| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/0031/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/65 |
| Огноо | 2025-02-24 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Хэрлэн
Улсын яллагч М.Мэндбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх М.Мэндбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421001900244 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1980 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* нуур гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай тогтоол, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох хэм хэмжээг зөрчсөний улмаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн орчимд овогтой /9 эр/-г морь хөлслүүлэх шалтгаанаар хул даагыг унуулж улмаар Ц. нь мориноос унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хийсэн зүйлдээ маш их харамсаж байна. Айлын сайхан хүүхдийг алдсандаа үнэхээр харамсаж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хүү минь сургуульдаа сурч байсан болохоор тухайн үед аймгийн төвд, бид хэд хөдөө байсан. Хүүгээ гэмтсэнийг мэдээд ирэхэд эмнэлгийн орон дээр ухаангүй байсан. Тухайн орой яаралтай хагалгаанд орох шаардлагатай болж онгоцоор Улаанбаатар явсан. Хотод очоод хагалгаанд орсон боловч тэсэлгүй өнгөрсөн. Би хүүгээ алдсандаа үнэхээр гомдолтой байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн орой 19 цаг өнгөрөөгөөд нөхөр бид 2 хөдөө мал дээр байж байтал манай хадмууд залгасан байхаар нь юу болсон юм бол гээд эргүүлээд залгатал “ыг мориноос унасан гэнээ” гэж хэлсэн. Нөхөр бид 2 яараад шууд аймгийн төв рүү эмнэлэг дээр ирсэн. Ирэхэд хүү маань ямар ч ухаангүй толгой нь боолттой биеийн байдал нь хүнд байсан. ...Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хот руу явах шаардлагатай гээд би хүүгээ аваад онгоцоор тээвэрлэж хотод очсон. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нөгөөдөр нь билүү 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хагалгаанд дахин орсон. Тэгээд хүү маань ухаан орохгүй байж байгаад 04 сарын 20-ны өдөр нас барсан. Би гэх хүнийг танихын хувьд бол танина. Манай хүүгээр өмнө нь морь унуулж байсан. ... болон гэх хүний хэн нь ч нөхөр бид хоёроос хүүхдээр чинь морь унуулъя гэж асууж зөвшөөрөл аваагүй. Эмнэлэг дээр өмсөж явсан хувцсыг нь харахад цэнхэр өнгийн комбинзоноо бакалтайгаа өмсөж явсан байсан. Тэр комбинзон бол салхи авхуулахгүй хувцас байдаг. Ямар нэгэн хамгаалалтын хатуу зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-27/
“... гэх хүний хашаанд манай нэг морь, хадам аавын нэг морь байсан. ...Хохирлын талаар гэвэл буяны ажилд ажил явдлын хөшөө, зулын хоргоны 330,000 төгрөг, буяны ажлын хоол хүнсний зүйлд 3,323,690 төгрөг нэхэмжлэх баримтаар, мөн ганданд ном уншуулсан, шашны дэлгүүрээс эд зүйл авсан, буяны ажлын хоол хүнсний зүйл авсан, ийш тийш явахдаа машинд бензин хийсэн зэрэг 13,020,718 төгрөг e-barimt-аар, ламын хоол унд, аймаг болон хөдөө хооронд лам зөөх, Улаанбаатар хотоос ирэхээс өмнө нутгийн хүмүүсийг хооллож ундлахад зарцуулсан мөнгө нь манай хадам ээж данснаас шилжүүлж байсан зардлаар 16,150,000 төгрөг байна. Ингээд нийт буяны ажлын зардалд 34,887,710 төгрөг нэхэмжилж байна. ...Хүү маань 2015 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн. Өнгөрсөн жил нас нь хүрээгүй гээд огт уралдаан морь унаагүй болохоор даатгал хийлгээгүй байсан. Сараараа бүтэн хүрч байж уралдаанд оролцож, даатгал хийлгэдэг гэсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... овогтой нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн тасагт хүргэгдэн ирж яаралтай тусламж авч хэвтэн эмчлүүлсэн байна. Тухайн эмчилгээнд нь Эрүүл мэндийн даатгалын сангаас Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эрчимт эмчилгээнд 3,244,468 төгрөг, мэс засалд 4,586,531 төгрөг зарцуулагдсан ба тухайн өвчтөн Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжиж эрчимт эмчилгээг 3,302,000 төгрөгт хийлгэсэн ба нийтдээ 11,132,999 төгрөг зарцуулагдсан байна. ...буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29/
Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг аймгийн хойд талд байрлах лакатрын ойролцоо найз ын хамт морины ажил буюу морио хөлслүүлэхээр очсон. ...Харин хул болон хээр зүсмийн хоёр даагаа хөлслүүлэхээр , нараар унуулаад болохоор тавиа морио унаад, хажууд нь машинтай дагаж явсан. Явсных нь дараа 5 билүү 10 минутын дараа , хоёр уйлчихсан шонгийн мод мөргөөд уначихлаа. ах аваад эмнэлэг явчихлаа гэж хэлсэн. ...ын унаж явсан хул зүсмийн даага нь ын морь. ...Өнөөдрийн хувьд ын аав, ээжээс зөвшөөрөл авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36/
“... манайд морьдоо авчрахаасаа өмнө надтай холбогдоод “хөгшин нь морьдоо, хүүхдүүдээ аваачиж өгье өө. Тэгээд 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл чи морь малаа унуулаад элбээд морьдоо уяя” гэх зүйлийг ярьсан. Ер нь манайх 2 өнгөрсөн жил ч гэсэн энэ байдлаар ийн морьд, хүүхдүүдээ авчирч өгөөд бид нар хамт моринд нь ажил хийгээд уяж байсан юм. ...Манай найз ******* сумаас надтай хамт морьдоо уяж, мориндоо ажил хийхээр аймгийн төвд ирсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139/
Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай төрсөн дүү нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад “Ахаа мориноос уначихлаа, эмнэлэг дээр байгаа” гэж хэлээд тасалсан. Ингээд эмнэлэг дээр ирэхэд миний хүү сэхээн амьдруулах тасагт орчихсон эмчилгээ хийлгэж байсан. Хэний морийг унасан, хэрхэн яаж унасан эсэхийг ч мэдэхгүй байна. Би гэх хүнийг огт танихгүй. ... гэх хүн болон нар нь эхнэр бид хоёроос зөвшөөрөл авсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 38-39/
Насанд хүрээгүй гэрч Ү.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай аав 03 сар билүү 04 сард ******* сумаас ирсэн. ...Хээр даага, хул даага авчирсан. Тэгээд би 2 даагаа ээлжлээд 1-г нь нэг цаг унаад нөгөөг нь бас нэг цаг унаад сургадаг байсан. ...Тэр шонгийн модтой газар очоод даагаа буулгаад би хээр даагаа, шинээр танилцсан тэр хүүхэд манай хул даагыг унаад бид 2 морио сургаж байсан. Эхэндээ жоохон шогшоод явж байгаад дараа нь зөөлөн цогиод явсан. Бид 2 их ойрхон газар яваад эргээд буцаад явж байсан чинь нөгөө хүүхдийн унаж байсан хул даага замаасаа гараад зөв талаасаа үргээд шонгийн мод руу яваад оччихсон. Тэгсэн чинь нөгөө хул даага унаж байсан хүүхдийн баруун талын дөрөө нь суларчихсан тэр тал руугаа гишгээд хажуу тийшээ гуйваад явж байгаад шонгийн мод мөргөчихсөн. Толгойныхоо тэр хавиар л шонгийн мод мөргөсөн байх. Шонгийн мод мөргөөд шууд мориноосоо уначихсан. ...Хамгаалалтын малгай, хувцас өмсөөгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-45/
Насанд хүрээгүй гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хашаанд ирэхэд тэр гэх ах “нэг даага унаад өгчих” гээд ыг гуйгаад байхаар нь би “унуулахгүй” гэхэд “за за уначихъя даа” гээд унахыг зөвшөөрсөн. ...Цогиулаад явж байгаад ирсэн газар руугаа буцах гээд явж байхад гэнэт ын даага нь шууд давхиад цементэн шонг мөргөөд газарт унасан. Тэгсэн чинь нөгөө морины эзэн ах дээр очиход “яааяа” гээд бахираад байсан. гэх ах ыг очиж 2 гар дээрээ бариад сэгсрээд байсан. Машинд тэр хоёрыг ирж суухад юм хэлэхгүй ухаангүй болчихсон байсан. ... тухайн үед цэнхэр өнгийн комбинзонтой байсан. Комбинзон бол ямар нэгэн хамгаалалтын хувцас биш...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-51/
Насанд хүрээгүй гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдөр бид нар моринд ажил хийх гээд морьдоо ачаад аймгаас хойшоогоо явсан. Нэг өндөр дээр очоод зогссон. ...Дараа нь бас дахиад 3 хүүхэд морь унаад явсан. Нэг нь тэр моринуудын эзнийх нь хүүхэд гэж байсан. ах, би тэгээд тэр сүүлд морьд хөдөлгөхөөр явсан хүүхдийн ангийнх нь хүүхэд ч билүү танихгүй нэг хүүхэд бид 3 морьд гишгүүлж байсан чинь нөгөө морины эзний хүүхэд бас хамт явсан нэг ах уйлаад давхиад хүрээд ирсэн. ах бид нар сандраад яараад морьдоо ачаад хашаандаа аваачиж орхиод эмнэлэг рүү явсан. ...Би тэр хүүхдийг мориноос унахыг нь хараагүй. ...2 хүүхэд уйлж ирээд тэр хүүхдийг мориноос шон мөргөөд унасан, тэгээд ухаан алдаад эмнэлэг явсан гэж л хэлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 134-135/
Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 04 дүгээр сард миний нэг шүдлэн, нэг соёолон морь, манай хүү гийн нэг соёолон, нэг шүдлэн үрээ зэрэг нийт 4 тооны морьдоо би найз ийн хашаанд аваачиж өгсөн. ...Ингээд морьдоо аваачиж өгөхдөө би хүү , ач хүү нартайгаа хамт аваад очсон. маань өөрсдийн морьдоо арчилж мориндоо ажил хийчихдэг юм. Морьдоо тэгж хүргэж өгөхдөө би найз эд унаачгүй болохоор нь хүүхдүүдээр маань мориндоо ажил хийлгэж байгаарай гэж хэлсэн ч ээс өөр хүнд бол тэгж хүүхдүүдээр маань морь мал унуулаарай гэж бол хэлээгүй. Гэтэл намайг морьдоо хүргэж өгөөд 7 хоноогүй байхад ач хүү маань өөр хүний морь унаж, мориноос унаж хүнд бэртэн, эмчлүүлж байгаад талийгаач болсон. Би яг хэзээ ийнд очсоноо сайн санахгүй байна. Ер нь бол 2 хүүхэд маань морьдоо арчилж, ус өвсийг нь өгч, мориндоо ажил хийх байсан юм. Харин давхил, сунгаа ч гэх юм уу тийм зүйл болвол би өөрөө ирэх байсан. Хүүхдүүд маань өөрсдийнхөө морьдод ажил хийх мөн эд туслах юм гарвал туслахаар байсан. Гэхдээ би хүүхдүүддээ өөр хүний морь мал унаарай, тэгээрэй гэж огт хэлээгүй. Тэр гэх хүнийг би таньж мэдэхгүй. Ядаж манай хүүхдээр тэр хүн морио унуулах гэж байгаа бол ээр дамжуулаад ч байна уу бид нараас, ээж ааваас нь асуух ёстой байсан юм. Хүү маань хөдөөнөө ойр зуур морь унадаг байсан. Нас нь болоогүй болохоор уралдаан морь унаж уралдаж байгаагүй. Өнгөрсөн 2023 оны наадмаар уралдаанд орох гэсэн боловч нас нь сараараа бүтэн хүрээгүй байна гээд хүүхдийн байгууллагаас унуулаагүй. Хүү минь энэ жилээс уралдаан морь унах гэж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 142-143/
Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хоёр даагаа зүгшрүүлэх гээд хүүхдээр унуулах шаардлагатай болсон. Манай хүү морь унадаг бөгөөд тухайн үед хээр даагыг унуулж, харин хул дааганд өөр хүүхэд унуулах шаардлагатай болсон тул ийн уяан дээр байсан ыг даага унаад өгчих гэж өөрөөс нь гуйхад уная гэж зөвшөөрсөн. Ингээд хээр даагыг өөрийн хүү г, хул даагыг аар унуулаад аймгаас хойш ийн морины ажил хийдэг газарт аваачин хойш шогшиж, ергүүлэхээр явуулсан. Би өөрөө хажууд нь машинтай дагаж явсан. ... ч хул даагыг эргүүлээд шогшоод явж байсан, араас нь хээр даагыг эргүүлээд явж байтал гэнэт л “ааваа, хул даага явчихлаа” гэж бахирсан. Эргээд харсан чинь хул даага хүүхдээ унагачихсан баруун тийш давхиад явж байсан. Гэтэл нь шонгийн модны хажууд унасан хэвтэж байсан. Би шууд очоод үзэхэд ухаангүй байдалтай байсан тул шууд эмнэлэг рүү аваад явсан. Би тухайн үед хамгаалалтын хувцас өмсүүлээгүй. нь өөрөө комбинзонтой л явж байсан. ...Би т даага унуулахдаа хууль ёсны төлөөлөгчөөс нь зөвшөөрөл аваагүй, өөрөөс нь л асууж, тэр өдөр хул даагаа унуулсан. тухайн үед тэнд өөрийнхөө моринд жил хийгээд дуусаад байж байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/
“...Миний бие талийгаачийг Дорнод аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс Улаанбаатар хот руу тээвэрлэх үед онгоцны зардалд 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10,045,000 төгрөг, онгоцны нисгэгч, ажилчдыг хооллоход 154,850 төгрөг, талийгаачид ном уншуулахад 16,000 төгрөг, памперс, цус тогтоох наалт зэрэг эмчилгээний үед 624,000 төгрөг, буяны ажлын үед шарилын хайрцагны 690,000 төгрөг, буяны ажилдаа хэрэглээрэй гээд ар гэрт 5,000,000 төгрөг зэргийг төлөөд байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-148/
Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай “...Засгийн газрын 57 дугаар тогтоолоор жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч уяач ******* нь 04 дүгээр сард насанд хүрээгүй хохирогч Ц.аар морь унуулах, морины ажил хийлгэх зэргээр хүүхдийн хөдөлмөр эрхлүүлсэн байна.
-Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандартыг бүхэлд нь зөрчсөн.
-Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.9 дэх заалт, “...уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулсан байх...”, 14.7.10 дахь заалт “...уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх”, 14.7.11 дүгээр зүйлд “...уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх...” эдгээр заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Иймд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан хүүхдийн эрхийн үндсэн зарчим, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад заасан төр, иргэн хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах гэж заасныг хангаагүй, хүүхдийн эрхэд халдаж ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 54-55/
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1583 тоот дүгнэлтэд:
1. Амь хохирогч Ц. нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна.
2.4. Шинжилгээгээр амь хохирогч Ц.ын цогцост гавлын баруун, зүүн чамархай, дагз, суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зулай, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Амь хохирогчид архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Нэмэлтээр ирүүлсэн ГССҮТ-н ЭЭТ-н 6534 дугаартай өвчний түүх болон мөрдөгчийн тогтоолд бичигдсэн амь хохирогчийн овог зөрөөтэй байх тул дүгнэлтэд тусгах боломжгүй байна гэжээ. /1-р хх-ийн 63-66/
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1367 тоот дүгнэлтэд:
1. гийн сэтгэцэд дээрх гэмт хэргийн улмаас уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшин илэрч байна.
2. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн дөрөвдүгээр зэрэглэлд хамаарна.
3. Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай гэжээ. /2-р хх-ийн 11-12/
Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1125 тоот дүгнэлтэд:
1. Амь хохирогч Ц.ын цогцост учирсан гавал тархины гэмтэл нь хохирлын хүнд зэрэг, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зулай, зүүн хацарт зулгаралт эмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна.
2. Гавлын орой ясанд цооног гаргасан нь эмчилгээний журмаар мэс засал хийгдэх үед үүссэн ба гэмтэл гэж үзэхгүй гэжээ. /2-р хх-ийн 17-18/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/
- Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 12-15/
- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-19/
- Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 80-81/
- Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 85-87/
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 88/
- Шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 33-34/
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /1-р хх-ийн 92-120, 153/
- Хохирогч Ц.ын төрсний гэрчилгээний хуулбар, өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 156, 158-204/
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоол, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага, Үндэсний их баяр наадмын тухай хууль /1-р хх-ийн 205-214/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөр төлсөн баримт, эрүүл мэндийн даатгалын санд 2,000,000 төгрөг төлсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолд “жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосугай” гэж, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандартын 1.2-т “Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгай буюу дуулга, хантааз, гутлыг уралдаан тэмцээн, бэлтгэл сургуулилтын үед өмсөж хэрэглэнэ” гэж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.9-д “уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын үндэсний хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан нэг жилийн хугацаатай ослын даатгалд даатгуулсан байх”, мөн зүйлийн 14.7.10-д “уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангах, учирсан хохирлыг нөхөн төлөх”, 14.7.11-д “уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үед морь унуулах зөвшөөрлийг бичгээр авсан байх” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоол, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандарт, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны орой 18 цагийн орчимд 9 настай Ц.аар морь хөлслүүлэхээр өөрийн хул даагыг унуулсны улмаас Ц. нь мориноос унаж нас барсан буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б., Э., Ц., насанд хүрээгүй хохирогч Ү., Э., нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн мэдүүлэг, Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1583 тоот дүгнэлтэд “...Амь хохирогч Ц. нь гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан байна. Шинжилгээгээр амь хохирогч Ц.ын цогцост гавлын баруун, зүүн чамархай, дагз, суурь ясны шугаман хугарал, их тархины баруун тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны цус хуралт, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зулай, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогчид архаг хууч өвчин тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1125 тоот дүгнэлтэд “...Амь хохирогч Ц.ын цогцост учирсан гавал тархины гэмтэл нь хохирлын хүнд зэрэг, хоёр нүдний зовхинд цус хуралт, дух, зулай, зүүн хацарт зулгаралт эмтэл нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Гавлын орой ясанд цооног гаргасан нь эмчилгээний журмаар мэс засал хийгдэх үед үүссэн ба гэмтэл гэж үзэхгүй...” гэх дүгнэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1367 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн эрхийн улсын байцаагч 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 20 тоот дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоол, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS 6264:2018 стандарт, Үндэсний их баяр наадмын тухай хууль болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь уг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хор уршгийн нөхөн төлбөрийн зарим хэсгийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 32,796,911 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг нэхэмжилнэ” гэх хүсэлтийг гаргасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтыг шинжлэн судлахад нотлох баримтын шаардлага хангасан болон шашны зан үйлд зарцуулсан нийт 20,467,311 төгрөгийн зардлыг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байна. Учир нь аливаа оршуулгын ажлын үед ламаар шашны зан үйл гүйцэтгүүлэх нь тухайн ажлын заавал байх ёстой нэг хэсэг болж тогтсон заншил юм. Өргөл барьц ч тодорхой хэмжээнд гарцаагүй зүйл бөгөөд ердийн жам ёсоор эсхүл өвчний улмаас нас барсан тохиолдолтой харьцуулахад гэнэтийн золгүй учралаар нас барсан хүний гэр бүл, ойр дотны хүмүүсийн сэтгэл санаанд учирч буй сөрөг нөлөөллийн хэр хэмжээ, түүнтэй холбогдон гарах шашин, сэтгэл заслын зан үйлийн хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан үзэж дээрх зардлыг шүүгдэгчээр төлүүлэхэд хуульд харшлах зүйлгүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нийт 22,000,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул нотлох баримтын шаардлага хангасан болон шашны зан үйлд зарцуулсан дээрх зардал бүрэн төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарч байгаа болохыг Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1367 тоот дүгнэлтээр тогтоосон байна.
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.
Үндэсний статистикийн хорооны 2024 оны Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын тооцсон “Хүн амын дундаж наслалт”-д зүүн бүс Дорнод аймагт эрэгтэй хүний дундаж наслалтыг 67.6 нас гэж тооцжээ. Амь хохирогч Ц. нас барахдаа 8.8 настай байсан байх тул Үндэсний статистикийн хорооны дундаж наслалт 67.6-аас амь хохирогчийн насыг хасахад 58.8 болж байна. Иймд хохирогчийн дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660,000х5=3,300,000/ тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу шүүхээс хохирогч Ц.ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг 194,040,000 /58.8x3,300,000=194,040,000/ төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц. нас барсан бөгөөд нас барахаас өмнө Эрүүл мэндийн даатгалын сангаас түүний эмчилгээнд Дорнод аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эрчимт эмчилгээнд 3,244,468 төгрөг, мэс засалд 4,586,531 төгрөг, Улаанбаатар хот Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжиж эрчимт эмчилгээнд 3,302,000 төгрөг нийтдээ 11,132,999 төгрөг зарцуулсан болох нь Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг, зардлын төлбөрийн мэдээллийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны өмнө эрүүл мэндийн даатгалын санд 2,000,000 төгрөг төлсөн баримтыг гаргаж өгсөн ба гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн шүүх хуралдааны дараа завсарлага авч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг төлсөн тул шүүгдэгч *******аас эдгээр төлсөн мөнгийг хасаж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 9,132,999 /11,132,999-2,000,000/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгох, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 191,040,000 /194,040,000-3,000,000/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэм хорын хохиролд 191,040,000 /нэг зуун ерэн нэгэн сая дөчин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д олгосугай.
5. Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас даатгуулагч Ц.ын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөрт 9,132,999 /есөн сая нэг зуун гучин хоёр мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА