2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/412

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор хөтлөн,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000012 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.    

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 10-нд Төв аймгийн Баянцогт суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа үйлдвэр ажиллуулдаг, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, 73 дугаар байрны *******од оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:НИ*******/, ******* овогт *******ын *******.

Холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар сургуулийн орчим хохирогч Д.тай үл ялих шалтгаанаар маргасны улмаас түүний үүдэн дээд зүүн, 1,2 дугаар шүдний булгарал, баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Согтуудаа ийм үйлдэл гаргасандаа харамсаж, гэмшиж байна. Хохирогчид 4.550.000 төгрөг өгсөн.” гэв.

Гурав: Эрүүгийн 2508000000012 дугаартай хэргээс.

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  Д.ын өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр би гэртээ байхад 11 цагийн үед найз над руу залгаад би ойрхон байна гараад ир гэхээр нь гарч уулзаад бид хоёр хажуу талын дэлгүүрээс нь 0.75 литрийн хэмжээтэй “Х” нэртэй архи аваад байж байхад Солонгост хамт ажиллаж байсан над руу залгаад намайг ирж авах гэж байсан. Тэгээд ирээд би тэй хамт ийн машинд сууж авсан архиа тэй хамт уусан. Архиа ууж байхдаа д энэ архийг ууж дуусгаад явна шүү гэж хэлээд удалгүй хуучны юм яриад байж байхад над руу уурлаад чи өмнө тэгээ биз дээ гэж хэлээд намайг хоёр удаа алгадахад хүүе та хоёр машин дотор маргалдахгүй гэхэд би машинаас буухад араас дагаад бууж ирсэн. Машинаас буугаад намайг заамдаад тавихгүй байхад тэнд байсан жижүүр ах бид хоёрыг хараад та хоёр зодолдохоо болио би цагдаа дуудна шүү гэж хэлэхэд нь гийн гарыг тавиулаад би машиндаа суух гэж байхдаа эргэж г машинд суусан эсэхийг харах гээд эргэхэд миний шүд хэсэг рүү цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирсэн. Миний биед үүдэн хоёр шүд хугарсан, өөр биед гэмтэл байхгүй. найз миний шүд хэсэг рүү цохиж тухайн гэмтлийг учруулсан. Сэтгэцэд учирсан хохирол хор уршиг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Надад хохиролын мөнгө гэж 4.550.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал)

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 519 дугаартай “Д.ын үүдэн дээд зүүн 1,2 дугаар шүдний булгарал, баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Хоёр шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10 хувь алдагдуулна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******ын өгсөн: “2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 12 цагийн орчимд найз утсаар яриад уулзах талаар ярьсан. Тэгээд найз тай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гадаа ын найзын машин дотор нэг шил “Эдэн” нэртэй 0.75 хэмжээтэй архи хувааж уусан. Би тай архи ууж байх зуураа багийн явдлаа яриад байж байхад нэг мэдсэн би тай муудалцаад машинаас буугаад маргалдаж байх зуураа би ыг нэг удаа цохисон. найз шүд уначихаа гээд уурлаад босож ирээд уурандаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал)

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 62 дугаар сургуулийн ойролцоо шүүгдэгч ******* нь Д., н. нарын хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Д.ын нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас түүний үүдэн дээд зүүн 1,2 дугаар шүдний булгарал, баруун 1 дүгээр шүдний сулрал, уруулд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), хохирогч  Д.ын өгсөн: “...д энэ архийг ууж дуусгаад явна шүү гэж хэлээд удалгүй хуучны юм яриад байж байхад над руу уурлаад чи өмнө тэгээ биз дээ гэж хэлээд намайг хоёр удаа алгадахад хүүе та хоёр машин дотор маргалдахгүй гэхэд би машинаас буухад араас дагаад бууж ирсэн. Машинаас буугаад намайг заамдаад тавихгүй байхад тэнд байсан жижүүр ах бид хоёрыг хараад та хоёр зодолдохоо болио би цагдаа дуудна шүү гэж хэлэхэд нь гийн гарыг тавиулаад би машиндаа суух гэж байхдаа эргэж г машинд суусан эсэхийг харах гээд эргэхэд миний шүд хэсэг рүү цохисон. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд удалгүй цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 06-07 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 519 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 11-12 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн *******ын яллагдагчаар өгсөн: “...Би тай архи ууж байх зуураа багийн явдлаа яриад байж байхад нэг мэдсэн би тай муудалцаад машинаас буугаад маргалдаж байх зуураа би ыг нэг удаа цохисон. найз шүд уначихаа гээд уурлаад босож ирээд уурандаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал) дээрхи нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч Д.ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар.

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Д.ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Хавтаст хэрэгт хохирол төлбөртэй холбоотой баримтууд авагдаагүй байх бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  Д. “...Сэтгэцэд учирсан хохирол хор уршиг тогтоолгох шинжилгээ хийлгэхгүй. Надад хохирлын мөнгө гэж 4.550.000 төгрөг өгсөн.” гэж (хавтаст хэргийн 06-07 дахь тал)-д мэдүүлсэн, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлийн (хавтаст хэргийн 52 дахь тал)-д хохирогч “гомдолгүй” гэснийг үндэслэн шүүгдэгч *******ыг энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******ад Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4.550.000 төгрөг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарахаар байна.

Дээрхи нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

     ТОГТООХ нь:     

1. ******* овогт *******ын *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад  төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