Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2021/ДШМ/71

 

 

Г.Ө, Б.Б, Д.Г,

Б.Л, Б.С нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Батзориг, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Одончимэг, М.Далайхүү нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/926 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт холбогдох эрүүгийн 1805063401279 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. ................., 19...... оны ...... дугаар сарын ............-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Сод Монгол” групп, “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Эрдэм хотхон 10-41 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

2. ........................., 19.......... оны ....... дугаар сарын .....-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ  “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 28-14/а тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

3. ........................, 19....... оны ......... дүгээр сарын .............-ны өдөр Булган аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ  “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 22-809 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бага тэнгэрийн аманд оршин суух, ял шийтгэлгүй, /РД:............................./;

 

4. ........................., 19........... оны .... дүгээр сарын ......-ний өдөр Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ  “Шинэ Соёмбо” хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай байсан, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа гудамжны 1-24 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:....................../;

 

5. ......................., 19....... оны ........... дугаар сарын ..........-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Гангар инвест 22 дугаар байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:......................./;

 

Г.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор М.Аийг нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулж алсан,

Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ................... нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, ........................ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоож, Г.Өт оногдуулсан 9 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Г.Өын цагдан хоригдсон 672 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт хүлээлгэж, шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарын “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ”-нд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт тус тус мэдэгдэж, шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар тус бүр 173 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өөрчилж, тус бүрт нь “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярт шүүгдэгч Г.Ө 16.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Б 3.000.000 төгрөг, шүүгдэгч Д.Г 5.000.000 төгрөг, шүүгдэгч Б.Л 3.000.000 төгрөг, шүүгдэгч Б.С 5.000.000 төгрөг тус тус /нийт 32.000.000 төгрөг/ өгсөн, шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нар бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч байгууллагын төлөөлөгч П.Пүрэвдолжин гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаяр гомдолтой гэснийг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярын шүүгдэгч Г.Өт холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн бичлэг бүхий 8 ширхэг DVD-г хэрэгт хавсарган үлдээж, “juan jr-n 6016” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг DVD тоглуулагчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч байгууллагын төлөөлөгч П.Пүрэвдолжинд буцаан олгож, шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Өт авсан цагдан хорих, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд хохирогч М.Аийг алахыг хүсч эсхүл алах санаатай гэмт хэргийн гэм буруугийн сэдэлт, зорилго хандлага субьектив шинж байхгүй билээ. Тухайн нөхцөл байдлын хувьд миний бие өөрийн найзууд болох Б.Б, Б.С, Д.Г, Б.Л нар нь талийгаач М.А хүмүүстэй тухайн нийтийн караокед муудалцсан маргааныг болиулах зорилготой явж байхад М.А талын хүмүүс над руу олноороо нийлэн дайрч довтолсноос миний бие зодоонд уусан орж олны маргаан дунд хүн цохисноо мэдэж байсан ч ямар хүн цохисноо мэдэхгүй байсан ба нотлох баримт болох камерийн бичлэг үзэж амь хохирогчийн нүүрэн тус газар цохисноо харж, түүнд гавал тархиний гэмтэл учруулан амь насыг нь хохироосон буруу дээр маргадаггүй билээ. Шинжээчийн дүгнэлт нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 177 тоот дүгнэлт 1 дүгээр хавтаст хэргийн 32 дугаар талд байгаа. Тухайн үед хэн хэндээ ямар ямар үйлдлүүдээр ямар гэмтэл учруулан халдацгааж байгаагаа мэдэхгүй зодолдоцгоож байсан нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлгүүдээр нотлогдож байгаа билээ. Миний бие хүний амь нас хохироход хүргэсэндээ туйлийн их гэмшиж харамсаж байна. Оршуулгын баримтаар гарч ирсэн зардлыг барагдуулсан. Цаашид хохиролд гарах зардлыг барагдуулах болно. Иймд хэргийн нөхцөл байдал, хэрэг гарах болсон шалтгаан Г.Ө миний үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон болсон хэргийг анхнаасаа одоог болтол үнэн зөвөөр мэдүүлдэг, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсоныг минь харгалзан үзэж хуулийн хүрээнд гэм буруугийн хэлбэрийг зүйл заалтыг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна.” гэв.

Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч миний зүгээс Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.9 дүгээр зүйлийн 1.3 дугаар зүйлд зааснаар хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Г.Өын үйлдэлийн шинж, гэмт хэрэг гарах үеийн нөхцөл байдал нь Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн нөхцөл тохирохгүй байгаа. Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг гардаг өдөр ажлын хамт олноороо шинэ жилийн баяраа тэмдэглээд улмаар найз нарын хамтаар цааш “Аялгуу” караоке орохоор тохиролцоод, найз нар нь түрүүлж очоод тэнд мөн шинэ жилийн баяраа тэмдэглэж байсан хүмүүстэй үл ойлголцол үүсэн маргаан үүссэн байхад тэрээр араас нь орж ирж хэрүүл маргааныг таслан зогсоох оролдлого хийсэн хэдий ч зодоон улам даамжирсан байна. Уг караокены 2 давхрын шатаар Г.Өыг найзуудаа аваад буух явцад түүний ар дагз руу нь хэн нэгэн этгээд маш хүчтэй цохиход тэрээр эргэж хараад 1 удаа хэн өөр рүү нь дайрах олон хүмүүс рүү чиглүүлэн цохих үйлдэл хийгээд тэндээсээ шууд гарч явсан. Энэ эмх замбараагүй байдал дунд түүний хийсэн үйлдлийн улмаас амь хохирогч М.А нүүрэн тус газраа нэг удаа цохиулан хойш савж унан тархи гавлын хүнд гэмтэл авч, түүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан. Энэхүү зодооны байдал нь эд мөрийн баримтаар хураагдсан сидинд бичигдсэн видео бичлэгт маш тодорхой бичигдсэн байдаг. Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.Өын үйлдэл нь шүүгдэгч Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нартай нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын амь нас хохирох нөхцөл байдалд буюу хохирогч М.Аийн амь нас алдах нөхцөлд хүргэснээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэснээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Г.Өын эрх зүйн байдлыг дордуулсан. Шүүгдэгч Г.Ө нь өөрийн үйлдлийг амь хохирогчийг алах санаа зорилгоор бус нэг талаас үүсээд байгаа үймээнийг намжаах нөгөө талаас өөрийгөө хамгаалах зорилгоор хийгдсэн үйлдэл болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүх хуралдаан дээр түүний өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний үйлдлийн улмаас амь хохирогчид хүнд гэмтэл учирч хүний амь нас алдах нөхцөлд хүргэсэн гэм буруугийн талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Өын хийсэн санаатай үйлдэл нь бусдын амь нас хохирох үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа тухайн нөхцөлд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Өын хувьд амь хохирогчийг танихгүй, урд харж байгаагүй, танхайрах явцад түүнтэй маргалдах, тэдний хооронд ямарваа нэгэн хэлбэрээр үл ойлголцол үүсээгүй, мөн бужигнасан олны дундаас амь хохирогчийг онцлон алах талаар урьдчилан төлөвлөөгүй зэрэг хэргийн талаарх бодит нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай байна. Иймд шүүгдэгч Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцон ял оногдуулсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 23-ны өдрийн 926 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, энэ зүйл ангийн хамгийн доод хорих ялыг оногдуулж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Г.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хүнийг алах гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. 2015 онд батлагдаж 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.4 дүгээр зүйлийн 1-д “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэж заажээ. Мөн хуулийн 2 дахь хэсэгт энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана гэжээ. Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 тоот тогтоолд “Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай гэжээ. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж нь хүнийг алах гэмт хэрэгтэй обьектив талын шинж болох хохирол, субьектив талын шинж болох гэм буруугийн хэлбэрээрээ ижил боловч субьектив талын нэмэгдэл шинж болох зорилгоороо ялгаатай. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж хүссэн хохирлыг учруулдаг бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийн тухайд хохирогчийн амь насыг хөнөөх санаа зорилго агуулаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийн улмаас хохирогч нас барсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд Г.Өын тухайд амь хохирогчийг алах санаа сэдэл байгаагүй ба нэг удаагийн цохилтын улмаас хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан үйл явдал тогтоогддог. Өмгөөлөгчийн зүгээс Г.Өт холбогдох хэргийн “Хүнийг алах” гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчлөн хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон ба анхан шатны шийтгэх тогтоолд өмгөөлөгч нарын тайлбар дүгнэлтэд ямар нэгэн дүгнэлт өгөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Г.Өт холбогдох хэсгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчилж, энэ зүйл ангийн хамгийн доод хорих ялыг оногдуулж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мэндбаярын өмгөөлөгч Д.Цэрэнханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг сонслоо. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. “Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсоноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн нь буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй” гэж Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 550 тоот тогтоолд заасан байгаа. Өөрөөр хэлбэл, амь хохирогч гэмтэл аваад тухайн үедээ буюу бааранд нас бараагүй ч гэсэн гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд нас барсан байдаг. Заавал тухайн үедээ амь нас нь хохирсон байхыг шаардахгүй. Шүүгдэгч Г.Өын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, уг гэмт хэргийг үйлдсэн, зүйлчлэл зөв гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан тухай шийтгэх тогтоолд дурдсан, мөн хохирлыг төлсөн үйл баримт байгаа. Үүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хүний амь нас хохирсон. Гэм хор арилаагүй. Хүний амь насыг сэргээх боломжгүй. Амь хохирогч 21 настай, залуу хүн байсан. Эх, дүү хоёроо тэжээн тэтгэх үүрэгтэй хүн байсан. Амь хохирогч 60 нас насалж ажил хөдөлмөр эрхэлж амьдрах байсан гэж үзвэл сард олох байсан орлогын эх үүсвэр нь тогтоогдоогүй ч гэсэн Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 392 дугаартай тогтоолд “орлогын эх үүсвэр тогтоогдоогүй тохиолдолд амь хохирогчийн олох байсан орлогыг шүүхийн шийдвэр гарах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргах нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг бодитой сэргээхэд оршино” гэж үзсэн байдаг. Амь хохирогчийг сарын 320.000 төгрөгийн цалинтай гэж үзээд 12 сард үржүүлэхээр жилийн 3.840.000 төгрөг болж байгаа. Үүнийг нь ажиллах байсан гэх 39 жилд үржүүлэхээр 149.760.000 төгрөг болж байгаа. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр зүйлчлэл тохирсон гэж үзэж байна.” гэв.

