж байгууллага, иргэдтэй урьдчилан зөвшилцөх, бусдын эзэмшил газар шугамын трассыг сонгохгүй байх" заалтыг зөрчиж иргэн Д.Э****ийн барилгыг дэвсгэр зурагт тусгалгүйгээр ажлын зургийг хийж гуйцэтгэн батлуулснаар хожим 2ф150 мм-ийн голчтой шугамыг зөөж шилжүүлсний дараа хамгаалалтын зурвас зөрчигдсөн маргаан гарсан байна. Энэ тухай иргэн Н.У****-т 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №11/1478 тоот албан бичгээр Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1- т тусгасан заалтыг хангаж, иргэн Д.Э****ийн барилгыг зурагт тусгаж, зураг төслийг шинээр хийж холбогдох байгууллагатай зевшилцөж дахин хянуулах тухай мэдэгдсэний дагуу Х*** ХХК зураг төслийг залруулан хийж, 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажлын зургийг хянуулж батлуулсан юм.

                 Энэхүү ажлын зурагт иргэн Н.У***-ийн барилгын дулааны шугамын шинэ трасс нь иргэн Д.Э****ийн барилгаас 12.5-17.5 метрийн зайнд байгаа ба хамгаалалтын зурвасын зай талбайн хэмжээг хангаж байгаа болно” гэв.

                 Хариуцагч “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга бөгөөд ерөнхий инженер нь 2018 оны 6 дугаар сард Н.У***ийн барих барилгын зураг төслийг үндэс болгож ус, дулаанаар хангах боломжтой гэсэн техникийн тодруулга гаргасан байна.

                 Тухайн техникийн тодруулга нь нэхэмжлэгч Д.Э****т ямар ч хамааралгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                 Гуравдагч этгээд Н.У***ийн өмгөөлөгч Д.Г***-оос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “...нэхэмжлэгч Д.Э**** нь нэхэмжлэлдээ “...миний эзэмшил газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй зэрэгцээ буюу ертөнцийн зүгээр баруун талд нь залгаа хоосон хашаа мөн 10 гаруй жил болсон бөгөөд хашааны яг голоор орон сууцны байрны халаалт, хэрэглээний усны төв шугам явсан учраас барилга барих боломжгүй гэж яригддаг байсан. Өөрөөр хэлбэл уг газрыг авсан цагаасаа хойш зориулалтын дагуу ашиглаж үйл ажиллагаа явуулдаггүй байсан гэжээ. Гэвч хавтаст хэрэгт авагдсан байдлыг үзвэл 2015 оны *** дүгээр сарын 27-ны өдөр 120 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан байна. Уг үл хөдлөх эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглаж байгаа бөгөөд “А***” нэртэй цайны газар үйл ажиллагаа явуулдаг. Энэхүү худалдаа үйлчилгээ эрхлэхэд нь бидний зүгээс саад болсон зүйл огт байхгүй. Өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгийг хэрхэн эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах нь тухайн иргэний хүсэл зоригоос ажиллагаа эрхлэх хамаарах асуудал бөгөөд дээрх барилгын үйл олгогдсоноор тухайн иргэний эрхэд халдсан үйл баримт байхгүй. Мөн тухайн газар барилга барих боломжгуй гэж яригддаг байсан эсэх нь иргэн Н.У***ийн барилга барих үйл ажиллагаатай огт холбоогүй бөгөөд тухайн газартаа барилга барих зөвшөөрөл хүсч байсан талаар дурьдаагуй байна. Түүнчлэн барилга барих зөвшөөрөл хүссэн боловч иргэн Н.У***ийн барилгын төлөвлөгөөнд нэгэнт орсон тул танайх барилга барих боломжгүй гэсэн дүгнэлт, хариу эрх бүхий байгууллагаас ч гараагүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх боломжгүй нөхцөлд хүргэж байна. Иргэн Д.Э****ийн гаргасан нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм”-д газар доогуур явсан эрчим хүчний шугамаас 5-7 метр зайд барилга байгууламж барих"-ыг хориглосон байдаг. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д ... төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш таван метрт хамгаалалтын зурвас тогтооно" мөн хуулийн 17.14 дэх хэсэгт "Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш зургаан метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам, сүлжээ барихыг хориглоно" гэж заасныг тус тус зөрчсөн үйл ажиллагааг иргэн Н.У*** явуулж байгаа нь миний эзэмшлийн газарт хууль зөрчиж халдсан үндэслэл болно гэжээ. Энэ нь барилгын үндсэн хийцлэл, барилгын үйл ажиллагаатай холбогдолгүй юм.

                 Түүнчлэн иргэн Д.Э**** нь өөрөө дээрх хууль тогтоомжуудыг зөрчсөн байж болзошгүй бөгөөд ямар зөвшөөрлөөр, хэзээ баригдсан нь ч тодорхойгүй байна. Гэхдээ гуравдагч этгээдийн хувьд иргэн Д.Э****ийг өөрийн эзэмшлийн газартаа барилга байгууламж барих болон энэ талаар эрх бүхий байгууллагад хандаж, зөвшөөрөл авахад нь ямар нэг хэлбэрээр саад учруулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

                 Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг гуравдагч этгээдийн хувьд бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг ямар, ямар үндэслэлээр гаргаж байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн алинаар нь шаардаж буй нь тодорхойгүй. Түүнчлэн захиргааны байгууллага нэхэмжлэлд заасан актуудыг гаргахдаа нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байгаа бол Монгол Улсын хүчин төгөлдөр ямар хууль тогтоомжуудыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

                 Иймд нэхэмжлэлд дэлгэрэнгүй байдлаар тайлбар өгөх, нотлох баримт цуглуулах ажиллагаа хийлгэх талаар хүсэлт гаргах зэрэгт ихээхэн хүндрэлтэй юм. Өөрөөр хэлбэл талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих журмын дагуу нэхэмжлэлд хариу тайлбар өгөх, цаашлаад тэгш эрхтэйгээр мэтгэлцэж оролцох боломжгүй нөхцөл үүсээд байна. Ямартай ч шүүхээс нэгэнт нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авч, гардуулах ажиллагаа хийгдсэн тул уг шаардлагуудыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Гагцхүү өөрийн бодлоор миний эрхийг зөрчиж байна гэж байгаа нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх нэхэмжлэгч Д.Э****ийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

                 1. Н.У***ийн эзэмшлийн газарт зүүнээс баруун тийш явсан халаалт, цэвэр усны шугамыг ертөнцийн зүгээр хойш нь эргүүлж, манай барилгын ханыг дагуулан хойноос урагш чиглэлд 50 см-ийн зайтай шилжүүлэн Засгийн Газрын тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм”-д “газар доогуур явсан эрчим хүчний шугамаас 5-7 метр зайд барилга байгууламж барих”-ыг зөрчсөн,

                 2. Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “...төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх шугамын тэнхлэгээс хоёр тийш 5 метрт хамгаалалтын зурвас тогтооно” мөн хуулийн 17.14 дэх хэсэгт “Бохир ус татан зайлуулах шугамын тэнхлэгээс хоёр тийш 6 метрээс багагүй зайд барилга байгууламж, шугам сүлжээ барихыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, 

                 3. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын дөрөвдүгээр бүлэгт заасан барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгахтай холбоотой заалтыг зөрчсөн зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

                 Нэхэмжлэгч Д.Э**** Баянгол дүүргийн Засаг даргын 2016 оны А/446 дугаар захирамжаар Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 16****** дугаар бүхий 120 м.кв талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшдэг бөгөөд тухайн газар дээр орших **** тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220**** дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0004*** дугаар гэрчилгээ бүхий 120 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг болох нь,

