Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2020/01918

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 155/ШШ2020/01917

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 29 дүгээр гудамжны 18 тоотод оршин суух Мянган овогтой Сэр-Одын Жавзандулам /................../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 12 дугаар хэсэг сэлбэ 5 дугаар гудамжны 28 тоотод оршин суух Боржигон овогтой Болдбаатарын Ганзолбоо /.................../-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд, нэхэмжлэгч С.Жавзандулам, хариуцагч Б.Ганзолбоо нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Жавзандулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

С.Жавзандулам миний бие Б.Ганзолбоотой 2008 онд танилцаж, бидний дундаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүү Ж.Дөлгөөн мэндэлсэн. Б.Ганзолбоо Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг, миний бие Мөрөн суманд өндөр настай эцэг, эхийгээ асарч хамгаалдаг учраас ирж, очин амьдарцгааж байгаад, гэр бүл болж чадаагүй. Албан ёсны гэрлэлтийн батлахгүй учраас хүүгээ эцгээр нь овоглож чадаагүй. Бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон учраас эв найрамдалтай байж, Б.Ганзолбоог хүү Ж.Дөлгөөнтэй уулзаж байхыг хүсэж байна.

Иймд хүү Ж.Дөлгөөний эцэг нь Б.Ганзолбоо мөн болохыг тогтоож, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Ганзолбоо шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Миний бие С.Жавзандуламтай 2008 онд танилцаж, бидний дундаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүү Ж.Дөлгөөн мэндэлсэн үнэн. Би хүү Ж.Дөлгөөнийг өөрийн хүү гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа тул заавал эцэг тогтоолгох шаардлага байхгүй гэж бодож байна.Хүүгээ тодорхой хэмжээгээр харж хандаж туслаж дэмжиж байсан. Хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Жавзандулам нь хариуцагч Б.Ганзолбоод холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

С.Жавзандулам, Б.Ганзолбоо нар нь 2008 онд үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүү Ж.Дөлгөөн төрсөн болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтнаас 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдөр олгосон 2013 оны 3 дугаар сарын 15-ны төрсөн Мянган овогтой Жавзандуламын Дөлгөөн /РЮ-13231519/-ийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Энх Үйлс Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн: ... Жавзандулам овогтой Дөлгөөн өсөлт, бойжилт хэвийн байгаар тодорхойлов... гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.

Түүнчлэн зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Ж.Дөлгөөн нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.

Иймд 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ж.Дөлгөөний төрсөн эцэг нь Боржигон овогтой Болдбаатарын Ганзолбоо /СЖ-80102513/ мөн болохыг тогтоож, эцэг Б.Ганзолбоогоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт зохигчид тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, Мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ж.Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, олгох тэтгэлгийг сар бүр эцэг Б.Ганзолбоо төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Ж.Дөлгөөнд сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, нийт 104.414 төгрөгийг гаргуулж улсын орлогод орууллаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар Мянган овогтой Жавзандуламын Дөлгөөн /....................../-ий төрсөн эцэг Боржигон овогтой Болдбаатарын Ганзолбоо /............../ мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ж.Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Ганзолбоогоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Ганзолбоогоос улсын тэмдэгтийн хураамж 104.414 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