 

Прокурор А.Дүүрэнбилэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэргийн зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлт гаргасан эмчийн мэдүүлэгт “хохирогчийн биед учирсан гэмтэл нь амь насыг нь аврах боломжгүй гэмтэл байсан” гэсэн байдаг. Шүүгдэгч Г.Өын хохирогчийг цохиж буй санаатай үйлдэл, түүний улмаас хохирогчийн амь нас хохирсон байдал зэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой. Иймд шүүгдэгч Г.Өын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг санаатай хохироох гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Г.Ө нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор М.Аийг нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулж алсан,

Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нар нь 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

гэрч Г.Чойжилсүрэнгийн “...Тэгээд очоод нэг дуу дуулж байхад гэнэт хажуунаас зүүн шанаа руу цохисон. Юу болов гээд хартал манай сууж байсан өрөөнд эхэлж орж ирсэн хоёр залуу дээр нэмэгдээд дахиад хоёр залуу орж ирээд юу болоод байгаа нь мэдэгдэхгүй бөөн бужигнаан болоод тэр гадны залуус манайхан руу дайраад, бие давхар манай ангийн Сайнзаяа, Сайханцэцэг гэсэн хоёр охиныг газар унагаачихсан байсан. Үйл явдал бөөн бужигнаантай, би дээр нь согтуу байсан болохоор бөөн бужигнаан л болоод байсан. ...4-5 минут бөөн л юм болоод тэр залуус манай хэд рүү дайраад цохихыг нь цохиод байсан. Арай гэж тэндээс гаргаад эргээд өрөөндөө ортол манай ангийн хүүхэд болох Алтангэрэл өрөөний урд талд, гацуур модны хойд талд дээшээ харсан толгой нь урагшаа харсан байдалтай ам хамраас нь бас дагзнаас нь цус гарчихсан байсан. Манай ангийн охидууд “Аагий босохгүй байна” гээд бөөн юм болсон. ...Гэмтлийн эмнэлэг ойрхон юм чинь шууд үүрээд аваад явъя гээд ...Болдбаатар талийгаачийг үүрээд Гэмтлийн эмнэлэг рүү оруулсан. ...Би зөрөөд Гэмтлийн эмнэлэг ороод байж байтал найз Алтангэрэл нас барсан. ...” /1хх 119-120/,

гэрч Э.Энх-Амгалангийн “...Намайг текен дээр байж байхад гаднаас танихгүй 3 эрэгтэй хүн шууд дээшээ гараад явсан. ...Би тооцоогоо яриад зогсож байтал ердөө удалгүй 1-2 минутын дараа л шууд түс тас гээд хүмүүс орилолдоод эхлэхээр нь би юу болж байгаа юм бол гээд дээшээ сандраад гүйгээд гараад ирсэн чинь бужигнаад л байсан. Тэр дотор хэн нь хэнийгээ цохиж зодоод байгаа нь тодорхойгүй, орилолдоод нөгөө 3 залуу дээр хэзээ нь ч юм бүү мэд дахин 1 эрэгтэй хүн нэмэгдээд ирчихсэн манай ангийнханыг эр, эмгүй цохиж зодоод байсан. ...Тэгсэн чинь гэнэт нөгөө залуучуудын 1 залуу нь намайг “Сэнгүр” пивоны шилээр баруун талын хөмсөгний орчимд цохиж гэмтээсэн. ...Би шилээр толгой руугаа цохиулсан учир манараад явсан. Яг юу болоод байгааг мэдэхгүй хойшоогоо сандал дээр суусан. Нэг мэдсэн нөгөө залуучууд гараад явсан байсан. ...Нэг харсан чинь засаж өрсөн байсан гацуур модны доор талийгаач Алтангэрэл дээшээ хараад ухаан алдсан байдалтай, дагзны хэсгээс нь цус гарсан байдалтай байсан. ...Тэгээд талийгаачийг Болдбаатар нуруун дээрээ үүрээд хэсэг хүмүүс Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...Сүүлд манай хэд ирээд Алтангэрэлийг нас барсан гэж хэлсэн. ...Намайг доор тооцоо хийх гээд зогсож байх үед гаднаас орж ирсэн гурван залуугийн нэг буюу 30 орчим насны, 165-170 см орчим өндөр, махлаг, бөөрөнхий царайтай, чих нь хулгар буюу чихээ хугалсан залуу байсан. ...” /1хх 121-122/,

гэрч Э.Даваадоржийн “...Тэгээд би дээшээ гараад очтол Алтангэрэл нь нийтийн караокены өрөөнд байсан ёлкны модны хажууд дээшээ хараад хэвтэж байсан. Чойжилсүрэн Алтангэрэл дээр очоод толгойг нь өргөөд “Аагий яачихсан юм бэ?” гэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэгээд Чойжилсүрэн Алтангэрэлийг үүрээд доошоо нэг давхар руу буутал Чойжилсүрэн “дийлэхгүй байна” гэж хэлтэл Болдбат үүрээд Гэмтлийн эмнэлэг рүү явсан. ...” /1хх 123-124/,

гэрч Д.Болдбатын “...Манай хэд тамхи татаад орж ирэх үед үл таних хоёр залуу дээшээ өгсөж гарч ирж байсан. Тэгээд тэр хоёр залуу “одоо бид нар дуулна” гээд байхаар нь манайхан “бид нар заалыг бүтнээр нь түрээслээд авсан, та нар өрөөнд ороод дуул” гэж хэлэхэд үл таних хоёр залуу “та нар ямар даварцан бацаанууд вэ” гээд манай хэдтэй маргалдаад буцаж яваад дөрвүүлээ болоод орж ирсэн. Тэгээд манай хэд очоод “заалыг бид нар түрээслэсэн байгаа, та нар өрөөнд ороод дуул” гэхэд Энх-Амгалангийн хөмсөгийг сэт цохисон. Хажууд нь байсан жирэмсэн охиныг бас цохисон. ...Чойжоог цохиж байсан залуу доошоо буухад нөгөө гурван залуу дагаад буусан ба манай найзууд бас дагаад буусан. Тэгээд хүмүүсийн завсараар харахад зүүн хойд буланд Алтангэрэл дээшээ хараад газар хэвтэж байсан. Би Алтангэрэлийг ухаан алдсан байна гэж бодоод найзуудыгаа салгах гээд доошоо буухад караокены эгч зодолдож байсан хүмүүсийг салгаж байсан ба манай хэдэн найзууд зодолдуулахгүй гээд бариад зогсож байсан. Тэгээд бид хэд буцаж дээшээ гараад Алтангэрэлийг сэрэхийг хүлээсэн. Яг тэр үед нэг охин нь цагдаа дуудаад, түргэн дуудаж байсан. Гэмтлийн эмнэлэг ойрхон байсан учраас эмнэлэг рүү авч явъя гээд Чойжоо үүрээд, би хажуунаас нь тулаад аваад явсан. Далан хүртэл Чойжоо үүрээд, далангаас цааш гэмтлийн эмнэлэг хүртэл би үүрч ороод хүлээн авахын орон дээр хэвтүүлсэн. ...” /1хх 126-127/,

гэрч Н.Зандаргийраагийн “...Тэгэхэд нь найзууд руугаа харахад талийгаач Алтангэрэл нь зүүн хойд булан хэсэгт шалан дээр ухаангүй хэвтэж байхаар нь шууд очоод харахад талийгаач ухаан алдчихсан, толгойны ар дагз хэсгээс нь нилээн их цус гарчихсан, шалан дээгүүр нилээн цус болчихсон байсан. Тэгээд би шууд дахин 103 руу залгаж “манай найз ухаан алдчихлаа” гэж хэлэхэд “очиж байна” гэж хэлсэн. Бас дахин цагдаа руу залгасан. Талийгаачийн толгойноос цус гарсан байсныг найзууд хараад бүгд бужигнаж эхэлсэн. Ингээд байж байтал түргэн “ирж байна” гээд надтай утсаар яриад, ирээд “талийгаачийг хаана байгаа” талаар асуухад найзууд нь шууд Гэмтлийн эмнэлэг рүү үүрээд аваад явсан гэж хэлсэн. ...” /1хх 132-133/,

гэрч Н.Анхбаярын “...Тэгээд арай гэж нэг гайгүй болсон чинь дээгүүрээ цагаан срочкин цамцтай, саарал өнгийн өмдтөй, 30 орчим настай, 165-170 орчим см өндөртэй, хулгар чихтэй, бөөрөнхий бордуу царайтай эрэгтэй хүн шууд л дайраад Чойжилсүрэнг гараараа 1 удаа, намайг хойноос 2 удаа, мөн манай найз Алтангэрэлийг нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон. Их хүчтэй саваж дагзаараа шалан дээр унасан юм. Тэгээд нөгөө залуу дахиад Алтангэрэлийг дээрээс нь дэвсэж өшиглөх гээд байхаар нь би арай гэж нэг татаж аваад зассан байсан гацуур модны доор аваачиж хэвтүүлсэн. Алтангэрэл угаасаа эхнээсээ цохиулаад ухаан алдаад сэргээгүй, толгойноос нь цус гараад байсан. ...Удах байх гээд Чойжилсүрэн үүрээд Данел тэд нар хамтдаа явсан. Ингээд удаагүй эмнэлэг дээр нас барсан гэж сонссон. ...Харин сүүлд нэг удаа гараараа нүүрэн тус газарт нь цохих үед талийгаач газарт унаад толгойгоороо саваад толгойноос нь цус гарсан. ...” /1хх 136-137/,

гэрч Т.Хонгорын “...Тэгээд намайг хартал Аагий буюу Алтангэрэл гацуур модны урд талд хэвтэж байсан. Тэгэхээр нь очоод босгох гэтэл бие нь нүсрээд хүнд болчихсон, ар дагзнаас нь цус гарч байсан. Тэгээд сэргээх гээд амных нь дээд талд дарж үзэхэд сэргээгүй. ...” /1хх 137/,

шинжээч эмч М.Золжаргалын “...Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох, өшиглөх хүчний олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Эдгээр гэмтлүүдээс хамар ясны хугарал, хамар, уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Бусад гэмтлүүд нь олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогчийн нүүрэнд хүч үйлчилсэний улмаас арагшаа дагзаар унах үед гэмтэл үүсч байгаа. Энэ тохиолдолыг олон удаагийн гэж үзнэ. Нүүрэнд учирсан гэмтэл гавал тархины битүү гэмтэлтэй шалтгаант холбоотой. Уруул, харам /нүүрэнд/ хүч үйлчилсэний улмаас хамар ясны хугарал, хамар уруулын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирна. Уруул, хамарт үйлчилсэн хүч хойш чиглэж буюу нүүрэнд үйлчилсэн хүчний улмаас ар дагзаар унах үед дагзны ясны төвгөрөөс доош нугасны нүх рүү үргэлжилсэн лямбда хэлбэрийн салаалсан болон нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорхи цусан хураа, дагзны хуйханд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүснэ. Гавал тархины гэмтэл нь хязгаарлагдмал /хэлбэр, хэмжээ бүхий эд зүйл, чулуу, /хязгаарлагдмал бус/ хана, шал, тэгш гадаргуу/ талбайтай хатуу гадаргуутай харилцан үйлчлэлцсэний улмаас үүснэ. Энэ гэмтэл нь өөрийн биеийн жингээр арагш унахад үүсэх боломжтой. Энэ тохиолдолд бол амь хохирогчийн нүүрэнд хүч үйлчилсэний улмаас арагшаа унахдаа дагз хэсгээрээ унасны улмаас гавал тархины битүү гэмтэл үүссэн. Уг гавал тархины гэмтэл авсны дараа эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд амь насыг нь аврах боломжгүй. ...” /1хх 35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 117 дугаартай “...талийгаач М.Аийн цогцост дагз ясны төвгөрөөс доош нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, дагзны төвгөрийн доод хэсгээр баруун, зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн лямбда хэлбэрийн салаалсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн духны орой болон суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, хамар ясны хугарал, дагзны хуйханд шарх, дагзны хуйх, хамар, уруул, баруун бугуйд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, дагзны хуйх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаачид учирсан дагз ясны төвгөрөөс доош нугасны нүх рүү үргэлжилсэн шугаман хугарал, дагзны төвгөрийн доод хэсгээр, баруун, зүүн чулуулаг яс руу үргэлжилсэн лямбда хэлбэрийн салаалсан нийлмэл хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа /50мл/, хоёр тал бөмбөлгийн духны орой болон суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал гэмтэл амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, бусад хамар ясны хугарал, дагзны хуйханд шарх, дагзны хуйх, хамар, уруул, баруун бугуйд цус хуралт, зүүн шанаанд зулгаралт, дагзны хуйх, хамар, уруулд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн цусанд 1,1 промилли, ходоодны шингэнд 1,8 промилли спиртийн агууламж илэрсэн ба энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...” /1хх 32/ гэх дүгнэлт,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-17/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 198-210/, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1хх 211-212/,

олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгтэй холбоотой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Пүрэвдолжингийн “...тухайн үед шинэ жил тэмдэглэж байсан хүмүүс болон гаднаас орж хүмүүс хоорондоо маргалдаж, зодоон хийсний улмаас манай байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан. ...Байгууллагын эд хогшил болох аяга, пивоны шилэн хундага олон тоогоор хагарсан байсан. 3 өрөөний 2 өрөөнд хүмүүс үйлчлүүлж байсан ба зодооны улмаас эдгээр хүмүүсийн болон амгалан тайван байдал алдагдсан ба үзүүлж байсан үйлчилгээгээ зогсоосон. ...” /2хх 52/ гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Г.Өыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Ө, Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүх шүүгдэгч Г.Өын Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор М.Аийг нүүрэн тус газарт нь цохиж, түүний биед гавал тархины битүү гэмтэл учруулж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Г.Ө, Б.Б, Б.С, Б.Л, Д.Г нарын Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аялгуу” нэртэй караоке дотор нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүхээс Г.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 9 жилийн хугацаагаар тогтоосон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Б.Б, Д.Г, Б.Л, Б.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, оролцсон оролцоо, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

 

Шүүгдэгч Г.Ө “...хохирогч М.Аийг алахыг хүсч эсхүл алах санаатай гэмт хэргийн гэм буруугийн сэдэлт, зорилго хандлага субьектив шинж байхгүй. ...хэрэг гарах болсон шалтгаан Г.Ө миний үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон болсон хэргийг анхнаасаа одоог болтол үнэн зөвөөр мэдүүлдэг, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсоныг минь харгалзан үзэж, хуулийн хүрээнд зүйл заалтыг хөнгөрүүлж, оногдуулсан ялыг багасгаж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Тунгалаг “...шүүгдэгч Г.Өын хийсэн санаатай үйлдэл нь бусдын амь нас хохирох үр дагаврыг хүсээгүй боловч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах явцдаа тухайн нөхцөлд хүргэсэн байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, энэ зүйл ангийн хамгийн доод хорих ялыг оногдуулж, түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Д.Батбаяр “...Г.Өын тухайд амь хохирогчийг алах санаа сэдэл байгаагүй ба нэг удаагийн цохилтын улмаас хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан үйл явдал тогтоогддог. ...Г.Өт холбогдох хэсгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчилж, энэ зүйл ангийн хамгийн доод хорих ялыг оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Хавтас хэргээс үзэхэд, шүүгдэгч Г.Ө нь амь хохирогч М.Аийг нүүрэн тус газарт нь цохиж, үүний улмаас хохирогч хүчтэй саваж дагзаараа шалан дээр унасан талаар гэрч Н.Анхбаяр /1хх 136-137/ тодорхой мэдүүлсэн байх ба хохирогч М.Аийн биед амь аврагдах боломжгүй гавал тархины битүү гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт /1хх 32/, шинжээч эмч М.Золжаргалын мэдүүлэг /1хх 35/ зэргээр тогтоогдсон, шүүгдэгч Г.Өын энэ аюултай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байхад шүүхээс хуульд заасан хорих ялын хамгийн бага хугацаагаар хорих ял оногдуулсан байх тул түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байх бөгөөд түүний хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл, заалтыг хөнгөрүүлж зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/926 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/926 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 ШҮҮГЧ                                                        Б.БАТЗОРИГ

 ШҮҮГЧ                                                         Д.МЯГМАРЖАВ