                 Гуравдагч этгээд Н.У*** Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/612 дугаар захирамжаар Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 186*** дугаартай, 678 м.кв талбай бүхий газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар эзэмшдэг бөгөөд тухайн газар дээрээ худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилга барих зорилгоор анх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр МЗХ2017/25-25 дугаар архитектур төлөвлөлийн даалгаврыг батлуулан, Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримтыг бүрдүүлсний үндсэн дээр 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 220/2018 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус авсан. Улмаар 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр МЗХ2018/15-15 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн боловсруулж,  батлуулсан. Мөн  барилгын гадна дулааны шугамын ТГ шифр: ХН-05/18 зургийг 2018 онд “Х***” ХХК-иар боловсруулсныг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-аар тус тус батлуулсан.

                 Улмаар тухайн гадна дулааны байгуулалтын дэвсгэр зурагт нэхэмжлэгч Д.Э****ийн үл хөдлөх хөрөнгийг тусгаагүй болох нь тогтоогдсонтой холбогдуулан гадна дулааны шугамын зурагт залруулгыг хийж 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шинэчлэн батлуулсан болох нь,

                 Гуравдагч этгээд Н.У***ийн баригдаж буй барилга нь нэхэмжлэгч Д.Э****ийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс “4.4 метрийн зайтай баригдаж байгаа” болох нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм” /БНбД 30.01.03/-ийн заавал мөрдөх *** дүгээр хавсралтын 1 дүгээр хүснэгтэд заасныг зөрчсөн.  Тухайлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгон маргаж буй гуравдагч этгээдийн 12 давхар барилга болон нэхэмжлэгч Д.Э****ийн өмчлөлийн барилгын дунд хийгдсэн дулааны худагт байрласан шугам хоолой нь нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгаас “хойноос урагшаа 1.4м+0.6м =2 м зайтай хийгдсэн байгаа нь “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм” /БНбД 30.01.03/ -ийн “Инженерийн шугам сүлжээний төлөвлөлт, Усан хангамж ариутгах татуурга” 7 дугаар бүлгийн 1*** дүгээр хүснэгтийн газар доорх инженерийн шугам сүлжээнээс /гадаргуугаас гадаргууд/ барилга байгууламж хүртэлх зай 2м байна гэснийг хангасан” хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм”-ийн 3 дугаар хавсралтын 2.2 дахь заалтыг зөрчсөн болох нь,

                 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 128/ШЗ2018/6998 дугаар захирамжаар маргаан бүхий захиргааны акт болох Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 220/2018 дугаар “Барилгын ажлын зөвшөөрөл”-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 221/ШТ2018/0757 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд өнөөгийн байдлаар гуравдагч этгээдийн барилгын үйл ажиллагаа дуусаж, барилга бүрэн  ашиглалтад орсон болох нь,

                 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны акт хэрэгжсэн буюу гуравдагч этгээдийн барилга бүрэн ашиглалтад орсонтой холбогдуулан шүүхээс нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид хандан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөрчлөгдөх эсэх асуудлыг удаа дараа тодруулах ажиллагааг хийсэн бөгөөд “нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэгэнт хэрэгжсэн актуудын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа хэрхэн тодорхойлохоо шийдвэрлэж чадахгүй байгаа бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэлийн тодорхойлсон шаардлагаа дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа” болохоо илэрхийлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 0004*** дугаар гэрчилгээ, 2017 оны МЗХ2017/25-25, 2018 оны МЗХ2018/15-15 дугаар архитектур төлөвлөлийн даалгавар, 2018 оны 220/2018 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, барилгын гадна дулааны шугамын ТГ шифр: ХН-05/18 зураг, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2019 оны 09/706 дугаар албан бичиг, Барилгын хөгжлийн төвийн 2019 оны 2/1734, 2021 оны 1/123 дугаар албан бичиг, шинжээчийн дүгнэлтүүд болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,  106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн,

Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” хэмээн,

Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно”, 28 дугаар зүйлийн 28.5-д “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно”, 28.6-д “Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно” хэмээн,

Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т “эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага, болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх” хэмээн,

              Иргэний хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-т “Эзэмшил газар нь бусдын газраар хүрээлэгдсэн, нийтийн ашиглалтын замд хүрэх гарцгүй буюу цахилгаан, хий, усан хангамжийн нийтийн шугам ашиглах боломжгүй бол газар эзэмшигч нь хөршийн газраар дамжин өнгөрөх дээрх цэгүүдтэй холбогдох зам, шугам хоолойг тавих, байрлуулах эрхтэй”, 138.2-т “Энэ хуулийн 138.1-д заасан тохиолдолд хөрш нь зохих зөвшөөрөл олгох, зам, шугам, хоолой барьж байгуулж байгаа тал нь хөршийн шаардсанаар түүнтэй хэлэлцэн тохиролцож нэг удаагийн нөхөн төлбөр төлөх бөгөөд түүний хэмжээг талууд тохиролцон тогтоож чадахгүй бол шүүх шийдвэрлэнэ” хэмээн тус тус хуульчилсан.

                 5. Үүнтэй холбогдуулан шүүх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасанчлан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаас гадна хэрэгжих боломжтой байх ёстой бөгөөд мөн хуулийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” хэмээн заасныг удирдлага болгон маргаан бүхий захиргааны акт болох "Х***" ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У***ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б****, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дулаан хангамжийн инженер Ц.Л***, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б*** нарын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хариуцагч нараас Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хүчингүй болгон, шинэчлэн баталсан.

                 Маргаан бүхий бусад захиргааны акт болох Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас гуравдагч этгээд Н.У***т олгосон 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн МЗХ2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрөл” болон "Х***" ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У***ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б****, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л***, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б*** нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэр нь бодит байдалд хэрэгжиж дууссан. Шүүхээс тухайн хэрэгжсэн буюу эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон захиргааны актыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дагуу хүчингүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр бодит байдалд хэрэгжих боломжгүй нөхцөлд хүргэхээр байна хэмээн дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4*** дүгээр зүйлийн 44.3-т “Дараахь зардлыг хэргийн оролцогчоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1-т “шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үндсэн ажлын чиг үүрэгт хамаарахгүй бол ажлын хөлс” хэмээн заасныг үндэслэн тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд гарсан 2019 оны Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн зардал 1,453,900 төгрөгийг гуравдагч этгээдээс урьдчилан төлснийг нэхэмжлэгчээс гаргуулж гуравдагч этгээдэд, 2020 оны Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн зардал 2,532,200 төгрөгийг урьдчилан төлөөгүй тул нэхэмжлэгчээс гаргуулж, Барилгын хөгжлийн төвд тус тус нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Э****ээс Хот байгуулалт, хөгжлийн газар, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК болон “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-т холбогдуулан гаргасан

“2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Н.У***т олгосон МЗХ2018/15-15 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 220/2018 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах, "Х***" ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У***ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б****, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л***, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”-ын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б*** нарын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах,  Баянгол дүүргийн *** дүгээр хороонд байрлах, "Х***" ХХК-ийн боловсруулсан гуравдагч этгээд Н.У***ийн худалдаа, үйлчилгээний зориулалттай, 12 давхар барилгын гадна дулаан хангамжийн зураг төслийг /ТГ шифр ХН-05/18/ баталсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер Б.Б****, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын ИДБТХ-ийн дулаан хангамжийн инженер Ц.Л***, “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар”-ын инженерийн байгууламж хариуцсан дэд дарга, ерөнхий инженер С.Б*** нарын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардалд 1,453,900 төгрөгийг нэхэмжлэгээс гаргуулан гуравдагч этгээдэд, 2,532,200 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн шинжээчид тус тус олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11*** дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА